• Өнөөдөр 2024-04-29

А.ЭНХЖИН: Аав минь байсан бол хүүгээрээ их бахархах байсан даа

2022-03-01,   2939

Эргэлт.мн мэдээллийн сайт энэ удаагийн "Уран бүтээлчийн цаг" буландаа “Этик” продакшныг үүсгэн байгуулагч жүжигчин А.Энхжинтэй ярилцлаа. Тус продакшин анх "Хүний цаана" киногоор   уран бүтээлээ эхлүүлж  байсан бол өдгөө "Мардай"  уран сайхны киног бүтээгээд буй бөгөөд энэ сарын 4-нд нээлтээ хийх юм.   

-Монголчуудын дунд ам дамжин, үлгэр домог мэт яригддаг Мардайн орд буюу “Эрдэс хот”-ын тухай шинэхэн уран бүтээл хийлээ. Юун түрүүнд танай баг хамт олонд баяр хүргэе. Энэхүү уран бүтээлийн тань сонирхолтой яриагаар ярилцлагаа эхлүүлэх үү?

                              -Баярлалаа. Мардай бол ураны уурхай л даа. Энэ уурхайд "Цаазын ялтай хоригдлууд ажилладаг байсан” гэдэг ам дамжсан яриа байдаг. Мөн зарим нэг бичиг баримт олддог. Би Дорнод аймагт төрж өссөн. Тиймээс энэ тухай өвөө, аав, ах нараасаа их сонсдог байлаа. Гэхдээ яг үндсэн их түүхийг мэдэх хүн маш ховор. Нууцлаг хот байсан болохоор тэр үү гарт баригдах түүхийг нь ил гаргадаггүй юм билээ. Энэ талаар Монгол Улсын архив болон нууцын газрууд мэдээлэл өгөөд байдаггүй л дээ. Тиймээс манай хамт олон 2018 оноос Дорнод аймгаар судалгаа хийж явсан. Нутгийн хүмүүстэй уулзаж, аймгийн архивын газар, тухайн үед цэргийн алба, байгууллагад ажилладаг байсан хүмүүстэй уулзаж судалгаа хийсэн. Мөн баримт бичиг, ам дамжсан яриа зэргийг цуглуулж киноныхоо зохиолыг гаргасан.

-Мардай ураны уурхайд хэчнээн хүн ажиллаж амьдардаг байсан юм бол?

                              -Мардай бол найман мянган оршин суугчтай “Эрдэс” гэдэг хаалттай хот байсан. Ихэнх нь  оросууд бөгөөд цөөн тооны монголчууд бас ажиллаж амьдардаг. Энэ хотын тухай нутгийн иргэд ч мэддэггүй байсан юм билээ. Улирал бүрд цаазын ялтай хоригдлуудыг авчран ажиллуулдаг гэсэн баримт байдаг. Үүнийг манай “ЭТИК” продакшн уран сайхны аргаар монгол тал руугаа татаж уран сайхны кино болголоо.

Миний хувьд нутгийн залуугийн дүр дээр чадан ядан, сэтгэлээ зүрхээ зориулан ажилласан. Үнэлэлт дүгнэлтийг үзэгч түмэн маань өгөх байх

Мардай уран сайхны киног яагаад бүтээх болсон бэ. Энэхүү киногоор нийгэмд ямар дуу хоолойг хүргэхийг зорив?

                              -Манай “Этик” продакшны нэг зорилго байдаг л даа. Энэ уран бүтээл бидний хувьд өргөн дэлгэцийн тав дахь кино болж байна. Мардайн түүхийн талаар би бага байхаасаа л боддог байсан. Оюутан байхдаа ч  энэ түүхийг  уран бүтээл болгоно гэж бодож байлаа. Тиймдээ жил гаруй хугацаанд судалгаа хийж зохиолоо бичсэн. Бид болсон бодит явдлаас сэдэвлэсэн бөгөөд эх орон, газар шороогоо хамгаалсан, хамгаалахыг зорьсон уран бүтээл хийхийг зорьдог. Тиймдээ ч энэхүү киногоороо ард түмэндээ тэр дундаа залуучуудад үнэнч нөхөрлөл, хүн хорвоо ертөнц дээр яах гэж ирдэг юм бэ гэдгийг ойлгоосой хэмээн хүсэж байгаа.

-Та бүхэн киногоо хийхийн тулд мэдээж судалгаа их хийсэн байх. Тиймээс "Энэ арай ч худлаа байх" гэмээр хүний эрхийг зөрчсөн баримттай таарсан уу?

                              Хүний санаанд оромгүй түүх байдаг л юм билээ. Баримт бичиг гэхээсээ илүү нутгийн иргэдийн ам дамжсан яриа их бий. Мардайн уурхайд нэг нь унаад уранд хордож үхэх бол тэнд хэвийн үзэгдэл байсан гэдэг юм билээ. Хүмүүсийн ярьж байгаагаар Мардайн уурхайд ажиллаж байгаа хүн хоёр сараас илүү амьдардаггүй. Уранд хордож үхдэг байсан гэдэг. Тиймээс улирал бүр Оросоос цаазын ялтай хоригдлууд авчран ажиллуулдаг байсан баримт нотолгоо байдаг юм билээ. Бид киногоо хил гааль хаалттай үед хийсэн.

                              Мардайн уурхай дээр очиж киногоо хийхгүй яасан юм гэж хүмүүс шүүмжлээд байгаа. Нэгдүгээрт асар эрсдэлтэй л дээ. Ураны хор 200 жил  арилдаггүй хорт бодис шүү дээ. Тиймээс баг хамт олноо тэр эрсдэлээс хамгаална.

Өсөлт, дэвшилт тодорхой хэмжээнд мэдэгдэж байгаа

- Энэхүү уран бүтээлдээ хэн гэдэг нэртэй, ямар үүрэгтэй дүр бүтээсэн бэ?

                              -Манай “Этик” продакшны зохиолч, найруулагчаар жүжигчин Г.Даваазул ажилладаг. Зохиол бэлэн болсны дараа эхлээд дотроо дүрээ хувааж авдаг. Манай кино МУГЖ Ц.Төмөрбаатар ах маань тоглосон. Миний хувьд нутгийн залуугийн дүр дээр чадан ядан, сэтгэлээ зүрхээ зориулан ажилласан. Үнэлэлт дүгнэлтийг үзэгч түмэн маань өгөх байх. Цааш нь ярих гэхээр киногоо задлаад хэлчих гээд байна.

-Уран бүтээлчийн амьдралаар нэлээд жил амьдарлаа шүү дээ. Жаргал зовлонтой  үе олон тулгарч байсан байх. Дурсаж ярьвал?

                              - Мэдээж байлгүй яах вэ. Хүн ер нь жаргал, зовлон хоёрыг хослуулж амьдрах ёстой болов уу. Яах вэ уран бүтээлч хүний амьдрал их баялаг байдаг. Уйлах үедээ уйлж, инээх үедээ инээж дурсамж бүхнээ сайн сайхнаар дурсаж байдаг л даа. Би Дорнод аймгийн хүн шүү дээ.  Тиймээс ч “Мардай” уран  сайхны киног хийсэн. Хэрвээ аав минь амьд сэрүүн байсан бол хүүгээрээ их бахархах байсан даа. Ингэж бодохоор харуусал төрдөг.

-“Этик” продакшны анхны бүтээл “Хүний цаана” уран сайхны киноноос “Мардай” киног бүтээх энэ цаг хугацаанд  та бүхэнд мэдээж өсөлт дэвшилт мэдээж гарсан байх. Энэ талаар сонирхолтой яриа дэлгэж болох уу?

                              - Өсөлт, дэвшилт тодорхой хэмжээнд мэдэгдэж байгаа. Ямар ч хүн аливаа зүйл хийхэд үргэлж туршлагажиж байдаг шүү дээ. Тиймээс ч бидний хувьд адилхан, дотоод зохион байгуулалтаас эхлээд амжилттай урагшаа явж байгаа гэж бодож байгаа. Гэвч эцсийн дүнг үзэгчид хэлж өгнө шүү дээ.

-Үзэгчдийн хувьд танай хамт олныг бусад кино уран бүтээлчдээс арай өөр өнгө аястай сонирхолтой кино хийдэг гэж ярьдаг юм билээ.  Хошин урлагийн тайзнаас кино, дэлгэцийн уран бүтээлд орсон. Тэгэхээр тайз, дэлгэц хоёр хэр ялгаатай вэ?

                              -Мэдээж өөр, ялгаатай зүйл байлгүй яах вэ. Нас нэмж бяр сууна гэдэг шүү дээ. Гэхдээ энэ нь манай хамт олон сайн уран бүтээл хийж ханаж цадсан гэсэн үг биш. Анх эхлүүлж байсан уран бүтээлээсээ нэг шат л дээш ахисан. Цаашдаа илүү олон уран бүтээл хийнэ. "Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг дээр" гэдэг шүү дээ.  Тиймээс өнөөдрийн амжилт, хийсэн зүйлдээ ханаж болохгүй. Харин илүү чанар, чансаатай бүтээл хийхийн төлөө зорих болно.

-Жүжигчин Энхжингийн хувийн амьдралын талаар үзэгчид тийм сайн мэддэггүй шүү дээ. Та гэр бүлийнхээ талаар манай сайтын уншигчдад болон үзэгчдэдээ танилцуулж болох уу?

                              -Би нэг сайхан хүүтэй. Миний ажиллах, хөдөлмөрлөх, амьдралын утга учир тэр хүн байгаа. Тиймээс хүүгийнхээ болон өөрийнхөө төлөө ажиллаж хөдөлмөрлөж яваа жирийн л нэг хүн. Цагдаа, эмч, багш гээд бүхий л мэргэжлийн хүмүүс гэр бүл, сайхан амьдралын төлөө зүтгэдэг шүү дээ. Үүнтэй л адилхан шүү жүжигчин хүн. Тиймээс эзэмшсэн мэргэжлээрээ хүүгийнхээ төлөө хөдөлмөрлөж яваа жирийн нэг аав хүн байна.

-Та түрүүн аав минь байсан бол хүүгээрээ бахархах байсан даа гэсэн. Аавтайгаа хамт өнгөрүүлсэн дурсамж болон танд юу гэж сургадаг байсан талаар яриа дэлгээч?

                              -Би 2007 онд Кино урлагийн их сургуульд элсэн орсон. Тэр үед аав минь “Миний хүү энэ мэргэжлийг сонгоно гэдэгтээ итгэлтэй байгаа бол эргэж битгий хараарай.Юу ч тохиолдсон энэ мэргэжлээрээ насан туршдаа хөдөлмөрлөж, хоолоо олж идээрэй. Өлсөнө, цангана амьдрал баялаг” гэж захисан. Сургуулиа төгсөөд анх ажил дээр гараад болих, шантрах үе зөндөө л гарч байсан. Тэр үед аавын хэлсэн үг бодогдож илүү эрч хүчтэй зүтгэх дэм болж байлаа. Би аавынхаа захиасыг марталгүй биелүүлж яваа хүү нь шүү. Манай аав бүжигчин, зураач хүн байсан.  

-Уран бүтээл хийж байхдаа болон хийсний дараах мэдрэмжээ хуваалцаач?

                              - Би муу уран бүтээл байдаггүй гэж боддог. Яагаад гэхээр энэ бүхний ард асар олон хүний хүч, хөдөлмөр, хичээл зүтгэл явж байдаг. Эгзэг нь таараагүй уран бүтээл гэж байдаг болов уу. Тийм уран бүтээл гарсны дараа хүмүүсийн шүүмжлэл арай л аймаар байдаг. Ёс бус үг хэллэг бол энүүхэнд шүү дээ. Манай продакшны анхны уран бүтээл болох “Хүний цаана” уран сайхны киногоо хийгээд үнэхээр гоё мэдрэмж, урам авч байсан. Энэхүү киног бүтээхээс өмнө “хошин урлагийн хоёр бацаан юу чадах юм” гэж их шүүмжилж байсан. Кино дэлгэцэд гарснаас хойш шүүмжилж байсан хүмүүсийн сэтгэгдэл асар өөр болж эерэгээр хүлээж авсан. Эндээс цаашдын уран бүтээлээ хийх хүчийг олсон доо.

-Уран бүтээлчид сайхан уран бүтээл хийхийн тулд сэтгэл, хөдөлмөр хэрэгтэй гэдэг бол зарим нь авьяас байхад л болно гэх. Энэ тал дээрх таны бодол?

                              -Авьяас бол жаахан л хэсэг. Нэг үгээр бол суурь юм даа. Харин тэр авьяасыг өнгөлж, гялалзуулахын тулд хөдөлмөр хэрэгтэй.

Би муу уран бүтээл байдаггүй гэж боддог

-Та өөрөө залуу уран бүтээлч хүн. Тиймээс  монгол залуусыг хэрхэн харж, ямар байгаасай хэмээн хүсдэг вэ?

-Би энэ тал дээр хоёр зүйл хэлмээр байна. Муу зүйл нь ямар нэг зүйл хийхийг зорьж хичээж байгаа олон хүн байна. Тэр хүмүүс гэртээ гэдсээ илж хэвтээгүй, наргиж цэнгэж, хормой сөхөөгүй, дэмий суугаагүй амьдралын төлөө хөдөлмөрлөж, хичээж зүтгэж яваа залуусыг цахим орчинд булшинд ортол нь битгий муулаачээ. Ямар нэг зүйлээс өө хайж, хүний урмыг битгий хугалаарай гэж хүсмээр байгаа юм.

Үе тэнгийн болон дүү нартаа дааж авсан урдах ажлуудаа сайн хийе. Сэтгэлээсээ хийсэн ажил хүнийг амжилтад хүргэнэ шүү гэж хэлье.

-Кино уран бүтээл хийдэг олон продакшн бий боллоо. Эдгээр продакшнаас танайх юугаараа ялгарч гардаг вэ?

Манай продакшн бодит явдлаас сэдэвлэсэн болон эх орон газар шороогоо хамгаалсан, хамгаалахын тулд дуугарсан уран бүтээл хийдэг. Нэг үгээр бол үндсэрхэг үзлээ тээж яваагаараа бусдаас ялгардаг болов уу?


А.ЭНХЖИН: Аав минь байсан бол хүүгээрээ их бахархах байсан даа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-02 13:20:04
    Humuujiltei bgarai zaluu!: Haritsaa muutai, ih zantai zaluu daa. Zan hariltsaan deeree anhaaraarai.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188