• Өнөөдөр 2024-04-29

ӨГҮҮЛЛЭГ: УЛИАСТАЙН ГОЛД УУЛЗЪЯ

2022-03-19,   766

 
Манайх Улиастайн гол уруудаад Богочийн аманд жил бүр ганц гэрээрээ зусдаг байлаа. Богочийн ам гэж Улиастай голын түрлэг уулын эхээсээ эцэс цуцалтгүй цагаан хөөс сахруулан цовхчсоор түр тайвширдаг задгай урсгалтай хэсэг бусаг газрыг хэлдэг. Эрэг нь элийж, урсгал нь уужирдаг учраас хол ойрын гийчид, усанд боогдсон малаа зөвхөн энэ хавийн гармаар гаталгах тул хүний хөл хөдөлгөөн ихтэй нутгийнхны амин уулзвар зам байсаар иржээ. Улиастайн голын урсах аялгуу, улиас бургасны шуугихтай хоршиж манайд зунжин эгшиглэнэ. Шөнөдөө сэрүү татаж, өдөртөө чийг ханхална. Тэр чийгний үнэр, урсгал усны чимээ өдий дөч насыг зооглоход гагцаар хэвээр үлджээ. Харин “Зуны дунд сарын тэргэл саран мандсан шөнө Улиастайн голд уулзъя” гэж ам тангараг өгсөн Гэрэлт ах байхгүй хэвээр байлаа. Улиастайн гол гэж нэг үгээр Богочийн гарам тойрмыг хэлж байгаа юм. Ийнхүү тэргэл саран мандсан эл шөнө би гунигт автаж, бөгтийн суугаад голын эрэг сахина. Гуниг гутрал гэгч ус мэт чимээгүй урссаар хүлээлт, ам өчгийг минь он жилүүдийн уртад элээжээ. 
Гэрэлт ах гэж төрсөн гэртээ багтахгүй, нутагтаа тогтомгүй нэр алдар нь түгсэн хүн байлаа. Гэрэлт ахыг хар шөнөөр харвал хувь заяа гэж нутгийнхан сэм хэлэлцдэг байсан. Олон жилийн өмнө тийм хувь заяа надад оногдсон юм. Манайх Богочийн аманд анх нүүдэллэж ирсэн жил. Богочийн гарам орчим малын хөлийн чимээ газар доргим нижигнэж, шөнө дунд нойрыг минь хулжаав. Гадаа арван тавны сар мандчихсан тул ойр бүхэн тодорч, алс холын юм бүхэн бараадаж байлаа. Би гармыг морьтойгоо гаталж, түүн рүү ойртоход цээл хоолойтой морьтой хүн адууг Улиастай гол руу шахаж, морин дээрээсээ салхи исгэрүүлэн суран бугуйлаараа нар, сарны тиг зурах нь гайхамшигтай агшин байв. Би хажуугаас нь чимээ өгч, хоолойгоо хий зассаар адуучин руу дөхөхөд:
-Балжирын хүү Донор уу? Ахынхаа адуунаас шахалцаад гол гаргаад аль гэв. Намайг танидаг хүн байна гэж бодоод үгийн солиогүй адуунаас нь хамжилцаж, гол руу хэдэнтээ шахсан боловч бут үсрээд гол гаталсангүй.  
-Их усны бараа хараагүй говийн адуу гэгч ийм байдаг юм гэж хэлээд бугуйлаа ганц шидээд унаганы толгойд оруулав. Гэрэлт ах бугуйлаа чангалж, тэр чигээр нь морио давирсаар гол руу орлоо. Түүний унасан морь усанд сурамгай агаад гол гатлахдаа их чадмаг аж. Унага хамаг чадлаараа чарлаж, хойшоо чангаана. Унаганы эх бололтой нэг гүү адуунаас захалж, хангинатал янцгаана. Гэрэлт ах унагыг гол руу хуу татсаар оруулах зуураа:
-Алив залуу минь. Адууг дориухан шахаад өг гэв. Гэрэлт ах унагыг хуу чирсээр голын цаана гарахад үүрсэн янцгаах өнөөх гүү ус самардсаар аргагүйн эрхэнд унаганыхаа араас гол руу үсрэв. Би ч хамаг чадлаараа адуун сүргийг гол руу шахлаа. Гүүг дагасаар бүх адуу уван цуван ус үсэргэсээр цаад эрэгт гаргаж чадав. Гэрэлт ах унаганы хүзүүнээс бугуйлыг сурмаг гэгчийн мултлаад тэр дороо өөр адуу руу шидлээ. Сарны сүүмэн гэрэлд адууны хар бараан дүрс тодрох сацуу хүзүүнд нь бугуйл орох мөчид өнөөх адуу бугуйлд хэзээний дадсан зангаараа зогтусаж зогслоо. 
-Энэ үрээг замдаа сургасан юм. Их тусын хариу юм шүү гэж хэлэхэд түүний үйл хөдөлгөөнөөс Гэрэлт ах гэгч нь мөн байна гэж бодоод юу ч ярьж чадалгүй зогсоход надаас түрүүлж дахин ам нээгээд:
-Танайх Улиастай уруудаж зусдаг болоо юу? Залуу хүн гэсэндээ чих соргог байна шүү. Энэ адуун сүрэг Улиастайн гол гаталсан болохоор манай нутгийн өмч боллоо гэсэн үг. Нутгийн ардад энэ их тус гээд сартай хар үрээг ногтолж, цулбуурыг нь гарт минь атгуулав. 
-Ганц гол гатлуулсныг тус гэж болохгүй гээд татгалзах гэхэд надаас хариу сонсолгүй морио гуядаад адуун сүргийг хөөсөөр ухасхийлээ. Би араас нь чангаар хашхирч:
-Та намайг яаж таньсан юм бэ? гэхэд жолоогоо татахад унасан морь нь дороо эргэцнэ.
-Учирсан хүнээ дуу хоолойгоор нь, туусан адуугаа туурайн чимээгээр нь танихгүй бол хэрээр хэсүүчилж яваагийн хэрэг юу сан билээ. Чи чинь хониныхоо бэлчээрт дуулж л яваа сонсогддог юм гэв. Адууны араас тэмүүлэх мориныхоо амгайг дахин эргүүлээд:
-Энэ үрээг намрын сардаа урсгал усанд сайн сой. Манай Улиастайн голд байтугай хошуу алгасаж уралдсан ч гүйцэгдэхгүй хүлэг төрнө. Танайх үнэхээр сайхан газар буурь сэлгэсэн байна. Халуун зунаар хага ташим хүйтэн усны захад зуссан мал өлчир болж өвөлдөө өвдөг нугардаггүй юм гэв. Би баярлаж, гайхахын хооронд чанга дуугаар:
-Хоёулаа дахиад хэзээ уулзах вэ? гэж хэлэхэд:
-Яг ийм сартай, тэргэл саран мандаж орчныг өдөр мэт гийгүүлсэн цагт Улиастайн голд уулзъя гэж хэлээд адуун сүргийн араас хурд нэхлээ. Түүний дараахан буу үүрсэн хоёр залуу адуу сурагласаар Богочийн гарам дээр таарав. Тэр хоёрын унасан морь өдөр болоод ч тэр үү гарам гаталж чаддаггүй. Гол руу хүчээр хөтөлсөөр оруулах ч цээжинд нь ус цохиж, хөл алдахын хэрд буцаад эрэг рүүгээ зүтгэнэ.
-Унаж яваа морь чинь усанд хөлөө ч дүрж чадахгүй байхад танай адуун сүрэг энэ голыг яахан гатлах билээ. Бушуухан буцаж өөр газраар сурагла гэхэд нэгийг ухаарсан мэт толгой дохиод:
-Нээрээ ч тийм дээ. Урд зүгийн мэргэн төлөгч хоосон чулуу хөөлгөчихлөө гэсээр сэтгэл гонсгор буцаж билээ. 
Тэр цагаас хойш он жилүүд улирч, манай мал сүрэг жил жилийн зуднаас үрэгдэлгүй үржиж өсөв. Алдартай уяач гэсэн нэр алдар ч сартай хар үрээнээс хойш хошуу нутаг даяар түгэв. Харин Гэрэлт ахын сураг тасарсаар өдий хүрлээ. Надад юм бүхэн бий мэт санагдавч “Улиастайн голд уулзъя” гэсэн үгс өөриймсөг, сэтгэлд дулаахан санагдаж, асар их итгэл найдварыг үлдээсэн юм. Тэргэл сартай эл шөнө түүний дурссаар суухуйд “Уулзалгүй хорин жил болжээ” гэх сонсогдов. Би чимээ гарсан зүг рүү харвал үл таних хүн алхсаар айсуй. 
-Гэрэлт ах уу? 
-Тийм ээ, чи хүн таньдаггүй хэвээр байх шив. Санаа алдах, сандрах чинь хүртэл хорин жилийн тэртээх залуугаараа байна шүү гэж хэлсээр миний хажууд суух нь энэ удаа яарч сандралгүй явааг илтгэнэ. Тэрээр бодлогошрол дүүрэн харцаар голын урсгал руу ширтэв. Голын урсгалд сарны гэрэл ойгоод үнэнхүү тунгалаг байлаа.
-Та уулзана гэсэн амлалтдаа хүрэлгүй хэчнээн жил сураг тасарлаа гэж үнэхээр л хүүхэд адил гомдол нэхэн асуухад:
-Тэргэл сар түмэнтээ мандсан ч орчлон ертөнцийг цэлмэг өдөр мэт гийгүүлсэн гэрэл гэгээ ахыг нь онож туссангүй. Ах нь урд Гүний шоронд ужгирах дөхлөө. Ялаа үүрсээр гарч ирсэн. Харин өнөөдөр тэнгэр цэлмэг сайхан шөнө байна гэж миний сэтгэлийг засахаар мөрөн дээр минь алгадахад би буруутай мэт юу ч хэлж чадахгүй хулмалзав. Би юу ч хэлж чадахгүй хий дэмий гар хуруугаараа оролдож сууснаа: 
-Таны бэлэглэсэн сартай хар үрээ хошууны наадамд тав түрүүлсэн гэж түүнд дуулгахаар тоймгүй жил хүлээсэн баярт мэдээгээ хэлэхэд:
-Би дуулсан, хар үрээ ч сайхан азарга болсон байна лээ. Би хорин жил үзэгдэх мөргүй, харагдах бараагүй амьдарсан л болохоос биш бүгдийг нь дуулсан гэв. Би сониуч зандаа хөтлөгдөж:
-Тээр жил Улиастайн голоор гаталгасан адуу юу болсон бэ? гээд түрүүлээд ам нээхэд: 
-Нутаг нутгийн айлуудад замдаа тараасаар дууссан. Эртнээсээ л тийм төөрөгтэй холоос адуу сэлгүүлдэг байлаа. Харин одоо төрсөн бууцаа бараадаж, голомтоо сэргээе гээд босохдоо өвдөг нь нугаларч, ялимгүй бохиров. 
Улиастайн голын жиргээч болжморууд торох үүлгүй цэв цэлмэг өглөөг угтаж, модноос модонд, мөчрөөс мөчирт дамжин жиргэсээр байлаа.
 
Г.БААТАРЦОГТ

ӨГҮҮЛЛЭГ: УЛИАСТАЙН ГОЛД УУЛЗЪЯ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188