• Өнөөдөр 2024-04-29

Н.АНУ: КИНОНД ТОГЛОЖ МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭНДЭЭ БАЯРЛАДАГ

2022-03-27,   772

   Кино урлагийн ертөнцийн хөшгийг цэлийтэл нээн, гэгээ татуулсаар нэгэн уран бүтээл өнгөрсөн хоёрдугаар сард нээлтээ хийсэн нь “Сэтгэлд харвасан туяа” кино байв. Тэр дундаа гол дүрийн эмэгтэй жүжигчнээр мэргэжлийн, хэдийнэ танил уран бүтээлч биш бидний хайрлаж хүндэлж, бахархдаг мисс эмэгтэй сонгогдсон нь тун сонирхолтой хувилбар болж. Үзэгч шинэ өнгө төрх, танихгүй дүрд л татагддаг. Хэдийгээр туршлагатай уран бүтээлчидтэй чамбай уран бүтээл сайхан ч урьд өмнө харагдаагүй шинэ дүр төрх гэдэг тухайн уран бүтээлийг өөрөөр амилуулж, илүү тодоор буддаг гэвэл хэтийдэхгүй болов уу.

Намирсан шар даашинзтай дөлгөөхөн төрхтэй, үзэсгэлэн гоо эмэгтэй байгалийн сайханд үсээ хийсгэн зогсох бидний өмнө огт харж байгаагүй дүр төрх биш ч эгэл сайхныг цоо шинэ дүрээр чимэггүй үзүүлсэн нь эрхгүй анхаарал татаж байв. Тэгвэл энэхүү уран бүтээл Каннын кино наадамд өрсөлдөх болсон баярт мэдээ чих дэлсэж, киноны гол дүрийн эмэгтэйтэй ярилцлаа. Тэр бол “Miss Mongolia-2013” наадмын тэргүүн мисс, Азийн топ модель Н.Ану. Эгэл, эрхэмсэг агаад даруу дөлгөөн түүний яриаг уншигч таны өмнө дэлгэж байна.

-УРАН БҮТЭЭЛЧДИЙНХЭЭ ХӨДӨЛМӨР, ИТГЭЛ НАЙДВАРЫГ ТАЛААР БОЛГОХГҮЙГ ХИЧЭЭЖ, ӨӨРИЙГӨӨ ДАЙЧИЛСАН-

 -Сайн байна уу, шинэхэн уран бүтээлийн гол дүрд тоглосонд тань баяр хүргэе. Дэлхийн миссийн тайзан дээрээс харж байсан тантай дэлгэцээр уулзах таатай байна. “Сэтгэлд харвасан туяа” уран бүтээлийн талаар хоёулаа яриагаа эхлье?

             -Баярлалаа. “Шанс” агентлаг 20 жилийн ойгоо тохиолдуулан “Сэтгэлд харвасан туяа” киног хийх болсноор анх надад эмэгтэй гол дүрд тоглох санал тавьж байсан юм. Тэгээд 2020 онд киноны анхны зураг авалт эхэлж, цар тахалтай өнгөрсөн хоёр жилийн хугацаанд багагүй саад бэрхшээлийг даван туулж хийгдсэнээр өнөөдөр үзэгчдэд хүрч байна. Киноны найруулагчаар тус агентлагийн захирал Б. Нарантуяа ажиллаж, эрэгтэй гол дүрд жүжигчин Г.Дөлгөөн-Аюуш, П.Анхбаяр нар тоглосон. Бусад уран бүтээлээс илүү сонгодог, уянгын гэдэг утгаараа өвөрмөц байх. Илүү драмлаг уран бүтээл болсон гэж хэлж болно. Мэдээж зохиолыг нь бичсэн зохиолч, найруулагчийн ур чадвар илүү туссан бүтээл. Алив уран бүтээлийг жүжигчин болон уран бүтээлчид амилуулахаас илүүтэй зохиол, найруулагчийн ур ухаан, авьяас билиг илүүтэй харагддаг шүү дээ. Энэ ч утгаар зохиолч, найруулагч маань их мундаг ажилласан байгаа.

   -“Сэтгэлд харвасан туяа” кино бусад уран бүтээлээс юугаараа онцлог вэ?  

          -“Хас медиа” зургийн багийнхан киноны зургийг мэргэжлийн өндөр түвшинд авагдсанаараа бусад уран бүтээлээс онцлог болсон. Хоёрдугаарт, киноны  хөгжим, аялгуу үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж, хөглөж чадсан.

 -Таны анхны уран бүтээл шүү дээ. Анх киноны гол дүрд сонгогдсоноо мэдэхэд ямар санагдсан бол?

         -Кинонд тоглох санал аваад баярлахын сацуу бага зэрэг эмээж байсан.  Өмнө нь кинонд тоглож байгаагүй, мэргэжлийн жүжигчин биш байсан болохоор сандрал байсан ч хамт уран бүтээлд орсон кино багийнхныхаа тус дэмээр амжилттай даваад гарсан. Кинонд тоглох мөрөөдөл минь биелэсэнд баяртай байна. Гол дүр авна гэдэг их үүрэг, хариуцлагатай байх хэрэгтэй. Уран бүтээлчдийнхээ нөр их хөдөлмөр, итгэл найдварыг талаар болгочихгүйг хичээж, өөрийгөө их дайчилсан.

-Киноны хамгийн хүнд хэсгийн зураг авалт аль нь байв?

         -Хөвсгөлийн хүйтэнд нимгэн даашинзтай хайрган дээгүүр гүйх хэсэг, кино зураг авалттай байхад охин маань дөнгөж ой зургаан сар хүрч байсан зэрэг бэрхшээл багагүй гарч байсан. Гэхдээ ойлгож, хайрлаж, дэмждэг хамт олны хүчээр энэ бүхний ард гарсан. Энэ зуурт би Монголын кино уран бүтээлчид ямар тэсвэр, тэвчээртэй хатуужилтай хүн байдаг вэ гэдгийг ухаарч, ихээр хүндлэх сэтгэл төрж байсан. Даарч, хөрөхөөс гадна их эмээж байсан зүйл бол киноны хэлэмжээ зөв илэрхийлж, гаргаж чадахгүй байх вий гэдгээс эмээж, тэр чинээгээрээ хичээсэн дээ.

-“Сэтгэлд харвасан туяа” кино  Каннын кино наадамд өрсөлдөх болсон юм билээ.  Энэ тухай яриа дэлгэвэл?

            -Кино маань Каннын кино наадамд шалгарсан. Одоо бид хариугаа хүлээж байна. Олон сар, хоног цаг хугацаа, сэтгэл оюунаа зориулсан бидний бүтээл амжилттай яваад баяртай байгаа. Үзэгчдийн зүгээс киноны талаарх урам зориг өгсөн сэтгэгдлүүд их ирж байгаа. Тэр дундаа надад “Таныг ингэж жүжиглэнэ гэж бодсонгүй”, “Нүд тань их үнэн, бодитой сэтгэгдэл төрүүллээ” гэсэн сэтгэгдлүүд ирсэн нь их урам өгсөн. Мөн гэр бүлийнхэн маань үзээд “Ээжийн залуу төрхтэй адилхан байна” гэсэн нь их сайхан санагдсан. Бусад гол дүрийн маань хувьд мөн чадварлаг уран бүтээлчид. Г.Дөлгөөн-Аюушийн хувьд чадварлаг, мэргэжлийн жүжигчин гэдгээ энэхүү киногоор батлан харуулсан бол залуу жүжигчин П.Анхбаярын хувьд шинэлэг, сонирхолтой, үзэгчдийн хайртай дүр болж чадсан.

-ЭМЭГТЭЙ ХҮН БҮР ӨӨРИЙН ГЭСЭН ҮНЭ ЦЭНТЭЙ БАЙГААСАЙ-

  -Та 2015 онд Дэлхийн мисс тэмцээнд Монголоо төлөөлөн оролцож байсан шүү дээ. Тэр үеийнхээ дурсамжаас бидэнтэй хуваалцаж болох уу?

     -Анх 2013 онд  “Miss Mongolia” наадмын тэргүүн миссээр шалгарч байсан. Дараа нь 2015 онд Дэлхийн миссийн тэмцээнд оролцоод, 2016 онд Miss Tourism Queen International гээд 65 орон оролцдог олон жилийн түүхтэй олон улсын тэмцээнд түрүүлсэн. Түүнийхээ дагуу олон улсын шүүгчээр хоёр жил ажиллаж байгаад 2018 онд тэргүүн миссийн титмээ шилжүүлж өгөөд эх орондоо ирсэн.

-Таны Дэлхийн мисст оролцож байсан үеэс одоо ямар болж өөрчлөгдсөн байна гэж хардаг вэ?

           -Одоо илүү эрдэм чадалтай, гадаад хэлтэй, өндөр боловсролтой охидыг Дэлхийн миссийн тэмцээнд оролцуулдаг болоод байна уу гэж хараад байгаа юм. Бие хаа болон ухаан, эрдэм чадлаар нь сонгон авч байгаа нь шинэлэг, өөр харагдаж байна. Охид маань ч энэ хэрээр өөрсдийгөө хөгжүүлж, илүү дайчилж байна. Мөн нөгөө талаар өмнө оролцож байсан миссүүдээс зөвлөгөө авч, үгийг нь сонсож авч байгаа нь улам сайжирч, амжилттай байхад нь том түлхэц болж байна уу гэж хараад байгаа юм.

   -Эргээд уран бүтээлрүүгээ орье. “Сэтгэл харвасан туяа” кино эмэгтэйчүүдэд илүү эерэг мессэж өгсөн уран бүтээл болов уу гэж харагдсан. Таны хувьд эмэгтэй хүн ямар байгаасай гэж боддог вэ?

          -Тийм ээ. Сэтгэлд харвасан туяа киноны хамгийн гол том мессэж бол эмэгтэй хүн ямар ч амьдралыг туулж, ямар ч зан ааштай байж болно. Хамгийн гол нь өөрийн гэсэн үзэл бодолтой, оюун ухаантай, өөрийгөө чиглүүлж авч чаддаг байх юм бол хүчтэй байна гэсэн утгыг илэрхийлсэн. Энэ ч утгаар эмэгтэйчүүддээ хандаж хэлэхэд, зөв сонголт хийж, ухаалаг байгаасай, өөрийгөө хайрладаг, залж чиглүүлдэг байгаасай гэж боддог. Хамгийн гол нь үнэ цэнтэй байгаасай гэдгийг эмэгтэйчүүдэд хэлэхийг хүсдэг. Амьдралын гол түлхүүр бол эмэгтэй хүн. Тиймээс эмэгтэй хүн ухаантай, халамжтай, зөв зүйлийг уриадаг байж гэмээнэ хүүхдүүд  нь хүмүүжилтэй, хань нь сэтгэл хангалуун байдаг болов уу гэж боддог.

  -Охидын хүмүүжлийн талаар ямар бодолтой явдаг бол?

           -Эмэгтэй хүүхэд нэн түрүүнд ёс суртахуунтай байх ёстой гэж боддог. Ер нь эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хүүхдэд гэр бүлийн  суурь хүмүүжил их чухал. Хоёрдугаарт  хүүхдийн авьяас, дуртай зүйлийг  нь хөгжүүлэх нь хамгийн чухал гэж боддог.

 -Цаашдын зорилго, мөрөөдлөөсөө бидэнтэй хуваалцаач?

            -Цаашид олон ч зүйлийг хийж бүтээхийг эрмэлзэж байгаа. Интрьер дизайн чиглэлээрээ  нөхөртэйгээ хамтдаа бүтээн байгуулалт хийх, үр хүүхдээ зөв сайхан хүмүүжүүлж, мөн загварын салбартаа ч олон сайхан зүйлсийг хийж бүтээхийг зорьж байна.

-Ярилцсан танд баярлалаа, уран бүтээлийн амжилт хүсье.

 


Н.АНУ: КИНОНД ТОГЛОЖ МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭНДЭЭ БАЯРЛАДАГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188