• Өнөөдөр 2024-04-25

Т.Бархүү: “Би дүрээрээ доторх сүнс, чөтгөр, бурхныг гаргана”

2020-10-17,   1413

“Альфа” театрын найруулагч М.Батболд ОХУ-ны Оросын театр урлагийн сургуульд найруулагчаар суралцаж төгсөхдөө алдарт зохиолч Гётегийн “Фауст” жүжгээр дипломын ажлаа хамгаалж, уг жүжгээ хоёр жилийн өмнө Монголын тайзнаа тавьж байсан. Тэрбээр уг жүжгээ шинэчлэн найруулж, гуравхан удаа үзэгчдийн хүртээл болгох гэж байна. “Фауст” жүжгийн Мефистофлийн дүрийг бүтээж буй жүжигчин СТА Т.Бархүүтэй жүжгийн талаар, бүтээсэн дүрийнх нь талаар ярилцлаа.

-Фауст жүжиг удахгүй олоны хүртээл болох нь ээ. Фаустад дүр бүтээх саналыг танд хэрхэн тавьсан бэ?

-Баярлалаа. “Альфа” театр байгуулагдаад албан ёсоор арваннэгдүгээр сарын 6-нд нээлтээ хийх гэж байна. Өмнө нь уг жүжгийг тавьж байсан. Гэхдээ театрын албан ёсны нээлтээ “Фауст”-аар эхлүүлж байгаа юм. Надад М.Батболд найруулагч гурван удаа санал тавьсан. Эхний удаад манай “X түц” продакшнтай хамтарч энэ жүжгийг тайзнаа амилуулъя гэдэг санал  ирж байлаа. Тухайн үед уран бүтээлийн ажилтай давхцаад болоогүй. Хоёр дахь нь надад өөр жүжигт дүр бүтээх санал тавихад нь мөн л киноны ажилтай байгаад чадсангүй. Гурав дахь удаа санал тавихдаа “Фауст” жүжгээ шинээр найруулж, шинэ тавилтаар дахин үзэгчдэд хүргэх гэж байна. Мефистофелийн дүрд тоглооч” гэсэн. Юм гэдэг чинь ээлж дараатай шүү дээ. Энэ удаад “Яаж ийж байгаад энэ дүрд тоглоё. Намайг гэдэгт, намайг тоодогт баярлалаа. Гэхдээ би чадах болов уу” гэхэд “Чадна” гэсэн. Есдүгээр сарын 17-20-нд тоглох байсан ч коронавирус, хөл хорионы улмаас хойшилж арваннэгдүгээр сарын 6-8 нд тоглох гэж байна.

-Хоёр жилийн өмнө “Фауст” жүжиг тавигдаж байсан. Одоогийнх нь юугаараа шинэлэг байх бол?

-Би тэр үед тавигдахад нь үзэж амжаагүй юм. Урьд нь тоглож байсан жүжигчдээс эхлээд 30-40 хувь нь өөрчлөгдсөн. Шинэ бүрэлдэхүүнтэй болсон учир хуучны тавилт, найруулгаа шинэчилж өөрчлөн, өөр өнцгөөс үзэгчдэдээ Фауст, Мефистофелийг харуулахыг хүсч байна. Өмнөх тавилтыг үзсэн хүмүүст ч шинэлэг зүйл харуулмаар байна. Уг жүжгийн найруулагчаар ажиллаж байгаа М.Батболд Орост найруулагчийн мэргэжлээр сурч ирсэн, чадварлаг, шинэ сэтгэхүйтэй, нөөц бололцоотой залуу гэдгийг нь харж байна. Түүний үргэлж шинийг эрэлхийлж байдаг нь таалагдсан. Бид сцен бүрийг шинэчилж, 50-60 хувиар өөрчлөн тавьж байна.

-Өмнө нь та “Сэрүүн хасын нууц” драмын жүжигт тоглож байсан. Тэр дүр тань хүмүүст их таалагдсан. Одоо постдрамын жүжиг таныг хэр өөрчилж байна вэ?

-Тоглож байсан жүжгүүд маань бүгд драмын жүжиг байлаа. Харин “Альфа” театр постдрам чиглэлээр нэн шинэ үеийн бүх урсгал чиглэл, жанрыг бүтээлдээ шингээхийг эрмэлзэж байна. Иймээс миний урьд нь тоглож байсан жүжгээс тэс өөр мэдрэмжүүдийг уг жүжгээс авч байна. Жүжгийн сургуулилалт хийх явцад шинэ нөхцөл байдалтай тулгарч,түүнийгээ олон талаар гаргаж, нээж байна. Энэ жүжгээс маш олон туршлага олж авч байна даа. Ямарваа нэгэн жанрт баригдахгүй, тухайн үеийн сэтгэл хөдлөлөөр яаж ч жүжиглэж мэднэ. Мэдээж гол шугам байна л даа. Энэ жүжигт дуу, бүжиг, жүжиг, драмын төрөл, хэтрүүлэг, уянга, дан хөгжим, дуурь, киноны хэсэг хүртэл орж байна. Энэ жүжигт үзэгчдийн хүсэж байгаа зүйлсийг шингээхийг бодсон, зорьсон, тэмүүлсэн.  Харин нэг учир дутагдалтай тал нь өшөө илүү найруулгатай, фантазтай, шинэлэг зүйл оруулж ирэхэд тайзны боломж бага байлаа. “Үнэхээр шинэ үеийн театр юм бол Германы, Бродвей театрын орчин, тавилтыг яагаад гаргаж ирэхгүй байгаа юм бэ” гэдэг асуултыг бидэнд үзэгчид тавьж магадгүй л дээ. Учир нь тийм хэмжээний жүжиг тавих театр Монголд байхгүй байна. Бидэнд “Корпорэйт” зочид буудлын Конвеншн центрийн хамт олон энэхүү жүжгийг тайзандаа тавих боломж олгож, дэмжсэнээр нээлтээ хийхэд бэлэн болоод байна. Өөр газар тоглох боломж бололцоо үнэхээр алга. Гаднын театрт байдаг, бүх тоног төхөөрөмж, техник байх юм бол жүжигчид, уран бүтээлчид найруулагчид маш их зүйлийг хийж чадна.  

-Та Мефистофелийг бүтээж байна. Өмнө нь Аглуу буюу Л.Баттулга энэ дүрийг бүтээж байсан. Та дүр дээрээ хэрхэн ажилласан бэ?

-Бид жүжгийн сургуулилалтын явцад яах вэ, ийх вэ гээд өчнөөн бодсон. Хотын түгжрэлд, шөнө орой нойргүйдэхдээ ч дүрээ л судалж байсан. Жүжигчин хүн тухайн дүрдээ уусан шингэж, өөрөөрөө дамжуулж тэр дүрийг бүтээх ёстой. Дүр маань тухайн үед бодож байснаас өөрчлөгдөж, одоо ахиад ажиллаж байна. Тухайн дүрээсээ бид илүү, шинэ, шинэлэг зүйлсийг хүсэж байдаг. Тухайн үед Мефистофелийг харж байсан өнцөг, одоо харах өнцөг тэс өөр. Нэг талаараа нээлтийн хугацаа хойшилсноор дүр дээрээ илүү чамбай ажиллаж, найдвартай, бат бүтээхийг хичээж байна. Мэдээж жүжгийн дараа үзэгчид надад дүгнэлт өгөх байх. Сүнс чөтгөрийн дүр гэхээр ат зэтгэр шиг хөдөлж, муухай инээсэн дүр байхыг хүсэхгүй байна. Хүний дотор байдаг тэр сүнсийг л гаргаж ирэхийг хүсэж байна. Сүнс чөтгөр гэж байдаг, үгүй гэж мэтгэлцэхдээ биш, хүний дотор сүнс, чөтгөр, бурхан ч байдаг гэдэг дотоод зүйлийг л би дүрээрээ гаргаж ирэх юм.

-Таны мэдэрч байгаа тэр сүнс, чөтгөр нь ямар байна вэ?

-Тэрийг би одоо хэлж болохгүй. Хэлчихвэл үзэхэд амтгүй болчих байх. Харин уг дүрийг гаргаж чадах нь уу, үгүй юү гэдэг л миний ур чадвараас шалтгаална даа.

-Мефистофелийн дүрийг бүтээх хэцүү гэлцдэгтэй та санал нийлэх үү? Гётегийн жаран жил бичиж, боловсруулсан дүр шүү дээ?

-Хэцүү шүү дээ. Би бүрэн гаргаж чадахгүй. Ядаж 50 хувьд нь дөхүүлье гэж бодож байгаа юм. Үүн дээрээс нь харьцуулах зүйл их гарна. Өмнө нь уг дүрийг жүжигчин Л.Баттулга бүтээж байсан. Одоо Бархүү хэрхэн тоглох нь вэ гээд харьцуулах байх.  Хэдийгээр ийм харьцуулалт надад таалагдахгүй ч  үзэгчид тэгж үзээд сурчихсан юм даа. Өөрийн чадах чинээгээр, ухаанаа уралдуулж уг дүрийг бүтээж байгаагаар минь л үнэлэх хэрэгтэй. Би алдвал муу л жүжигчин байхгүй юу. Миний жүжиглэлт Батболдын сэтгэлд хэр хүрч байгааг мэдэхгүй байна. Урьд нь үзсэн хүмүүс харьцуулж үзэх ч гэдэг юм уу, Аглуу тоглож байхад харилцан бүтээж байсан тэр өгөлт, авалтыг би өгч чадахгүй шүү дээ. Тиймээс өмнө хэн тоглож байсан нь хамаагүй, зохиолч нь жаран жил бичсэн нь хамаагүй, би энэ дүрийг ингэж л ойлгож тоглоно, би өөрийнхөөрөө л бүтээнэ. Санаа нь өөрөөрөө дамжуулж тоглоно гэсэн үг шүү дээ. Мэдээж, энэ нь бусдын үгийг сонсохгүй гэсэн биш. Найруулагч, жүжигчид надад хэлж байгаа үгийг сонсох ч гэлээ би өөрийнхөөрөө тоглоно. Жүжгийн үеэр Бархүүгийн ямар нар нь бууж, од нь гийж бут авах юм бүү мэд. Эсвэл ямар ад зэтгэр нь шүглэж, жинхэнэ Мефистофелийн сүнс нь намайг алдуулах ч юм бил үү, бүү мэд.

-Энэ дүр танд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Мэдээж миний амьдралд нөлөөлөхгүй. Харин жүжигчин хүний хувьд энэ дүр надад уран бүтээл, урлагийн хувьд шинэ зүйл туршиж үзэх асар том боломж. Бас гурван жилийн дараа тайзан дээр гарах гэж байгаа нь сайхан байна. Миний ажил болохоор намайг хүмүүс,  гэрийнхэн минь ойлгож байгаа. Анх “Сэрүүн хасын нууц” жүжигт тоглож байхад “Дүрд орно гэдэг ийм байдаг юм байна” гэдэг мэдрэмжийг авч байлаа. Тэр мэдрэмжийг л би ахин авахыг хүсэж байна. Тэгвэл надад илүү гоё нөлөө үзүүлэх байх гэж бодож байна. Би Мефистофелийн дүрээр, өгүүлэл, тавилт бүрээр өвчилж байна. Нэг үгийг олон янзаар хэлж болно. Тэр үгийг би яаж хэлэх вэ, бүх хүнд таалагддаггүй юмаа гэхэд 50 хувьд нь таалагдахын тулд хичээж байгаа гэвэл илүү ононо.

-Жүжигчин С.Болд-Эрдэнэ та хоёр анх удаа хамтарч ажиллаж байна гэсэн. Хэр гар нийлж байна вэ?

-Үнэхээр анх удаагаа хамтран ажиллаж байна. Тайзны гэлтгүй, дэлгэцийн бүтээлд ч хамт тоглож байсан удаагүй. Мэдээж нэгнээ мэддэг байсан. Манай сургуулийн уран чадварын Сугар багшийн хүү, миний дээд үе, жүжигчний хувиар хүндэлдэг, хайрладаг уран бүтээлч юм. Бид жүжгийн үеэр нэгнээ маш сайн ойлгож, гар нийлж байгаа.

-Уран бүтээлч, жүжигчин ямар үед сэтгэлийн таашаал авдаг юм бол?

-Мэдээж ард түмний сайхан алга ташилтад баярлана. Сэтгэлээсээ ташиж байгаа, өрөвдөж хайрлаж байгаа, баяр хүргэж байгаа нь мэдэгддэг шүү дээ. Тэр байтугай мянган хүний өмнө гарч ирэхэд намайг ямар нүдээр харж байна вэ, намайг хэрхэн үнэлж байна вэ гэдэг нь хүртэл мэдрэгдэнэ. Уран бүтээл маань үзэгчдэд хүрч, биднийг үнэлбэл энэ бидний бахархал юм. Үнэхээр бүтээл маань бүтээл болж, тэр хүний сэтгэлийг хөдөлгөж, алмайруулж, бишрэх, хайрлах, уйлах мэдрэмж өгч, инээлгэж, гэр бүлийн үнэ цэн эсвэл хайртай учрах тэр сайхан мэдрэмжийг бүтээлээрээ өгөхөд л бидний үнэн цэн оршино.

-Энэ жүжиг үзэгчдэд юу өгөх бол?

-Ерөөсөө  нэн шинэ үеийн театр ямар байдгийг үзнэ. Постдрам жүжиг би ойлгохгүй гэж бодож болохгүй. Хамгийн ойлгомжтой зүйл энэ жүжигт л байгаа. Би өөрөө ч постдрамын жүжиг ойлгомжгүй гэж бодож явлаа. Гэтэл үгүй юм байна билээ. Тэр ч байтугай Герман Улсын Монголд суурин төлөөлөгчөөр ажиллаж байгаа Элчин сайд өмнө тоглогдсон “Фауст” жүжгийг үзээд “Би Германд урьд нь “Фауст” жүжгийг олон ч удаа үзэж, сонсож, байнга л ярьдаг хэр нь та нарын тавилтаар үзсэн шиг ойлгож байгаагүй. Энэ чинь ийм жүжиг байсан юм уу” гэж хэлж байсан. Хүн юуны төлөө амьдраад байгаа юм бэ, хүний төлөө юм уу, эсвэл өөрийнхөө төлөө юу, амьдралын утга учир юу юм бэ гэдгийг л жүжгээс олж авна даа.

-Дараагийн уран бүтээлийн тань төлөвлөгөө юу байна вэ?

-“Х түц” продакшны 25 жилийн ой ирэх жил тохиох гэж байна. Түүнийг угтаж олон уран бүтээл хийх санаатай байна. Олон ангит кино, бүрэн хэмжээний бүтээл, наана нь ард түмэндээ шинэ жилээр ямар гэнэтийн бэлэг барих вэ гээд төлөвлөсөн зүйл олон байна. 25 жилийг угтсан төслүүдийн ажлаас гадна, гэр бүлийн үнэ цэнийг харуулсан мини цуврал хийхийг зорьж байна. “Альфа” театртай дараагийн бүтээлийн талаар ярьсан зүйл байгаа ч энэ олон ажлыг хэзээд нь амжуулах вэ гэдэг чухал байна даа. Хэрэв “Фауст” хүмүүсийн сэтгэлд хүрэхээр жүжиг болж чадвал яагаад ахин хамтарч болохгүй гэж. “Фауст” жүжиг гуравхан хоногт тоглогдох болсон нь л жаахан харамсалтай байна даа.


Т.Бархүү: “Би дүрээрээ доторх сүнс, чөтгөр, бурхныг гаргана”
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188