• Өнөөдөр 2024-04-29

Д.ЗОЛБАЯР: Кино урлагийн замаас хазайгаагүй явснаа бардам хэлнэ

2022-03-05,   524

     Амьдралын олон өнгө, баяр гунигийг дэлгэцнээ үзүүлэх тохиол кино найруулагчийн оюун бодол, эрэл хайгуул, мэдрэмжээс бүрэн хамаарна. Ерөөс сайн кино сайхан найруулагчийг л дэлгэн үзүүлдэг мэт. Бид энэ удаагийн зочин хоймортоо кино найруулагч Д.Золбаярыг урилаа. Тэрбээр “Ээждээ үнсүүлэхсэн”, “Үхэж үл болно-Чингис хаан”, “Аравт”, “Чингисийн хүүхдүүд” зэрэг олон бүтээлийг найруулсан юм. Уншигч та түүний эрж хайсан, бодож тунгаасан бүтээхүйн их ертөнцөд тухлан саатаарай.

 -Цар тахлын улмаас урла¬гийнхны ажил зогсонги байгаа ч найруулагчийн бодох, туурвих ажил цаг ямагт үргэлжилж байдаг болов уу. Сүүлийн үеийн уран бүтээлийн сониноос тань яриагаа эхэлье?
 
      -Кино бол хамтын урлаг. Олон уран бүтээлч хамтарч, санаа бодлоо нэг бүтээлд чиглүүлж ажилладаг. Сүүлийн нэг жил цар тахлаас шалтгаалан гэртээ зохиол дээр ажиллаж байна. Ганц би ч биш бүх уран бүтээлч ингэж ажиллаж буй байх. 
 
-Нууц биш бол ямар кино зохиол дээр ажиллаж байна вэ?
 
     -Нууц ч юу байх вэ. Гэхдээ нийтэд зарлачихаад хожим хийж чадахгүй бол худлаа ярьсан болно. Кино зөвхөн найруулагчаас шалтгаалдаггүй учраас бүтэх, бүтэхгүй нь тодорхойгүй эмзэг урлаг л даа. Энэ хугацаанд ганц зохиол бичихээс гадна хэд хэдэн зохиол төлөвлөж сууна. Хорио тавигдахаар хамт олонтойгоо хэлэлцэж, санаа бодлоо нийлүүлнэ.
 
   -Олон уран бүтээл шил да¬раа¬лан гарч байна. Та найруу¬лагчийн хувьд хэрхэн харж, дүг¬нэдэг вэ. Сүүлд “Эхиймаа” кинонд ажилласан байна билээ?
 
   -Тийм ээ. Сүүлийн үед олон кино гарч байна гэсэн яриа бий. Энэ үг ойрын тав, зургаан жилд биш 1990-ээд оноос хойших мон¬гол киноны түүхэнд хамаарна. 1990 болон 2000-аад оны үед ч жилд 40 орчим кино хийгдэж байсан. Сүүлийн үеийн кино сайн болсон нь HD, 4K хэмжээ буюу технологийн хөгжилтэй шууд холбоотой. Харин сэдвийн хувьд инээдмийн буюу хөнгөн жанрын кино давамгай байгаа нь ажиглагддаг. Түүнээс гадна кино хийж буй залуучууд киноны мэргэжлийг үл тоож байх шиг санагддаг. Технологи хөгжихийн хэрээр ажиллахад амар дөхөм болж байгаа нь зарим хүнд эрэл хайгуул хийхгүй, хөнгөн хялбараар хийх сэдэл төрүүлж байх шиг. “Эхиймаа” киноны ту¬хайд бодит үйл явдлаас сэдэвлэсэн гэдгээр биш, эх хүний дотоод сэтгэлийг харуулахыг зорьсон.
 
   -Танд шинэ, залуу найруу¬лагчдын уран бүтээлээс онцолж, үнэлж харсан бүтээл бий юү?
 
   -Залуу найруулагч олон бий. Тэр дундаас мэргэжлийнх нь цөөн байна. Жүжиг¬чид өөрсдөө кино хийж байгаад сэтгэл эмзэглэдэг. Мэргэжлийн найруулагчдаас “Бүү март”, “Долоон бурхан харвадаггүй”, “Түүх мартахгүй” зэрэг киног найруулсан А.Мөнгөнсүхийг их сайн, ирээдүйтэй найруулагч гэж үнэлдэг.
 
   -Залуус түүхэн уран бүтээл хийхгүй байх шиг. Энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?
 
-Түүхэн кино хийхэд хөрөнгө санхүүгийн асуудал их чухал. Ялангуяа, ур чадвар их хэрэгтэй. Дээр нь мэргэжлийн бусад уран бүтээлч байж гэмээнэ түүхэн кино хийгддэг. Нэг ёсондоо түүхэн кино бол хамт олны бүтээл болохоос хэчнээн мундаг найруулагч ганцаараа байгаад нэмэргүй.
 
  -Таны “Ээждээ л үнсүү¬лэхсэн” кино ээждээ очоогүй олон хүүгийн өмнөөс дуугарсан бүтээл шиг санагддаг. Ер нь энэ хүү нь буруу замаар явсан дүр зураг өнөөгийн нийгэмд ч олон байна шүү дээ?
 
  -Энэхүү уран бүтээлийг зөвлөл¬тийн жүжигчин, найруулагч, зохиолч В.Шукшины “Морин улаалгана” романаас сэдэвлэсэн. В.Шукшин нас барахынхаа өмнө уг зохиолоороо кино хийж, гол дүрд нь эхнэртэйгээ хамт тоглосон байдаг. Өнөөгийн болж буй үйл явдлуудын хувьд зөгнөсөн зүйл биш. Ерөөс хүмүүсийн дунд байдаг нийтлэг сэдвийг барьж хийсэн.
 
-Найруулж байх үеийн гуниг, баяраас хуваалцвал. Аливаа нэг бүтээлийг найруулахад түүндээ автдаг байх?
 
   -Найруулагч муухай санагдсан зохиолоороо кино хийнэ гэж үгүй. Мэдээж, хийж буй уран бүтээлдээ автаж, мэдэрч хийдэг.
 
-Та дүрүүдээ хэрхэн сонгодог вэ?
 
   -Манай улс хүн ам цөөнтэй. Тэр дундаа жүжигчин цөөн. Жүжигчид дундаа ур чадвартай нь бүр цөөн. Түүнээс тухайн дүрд тохирох нь өдрийн од шиг гээд монгол найруулагчдад асуудал их. Зарим тохиолдолд аз хийморь дагах нь ч бий.
 
 -Тэгвэл тэр дүрийг л би буруу сонгочихож дээ гэж харамсах сэтгэл төрж байв уу?
 
-Бий. Гэхдээ одоо ил болгоод яах вэ дээ. Сонгосон жүжигчдээ гомдооно. Дотроо сургамж аваад явдаг.
 
   -Дүрээс гадна кино маань ингэвэл хүмүүст хүрнэ гэсэн төсөөлөл бий байх. Яг төсөөлснөөр хүрэх тохиолдол бий юү?

   -Мэдээж, найруулагч найруу¬лах гэж буй киногоо урьдчилан харж, төсөөлөөд хийх ёстой. Тэр төсөөллөө л хүргэх гэж зохиол, зураг авалт, эвлүүлэг зэрэг ажил хийдэг. Төсөөлсөн киногоо зуун хувь гүйцэлдүүлж хийсэн най¬руу¬лагч гэж байхгүй байх. Хүний сэтгэл, хүсэл тэмүүлэл хязгааргүй. Ха¬рин бодит байдал ярвигтай. Энэ хоёрын алтан дунджийг олох л найруулагчийн үндсэн ажил шүү дээ.

 
  -Сүүлд та киноны талаар ном бичиж хэвлүүлсэн байна билээ. Энэ тухай?
 
   -“Шоу бизнесийн хаан-кино”, “Үхэж үл болно-Чингис хаан” киноны “Түүхэн кино-кино түүх” зэрэг номын зохиогч, редактораар ажилласан. Харин хэвлүүлэхэд бэлэн болсон хэдэн ном бий. Хөрөнгө мөнгөний асуудлаас болоод хүлээгдэж байна. Номууд маань киноны түүх, онолтой холбоотой.
 
-“Хайрын клуб”, “Надтай гэр¬лээч” гэхчлэн орчин цагийн за¬луусын хайр дурлалын тухай киног найруулахад бас өөр мэдрэмж төрдөг байх?
 
   -Дуучин хүн хоолой тавиулах гэдэг шиг кино найруулах арга барил гэдэг маш эмзэг зүйл. Би залуудаа хүүхэд залуучуудын сэдэвтэй кино хийж байсан. Дээрх кинонуудад зөвлөхөөр ажилласан. Сүүлд “Шүүдэр дундуур” гэж хөөрхөн кино үзсэн. Гэтэл төгс¬гөлд нь өвгөчүүл нь хип хоп дуу дуулаад түрүү¬чийн бүх зүйлээ балласанд харамссан.
 
-Таныг урьсаных “Монгол фильм” ХХК-ийн талаар ярихгүй өн¬гөрч боломгүй санагдана?
 
   -Дараа жил “Монгол фильм” студи байгуулагдсаны 20 жилийн ой болно. Бид ойгоо сайхан уран бүтээлтэй угта¬хыг хүсэж бай¬на. Бусад шиг шоу, хүлээн авалт хийхгүй ээ. Харин хө¬рөнгө олдвол хийх киноны зохиол бий.
 
-Алтан үеийн уран бүтээл¬чидтэй ажиллаж явсан байх. Та ямар хүний шавь бэ. Багшаа дурсаж яривал?

   -Би Төрийн шаг¬налт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, кино найруулагч Б.Сумхүү гэх эрхэм хүний шавь. Багш маань “Хань”, “Моторын дуу”, “Ичээнд нь”, “Төөрсөөр төрөлдөө”, “Дайсны цэргүүдээ сонсоцгоо”, “Говь Хянганд тулалдсан нь” зэрэг олон уран бүтээл найруулсан, мундаг найруулагч байлаа. Харин операторын уран чадварын багш маань “Тунгалаг тамир” киноны зураглаач Б.Баттулга, зураачийн чадварыг УГЗ, кино зураач П.Цогзол багш маань зааж байсан юм. Багш нар маань бүгд Зөвлөл Холбоот Улсын киноны дээд сургууль төгссөн, жинхэнэ мэргэжлийн кино уран бүтээлч байсан юм. Мөн кино зураач О.Мягмар зэрэг олон сайн уран бүтээлчээс үг сонсож явснаараа бахархаж, тэдний үйл хэргийг үргэлжлүүлэхээр чармайж явна даа.

 
-Ерөөс жинхэнэ уран бүтээлч гэж ямар хүнийг хэлэх юм. Би үүнд шинэ, хуучин хамаарахгүй гэж боддог?
 
   -Урлагийн нэг төрөлд эргэлт буцалтгүйгээр дурлаж, сэтгэл зүрхээ өгсөн хүнийг хэлэх байх. Түүнээс ин¬гэ¬вэл ашигтай, тийм юм хийвэл мөн¬гө өгнө гэсэн нь олон шүү дээ. (инээв)
 
  -Өөрийнхөө үзсэн, сайн уран бүтээл гэж онцолдог хуучны киноноос хуваалцвал?
 
-Байлгүй яах вэ. Хуучны монгол кинонуудаа байнга үзнэ. Бүгдийг нь цээжээр мэднэ. Тиймдээ ч сүүлийн гурван жил цахим орчинд 350 гаруй кино уран бүтээлчдийн товч намтар, бүрэн фильмографийг бичиж, олон түмэнд монгол киногоо сурталчилж байгаа. Ялангуяа, залуу үеийнхнийг хуучны монгол киногоо үзээсэй гэсэндээ хийж буй ажил л даа. Миний хувьд 60-аад оны кинонууд илүү сэтгэгдэл төрүүлдэг. Тухайлбал, “Өглөө”, “Тэмцэл” киноны зохиол, найруулга, зураг авалт, зураачийн ажил гээд хийц ур чадвар нь жигд маш сайн бүтээл. Социализмын үеийн соцреалист киног залуучуудад тайлбарлаж үзүүлэх хэрэгтэй гэж боддог. Тэгэхгүй бол залуус маань түүхээ үл тоож, юугаар бахархахаа мэдэхгүй өсөх болно шүү дээ.
 
-Залуу үед киног тайлбарлах ажлыг магад та бүхэн л хийх байх. Энэ тал дээр ямар бодолтой байна вэ?
 
   -Бүх зүйлийг наашаа харсан болгон руу тохдог зан бидэнд бий. Би дуугүй байсан бол чи надаас ийм асуулт асуух уу. Энэ олон телевиз, сонин, сайт, дээр нь Соёлын яам байгуулагдчихлаа. Тэдэнд хандах хэрэгтэй байх. Би бол хувь уран бүтээлч. Өөрийнхөө хэмжээнд тайлбарлаад явж байна.
 
-Кино найруулагчийн ажил гэдэг гэртээ байх цаг гарахгүй он жил олон байх?
 
   -Ажил ихтэй, гэртээ орохгүй цаг үе бий. Гэхдээ ажилгүй үе түүнээсээ их шүү дээ. Яагаад гэвэл, кино санхүүтэй шууд холбоотой болохоор хөрөнгөгүй үед гэртээ л сууна. Бүтэн гурван жил нэг ч төгрөгийн цалингүй байж үзсэн. Би нэвтрүүлэг, реклам, шоу гэх зэрэг өөр зүйл хийдэггүй болохоор хэцүү. Хамаагүй янз бүрийн зүйл хийвэл арай хийж тогтоож авч буй арга барил эвдэгдчихдэг юм.
 
   -Та олон шавьтай байх. Сүүлийн үед кино найруулгад зөвлөгчөөр ажиллах санал хэр ирж байна вэ?
 
    -Мэдээж, олон шавьтай. Нэмэгдээд л байна. Саяхан Өвөрмонголчуудад онлайнаар хичээл заасан. Хил нээгдэхээр ирээч гээд байгаа. Удахгүй студийн залууст ур чадварын хичээл заана. Учир нь, заагаад өгөөч гэсэн саналууд их ирдэг. Зөвлөх найруулагчаар ажиллах санал ирнэ. Гэхдээ зохиолыг нь уншсаны дараа л ажиллах эсэхээ шийддэг. Зарим нь нийгэмд хэрэггүй, муу бичигдсэн байдаг болохоор хаширсан.
 
-Танд нэг ийм л сэдэв хөндөг¬дөхгүй байна гэж хардаг зүйл бий юү?

   -Уран бүтээлч хүн заавал ийм сэдвээр кино хийх ёстой гэж хүчлэх хэрэггүй. Аяндаа сэдэв ороод ирнэ. Түүнийг л мэдрэх хэрэгтэй. Харин продюсер нийгмийн шаардлагыг мэдрэх хэрэгтэй. Одоо жинхэнэ монгол хайрын тухай кино дутагдаад байна уу гэж бодогддог. Хийнэ дээ гэж бодож явдаг кино цаг нь болохоор хийгддэг.

-Кино хийхэд хөрөнгө мөнгөний асуудал маш чухал гэж таны ярианд зөндөө гарлаа. Найруулагчийн олз омог хэр байв. Хамгийн өндөр цалин, орлого таны аль үед байв?
 
    -Би хүний түрийвч рүү өнгийх дургүй л дээ.
 
 -Та кино урлаг гэх энэ замыг сонгож алхсанаас хойш харамсаж байсан үе бий юү. Өөрийгөө энэ замаар эгц алхсан гэж боддог уу?
 
   -Харамсаагүй. Би чинь цэргийн сургууль төгссөн хуульч, офицер, мэргэжилтэнтэй хүн шүү дээ. Хамт төгссөн нөхөд маань одоо ч “Миний найз хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж яваа” гэж урам өгдөг. Би кино урлагийн замаас хазайгаагүй гэж бардам хэлнэ. Учир нь, арилжаа наймаа, улс төр, хошин шог, телевиз, шоу руу хүмүүс халтирч байхыг бишгүй харлаа. Одоо надад өөр сонголт ч байхгүй.

Д.ЗОЛБАЯР: Кино урлагийн замаас хазайгаагүй явснаа бардам хэлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-05 14:23:41
    Ahaa: Taniar baharhaj bna. Unench zan chanar bol hamgiin saihan zan chanar.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188