• Өнөөдөр 2024-05-05

ЖҮЖИГЧИН Э.УУГАНБАЯР: Дүрээ хэр сайн бүтээснийг үзэгчид шүүх учраас маш их догдолж байна

2022-02-24,   859

                Эргэлт.мн мэдээллийн сайт энэ удаагийн “Уран бүтээлчийн цаг” буландаа жүжигчин Э.Ууганбаяртай ярилцлаа. Тэрбээр Фёдор Михайлович Достоевскийн 200 жилийн ойн хүрээнд “Орфей” театрын хамт олны бүтээж буй “Гэм зэм” жүжигт тоглохоор бэлтгэлдээ ороод байгаа юм. 

ЦОО ШИНЭ

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Уран бүтээлийн сонин сайхнаас яриагаа эхлэх үү?

            -Баярлалаа. Би анх их сургуулиа төгсөөд тайзны бүтээл дээр ажиллаж байсан л даа. Тухайн үедээ “Зургадугаар сар минь баяртай”, “Чамайгаа алдмааргүй байна”, “Би хүсэхгүй байна” гэх мэт жүжгүүдэд тоглож байжээ. Эзэмшсэн мэргэжлийнхээ гарааг  "Хувьсал" продакшнд эхлүүлсэн. Маш эрчимтэйгээр гурваас дөрвөн жил тайзны урлагт дүр бүтээж, УДЭТ-таа цөөнгүй бүтээлийн гол дүрд сонгогдож байсан азтай хүн шүү, би. Дараа нь дэлгэцийн уран бүтээлд өөрийгөө сорьж,  чамлахааргүй тооны кинонд дүр бүтээсэн. Үүний дараа мөн л телевизийн шоунд орсон. Энэ бүгдийн дараа эргээд тайзны урлагтаа ирлээ. Одоо надад бүх зүйл шинэ санагдаж байна.

-Та сая УДЭТ-ын жүжигт гол дүр авч байсан гэлээ шүү дээ. Ямар жүжигт гол дүр бүтээж байсан бэ. Дүр бүтээхийн тулд хэрхэн ажиллаж, судалж байв?

            -Клод Маньегийн “Блэз” буюу “Нүцгэн дурлал” жүжгийн гол дүрд тоглож байлаа. Энэ жүжигт УДЭТ-ын /акул/ аваргуудтай нэг тайзан дээр дүр бүтээж байсан. Найруулагч Н.Наранбаатар найруулж, Урнаа эгчтэй гол дүрд нь тоглосон.  

-“Гэм зэм” жүжигт ямар дүр бүтээж байна вэ. Хэрхэн  дүрээ илэрхийлж үзэгчдэдээ хүргэхээр ажиллаж байна вэ?

            - Разумихин гэдэг өмгөөлөгчийн дүр бүтээж байна. Ямар нэг хүн гэм буруутай үйлдэл хийсэн байвал юуны учраас яагаад хийснийг нь тайлж, үзэгчдэд ойлгуулна. Үүнээс гадна энэ хүмүүсийг яллаж, шийтгэхээс илүү дахин боломж олгож яагаад болохгүй вэ гэдэг үзэл бодолтой, залуусын дуу хоолой, шинэ үе гарч ирж буйг төлөөлж байгаа дүр.

-Дүрээ бүтээхэд хүндрэлтэй, шантармаар зүйл тулгарч байна уу?

            -Би өрөө маш их дуртай, сонирхолтой байгаа учраас гарч буй хүндрэлүүдийг үл ажирч байна. Хамтран ажиллаж байгаа уран бүтээлчид маань өмнө нь нэг удаа тайзан дээр жүжгээ тавьж, үзэгчдийн хүртээл болгосон шүү дээ. Тиймээс нэг багц болчихсон хамт олон дунд орсон болохоор хүндрэл бага байна. Мэргэжлийн хамт олонтой, залуу эрч хүчтэй уран бүтээлчидтэй ажиллаж байгаа учраас айдас, хүйдэс арилсан шүү.

Уран бүтээлч хүн жүжиг, кино, нэвтрүүлэг, реклам байна уу хамаагүй зүрх сэтгэлээ 100 хувь зориулах хэрэгтэй. Түүнээс биш ороод гардаг зүйл огт биш. Тиймээс ар гэр, найз нөхөд, чөлөөт цагаар хийдэг дуртай зүйлсийнхээ цагийг зохицуулж тууштай байх нь зөв. Би ийм л зарчим баримталдаг.

- Тайз дэлгэцийн уран бүтээлийн ялгааг хэрхэн харж байна вэ?

            -Тайзны урлаг дэлгэцийн уран бүтээлээс ялгаатай нь хэрвээ алдаа гарвал засаад сайжруулаад тоглох боломжтой. Кино нэг л хальсанд буусан бол ухрааж болдоггүй. Би түрүүн бүх зүйл шинэ байна гэж хэлсэндээ, тиймээс ч тэр үү үзэгчдээс авах мэдрэмжээ хүлээж байгаа. Дүрээ хэр сайн бүтээснийг минь үзэгчид шүүх учраас маш их догдолж байна.

- Разумихиний дүрд өмнө нь жүжигчин Д.Түвшинбаяр тоглосон шүү дээ. Тэгэхээр тоглолтыг нь үзэж, зарим үед ингэмээр юм байна даа ч гэдэг юм уу дүгнэлт хийсэн үү?

            -Ажлын улмаас жүжгээ үзэж амжаагүй л дээ. Уг нь бол үзэх ёстой байсан юм. Найруулагч М.Батболд “Гэм зэм” жүжгийг тавихдаа бүрдүүлж эхэлсэн анхны багт нь би багтаж байсан. Даанч тухайн үед “Voice” шоуны бичлэгтэй давхацсан учраас харамсан, харамсан гэрээт шоуны ажил руугаа явсан. Тиймээс миний ажиллах гэж байсан дүрд Д.Түвшинбаяр маань маш сайн ажилласан. Өөрийн гэсэн дүр төрх, өвөрмөц ертөнцтэй жүжигчин л дээ. Найруулагч маань нададБид дахин төрөлтийг хийнэ. Хуучин юмаа давтахгүй. Шинэ бүрэлдэхүүн нэмж орлоо. Тиймээс дахин шинээр эхэлье гэж хэлсэн. Д.Түвшинбаярын тоглолтыг үзээгүй нь надад нэг талаасаа давуу тал ч юм шиг санагддаг. Хэрвээ үзсэн бол ингэж тоглох ёстой юм байна гээд хайрцаглагдаж магадгүй шүү дээ. Тиймдээ ч зохиолд гардаг Разумихиний дүрийг өөрөөрөө төсөөлж байгаа.

-Цаашдаа тайзны урлагт хүч үзнэ гэж боддог уу?

             -Би өөрийн “Найзууд театр” гэдэг театртай. 2009 оноос хойш үйл ажиллагаа явуулж нэлээд дэлгэцийн уран бүтээл хийсэн. Мөн нэг тайзны уран бүтээлтэй. “Гэм зэм” жүжгийн гол дүрийн жүжигчин Д.Лхагва ах маань хамтарч тоглож байсан урын сан бий.

            Дэлхий нийтээрээ коронавирусийн хэцүү цаг үе тулгараад, амьд харилцаанд орж чадахгүй нэлээд удсаныг одоогоос зохицуулаад сурчихлаа шүү дээ. Илүү сайхан цаг ирнэ гэдэгт итгээд тайзны уран бүтээлүүдийг үзэгчдэд хүргэх нь бидний үүрэг. Тиймээс цаашдаа тайзны уран бүтээлээ хийе гэж бодож байгаа.

- Уран бүтээлч хүний хувьд баримталдаг зарчмынхаа талаар яриа дэлгээч?

            -Уран бүтээлч хүн жүжиг, кино, нэвтрүүлэг, реклам байна уу хамаагүй зүрх сэтгэлээ 100 хувь зориулах хэрэгтэй.  Түүнээс биш, ороод гардаг зүйл огт биш. Тиймээс ар гэр, найз нөхөд, чөлөөт цагаар хийдэг дуртай зүйлсийнхээ цагийг зохицуулж тууштай байх нь зөв. Би ийм л зарчим баримталдаг.

СЭТГЭЛ ХАНГАЛУУН

- Та нэг ярилцлагадаа "Би гэр бүл, хүнээр баян" гэж хариулсан байсан л даа. Энэ тухайгаа тодруулж хэлж болох уу?

            - Хүн өөртөө байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Тэр дундаа гэр бүлийн хувьд би сайхан эхнэр, гурван хүүтэй, аав ээжүүд маань амьд сэрүүн байна. Найз нөхөд, эзэмшсэн мэргэжил байна. Нэлээд хэдэн жил шаргуу хөдөлмөрлөсөн болохоор багахан ч гэсэн нэр хүнд байна. Тиймээс өглөө бүр сэрээд "Би хамгийн баян хүн юм аа” гэж боддог. Үүнийгээ анзаарч мэдрэх нь чухал юм л даа. Зарим хүн хэт их ажил, хариуцлагаас болоод мартчихдаг.  Ер нь байр сав, машин, мөнгө хэдий байх ёстой зүйлс боловч эд хөрөнгөөр баярхаж болохгүй шүү дээ.

-Гэр бүлийнхэнд нь танаас өөр урлагийн хүн байдаг уу. Аав, ээж, ах, дүү гэх мэт?

            -Холын хамаатан садангуудаас юу юм гэхээс биш ах, дүүсийн дунд одоогоор байхгүй. Хамгийн ойр гэвэл манай гэр бүлийн хүн. Бид хоёр СУИС-ийн нэг анги төгссөн.

-Гэр бүлийн хоёр хүн нэг мэргэжилтэй байхын давуу тал их биз?

            -Тэгэлгүй яах вэ. Нэг нэгэндээ зөвлөхөөс эхлээд давуу тал зөндөө бий.

- Гэр бүл, хамт олны үнэ цэн уран бүтээлд тань хэрхэн нөлөөлдөг вэ?

            - Мэргэжлийн уран бүтээлчид бол эхлээд зохиол гэж ярьдаг. Харин би баг хамт олныг нь хамгийн түрүүнд хардаг л даа. Дараа нь хэнтэй харилцан тоглох хамтрагчаа харна. Үүний дараа үнэ өртөг, цалин мөнгөө ярина шүү дээ /инээв/.

-Урлагаас олж авсан хамгийн үнэт зүйл тань юу вэ?

            Зохион байгуулалттай байх болон бусдыг хүндлэхийг олж авсан нь миний үнэт зүйл.

-Урлагийг зарим уран бүтээлч нийтийг соён гэгээрүүлэх үүрэгтэй, үүрэггүй гэж ярих юм л даа. Жишээлбэл, хошин урлагийн жүжигчид цэнгүүлэх, хөгжөөх үүрэгтэй гэдэг бол драмын урлагийн уран бүтээлчид соён гэгээрүүлэх, оюун санаанд нөлөөлөхийг эрмэлздэг хэмээн ярьдаг. Энэ тал дээрх таны бодол?

            -Уран бүтээлчдийн үүрэг бол амьдарч буй цаг хугацаандаа хэн нэгэнд гэрэл, гэгээ, баяр хөөр, шүүмжлэл гэх мэт бүхий л зүйлийг яг толинд ойж байгаа мэт харуулах ёстой. Энэ нийгэмд юу болж байгааг ойлгож, түүнийгээ тайз, дэлгэцээр харуулах л үүрэгтэй болов уу. Өөрөөр хэлбэл, зааж, зөвлөж, сургаж, чиглүүлэх гэхээсээ илүү амьдралын хөрсөн дээр байгаа бодит байдлыг урлагаар дамжуулах үүрэгтэй.

-Урлаг тэр дундаа жүжигчин мэргэжил хувь хүнийг хэрхэн төлөвшүүлдэг вэ?

            -Жүжигчин гэдэг мэргэжил хүнийг олон талаар нь төлөвшүүлж байдаг. Олон нийтийн өмнө ил учраас биеэ зөв авч явах, бусдад үлгэр дууриалал болж байдаг учраас үг хэлээ зөв хэлэхээс эхлээд маш хариуцлагатай мэргэжил. Энэ бүхэн өөр мэргэжил эзэмшсэн хүнээс илүүтэйгээр төлөвшүүлдэг.

-Цаг гарган ярилцлага өгсөнд баярлалаа, "Гэм зэм"-ийн шинэ тайзан дээр уулзъя?

              -Баярлалаа. 

 


ЖҮЖИГЧИН Э.УУГАНБАЯР: Дүрээ хэр сайн бүтээснийг үзэгчид шүүх учраас маш их догдолж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-02-24 18:49:51
    Наранцэцэг: Тэсэн ядан хүлээж байна
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-02-24 12:48:46
    Ганбаяр: Ууганаадаа амжилт
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188