Хэдхэн хоногийн дараа “Этик” продакшны ээлжит түүхэн уран бүтээл болох “Мардай” кино мэндлэхээр зэхэж буй. Өөрөөр хэлбэл, жүжигчин, найруулагч, кино зохиолч Г.Даваазулын мөн нэгэн шинэхэн найруулга үзэгчдэд хүрэхээр болоод буй нь энэ юм. Уншигч та түүнийг жүжигчин гэдгээр нь танихаас найруулагч гэдгээр нь төдийлөн мэдэхгүй болов уу. Тэгвэл тэр бол бидний мэдэх “Хүний цаана”, “Хэлгүй жим”, “Цуурхал”, “Амур”, “Үнэн хайр” зэрэг “Этик” продакшнаас гарсан бүхий л уран бүтээлийн зохиолч, найруулагчаар ажилласан нэгэн. Энэ ч утгаар түүнийг бид зочноор урьж, шинэ уран бүтээлийнх нь талаар сонсохын зэрэгцээ Г.Даваазул гэж ямар үзэл бодолтой, ямар этиктэй найруулагч гэдгийг уншигч таны өмнө дэлгэж байна.
-Сайн байна уу , сайхан хаваржиж байна уу, та. Юуны өмнө ээлжит шинэхэн уран бүтээлээ үзэгчдэд хүргэх болсонд баяр хүргэе. тун удахгүй нээлтээ хийх гэж байгаа “Мардай” киноных нь талаар яриагаа эхэлье?
-Баярлалаа. Бид продакшнаа байгуулаад гурван жил гаруй хугацаа болж байна. "Мардай" бол бидний бие даасан өргөн дэлгэцийн тав дахь уран бүтээл төдийгүй хоёр дахь түүхэн кино. Түүнээс гадна хоёр уран бүтээлийг кино сангуудад байршуулан үзэгчдэд хүргэсэн. Ингээд бид байгуулагдснаасаа хойш долоон уран бүтээлийг үзэгчдэд хүргэж байна.
-Та мөн "Мардай" кинонд зохиолч, найруулагчаар ажилласан уу?
-Тиймээ, продакшнаа байгуулсан цагаас хойш гарсан бүх уран бүтээлийнхээ зохиолч, найруулагчаар ажиллаж байгаа. "Мардай" киноны хувьд монголд түүхэн уран сайхны киног барьж авч хийнэ гэдэг уран бүтээлчдийн хувьд их хүндрэлтэй. Тухайлбал, зураачийн ажил, дизайнер, үг хэллэг, алхаа гишгээ, жүжигчид зэрэг өргөн хүрээг хамарна. Мөн уншиж, судлах зүйл ч их бий. 2020 онд "Хэлгүй жим" анхны түүхэн киногоо үзэгчдэд хүргэсэн. Тус кино маань 1993 оны түүхэн үйл явдлаас сэдэвлэсэн бол “Мардай” уран сайхны кино 1984 оны өмнөх түүхэн үйл явдлаас сэдэвлэж хийсэн. Үзэгчид "Мардай" киноны түүхийг мэр сэр мэддэг юм билээ. Бодит түүхэндээ бол Монголчуудтай ямар ч хамааралгүй байдаг. Монголд барьж байгуулагдсан эрдэс хот, үйл ажиллагаа явуулж байсан Мардай гээд ураны уурхайн түүх бий. Тухайн үед тэнд Орос удирдлагуудтай, орос хоригдлуудыг хорьдог байжээ. Тэгээд Мардай хотыг тойрсон иргэд нь тус хот руу орох хориотой байсан байна. Бид энэхүү түүхээс сэдэвлэж, уран сайханжуулж хийсвэржүүлж киногоо хийсэн. Кинонд гарч байгаа дүр болон үйл явдал зохиомол бөгөөд бид цэвэр пантазалж хийсэн юм.
-Киноны зохиолын санаа хэрхэн төрсөн бэ?
-Кино зохиолын хувьд анх жүжигчин А.Энхжин бид хоёр нийлээд “Хүний цаана” уран сайхны кино хийж байсан. Тэр үед А. Энхжин маань манай Дорнод аймагт Мардайн түүх гэж байдаг хэмээн ярьж байсан юм. Тэгээд бид 2020 оны намар “Хэлгүй жим” киноныхоо зураг авалтыг дуусчихаад, Дорнод аймаг руу ажлаар явахдаа Мардай буюу эрдэс хотыг очиж үзсэн юм. Тухайн үед нутгийн хүмүүсээс хууч яриануудыг сонсож байхад уран сайханжуулж, Монгол тал руу татахад болмоор юм шиг санагдсан. Тэгээд санаагаа ярилцаад, бодчихсон байв. Мардайн түүхээр тухайн үед бусад уран бүтээлчдээс кино хийх гэж байгаа тухай шуум ч мөн гарч байсан. Тэгэж явсаар ер нь зориглоод энэ сэдвийг бариад зохиол бичээд үзэхээр эрс шийдсэн юм. Мэдээж шууд сонссон түүх, яриагаар зохиолоо бичихгүй шүү дээ. Түүхийг нь уншина, судална. Тэгээд аль өнцгөөс нь хийх үү гэж бодно. Ингэж л сая нэг зохиол бэлэн болж, кино зураг авалтдаа орсон юм. Энэхүү киноны зураг авалт цар тахлын улмаас хойшилж, хоёр жил үргэлжилсэн. Ийнхүү явсаар киноныхоо ард гарчихаад, одоо нээлтээ хийх гэж байгаа даа баяртай байна. кино баг хамт олны нэгдэж нийлж хийдэг ажил.
-Жүжигчид бага насандаа дор хаяж сургуулийн шинэ жилийн цэнгүүнд алиалагч болж байсан түүхтэй байдаг. Харин та урлагийн хүн болох сонголтоо хэдийд хийж байсан бэ?
-Манай аав 1990 оны үед кино найруулагч хийж байсан юм. Аавын нөлөөгөөр ч гэдэг юм уу нэгдүгээр ангид орохдоо л жүжигчин болно гэж мөрөөддөг, мэргэжлээ сонгочихсон байсан. Миний судсаар урлагийн цус гүйж байгаа. Багаасаа урлагийн үзлэг, наадам, цэнгүүнд оролцсоор өдийг хүрсэн. Кино зохиол бичиж найруулахад гадна дотнын ном зохиол их уншдагтай минь холбоотой байх. Хамт олон минь итгэл хүлээлгэдэг болохоор итгэлийг нь хөсөрдүүлэхгүй гэж хичээдэг.
-“Мөрөөдлийн театр” –т сургуулиа төгсөөд орж байсан уу?
-“Мөрөөдлийн театр” хошин урлагийн гэхээс илүү театрын бүтээл тавьдаг байсан. Сургуулиа төгсөх жилээ “Хайртай бол хартай” жүжгийг нь үзээд ах нар шигээ уран бүтээлч болно хэмээн бодож, төгсөөд орсон доо.
Тус продакшнд байхдаа жүжгийн хоёрдугаар найруулагчаар ажиллаж, их ч зүйл сурсан. Мөн мөрөөдлөө биелүүлэхийн тулд илүү хичээх хэрэгтэйг ухаарч, найзуудтайгаа хамтарч, кино уран бүтээл хийж эхэлсэн дээ. "Мөрөөдлийн таетр" миний хоёр дахь сургууль. Би энд уран бүтээлч гэдэг зүйлийг ойлгож, олон ч сайхан мөрөөдөлтэй болсон. Одоо цаашид продакшныхаа уран бүтээлчидтэй хамтарч тайзны уран бүтээл хйихийг зорьж байна.
-Өмнө бол та уран бүтээлдээ тоглочихоод явдаг байсан байх. Одоо бол бүхэл бүтэн продакшны ажил нуруун дээр нь бууж байгаа болов уу?
-Ёстой бууж байна, гэхдээ мэдээж бүхнийг өөрсдөө зохицуулна, шийднэ гээд эхлүүлсэн болохоор ухрах зам байхгүй, урагшаа улам зүтгээд байхаас өөр аргагүй. Анхны продакшнаа байгуулчихаад анхны киногоо давгүй хийлээ. Хоёр дахь "Цуурхал" уран бүтээлээ гаргаад шатсан. Уран бүтээлийнхээ санхүүг өөрсдөө бий болгодог болохоор энд, тэндээс зээл авна, буцаагаад олсон ашгаа зээлдээ өгөх журмаар залуу уран бүтээлчид юм хийдэг. Тэр журмаар тухайн үед бөөн өртэй, жаахан хэцүүхэн байсан. Гэхдээ тэр үеийг даван туулж, дараагийн уран бүтээл маань хүмүүст чамгүй сайн хүрч, түүнээсээ урам авч, цаашид олон уран бүтээл хийх хүсэл тэмүүлэл төрсөн. "Хэлгүй жим" уран бүтээл маань 2020 онд гараад, тухайн цаг үеэ байлдан дагуулсан кино болсон. Ингээд хийж байгаа зүйлийн маань үр дүн гарахаар улам баярлаж, дараагийн уран бүтээлийн санаа ч урамтай төрдөг.
-Бусад продакшнаас "Этик" продакшны уран бүтээлийн онцлог, ялгарах зүйл нь юу бол?
-Таны амьдрал болон уран бүтээлдээ баримталдаг зарчим юу вэ?
-Бүх зүйл дээр шударга байхыг хичээдэг. Уран бүтээлд жүжигчид маань хэтрүүлж тоглохгүй, хэмжээгээ барьж ажиллахыг багаараа ярилцаж баримталдаг. Мөн биднийн уран бүтээлийг үзээд хүмүүс нэг ч гэсэн мэдлэгийг аваасай, манай киног үзээд нэг ч гэсэн зүйлийг ойлгож мэдэж аваасай, эх орон гэдэг чинь ямар үнэ цэнтэй байдгийг ойлгоосой гэж боддог. Мөн дэмжиж, утслаж, хамтран зүтгэж байгаа хүмүүсийнхээ итгэлийг хөсөрдүүлэхгүй байхыг хичээдэг.
Г.ДАВААЗУЛ: Монгол өв соёлоо алдахгүй байгаасай гэсэн санааг уран бүтээлээрээ илэрхийлэхийг зорьдог |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |