• Өнөөдөр 2024-04-29

С.СЭРЧМАА: Алдаа, оноотой амьдарсан ч гэсэн өөртөө би аз жаргалтай эмэгтэй

2022-02-28,   3996

Монголын рок попын ертөнцөд өөрийн дүр төрх, өвөрмөц дуу хоолойгоороо ялгарч чадсан цөөн эмэгтэй дуучны нэг бол яах аргагүй С.Сэрчмаа билээ. Хайрын элч дуучин, Поп дива, Соёлын тэргүүний ажилтан тэрбээр ирэх гуравдугаар сарын 7-нд “Хаврын сарнай” тоглолтоо хийхээр бэлтгэл ажилдаа ороод буй. Бид энэ удаа түүний уран бүтээл болон хүүхэд насных нь талаар ярилцлаа.

"Сайн байна уу, Таны дуунд дуртай, шүтэн бишрэгч, таниас үлгэр дууриалал авдаг хүүхэд залуус, сонсогчид таныг хэвлэлд ярилцлага өгөхийг удаан хүлээсэн байх гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, хүлээлт байгаа учраас залуу сэтгүүлчийнхээ хувиар тантай дэлгэрэнгүй ярилцахыг хүсэж байна. Өмнө нь хэвлэлд олон удаа энэ тухай ярьсан байж болох ч манай Эргэлт.мн мэдээллийн сайтын уншигчдын хувьд шинэ, хүсэж байгаа мэдээлэл байж магадгүй учраас заавал асууж байгааг ойлгож, хариулт өгнө гэж найдаж байна" гэсэнд тэрбээр "Асуудалгүй ээ, бүгдийг нь ярина аа" гэснээр бидний яриа эхэлсэн юм. 

-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ. Энэ талаарх сонин сайхнаас хоёулаа ярилцлагаа эхлүүлэх үү?

             -Тэгэлгүй яах вэ. 21 зуунд бүхий л зүйлс цахим ертөнцөд шилжлээ. Сонсогч, үзэгчдээ дуу хуураа хүргээд 24 жил болсон байна. Анх зургаан настайгаасаа л урлагийн сургуульд сурч, боловсорсон цэвэр урлагийн хүн л дээ, би. Нийт таван цомог гаргаснаас цомогт ороогүй 20-30 дуу байна. Энэ дуунууд маань хоёроос гурван цомгийн хэмжээнд бэлэн болсон байгаа. Тиймээс тодорхой үе шатлалтайгаар бодож, боловсруулаад сонсогчдодоо хүргэнэ. Цомог гэдэг тухайн уран бүтээлчийн нэрийн хуудас болж байдаг шүү дээ.

             Мөн Өвөрмонголд миний дууг сонсдог сонсогч олон байдаг. Тиймээс хөгжмийн зохиолч болон яруу найрагчид нь надад захиалга өгч дуулуулдаг. Тухайлбал, Шинжааны Баянгол гэдэг газар бий л дээ. Тэр газрын сүлд дуу болох “Баянголын ус” хэмээх дууг захиалгаар дуулсан. Тус дууны хөгжмийг Цэцэнцогт, үгийг нь яруу найрагч Насан бичсэн.

-Та ирэх гуравдугаар сард “Хаврын сарнай” тоглолтоо хийнэ шүү дээ. Энэхүү тоглолтынхоо талаар сонсогчдодоо ямар мэдээлэл хуваалцах вэ?

             -Ирэх гуравдугаар сарын 7-нд “Хаврын сарнай” хэмээх хүндэтгэлийн тоглолт хийх гэж байна. Энэхүү тоглолтыг маань олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан дуучин С.Сэрчмаагийн хүндэтгэлийн тоглолт гэж ойлгож болно. Тоглолтод “ЦДБЭЧ-ийн Эстрад, “Симфони найрал хөгжим”, бүжигчид, “Инээмсэглэл” хамтлагийн̆ дуучин Н.Ганхуяг, “Никитон” хамтлагийн дуучин МУУГЗ Б.Батчулуун, продюсер, МУУГЗ Б.Ангирмаа, “Титэм” хамтлагийн̆ Л.Тайванбат, DIGITAL хамтлагийн дуучин Эрка,  Цэнгээнт бүжгийн “Улаан сарнай̆” хамтлаг гээд цөөнгүй уран бүтээлч оролцох юм. Жижигхэн нууц задлахад, тоглолт маань үндсэн гурван хэсгээс бүрдэж байгаа. Үзэгч, сонсогчдодоо гэнэтийн бэлэг барьж азтан шалгаруулна гэх мэтээр адал явдлаар дүүрэн байлгахыг хичээж байгаа. 

 

Хүн гэдэг чинь өөрөө том уран бүтээл

-Тасалбар нь хэр борлуулагдаж байна вэ?

             -Зарагдаад дууссан. Уран бүтээлээ хийгээд 24 жил болсон байна. Энэ хугацаанд бүтээсэн хит бүтээлүүдээсээ сонгон авч, цэвэр амьд хөгжмийн дуугаралтаар сонсогчдынхоо зүрхэнд зүрхээр өгч байгаа “Хаврын сарнай” хүндэтгэлийн тоглолт юм. Мөн өнгөрсөн онд Америкт амьдарч, сурч боловсорч байгаа монголчуудаа зориулж, тус улсын долоон хотод тоглолтоо хийсэн.

-Дуучин С.Сэрчмаагийн хүүхэд нас хаана, хэрхэн өнгөрсөн бэ. Хүүхэд байхдаа хийж байсан хамгийн эрэлхэг, мартагдашгүй дурсамжаасаа  хуваалцаж болох уу?

             -Үнэхээр даруухан хүүхэд байсан шүү. Монгол Унарийн мэргэжлийн ганц сургууль болох С.Гончигсумлаагийн нэрэмжит “Хөгжим бүжгийн дунд сургууль”-д зургаан настайгаасаа л сурсан. ЕБС-ийн хичээлээс гадна мэргэжлийн хичээлүүд ордог учраас ачаалал ихтэй. Надад тоглох ч зав маш бага байлаа. Хүүхэд нас маань хичээлээс хичээлийн хооронд л өнгөрсөн. Мөн сургууль маань зогсохгүй, хөдөлмөрч, тууштай байдлыг хүүхдүүддээ олгодог. Энэ нь ирээдүйд ихийг хийж бүтээхийн үндэс, суурь болдог.

            -Таныг урлагийн хүн болоход нөлөөлсөн, үлгэр дууриалал авсан хүн тань хэн бэ?

             -Багш нараасаа л хамгийн их үлгэр дууриалал авдаг байсан. Хөгжим ингэж тоглоно, дуугаа ингээд дуулаарай гэх мэт бүгдийг зааж өгсөн хүмүүс л дээ. Ер нь дөрвөн настайгаасаа л дуулдаг хүүхэд байлаа. Аавын маань нутаг болох Архангай аймагт очиж хөдөөний айл, хамаатан садангуудаараа дуулж, ааруул ээзгийгээр шагнуулдаг байлаа. Тэр дундаа ээжийн тухай дуунууд ихэвчлэн дуулдаг байв. Тиймдээ ч одоо миний урын санд ээжийн тухай дуу олон байдаг. Анх намайг “Хөгжим бүжгийн дунд сургууль”-д шалгалт өгч сурахад ах, эгч хоёр маань эрч хүч их өгсөн. Би дээрээ хоёр ах, гурван эгчтэй айлын отгон охин. Ах маань “Queen” хамтлагийг сонсдог, гитар дээр тоглодог байсан. Харин эгч “ABBA” хамтлагийн дуу сонсоно. Ямар нэгэн байдлаар урлагийн гэр бүлээс гаралтай биш хэрнээ урлагт хайртай хүмүүс л дээ. Тийм ч учраас би бага байхаасаа л урлагийн хүн болох ёстойгоо мэдэрсэн гэж хааяа боддог. 

-Дөрвөн настайгаасаа аавынхаа нутгаар дуулж явсан гэлээ шүү дээ. Тэгэхээр хэдэн настайдаа анх тайзан дээр дуулж байв?

             -Манай сургууль тайзан дээр дуулуулж шалгалтуудаа авдаг байсан. Тиймээс нэгдүгээр ангиасаа л тайзан дээр гарсан. Харин яг дуулаад гарсан гэх юм бол хоёрдугаар ангидаа “Ая, дуу зохиогч багачууд”-ын уралдаанд үг, аяыг нь өөрөө зохиосон дуугаараа оролцож түрүүлсэн. Тухайн үедээ мянган төгрөгөөр шагнуулж байлаа. Энэ нь миний хувьд маш их урам зориг, дуулж болох юм байна гэдгээ ойлгосон цаг үе байлаа. Мөн МҮОНТ-ийн "Алтан фонд"-д хоёрдугаар ангидаа “Хөгжмийн аялгуу” гэдэг дуугаараа оролцож байсан дүрс бичлэг одоо ч байдаг.

-Анх олны танил дуучин болсноо хэрхэн мэдэрч байв. Тэр талаарх дурсамж, түүхээсээ хуваалцаач?

             -Хамгийн анхны дуу маань “Би явлаа” гэдэг дуу. Энэ дууг СГЗ Г.Пүрэвдорж багш өгч, надад урам хайрласан. Би “Торойсоор үлддэг миний ээж”, “Ангир ээж” "Би явлаа" дуунуудаараа Монголын ард түмэнд нэг л мэдэхэд танигдсан байсан. Монголын ард түмэнд танигдана гэдэг бол жирийн нэг Сэрчмаа байсан охин огт өөр хариуцлага хүлээсэн хүн болж, хайр хүндлэл, нэр хүндийг тэр хэмжээнд өндөрт авч явах нь хувь хүнийхээ тухайд хэцүү юм шиг санагдаж байсан. Тухайн үед хүмүүс таниад “Хүүе, Сэрчмаа явж байна, ганц зургаа даруулъя, гараа үсгээ өгөөч, Сэрчмаа мөн үү” гэж асуухад нь заримдаа "Биш ээ" гэж хэлнэ, зарим үед зугтах тохиолдол ч гарч байлаа. Өөрийнхөө байгаа байдалд дасан зохицож чадахгүй үе байсан. Одоо тэр үе хэдийнэ ард үлджээ. Энэ ажил мэргэжилдээ дундүү хайртай болсон.

Яруу найрагчид онгод ороод шүлэг бичлээ гэж ярьдаг шүү дээ. Түүн шиг тайзан дээр гарахаар онгод орж ирдэг. Би өөр хүн болдог, өөртөө маш их жаргалыг авч, эрч, хүч над дээр бууж ирдэг.

-Олны танил болоод ирэхээр амьдралын хэв маяг, биеэ авч явах байдал гээд олон зүйлд нь өөрчлөлт орсон, орохоос аргагүй болсон байх. Энэ нь танд ямар байсан бэ. Жишээлбэл?

             -Зан аашны хувьд бусдыг элэглэдэг хошин наргианч Сэрчмаа одоо ч хэвээрээ байгаа. Хүний биологийн нас дээш явж л байгаа байх. Харин дотоод сэтгэхүй, мөн чанар минь яг л хүүхэд насны Сэрчмаагаараа байгаа. Яах вэ хүмүүсийн зан ааш тодорхой амьдралын үе шатлалаас болоод өөрчлөгдөж байдаг. Магадгүй эрх мэдэл, мөнгө, алдар нэртэй болохоороо өөрчлөгддөг. Миний хувьд өнөөдрийг хүртлээ өөрчлөгдөөгүй. Яагаад гэхээр сургуулиас олж авсан хүмүүжил, ээж аавын минь заасан сургааль нөлөөлсөн юм болов уу.

-Таны дуунууд 2000 оны эхэн үеэс Монголын рок попын ертөнцөд жинхэнэ цахиур хагалж, хит болж байсан гэгддэг. Тэр он жилүүдийн эрч хүч, энерги, уран бүтээлийн төлөөх завгүй цаг үеэ эргэн дурсвал?

             -Тийм шүү. Тоглолтоос тоглолтын хооронд дэлхийн өнцөг булан бүрд байгаа монголчууддаа ая дуугаа өргөөд явж байсан. Үнэхээр л ачаалал ихтэй олон жилүүд байлаа. Хүнд аливаа зүйлийг хийх эрч хүчтэй үе байдаг. Ер нь урлагийнхаа буянаар гадаадын олон улс, орноор явж үзжээ. 2003 онд анхны “Хаа ч цуг” тоглолтоо хийхэд зарим дуу маань аль хэдийнэ хит болчихсон байлаа. Мөн 2008 онд БНХАУ-ын “Бээжингийн сургууль”-ийн хэл соёлын ангид сурсан. Яагаад гэхээр 2005 оноос эхлээд Өвөрмонголын сонсогч нарт уран бүтээлээрээ танигдсан. Тиймээс тэнд гарцаагүй хийх уран бүтээл, зах зээл байсан учраас хэл, соёлыг нь судлах шаардлага гарсан л даа. Үүний дараа бие хүнийхээ хувьд амьдралаа зохиосон. Одоо хоёр сайхан охинтой болсон. Энэ нь ч бас маш том уран бүтээл шүү. Хүн гэдэг чинь өөрөө том уран бүтээл. Нэг хэсэг хүмүүс "Сэрчмаа яагаад юм хийхгүй чимээгүй суугаад байна" гэдэг байсан. Хүнд хувийн амьдралаа зохицуулах зайлшгүй үе байдаг. Одоо бол тодорхой хэмжээний судалгаа, шинжилгээний хүрээнд ч юм уу уран бүтээлээ яарахгүй хийж байгаа.

         Хүн цаг үеийг элээх тусам амьдралын их сургуульд суралцана гэдэг шиг би ч гэсэн урлагийнхаа энэ төрлөөр мэргэшиж байна гэж ойлгож болох юм л даа. Яагаад гэхээр зургаан настайгаасаа бэлтгэгдэж ахисан түвшинд үргэлж суралцсан юм. Сурах зүйл дуусдаггүй болохоор одоо ч бас суралцсаар л байна. Энэ хугацаанд маш олон зүйлд туршлагажсан учраас шинээр гарч буй залуу уран бүтээлчдэд миний сурсан, мэдсэн зүйлс хэрэгтэй байж, чулуу болоосой гэж хүсдэг.

-Уран бүтээлч хүмүүс "Үзэгчдийн алга ташилт хамгийн том урам, шагнал байдаг" гэж ярьдаг. Таны хувьд юу хамгийн том шагнал вэ?

             - Мэдээж үзэгчдийн алга ташилт сайхан. Гэхдээ миний хувьд урлагийн хүн болсны минь хамгийн сайхан зүйл нь өнөөдрийн энд сууж байгаа маань. Яагаад гэхээр би өдөр бүрээс эрч хүч, энергийг мэдэрч авч чаддаг. Уран бүтээл хийж эхэлсэн энэ 24 жилийн хугацаанд алдаа, оноотой амьдарсан ч гэсэн өөртөө аз жаргалтай эмэгтэй.

Зарим үед золиос гаргаж, ард түмнээ дуу хуураар цэнгүүлж, баярлуулж байгаасай хүсдэг.

-Тайз таны хувьд?

             -Тайз уран бүтээлч хүнийг өнгөлж, урлаж, өргөж харуулдаг зүйл. Тайзан дээр өөртөө итгэлгүй ч юм уу, хит дуугүй ч юм уу уран бүтээлч гарахаараа үнэхээр хийцгүйрдэг. Өөртөө итгэлтэй хүнийг тайз байгаагаас нь илүү гоё харагдуулж чаддаг. Ер нь алтан тайзандаа баярлах, хүндэтгэх хэрэгтэй.

-Та дуулахаар тайзан дээр гараад өөдөөс тань харж байгаа үзэгчдээ хараад ямар мэдрэмж төрдөг вэ?

             - Яруу найрагчид онгод ороод шүлэг бичлээ гэж ярьдаг шүү дээ. Түүн шиг тайзан дээр гарахаар онгод орж ирдэг. Би өөр хүн болдог, өөртөө маш аз жаргалыг /кайф/ авч эрч, хүч над дээр бууж ирдэг.

-Та өөрийн хүч, авьяас хөдөлмөрөө зориулж дуу хуурын ертөнцөд 20 гаруй жил зүтгэлээ. Энэ хугацаанд тохиолдсон хүндрэлтэй, сайн сайхан зүйлүүд хэр тохиолдож байсан бэ?

             -Энэ ертөнц дээр бүхий л зүйл хоёр талтай байдаг болохоор аль аль нь л тохиолдож байлаа. Муу талуудыг тэсэж, тэвчиж орхиод өнгөрүүлдэг. Би ер нь эрсдлийг харж амьдардаггүй. Харин зоригтойгоор хийдэг. Мэдээж зоригтой байна гэдэг маань өөртөө тодорхой хэмжээний чанар чансаатай байж  л хийнэ шүү дээ.

Чи ялагч болмоор байна уу тэгвэл бүү зогс

-Та бол рок, попын ертөнцөд өөрийн дүр төрх, өвөрмөц дуу хоолойгоор ялгарч чадсан цөөхөн эмэгтэй дуучдын нэг. Тэгэхээр тань шиг болохыг хүсэж байгаа олон охид бий. Та тэдэнд ямар юу гэж зөвлөх вэ?

             -Урлагийн зам тийм ч амархан, бардам, дардан зүйл биш. Тиймдээ ч тэр үү залуучууд маань шантрах гээд байдаг. Тэгэхээр анхнаасаа тэвчээр, хөдөлмөр хүнийг амжилтад хүргэнэ гэдгийг бодох хэрэгтэй. Тэвчээр бол зорилгодоо хүрэхэд тань туслах хамгийн чухал чадваруудын нэг юм. Учир нь таны хүссэн үр дүнд хүрээгүй ч гэсэн үргэлжлүүлэн хичээх ёстой. Магад бүтэлгүйтнэ, гэхдээ зорилго, мөрөөдөлдөө хүрэхийн тулд хичээсээр байх хэрэгтэй. Тэвчээр, саад тотгорыг тойрч амжилтад хүрнэ гэж байхгүй л дээ. Чи ялагч болмоор байна уу тэгвэл бүү зогс. Хөдөлмөрлө, тэвчээртэй бай, зүтгэ тэгж чадвал чамайг амжилт тойрч биш дайрч гарах болно.

-Таны үе тэнгийн уран бүтээлчид танд атаархсан, зэвүүцсэн хандлага гаргадаг уу?

             -Анх дуучин болж байхад үеийн бүсгүйчүүд “Адилхан гар, хөлтэй байж энэ одоо юундаа дуучин болдог юм” гэх мэт дээрээс доош нь харах, цэхэлзэх, нөхөр болон найз залуутайгаа хардаад байгаа ч юм шиг тохиолдол мэр сэр гарч байсан. Одоо цаг үе өөрчлөгдөж, хүмүүс аливаа нэг зүйлийг хараар харахаа больсон байна. Шар мэдээнүүдэд дүгнэлт хийж чаддаг болжээ. Хуучин бол шар сонин, "Дээдсийн хүрээлэн”, “Монголын нэг өдөр”-өө уншаад л “Пөөх, Сэрчмаа тэр хүнтэй явалдсан гэж байна" гэх мэтээр юунд ч шууд утгаар нь итгэдэг байсан. Тиймдээ ч би сонин, сэтгүүлийн борлуулалт сайн байхад маш дээгүүр нөлөөлдөг байлаа. Эргээд харахад бас би хар пиараар гарч ирсэн дуучин байж магад гэж боддог юм. Сэтгүүлчид, зарим нэг дуучид надаар яагаад тэгж мэдээ бэлддэг, дуулианыхаа бай болгодог байсныг ойлгодоггүй ч тэсдэг л байсан. Анх аягүй их сэтгэлээр унадаг байсан. Тэр дундаа аав, ээж хоёр гүн гүнзгий хүлээн авч бухимддаг байсан л даа.

- Үзэгч, сонсогч гэлтгүй уран бүтээлчид ч бас дуугаар хэрхэн төлөвшиж, хүмүүждэг юм бол?

             Уран бүтээлчид ард түмнийг соён гэгээрүүлж байдаг. Дуугаар ард түмний зүрхийг зөөллөж өгдөг. Тэгэхээр цар тахлын улмаас хүмүүс бухимдалтай, хямралтай, зүрх сэтгэл догшрох маягтай боллоо. Тэр ч утгаараа, хайрын элч дуучны хувьд ч тэр, соён гэгээрүүлэх ажлын хүрээнд 21 аймгаар аялан тоглолт 2019 онд хийсэн.  Орон  нутгаар аялан тоглолт хийгээд явж байхад нутгийн иргэд “Рок попынхон ирж дуулдаггүй. Ардын болон зохиолын дуучид маань л ирдэг. Сонгуулиас хойш ирэхээ больсон” гэх шүүмжлэл нэлээд хэлж байлаа. Тэгэхээр бид ашиг харахаасаа илүү, золиос гаргаж ард түмэндээ сэтгэл зүрхээ зориулах ёстой юм билээ. Үүнийг 21 аймгаар тойрч 10 мянган километр явахдаа ойлгосон. Бүх зүйл цаг хугацаатай байдаг шиг ямар нэгэн зүйл хэмжээ хязгаартай байх ёстой. Тиймээс аливаа нэгэн зүйлийг үзэл сурталтай, хэмжээ хязгаартай байгаасай гэж би хүсдэг. Уран бүтээлчдийг ч бас хэтэрхий нэг талыг барьж туйлшрахгүй зарчимтай байгаасай гэж боддог. Зарим үед золиос гаргаж, ард түмнээ дуу хуураар цэнгүүлж, баярлуулж байгаасай гэж хүсдэг.

-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.  

        -Баярлалаа. 

 


С.СЭРЧМАА: Алдаа, оноотой амьдарсан ч гэсэн өөртөө би аз жаргалтай эмэгтэй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-23 12:35:48
    Odko: Mundag saihan duuldag saihan bvsgvi shv
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-01 11:53:50
    м: сайхан амьтан даа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-01 10:14:47
    oogii: mundag saihan buteelch daichin emegtei shuu uran buteeliin amjilt husie
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-02-28 23:37:31
    Амжилт хүсье: Мундаг дуучин шүү. Оюутан насны хамаг гэгэлгэн, гэгээн дурсамж дуунуудад нь шингэсэн мэт санагддаг даа. Хаа нэг газар явж байхад Сэрчмаагийн дуу сонсогдоход л сэтгэл зүрх баяр, догдлолоор бялхаад ирдэг шүү. Амжилт хүсье. Эрүүл энх байгаарай, хайртай дуучин минь
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-02-28 18:58:08
    Иргэн: Хүн аз жаргалыг юунаас ч мэдэрч ойлгож болно. Үнэхээр мундаг бүсгүй шүү сайхан бүхнийг хүсье. Харин энэ иргэн маань өөрөө дэргэдээ байгаа аз жаргалаа харж мэдэрч чадахгүй байгаа нь харамсалтай
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-02-28 11:06:48
    оогий 147: хөөрхөн хичээд зүтгэлтэй эмэгтэй шүү. амжилт хүсэе
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188