• Өнөөдөр 2024-04-29

Г.МИШЭЭЛ: Уран бүтээл төрөх мэдрэмж нь өөрөө их сайхан ч юм шиг хэрнээ тамын эд

2022-03-09,   822

Орхон аймгийн Хүүхэд, залуучуудын театрын уран бүтээлчид “Итгэлийг эвдэгч” монодрам, дэлхийн хамгийн анхны роман гэгддэг Японы зохиолч  Мурасаки Шибикүгийн Гэнжийн туульсаас сэдэвлэсэн “Хоридын сарнаар” монодрам жүжгүүдийг анхлан тайзнаа амилуулж үзэгчдийн хүртээл болгож Г.Мишээлтэй ярилцлаа. Тэрбээр өдгөө Эрдэнэт хотод амьдран сууж уран бүтээл туурвиж яваа залуу уран бүтээлч. Мөн энэ жилийн "Гэгээн муза" наадам оролцохоор бэлтгэл ажилдаа хэдийнэ ороод буй аж.

-Сайн байна уу, танд энэ өдрийн мэнд хүргэе. Хоёулаа таны сүүлийн үеийн уран бүтээлийн талаар яриагаа эхлэх үү?

                     -Сайн, сайн байна уу. Сайхан хаваржиж байна уу. Албан ажлын зүгээс гэвэл манай Эрдэнэт хотын Хүүхэд Залуучуудын театр маань урьд жилүүдэд нээлтээ хийж байсан В.Баатархүү “Миний ээж” драмын жүжиг, “Тангарагт хаан” хүүхдийн драмын жүжгүүдийг тоглохын зэрэгцээ, Соёлын Яамны дэмжлэгтэйгээр Улсын Хүүхэлдэйн Театраас хэрэгжүүлж буй, жүжгийн уран бүтээлийн “Франчайзинг” хөтөлбөрийн хүрээнд, Ж.Дашдондог “Алтан хөрш” хүүхдийн драмын жүжгийг мөн Эрдэнэт хотдоо нээн тоглолоо. Энэ мэт олон олон уран бүтээлүүд театрын маань тайзнаа тоглогдсоор л байна. Харин хувь уран бүтээлийн хувьд гэвэл хамгийн сүүлд “Чамтай учирсан зул сар” хэмээх хоёр хүний жүжигт ажиллаж үзлээ. Тун удахгүй, хүүхэд багачууд гэлтгүй насанд хүрэгчдэд ч сонирхолтой байхуйц нэг уран бүтээл мэндлэх гээд дуншиж л байна. Монгол оронд амьдарч байсан эртний үлэг гүрвэлүүд манай театрын тайзнаа амилах бөгөөд, “Асаж буй толгод” хэмээх дэлхийд алдартай, данстай нэршлээр энэхүү бүтээл маань нэрлэгдэх болно.

-“Гэгээн муза”наадам энэ жил болох гэж байна. Та ямар ямар уран бүтээл оролцохоор бэлдэж байгаа вэ?

               -Уран бүтээлчдэд урам зориг хайрладаг их сайхан наадам шүү. Оюутан насны минь бараг хамгийн том мөрөөдөл энэ цомыг атгахсан гэдэг бодол байлаа. Энэ удаагийн наадамд зохиолч, найруулагчаар ажилласан “Тангарагт хаан” гэх хүүхдийн драмын жүжгээ урьдчилсан шатны шалгаруулалтад оролцуулахаар мэдүүлэгээ өгөөд байгаа.

энэ урлагт чинь хайртай юм болохоор нэг мэдэхэд л зууралдчихсан, шинэ санаа олсондоо баярлаад хөл газар хүрэхгүй мэт дүүлж явах өдөр мөн ч олон доо.

- Өмнө нь “Гэгээн муза” наадмын хоёр төрөлд шилдгээр шалгарч байсан шүү дээ. Тухайн үеийнхээ мэдрэмжээс хуваалцаж болох уу?

                -Нэг хүний жүжгийн төрөлд “Шилдэг эрэгтэй жүжигчин”-ээр шалгарч байсан. Ай тэгээд, дээр дурдсан даа, оюутан насны минь мөрөөдөл байлаа гэж. Гэгээн Музаг гартаа атгаж байна гэж төсөөлж, хэлэх үгээ хүртэл боддог, тийм махруу гэмээр ч юм уу, хэт мөрөөдөмтгий ч гэх юм уу сонин үе байжээ. Гэтэл яг цомоо гартаа атгаад тайзан дээр үг хэлэх мөч ирэхэд юу хэлэхээ ч мэдэхгүй байлаа. Би өөрөө Музагийн эзнээр тодрохоос илүү, Хүүхэд Залуучуудын театрын жүжигчин Ч.Уранбилэг /СТА/ эгчийг Гэгээн Муза авахад нь баярлаж байлаа. Учир нь түүний шалгарсан бүтээл нь миний зохиолч, найруулагчаар нь ажилласан, “Нохойн хурим” монодрам байлаа. Гайхалтай мөч байсаан.

-Таныг сургуулиа төгсөөд орон нутгийн теарт ажиллахаар явсан гэдэг юм билээ. Ер нь цаашдаа хотод ирж уран бүтээл туурвина гэж боддог уу?

               -Тиймээ, Эрдэнэтийн театртаа ирж ажиллаад 12 жил болж байна. Улаанбаатарт жүжгээ хэд хэдэн удаа очиж тоглож байсан. Цаашдаа ч гэсэн боломж бүрдсэн үедээ, үгүй ээ боломжийг бүрдүүлж байгаад, жилдээ нэгээс хоёр удаа заавал очиж уран бүтээлээ хүргэнэ гэж бодож байгаа шүү.

- Та жүжгийн зохиолуудаа өөрөө ихэвчлэн бичдэг шүү дээ. Тэгэхээр бусад найруулагчдаас давуу талтай байх шиг санагддаг. Таны бодлоор?

            -Миний хувьд бол үнэхээр санал нэг байна. Харин энэ нь нөгөө талаараа бас ч хэцүү байдаг даа. Бодож бичснээ тайзнаа найруулна гэдэг нэг хэрэг, дээрээс нь бичснээ эвдэж өөр талаас нь дэлгэж үзэгчдэд харуулна гэдэг бас нэг өөр хэрэг. Заримдаа залхмаар, ядаргаатай санагдах үе бий бий. Гэхдээ л энэ урлагт чинь хайртай юм болохоор нэг мэдэхэд л зууралдчихсан, шинэ санаа олсондоо баярлаад хөл газар хүрэхгүй мэт дүүлж явах өдөр мөн ч олон доо.

- Орон нутагт ажиллахын давуу болон сул талын тухай та юу хэлэх вэ?

            За тэгээд хаана ч ажилласан давуу, сул тал аль аль нь бий шүү дээ. Миний бодлоор Эрдэнэт гэдэг амар жимэр хотод амьдарч, ажиллаж байгаа маань л гол шалтгаан. Толгойн өвчин бага байвал уран бүтээл ахицтай байх биш үү?

-Ганц Эрдэнэт хот ч гэлтгүй орон нутгийн театруудын хөгжил хэр хэмжээнд байна вэ. Чанартай уран бүтээл гарч байгаа харагддаг уу?

            -“Чанартай уран бүтээл” гэдэг чинь л чухал асуудал. Үнэндээ театруудын төсөв, уран бүтээлчдийн хүрэлцээ, тэдний оролцоо гэх мэт олон зүйл бүрдэж байж л, яг энэ сайн бүтээл чинь мэндлэх номтой юм. Адаглаад театруудад бүгдэд нь театрын зураач бий юу гэвэл худлаа. Өөр бусад уран бүтээлчдийг бүтээл болгон дээрээ сонгож ажиллаад яваад л байх шиг байна. Чухам үнэн гэвэл орон нутгийн театруудын бүтээлүүдэд /драм/ лавтайяа таван оноо өгч чадахгүй. Харин сүүлд “Жангар”-ыг тайзны бүтээл болгосон Завхан аймгийн театрын хамт олонд халуун баяр хүргэмээр байна. Урын сангийн бодлогодоо анхаарч, цуцахгүй хөдөлмөрлөж, ахиж буй Дорнод аймгийн театрыг бас онцолмоор байна. Мэдээж хэрэг мэргэжлийн бөгөөд чанартай, чансаатай бүтээл бий болгохын төлөө л зүтгэж байна даа.

-Сүүлийн үед чадварлаг залуучууд сургуулиа төгсөөд орон нутагруу явж  ажиллах боллоо. Тиймээс УДЭТ-т ч юм уу, ажиллах шинэ боловсон хүчин дутагдаад байх шиг. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?

            Тэр тал дээр сайн мэдэхгүй байна. Миний мэдэхээр манай театр л лав тийм олон уран бүтээлч ирсэнгүй. Ажиллая гэж зорихоос илүү, гэр нь энд байдаг болохоор ч гэдэг юм уу, тийм нэг зүгээр суухаар гэдэг шиг л хандлага анзаарагдаад байдгийг нуухгүй. Чин үнэндээ зориод ирсэн уран бүтээлчдийн дийлэнх нь эргээд буцдаг юм даа. Одоо бол үүнд дассан байна. Учир нь мэдээж л нөгөөх нийгмийн асуудал...

-Та уран бүтээлээр дамжуулж нийгэмд ямар дуу хоолой хүргэхийг зорьдог вэ?

            -Нэг хэсэг яг энэ талаар их боддог байлаа. Одоо бол бараг л больсон. Уран бүтээл биш, хоёр хүний хоорондох маргаан хүртэл ямар нэгэн зүйлийн дуу хоолой болдог доо. Сүртэй сүртэй ухаарал яриад л, манай жүжиг кармаг, манай жүжиг гэгээн хайрыг”  гэх мэтээр хэт их яриа сонсохоор заримдаа бухимдаад байдаг юм. Үнэнээрээ л бүтээлээ хий. Заавал ямар нэгийг хүргэхийг хүсээд, заавал уйлуулах гээд л тэнэглээд эхлэвэл тэгээд л дуус. Уран бүтээл төрөх мэдрэмж нь өөрөө их сайхан ч юм шиг хэрнээ тамын эд. Надад бол эмзэглэлээс л төрөөд байх шиг санагддаг. Тэгэхээр энэ хүний дотор төрж буй эмзэглэл нь л тэр нийгэмд хүргэхийг хүсээд байгаа дуу хоолой нь байх даа. Үзэгчид ирээд л үзэх хэрэгтэй. Таалвал өөрийнхөөрөө мэдэр, таалахгүй бол ой санамжаасаа л хасчих.

Уран бүтээлдээ хойрго хандана гэж бараг үгүй. Аль болох л өсөхийг боддог. Дутууг нь дүүргэхийг, дүүрснийг нь халиулахыг.

- Таны уран бүтээлүүдийг харахаар дүрийн хувьд өвөрмөц, сонин шийдэлтэй, сонирхолтой байдаг. Та дүрийн тухай яриа дэлгэж болох уу?

            -Жалгаар нэг Жульета, дэнжээр нэг Дездомон байхад, заавал давтахгүйгээр аль болох зугтаж өөрөөр харуулахыг хичээж, зохиолын дүрүүдээ төсөөлөн бичдэг. Зохиолчын бичсэн дүр, жүжигчний гаргах дүрд асар том ялгаа байна л даа. Манай ахмад уран бүтээлчид дурийг яасан ч уран нарийн, чамин, худал биш урлаж байна вэ? Мэдээж бүгд биш л дээ. Уран зохиолыг нь ч хар, театр, киног нь ч хар. Дүрүүд нь тус тусдаа кино баймаар. Тус тусдаа жүжиг ч байж болмоор. Би ч одоо “миний гаргасан дүр бол” гэж ярьж олон хүний дургүйг хүргээд яах вэ дээ. Чухамдаа бол энэ “дүр” хэмээгч чинь л дээр ярьсан “чанартай бүтээл” гээд байгаагийн чинь нэг эд эс нь юм шүү.

Шинэ санаа төрөх үедээ, “тамдаа ирэв үү” гэж хааяа өөртэйгээ ярих жишээний

- Залуу уран бүтээлч хүний хувьд шантрах үе цөөнгүй л байсан байх. Тэр үед танд урам өгч илүү хүчтэйгээр уран бүтээлдээ ороход туслаж дэмжиж байсан хүн бий юү. Байгаа бол та дурсаж болох уу?

            -Зөндөө, зөндөө. Гэхдээ дараа нь мартчихсан явж байдаг юм. Шинэ санаа төрөх үедээ, “тамдаа ирэв үү” гэж хааяа өөртэйгээ ярих жишээний. Намайг бага байхад аав ээж хоёр маань уралгийн хүн болгоно гээд хуучнаар Хөгжим Бүжгийн коллейжд аваачиж шалгалт өгүүлж байлаа. Дуулаачийн анги байсан уу, хөгжмийн анги байсан уу одоо сайн санахгүй байна. Нээрээ ээжээс асууя байз. Багш нь шалгалтын дараа жигтэйхэн магтаад бага ангид орох жилд нь авчраарай гэж байв. Амьдрал амаргүй хойно манай гэр бүл хэсэгтээ хотоос явж, нэг ирээд л, нөгөөд буцаад л, Булган, Эрдэнэт, Дорнод, Улаанбаатар гэсээр хэн хэнээсээ хол гэр ч үгүй хүнд үе тохиолоо. Ээж маань хүүгээ Хөгжим бүжигт оруулж чадаагүй дээ дотроо их шаналдаг юм шиг санагддаг байлаа. Хожим нь сургуулиа төгсөөд, театрын уран бүтээлч болж, гартаа Гэгээн Муза атгаад зогсож байхдаа, тайзан дээрээс тэнд цугласан урлагийн бурхадуудаар “миний аав ээж хоёрт баяр хүргэж, алга ташиж өгөөч”  гэж хэлж санасандаа хүрэхдээ, одоо л аав ээж хоёр маань “хүүгийнхээ өмнө өргүй боллоо доо” гэж бодсон байх гэж сэтгэсэн. Хэцүү хүнд үедээ гэр бүлээ боддог. Мөн миний алтан хамтрагч гэж нэрлэгддэг Ч.Уранбилэг эгчийгээ яагаад ч дурдахгүй байж болохгүй. Чухамдаа Б.Жаргалсайхан /МУАЖ/, Г.Урнаа /МУГЖ/ багш нарынхаа гараас гараад ирэхэд, энэ хүн л намайг өдий зэрэгтэй, ядаж л амьсгалтай уран бүтээлч байлгаж чадаж байгаа юм. Багш ч гэсэн болно доо.  

-Та уран бүтээлдээ болон хувийн амьдралдаа баримтладаг зарчмынхаа тухай хуваалцана уу?

            -Зарчим ч гэж дээ хөөрхий. Дунд сургуулийн багшаасаа ганц сайн авч үлдэж чадсан зүйл нь өдрийн тэмдэглэл бичих, төлөвлөгөөний дэвтэр хөтлөх хоёр байв. Одоо ч тэгээд төлөвлөгөөний дэвтэр хөтлөх нь л үлдэж дээ. Тэр дэвтрийг гээлээ гэж санахад олсон хүн нь лавтай галзуу амьтан байж гэх байх. Саяхан хуучин дэвтрээ сөхөж харвал нэг иймэрхүү балай юм төлөвлөсөн байгаа юм: “Муураа усанд оруулах”, “Унтлаганы хувцас авах”, “Үнэртэй ус сонгох”, “Хумсаа авах”, Үгийн сүлжээ бөглөх”, “Залбирах сэдвүүдээ жагсаах”. Тэгээд энэ хүн нэг л биш шүү. Одоо ч ер нь нэг их өөрчлөгдсөн юм байхгүй дээ. Амьдрал талдаа би их хойрго юм шиг байгаа юм. Байгаа юм ч гэж дээ чааваас, ер нь л нэг тийм. Уран бүтээлдээ хойрго хандана гэж бараг үгүй. Аль болох л өсөхийг боддог. Дутууг нь дүүргэхийг, дүүрснийг нь халиулахыг.

-Та уран бүтээл бүтээж байхдаа болон дууссаны дараах мэдрэмжээсээ хуваалцана уу?

            -Энэ үеийг чинь л тэр дээр яриад байгаа “Тамдаа ирэв үү Мишка минь” гэж хэлээд байгаа байхгүй юу, хов хоосон болчихсон юм шиг санагдаад, дурлах ийм байдаг бил үү ч гэж бодогдох шиг. Би одоогоор хүүхэд Залуучуудын театртаа жүжигчний мэргэжлээсээ гадна, найруулагчаар ажиллаж байна. Ялангуяа найруулагчаар ажиллах ийм новшийн. Хэдэн сар эд эс, ширэхг үс болгонд нь зууралдаж байснаа, жүжиг нээгээд л хог дээр хаягдсан юм шиг үлдэх мэдрэмж. Үгүй ээ одоо хаягдахгүй гээд ч яах вэ дээ. Найруулаад, хүлээлгээд өгсөн бүтээлээ солиотой юм шиг өдөр болгон янзлах гээд дүлээд суугаад байлтай биш. Хүмүүс залхаж үхэх байлгүй дээ.

Хөдөлмөр байхгүйгээр ямар ч авьяас хол зам туулахгүй гэдэгтэй л санал нийлдэг

-Сайн уран бүтээл хийхийн тулд зарим залуучууд авьяас хэрэгтэй гэх бол зарим нь хөдөлмөрлөх хэрэгтэй гэх юм. Энэ тал дээрх таны бодол?

            -Хөдөлмөр байхгүйгээр ямар ч авьяас хол зам туулахгүй гэдэгтэй л санал нийлдэг дээ. Хөдөлмөрлөж чадна гэдэг өөрөө бас ч үгүй бурханы өгөгдөл авьяас юм шүү! За тэр  “нэг хувийн авьяас, ерөн есөн хувийн хөдөлмөр” гэдгийг бол сайн мэдэхгүй ээ. Ямартай ч энэ талд гараа өргөнө. “The Greatest Showman” кинон дээр “Хүн бүр чамайг хайрлах албагүй, хэдхэн сайн хүн л хангалттай” гэж хэлдэг юм. Яг үүнтэй агаар нэг, бүх зүйлд төгс байх гээд хэрэггүй дээ, хэдхэн сайн чанарт, хэдхэн сайн дадалд, хэдхэн зуршил болгосон хөдөлмөрт л өөрийгөө тушаахад хангалттай. Тэгээд дараа нь авьяасаа гайхуулалдаа, гайхуул. Яагаад болохгүй гэж.


Г.МИШЭЭЛ: Уран бүтээл төрөх мэдрэмж нь өөрөө их сайхан ч юм шиг хэрнээ тамын эд
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188