• Өнөөдөр 2024-05-05

Ц.ДЭЛГЭРМАА: Би өөрийгөө хэнээс ч, юунаас ч сайн талыг нь олж харах нүдтэй гэж боддог

2022-02-23,   1030

Эргэлт.мн мэдээллийн сайт энэ удаагийн "Уран бүтээлчийн цаг" буландаа зохиолч, яруу найрагч Ц.Дэлгэрмааг урьж, ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн 2021 онд "Баавгай нэртэй шувуу, Бархас охин хоёрын түүх” хүүхдийн бэсрэг тууж, "Зүрхэнд агч Намур" яруу найргийн номуудаа уншигчдын хүртээл болгосон. Мөн утга зохиолын оны шилдэг бүтээлд олгодог "Алтан-өд" шагналыг яруу найргийн төрөлд хүртээд буй. 

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

              -Сайн байна уу. Танай сайтын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Миний хувьд өнгөрсөн 2021 онд яруу найргийн “Зүрхэнд агч Намур”, хүүхдэд зориулсан “Баавгай нэртэй шувуу, Бархас охин хоёрын түүх” хүүхдийн бэсрэг туужаа хэвлүүлсэн урамтай сайхан жил байлаа. Ойрын үед бол нэг тууж бичиж эхлүүлээд бас хүүхдийн номынхоо үргэлжлэлийг мөн л толгойдоо бодоод л явж байна. Эв нь таарвал бичээд хэвлүүлэх л байх. За тэгээд ажлын онцлогоос шалтгаалан байнга л ном, зохиол, уран бүтээлийн дунд явдаг болохоор тэр маань ирээдүйн олон ном зохиолын тухай бодол сэдэл төрүүлж, хөгжил хөдөлгөөнд дагуулж байх шиг бодогддог доо. 

- Та энэ жил “Зүрхэнд агч Намур” номоороо утга зохиолын оны шилдэг бүтээлд олгодог “Алтан өд” шагнал хүртлээ. Энэхүү шагналыг хүртсэн сэтгэгдлээсээ хуваалцаач?

              -Нэг онд дараалаад хоёр ч ном гаргасан байсан болохоор энэ шалгаруулалтад өгөөд үзье гэж бодсон. Бүтээлээ үнэлүүлж байгаа гэдэг утгаараа мэдээж урамшиж, баярлалгүй яах вэ. Уран бүтээлчид биш, бүтээлд олгодог шагнал гэхээр нэг л сайхан. Бас тухайн онд хэвлэгдсэн ном, бүтээлүүдийг нэг дүгнэж, цэгнэж хараад шагнал олгодог буюу үндэсний уран зохиолоо хөгжүүлэх, зохиолч, бүтээлчдэд урам зориг өгөх, дэмжих нэг хөшүүрэг гэдэг талаасаа ийм арга хэмжээг бий болгосонд олзуурхдаг. Цаашид зохион байгуулалтын хувьд илүү сайжруулах биз ээ.

Хорвоогийн олон орон газрын зохиолчдын номонд гар хуруу дүрж байгаагийнх хэл найруулгын хувьд ямар ч өнгө аяс, уур амьсгалд хөрвөх, мэдрэх чадвартай, эх хэлнийхээ дүрэм, зүй тогтлыг сайн мэддэг байх учиртай. Басхүү тухайн зохиолчийн бүтээлийг, цаашлаад орчуулагчийн хөдөлмөрийг хүндлэх, тэгэхдээ бас шударга байх нь редактор хүний ёс зүй гэж боддог.

-Та өөрийн бага насаа дурсаж болох уу?

              -Ясли, цэцэрлэгээр огт хүмүүжээгүй гэрийн охин, дэрсхэн голдуу хүүхдүүдийн дундах нь байлаа. Өвдөж хавдах болохоор надад аав л олддог, аавтайгаа эмнэлэгт хэвтээд, цусаар нь хэдэн ч удаа энэ алгын чинээ биеийг додомдож босож ирсэн юм бэ дээ. Айлын тэжээвэр усан гахайг хэдэн цагаар уйдахгүй ширтэж суудаг, байрны гадна элсээр тоглодог, арван хоёр мөнгөний дэвтрийг голоор нь нугалаад тэр үедээ л ховор живэртээ орох өнгө өнгийн тосон балаар зураг зурдаг, үг үсгэнд эртнээс дурлаад ном, сонин гээхгүй уншдаг, тэр үеийн бүхий л хүүхдийн адилаар дутуу гуцуугийн зах зухаас ч амссан, хот, хөдөө хоёулангийнх нь амьдралыг үзсэн, хэрдээ баялаг тийм л бага нас байлаа. Харсан үзсэнээ өөрийнхөөрөө л оноогоод нэрлэчихдэг, жишээ нь дуртай палаажаа “зааны тугал Панчи”, ялааг “Сэгсгэр үстэй банаа” гэх мэтээр нэрлэдэг байсан маань хөөрхөн дурсамж санагддаг. Гурав, дөрөвтэй үеийн дурсамж л даа.

- Ээж, аав нь хэр их ном цуглуулж уншдаг байсан бэ. Гэр бүлд нь шүлэг, зохиол бичдэг хүн танаас өөр бий юү?

              -Манайх их номгүй ч хэрдээ авсаархан номын сан товхинуулсан айл байлаа. Одоо бодоход унд хоол, өмсөх зүүхээр татуу ч аав, ээж хоёр маань ямар ч байсан унших номоор дутааж байгаагүй шиг ээ. Тэр үед хэвлэгдсэн хүүхдийн ихэнх номыг, уран зохиолын зузаан романуудаас детектив цуврал хүртэл, өдөр тутмын хэвлэлүүдийг шар сонинуудтай нь, яруу найргийн түүврүүдээс авахуулаад онигооны ном, дууны ном хүртэл гээд ер уншиж гүйцээгээгүй юм ховор л санагддаг. Үзэх харах, саатах сарних юмсаар хомсхон байсан болоод л тэр байх даа.

Аав маань номонд дуртай, шүлэг найраглал бичих гэж оролддог, гэгээн цайлган хүн байсан. Хөөрхөн хөөрхөн түүх зохионо, хүүхдүүдээ шоглож таталган зурна, хамт байх цаг гарвал их ярилцдаг, хөгжилтэй хүн байсан.

-Бага байхдаа хэн гэдэг зохиолчийн ямар зохиолыг ихэвчлэн уншдаг байсан бэ?

              -Одоогийнх шиг тогтсон таашаал гэхээр зүйлгүй, юу таалагдсанаа л уншдаг байсан болохоор аль нэг зохиолчийг дагнаад унших нь ховор. Гэхдээ “Мартин Иден”-ийг анх уншсанаа мартдаггүй. Хавтас нь салаад уначихсан монгол зохиолчийн ном их таалагдсан нь Гүржавын Нямдоржийн “Авга гүний эрчүүд” байсан. Ханс Кристиан Андерсений үлгэрүүдэд одоо ч дуртай. “Нууц товчоо”-г бас л эрт уншсан байх, ямар ч байсан ном бид хоёрын хооронд нэг холбоо шижим үүсэх шиг, хамхиад босоод явчихалгүй уншсаар дуусгасан нь одоо бодоход хэл найруулга нь тэгж автуулсан юм болов уу даа.

-Шүлэг бичиж байхдаа болон бичиж дууссаны дараа танд ямар мэдрэмж төрдөг вэ?

              -Бичиж байхдаа тухайн үеийн мэдрэмждээ бүрэн автсан байдаг, мэдээж сайн бичих гэж эрмэлзэнэ. Дуусгаад зүгээр л ахин дахин уншдаг. Тэгээд засах юм байвал засна. Хэсэгтээ л, хэдхэн минут, магадгүй нэг хоёр цаг шинэхэн бичсэн шүлгээрээ өөрийгөө тэгж хөглөөд тэгээд л гунигтай, бардам, сэтгэл хангалуун, ажиггүй болдог доо.

Миний амьдралын хамгийн сайхан дурсамжуудын нэг бол Баавгайтай өнгөрүүлсэн тэр зуны өдөр бүхэн юм. Энэ бяцхан тууж надад цаашид бичиж чадна гэсэн урам, итгэл өгсөн. Бичиж суухдаа би дотроосоо маш их хайр мэдэрсэн.

-Яруу найрагчид, ном шимтэн уншигчид шүлэг, яруу найраг хоёр тэс өөр зүйл гэж ярих юм аа. Та уран бүтээлч хүний хувьд энэ ялгааг хэрхэн хардаг вэ?

              -Шүлэг бичих, яруу найраг бүтээх өөр гэлцэх дуулдаж л байдаг. Би үүнд нэг их ач холбогдол өгдөггүй юм байна аа. Зүгээр л манайхан яруу найраг гэх ялгуун сонсогддог үг, яруу найрагч гэх алдарт дуртай юм шиг анзаарагддаг, заримдаа, зарим нь. Нэр нэршил талаасаа бол “яруу найраг” гэдэг нь “туульсын зохиол” гэдэг шиг өргөн цар хүрээг илэрхийлж буйгаараа л ялгаатай байх.

 - Та редакторын ажил хийгээд нэлээд хэдэн жил болж байна. Энэ ажлын давуу болон хүндрэлтэй талуудын тухай яриа дэлгэж болох уу?

              -Намайг уран зохиолд редакторын ажил маань л хөтөлж яваа шиг санагддаг. Өмнө нь сэтгүүлчээр цөөнгүй жил ажилласан ч сэтгэл хоёрдоод л байдаг байлаа. Одоо ингээд хандах зүг, хийх ажил нэг л чигт, уран зохиол дээр төвлөрчихөөр зовлонгүй, сайхан. Мэдээж хэрэг бэрхшээл бий. Адаглаад л удаан махарч сууна, нуруу, хараа хоёроо хайрлах хэрэгтэйг улам л ойлгож байна. Хорвоогийн олон орон газрын зохиолчдын номд гар хуруу дүрж байгаагийнх хэл найруулгын хувьд ямар ч өнгө аяс, уур амьсгалд хөрвөх, мэдрэх чадвартай, эх хэлнийхээ дүрэм, зүй тогтлыг сайн мэддэг байх учиртай. Басхүү тухайн зохиолчийн бүтээлийг, цаашлаад орчуулагчийн хөдөлмөрийг хүндлэх, тэгэхдээ бас шударга байх нь редактор хүний ёс зүй гэж боддог.

- Үе тэнгийнхээ уран бүтээлчдийн, нөхөрлөл, уран бүтээлийн талаар сонирхолтой яриа дэлгэнэ үү?

              -Оюутан болоод л уран бүтээлч болох эрмэлзэлтэй, шүлэг найраг бичдэг хүмүүсийн дунд хөл тавьсан. Олон сайхан дурсамж бүтээсэн, бүтээж яваа. Уран бүтээлч гэдэг нэрийг томдсон малгай шиг өмсөөд явах биш, чин зүрхнийхээ дуудлагаар хийж бүтээх сэн, өсөж хөгжих сөн гэж эрмэлзэж, зорьж яваа үеийнхнээрээ бахархдаг. Манай үеийнхнээс өөрсдийн энэхэн үеэ төлөөлөх сайн туурвилчид төрөн гарна гэж, өсөж өндийж, бэлтгэгдэж яваа гэж итгэдэг. Арав гаруй жилийн өмнө “Хөх мэдрэхүй” гэж бүлгэм байгуулаад найман залуу энд тэндхийн цайны газар, уушны газрын булан тохойд суугаад шүлэг зохиол ярьж, наадам биш уншлага хийнэ гэж зорьж  явсан өдрүүд маань гэгээн санагддаг.

 - Уран бүтээлч хүний амьдралын сайхан хийгээд сөрөг тал нь юу байдаг вэ?

              -Сүрхий уран бүтээлчийн амьдралаар амьдраад байсан юм үгүй дээ. Уран бүтээлчийн зүрх сэтгэлтэй л явсан байж магад. Харин одоо л жинхэнээсээ номоо бичээд, түүнийгээ борлуулаад, түүгээрээ амьдралаа аваад явдаг байхсан гэж хүсэж байна. Энд нэг зохиолын санаа, эхлүүлээд орхисон хэдэн мөр хүлээгээд л, тэнд хүүхдэд маань талх хэрэгтэй байгаад байхаар жаахан бэрх санагдана аа бас. Би юу хиймээр байгаа юм, хийж чадахаар байгаа юм, түүндээ л төвлөрч, түүнтэйгээ уялдсан амьдралын хэв маягтай байвал тэр л сайхан.

-Та өөрийн бичгийн арга барилынхаа тухай яриа дэлгээч. Өөр өөрийн сонин арга барилтай зохиолчид байдаг юм билээ. Жишээлбэл кино үзэж, зураг харж, дуу сонсож, зогсож, хэвтэж байхдаа гэх мэт. Таны арга барил сонирхолтой байх?

              -Арга барилаа олох гэж хичээж яваа гэж л хэлье дээ, ялангуяа хүүрнэлд. Гэхдээ толгой дотор үйл явдал, үзэл хэлбэр боловсруулагдаад, бодол ханачих юм бол заавал онцгой дэг жаяг гэхгүйгээр ямар ч үед биччих юм шиг санагдсан. Шүлгийг бол нэгэнт үелзэл долгион баригдсан бол шууд л бичдэг. Ер нь амьдралын хэв маягаа өөрийнхөө сэтгэл зүй, бие махбодынхоо онцлогт тааруулж хэрхэн зохион байгуулахаас авхуулаад өөрийгөө бичиж туурвин амьдрах хувьтай гэж итгэж үнэмшил өөрт чухал болов уу.

-Та уран бүтээлч хүний хувьд ямар зарчмыг баримталдаг вэ?

      -Би оюун санаагаа сэрүүн тунгалаг, аливаад нээлттэй, харин сэтгэл зүрхээ хүүхдийнх мэт цэвэр ариун байлгах сан гэж л эрмэлздэг. Бас хүссэнээр бий болохгүй зарим нэг өгөгдлийг хүн өөрөө л аваад төрдөг, түүнээ мэддэг бол бардамнах биш хайрлах, төв хичээнгүйгээр өнгөлж тордох, түүгээрээ жигүүрлэж хийж бүтээх учиртай гэж итгэдэг дээ. Үнэний дуулал болсон, энэ амьдралын, хүний мөн чанарын толь болсон ном зохиол манайд олон бий болоосой, өөрөө ч тийм бүтээгчдийн нэг байх сан гэж ийм зорилгод өөрийгөө чиглүүлж байгаа нь миний баримталж буй зарчим юм болов уу даа.

Хавтас нь салаад уначихсан монгол зохиолчийн ном их таалагдсан нь Гүржавын Нямдоржийн “Авга гүний эрчүүд” байсан. Ханс Кристиан Андерсений үлгэрүүдэд одоо ч дуртай. “Нууц товчоо”-г бас л эрт уншсан байх, ямар ч байсан ном бид хоёрын хооронд нэг холбоо шижим үүсэх шиг, хамхиад босоод явчхалгүй уншсаар дуусгасан нь одоо бодоход хэл найруулга нь тэгж автуулсан юм болов уу даа.

-Магадгүй олон хүн энэ тухай танаас асуусан байх л даа. Гэхдээ яагаад “Баавгай нэртэй шувуу, Бархас охин хоёрын түүх” хүүхдийн тууж дээрээ шувууг баавгай гэж нэрлэсэн юм бэ?

          -Энэ туужаа би өөрийнхөө бага наснаас сэдэвлэн бичсэн. Зохиол дахь ангир шувууны түүх ганц нэг уран сэтгэмжээс бусдаар бүгд бодитой түүх л дээ. Баавгай гэж нэрийг аав маань өгсөн. Монголчууд тогтож өгдөггүй эсвэл өвчин ээрээд байдаг хүүхдээ домнодог шиг л тэгж өгсөн нэр юм. Зохиолдоо өөрөөр нэрлэе гэж би анхнаасаа бодоогүй юм байна. Нэг их сүртэй нэртэй, Баавгай, Баавгай гээд дуудахаар мэдэхгүй хүн бол айхтар том нохой төсөөлтөл нэг муу өрвийсөн дэгдээхэй гүйгээд ирэхээр өхөөрдөж гайхдаг байлаа. Миний амьдралын хамгийн сайхан дурсамжуудын нэг бол Баавгайтай өнгөрүүлсэн тэр зуны өдөр бүхэн юм. Энэ бяцхан тууж надад цаашид бичиж чадна гэсэн урам, итгэл өгсөн. Бичиж суухдаа би дотроосоо маш их хайр мэдэрсэн.

-Таныг уран бүтээл дээрээ цаашдаа хөгжиж, дэвшихэд урам болж, итгэл өгдөг зүйл байдаг уу?

         -Уншсан, мэдсэн бүхэн маань урам зориг, сэдэл санаа төрүүлдэг. Би өөрийгөө хэнээс ч, юунаас ч сайн талыг нь олж харах нүдтэй гэж боддог. Мөн түүн шигээ шүүмжлэлт сэтгэлгээ ч сайтай байж мэднэ. Надад байгаа зан чанар, миний амьдарсан туршлага уран бүтээлчийн хувиар өсөж хөгжихөд минь нөлөөлж байгаа нь мэдээж. Би уран бүтээлч гэх ийм итгэлгүй, дотроо л бүгтхэн мөрөөсөлтэй олон жил явсан. Одоо харин өөрөөсөө ийм ч ном зохиол бичих сэн, тэгэх сэн, ингэх сэн гэсэн тэмүүлэл олж хараад баярлаж, урамшаад байгаа шүү. Бас манай ажлын газрынхан албан өрөөгөө оффис гэх мэтээр ярьдаггүй, “Тагтаа урлан” гэдэг. Үнэхээр ч нэгэн бүтээлч урлан, лаборатори тэнд байгаад, өөд өөдөөсөө харж сууцгаагаад шүлэг, өгүүллэг бичдэг, бүтээлийн санаа сэдэл ярьж сууцгаадаг маань мөн л их урам болж байгаа.

 

 


Ц.ДЭЛГЭРМАА: Би өөрийгөө хэнээс ч, юунаас ч сайн талыг нь олж харах нүдтэй гэж боддог
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-02-23 21:01:47
    Уншигч: Ийм сайхан бүсгүй монголын ирээдүйд бүтээлээ зориулж яваад талархъя! Бүтээл бүрт чинь дуртай шүү! Ахин дахин хүлээе, гэрэлт охин минь ээ!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-02-23 10:58:29
    zochin: Мундаг бүсгүй байна лээ. Монголын радиогоор ярилцлага, шүлгийг нь сонсоод бишрэв. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Нэр нэгтэй бүсгүй минь
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188