• Өнөөдөр 2024-04-29

Х.БОЛОР-ЭРДЭНЭ: Хамгийн гэгээн орон зайг хүний сэтгэл дотроос л хайсаар явна

2022-03-10,   1412

          Эргэлт.мн мэдээллийн сайт энэ удаагийнхаа "Уран бүтээлчийн цаг" буландаа зохиолч Х.Болор-Эрдэнийг урьж, ярилцлаа. Тэрбээр өдгөө гэр бүлийн хамт Франц Улсад амьдардаг бөгөөд бид түүний уран бүтээлийн талаар халуун яриа өрнүүлсэн юм. Мөн Х.Болор-Эрдэнийн "Гүйж яваа эмэгтэй" роман одоо ч уншигчдын дунд эрэлттэй ном байгаа билээ.

-Танд юун түрүүнд өнгөрсөн ч гэсэн “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр” буюу Мартын 8-ны баярын мэнд хүргэе. Та энэхүү өдрийг хэрхэн, яаж тэмдэглэн өнгөрүүлсэн бэ?

                        -Баярлалаа. Уламжлал ёсоор охидтойгоо хамт аавынхаа зассан ширээг тойроод, аавынхаа гарын хоолыг амтлан, жаргалтай сайхан тэмдэглэсэн дээ.

-Та сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

                        -Өө тоочвол их л зүйл байна. Тун удахгүй хэвлэгдэх романаа дуусгахаар зүтгэж л байна. Нэмээд ганц нэг кино зохиол, хэдэн дууны үгний ард гарчихаад л сууж байна даа.

-Та Францад амьдраад цөөнгүй жил боллоо. Энэ хугацаанд уран бүтээлийн олз омог ихтэй байлаа. Гаднын оронд амьдрахын давуу болон сул тал нь танд яаж нөлөөлдөг вэ?

              -Хүн дассан газраа хоргодоод байвал тогооныхоо амсарыг давж гардаггүй, жижиг тугалын бэлчээртээ эргэлдсээр насыг бардаг юм байна гэдгийгих сайн ойлгосон. Амьдралын хувьд би эх орондоо илүү давуу байдалтай байсан. Уйлаад очиход учирлаад ярилцах анд нөхөд, уурлаад хэрэлдсэн ч өөрийн хэлээр бүтэн үг шидэлцэх монголчуудынхаа дунд байсан өдрүүд нуль эрх чөлөө ханхлуулж байжээ. Энд ирсээр харь элгийн хандлага, хэл соёлын зөрүү, боловсрол хүмүүжлийн эрс тэс ялгаатай орчинд палхийтэл хөл тавьж, их л зүйд үзлээ. Цочирдмоор хандлага, эвлэрмээргүй орчинд хөл нийлүүлэх гэж хичээж л байна. Хэзээ ч хүлээн зөвшөөрөгдөхгүй холын хүн гэдгээ үргэлж ойлгодог ч нэгэн насны амьдралдаа ухаан учир нэмэхээр тэмцэж л байна даа. Материаллаг ахуй, орчны тав тухын хувьд мэдээж өөр харьцуулалт гарна. Гэвч хүний нийгмийн хүн учраас, хүн төвтэй амьдарч ирсэн учраас хамгийн гол орон зайг хүний сэтгэл дотроос л хайсаар явна.

Цочирдмоор хандлага, эвлэрмээргүй орчинд хөл нийлүүлэх гэж хичээж л байна. Хэзээ ч хүлээн зөвшөөрөгдөхгүй холын хүн гэдгээ үргэлж ойлгодог ч нэгэн насны амьдралдаа ухаан учир нэмэхээр тэмцэж л байна даа

-Таны “Гүйж яваа эмэгтэй” романыг уншсан уншигчдын дийлэнх нь уйлсан болов уу. Та тус бүтээлээрээ ямар утга санаа илэрхийлэхийг зорьсон бэ?

                        -Уншсан хүмүүс бүгд үүнд хариулчих учраас уншаарай л гэж юуны өмнө захья даа. Тэр тусмаа эмэгтэй зохиолчдыг үл тоомсорлодог бол уншаарай. Өөрийгөө том гэж боддог бол уншаарай. Монголын уран зохиол дотор авах юм алга гэж боддог бол уншаарай. Хүнийг өнгөнөөс нь дүгнэдэг бол уншаарай. Хүүхдийг хүн биш гэж үздэг бол уншаарай. Хатуу сэтгэлтэй бол, яхир ааштай бол, бусдыг шоолж дооглох дуртай бол уншаарай. Сургаар дүгнэлт хийж сурсан хүмүүст бүр ялангуяа уншиж байж дүн тавиарай л гэж захимаар байна.

-Миний мэдэхээр таны "Хишигт" тууж  "Алтан-Өд" наадмын тэргүүн шагнал хүртэж байсан. Мөн франц хэл дээр хөрвүүлэгдсэн гэдэг юм билээ. Өөр бусад оронд орчуулагдан гарч байсан уу?

                        -Одоогоор тэр тал дээр дорвитой хөдөлгөөн хийж амжаагүй байгаа. Ямартай ч англи хэлээр орчуулах яриа явагдаж байна.

-Уран бүтээлийн амт, мэдрэмжийн тухай хүн бүр өөр өөрөөр тайлбарладаг. “Гүйж яваа эмэгтэй” роман болон “Муу залуу” туужаа бичиж дууссаныхаа дараа уран бүтээлч хүний хувьд ямар мэдрэмж, амт авч байсан бэ?

              -“Төгсөв” гэдэг үг бол зохиолч хүний чангалсан тархиа амраах суниалт, хариуг нь олоогүй бодлогоо бодсоны дараах шиг баяр жаргал, тайвшрал байдаг. Тэр үгийг тавихын төлөө л чадах бүхнээ хийж, өөр ертөнцөд амьдарч, өөрийн амьдралаа огоорч, хэн байснаа хүртэл мартаж орхисон байдаг. “Гүйж яваа эмэгтэй”-г бичиж дуусталаа би даруу, нууцлаг, тэгсэн хэрнээ өрөвч, хэрсүү, зовлон дундуур шүд зуун гүйсэн бяцхан охин байсан бол “Муу залуу”-г бичиж дуусталаа шархны халуунд өвдөж, үхэл хагацал дундуур шүд зуун мөлхсөн эр хүн байсан. Энэ бүх хүний дотроос өөрийгөө чөлөөлж гаргаад, өөртөө эргэж ирэх шиг тайтгарал, амсхийлт бас дахин төрөлт ховор байх. Нэг зохиол дуусгаад л нэг дахин өөрөөр амьдарсан мэтээр өөртөө эргэж ирдэг дээ.

-Та зохиол бичихдээ ихэвчлэн ямар зан байдал гаргадаг вэ. Зарим зохиолч зогсож, дуу сонсож, зураг харж бичдэг гэх мэт сонин зуршилтай байдаг. Таны хувьд?

         -Би ер нь ноороглож бичээд, дахин дахин оролдоод байдаггүй. Бичихээсээ өмнө их удаан боддог. Яг л эхийн хэвлийд олдсон үр шиг бага багаар бүрэлдсээр нэг л өдөр гарцаагүй төрдөг шиг л миний зохиолууд төрөн гардаг. Өөрөөр хэлбэл би яг цээж бичиг бичиж байгаа мэт зогсолтгүй асгадаг. Заримдаа “Надад хүн хэлж өгөөд байгаа мэт яаж ингээд завсаргүй гараад байдаг юм бэ” гэж өөрөө ч гайхах үе бий. Тэгэхээр яг л час халуунаар нь асгаж байгаа мэт бичдэг. Ер нь нэг суувал хэдэн сар өдрөөр завсаргүй сууна. Харин нэг л босчихвол өөрийгөө дахин суулгах гэж бас нэлээд их юм туулах хэрэгтэй болдог. Ерөнхийдөө зохиолынхоо бүтцийг амьдралын мод зураад л хийчихдэг. Надаас өөр хэн ч ойлгохгүй л хачин сарайсан мод зураад ширтээд суучихдаг юм.

Нэг зохиол дуусгаад л нэг дахин өөрөөр амьдарсан мэтээр өөртөө эргэж ирдэг дээ

-Та уран бүтээлч хүний хувьд магтаал, шүүмжлэл зэрэг хүртдэг байх. Хэрхэн хүлээж авдаг вэ?

                        -Өө тэгээд сайн нь ч миний багш, муу нь ч миний багш юм билээ дээ. Саар хүн таарахад тэр нь дүр болж зохиолд үлддэг тул бас л хэрэгтэй байгаад байгаа юм. Саар дүрүүд гэдэг маш их танин мэдэхүй, маш сайн сургалт болдог зүйл. Ер нь эргээд харахад алдаа бүхнээ оноо болгон хувиргаж, гомдол шаналал бүхнээ ухаарал танин мэдэхүй болгон хувиргаад хүмүүст буцааж өгсөн түүхүүд харагддаг. Тэр нь илүү хүчтэй ч байдаг.

Ер нь тэгээд хэн нэгний хэл амыг биш, хийж буй үйл хэргийг нь хараад өөрийн дүгнэлтээ өгч сураагүй бол тэр хүн боловсроогүй л байна гэсэн үг шүү дээ. Үгээр үг хийх гэж байгаа бол жимс шиг нандин сайхныг нь түүж сагсандаа хийх хэрэгтэй. Ядаж л тэгж түүсэн үгс гэдэг амттай, тэжээлтэй байна биз дээ

-Утга зохиолын салбарт ороход танд хамгийн их нөлөөлсөн хүн бий. Байгаа бол дурсаж болох уу?

              -Бадарчийн Дариймаа гэж сайхан зохиолч эмэгтэй анх намайг хэдэн шүлгээ бариад очиход “Чи өгүүллэг бич. Чи үргэлжилсэн үгийн хүн байна” гэж хэлж, энэ зам руу татаж оруулсан. Анхны гурван өгүүллэгийг маань засаж тэгшилж, урмаар усалж, залуу хүнд зориг хүчийг харамгүй өгсөн. Дараа нь миний хань,  яруу найрагч Б.Эрдэнэсолонго өдрийн тэмдэглэлийг маань уншаад ном болгоно гэж барьж гүйсээр анхны номыг минь бүтээж өгсөн. Одоо бол Эрдэнэсолонго л миний зохиолд үзэг хүрч, тэр маань л миний дасгалжуулагч мэт зохиол бүтээл бүрийн шүүгч нь, урамшуулагч нь болж явна.

            Мөн СГЗ Д.Мандахсан гэж сайхан буурал найрагч байна. Яг л найз шиг, аав шиг, бидний төлөө биднээс илүү баярлаж, Бидний амжилтанд хүүхэд шиг нулимс унаган угтдаг энэ хүний үг, урам надад бас маш их хүч өгдөг. Азаар уран бүтээл бүрийг маань азын од шүүрэх мэт тэсч ядан хүлээж байгаад, аз жаргал дүүрэн угтан авдаг амины хэдэн сайхан уншигчтай юм билээ, би. Голцуу уншигчдынхаа дунд бүтээлээ шууд бичдэг болохоор тэдний маань хэлэх үг, хөдлөх сэтгэл бүр нь надад маш том туршлага болж өгдөг шүү. “Гүйж яваа эмэгтэй” номын редакторуудын групп маань одоо ч шинэ зохиол дээр хамт уншаад явж байгаа. Маш ухаалаг, шударга, элдэв бялангач зангүй ийм гайхалтай хүмүүсийг мэдрэмжээрээ түүж цуглуулсан өөртөө бас баярлах л юм.

- Францад амьдарч байгаа ч Монголын өнөөгийн байдлыг хэрхэн хардаг вэ?

           -Өөрийн гэсэн дүгнэх чадвар, задлан шинжлээд харьцуулах ухаан л монголчуудад маань маш их хэрэгтэй байна даа гэж бодогддог. Өөрийн л юм гэвэл үл тоомсорлодог, хүний юм гэхээр хүндэлж гүйлддэг нийтлэг муухай зан нийгэмд их суужээ. Харин гэр бүлүүдийн орчинд бол эсрэгээрээ “Хүний хүүхэд л бол мэлхий, миний хүүхэд л бол дэлхий” гэсэн хахир хүйтэн хандлага их давамгайлж байгаа нь гунигтай санагддаг. Үүнээс л үүдсэн ялгаварлан гадуурхалт, үл ойлголцол, эвлэрэшгүй дайсагнал иргэд хооронд байсаар байгаа нь олон талцал, хуваагдлын үүдэл болох юм. “Хүнийг хүн гэж харж болох уу, бусдын сэтгэл дотор өөрийгөө ганц удаа оруулж үзэх эр зориг байна уу” гэж олон хүнээс асуумаар санагддаг.

-Зохиолч хүмүүс нэг талаар бараг сэтгэл судлаач шахам болсон байдаг. Таны хамгийн дургүй зан чанар юу вэ?

         -Үнэнд гүйцэгдээд ирэхээрээ хүн хооронд хорт могой шиг гулсаж явдаг хүмүүс байх юм. Үгээр үг хийх гэж цагаа барж явдаг хийх ажилгүй, завтай, зовлон багатай улс ч бас байна. Хамгийн гайхалтай нь ийм хандлагыг би эрчүүдээс үргэлж авч байгаадаа л их цочирдож сууна. Тулхтай, буурьтай, нуруутай, голыг нь олж хэлсэн туг шиг үгстэй сайхан эрчүүд маань арай дуусчихаагүй байлгүй дээ гэж найдаж л байна. Хайр даахгүй, итгэл даахгүй, сэтгэл даахгүй хүмүүс л бусдын холбоо харилцаан дундуур хар жатга гүйлгэсээр өдөр хоногийг өнгөрүүлдэг. Тийм хүмүүст маш их зэвүүцэл төрдөг дөө. Ер нь тэгээд хэн нэгний хэл амыг биш, хийж буй үйл хэргийг нь хараад өөрийн дүгнэлтээ өгч сураагүй бол тэр хүн боловсроогүй л байна гэсэн үг шүү дээ. Үгээр үг хийх гэж байгаа бол жимс шиг нандин сайхныг нь түүж сагсандаа хийх хэрэгтэй. Ядаж л тэгж түүсэн үгс гэдэг амттай, тэжээлтэй байна биз дээ.

-Та аливаа бэрхшээлтэй нүүр тулахдаа хэрхэн даван туулдаг вэ?

              -Амьдрал бол сонголтоос бүрддэг. Сонгох боломж бидэнд үргэлж л байдаг. Гол нь үлдэцтэй, өгөөжтэй талыг нь л эхэлж сонгохыг бодно. Эрсдэлтэй талыг нь эхэлж харна. Тооцоолно. Үүнээс ч хэцүү зүйл байсан бол гэж төсөөлж өөрийгөө хурцлана. Зоригжуулна. Тэгээд яаран хөдлөхгүй ч ор тас орхилгүй бага багаар зуултаа ахиулсаар туулж л орхидог. Ийм үед ганцхан л уриа бий. “Би заавал ард нь гарна” гэж.

Сэтгэлийн тэнхээ ч дутах биз. Харин монголчууд бид бол хаана ч зохицож чадах хачирхалтай хүмүүс гэдгийг л мэдэрдэг.

-Та Монгол, Францын соёлын ялгааг сайн мэдэж байгаа болов уу. Тиймээс энэ ялгааны тухай сонирхолтой яриа дэлгэх болов уу гэж бодож байна?

              -Энэ талаар ярина гэвэл маш урт хугацааны яриа өрнүүлэх хэрэгтэй болно. Газар нутгийн байршил, цаг агаарын байдал, түүх соёл, оршихуй, хүмүүжил, хүн хоорондын харилцаа гээд асар том зай бидний дунд бий. Энэ бүхний цаана маш их зүйлийг ялгаж салгаж ойлгуулах хэрэгтэй болно. Ямартай ч бид маш их ялгаатай. Гэхдээ тэдний ихэнх нь бидэнтэй зохицож чадах нь юу л бол. Сэтгэлийн тэнхээ ч дутах биз. Харин монголчууд бид бол хаана ч зохицож чадах хачирхалтай хүмүүс гэдгийг л мэдэрдэг. Хаана ч очсон, юу ч болоогүй мэт дасан зохицоод, учраа олоод амьдраад байх сүрхий хаттай хүмүүс.

-Нөхөр тань мөн утга зохиолын салбарт нэр хүндтэй яруу найрагч хүн шүү дээ. Тэгэхээр нэг гэрт хоёр зохиолч байхын давуу болон сөрөг талын тухай сонирхолтой яриа дэлгээч?

             -Энэ их олон тавигдсан асуулт. Яг өөр өөр ажил мэргэжлийн хүмүүс нэг гэрт орохоороо яагаад өөр байдгийг хэлж мэдэхгүй, тийм туршилга надад байхгүй болохоор ялгааг нь шууд хэлэхэд хэцүү байдаг юм. Ямартай ч бид хоёр эхнэр, нөхөр гэхээсээ илүү сайн найзууд, үнэнч нөхөрлөл дээр үүссэн гэр бүл учраас бие биенээ ойлгож мэдэрч, хүнд хэцүү цаг үед улам нягтарч, улам л нэг хүн шиг болоод байдаг шиг санагддаг. Яруу найргийн чансааг бол би харин их сайн мэдэрдэг. Өөрөө шүлэг бичиж чаддаггүй ч ханийнхаа бичсэн шүлгүүдийг байнга уншдаг хүн чинь бусад шүлгийг, бусад мэдрэмжийг ямархуу үнэнтэй, ямархуу чансаатай гэдгийг харин их сайн анзаарч ойлгодог. Биднийг хуурах хэцүү. Бүхий л уран бүтээлийн ард чин сэтгэл хамгийн гол суурь болдог гэдэгт бид санаа нэгддэг. Үнэхээр наанаа уран гоё үгтэй, дүртэй байгаад ч чин сэтгэл, үнэн дутсан бүтээл гэдэг үнэргүй хоол шиг дэндүү хоосон харагддаг.

-Хүүхэд нас тань хаана хэрхэн өнгөрсөн бэ. Бага насны тань сэтгэлд үлдсэн мартагдашгүй дурсамжаасаа хуваалцана уу?

          -“Хишигт” туужаа би бага насныхаа дурсгал болгон бичсэн. Тэндээс миний амьдралын нэгээхэн хэсэг топ харагдах байх. 40 мянгатад төрж өсөж, цэргийн амьдралтай аавыгаа даган нүүж суусаар л миний бага нас өнгөрсөн дөө. Намайг багад гэрийнхэн маань ном уншиж байгаа хүнд үг хэлдэггүй, ажилд зардаггүй байсан юм. Тэгээд заримдаа юм юмнаас чөлөөлөгдөх гэж ном тэвэрч суугаад л элдэв зараалаас чөлөөлөгддөг байсны ачаар номын шарласан хуудсанд дотор л миний бага нас өнгөрч дээ. Ээж маань намайг номын цагаан солио туслаа гээд өдөртөө хамаг номоо нуучихаад явчихдаг байсан юм. Тэр үед нь ном, сонины урианхай цаас олж, тасархайг нь өөрөө зохиож гүйцээж уншаад л өдрийг бардаг байлаа. Тэр нь бас юм хум сэтгэж бичдэг болоход их нөлөөлсөн шиг байгаа юм.


Х.БОЛОР-ЭРДЭНЭ: Хамгийн гэгээн орон зайг хүний сэтгэл дотроос л хайсаар явна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-11 00:12:17
    Сарнан: Их л өвөрмөц үг хэл, сэтгэхүйтэй зохиолч. Түүнийг магтахад бялдуучлах ямар ч шаардлагагүй, зүгээр л төрмөл авьяас нь асгарч байдаг.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-10 21:22:59
    Агиунаа: Сайхан гэгээн ярилцлага уншиж баярлалаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-10 21:22:12
    [email protected]: Сайхан ярилцлага уншаад маш сайхан мэдэмж авлаа. Үгийн үнэнийг Болор-Эрдэнэ зохиолчоосоо уншиж сонсож сангаа баяжуулж явдагтаа баяртай байдаг аа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-10 16:54:02
    Х.Болор-Эрдэнэдээ амжилт: Эрхэм зохиолчдоо хамгийн сайн сайхан бүхнийг хүсье
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188