-"Хавар" киноны Мөнхөөгийн дүр зөөлөн бол Халиунаагийн дүр эсэргээрээ шийдэмгий-
-Сайн байна уу, манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Намайг Даваадоржийн Асардарь гэдэг. Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн. СУИC-ийг 2015 онд МУГЖ Л.Дэмидбаатар багшийн удирдлага дор жүжигчин мэргэжлээр төгссөн залуу уран бүтээлч байна.
-Сургуулиа төгсөөд шууд УДЭТ-д орж байв уу?
-Багаасаа урлагт дуртай хүүхэд байсан уу. Яагаад жүжигчин мэргэжлийг сонгох болсон бэ?
-Багаасаа жүжигчин болно гэж бодож байгаагүй. Арван жилдээ урлагийн үзлэгт ордог, урлагт хайртай байсан. Тэгээд сургуулиа төгсөөд мэргэжлээ сонгохоор болж, СУИС-д эстрадын дуучин, жүжигчин гэсэн хоёр мэргэжлээр шалгалт өгч, хоёуланд нь тэнцсэн юм. Тэгээд ер нь жүжигчин хүн яагаад дуулж болохгүй гэж гээд жүжигчний ангийг сонгож байлаа.
-“Нийслэл хүүхэн-2” уран сайхны кино таны тоглосон хэд дэх дэлгэцийн бүтээл вэ. Тус киноны Халиунаагийн дүрд хэрхэн сонгогдох болсон бэ?
-МҮОНРТ-ийн бүтээл “Хавар” олон ангит киноны Мөнхөөгийн дүрд ажилласан. Дараа нь “Нийслэл хүүхэн-2” уран сайхны киноны эсрэг гол дүр болох Халиунаагийн дүрд тоглосон. Анх "Оранж" энтертэймэнтийн продюсер Баяраа эгч тус киноны Халиунаагийн дүрд тоглох саналыг тавьсан юм. Тэгээд очиж уулзаад, киноны зохиолыг уншиж үзэхэд, Халиунаагийн дүрийн тууштай, таалагдсан хүнийхээ хойноос шаргуу явж, төгсгөлд нь бүгдийг нь ухаарч байгаа байдал зэрэг тухайн жүжигчнээс ур чадвар шаардсан төдийгүй хэн байж байгаад хэн болж байгаа зэрэг өсөлт сайтай дүр санагдсан болохоор өөрийгөө сорьж, Халиунаагийн дүрд ажиллахаар шийдсэн юм.
-Үзэгчдээс Халиунаагийн дүрийн талаарх сэтгэгдэлүүд ирсэн болов уу?
-Халиунаагийн дүр өсвөр насны хүүхдүүдийн хувьд эсрэг байр суурьтай байгаа ажиглагдсан. Харин өсвөр наснаас дээш хүмүүсийн хувьд жүжигчин хүн гэдгээр нь ойлгож байгаа учир эерэг сэтгэгдлүүдийг ирүүлж байгаа. Жүжигчин хүн хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлэхийн тулд дандаа эерэг дүрд тоглоно гэж байхгүй санагддаг. Харин мэргэжлийн хувьд ур чадвар шаардсан, өөрийгөө дайчилсан дүрийг сонгож, өөрийгөө илүү задалж, гаргах нь чухал болов уу. Энэ ч үүднээс миний хувьд Халиунаагийн дүр “Нийслэл хүүхэн-2” кинонд эргэлт болж, киног буцалгаж өгсөн чухал дүр гэж харж байгаа. Хэрэв тус кинонд Халиунаагийн дүр байхгүй байсан бол Ганзориг, Маралгуа хоёрын хайр сэтгэл улам бэхжиж, бие бие рүү гээ илүү татагдах байсан уу гэсэн асуулт гарч ирж байгаа юм.
-Таны хувьд "Нийслэл хүүхэн-2" уран сайхны киноны зурагт авалтын хэцүү хэсэг нь аль байв?
-Зураг авалтын хоёр хэсэг миний хувьд хүнд төдийгүй их хөдөлмөр, тэвчээр шаардсан. Эхнийх нь морь унадаг хэсэг. Тухайн морьтой хэсгийг авах үеэр манай театрын ажил орж таарсан болохоор надад киноны натурт очоод морь унадаг хэсгийг бэлдэх хоёр хоногийн л хугацаа байсан. Би хөдөө хаа нэг явахдаа хаа нэг морь унаж байснаас бүр хурдан давхиулж байгаагүй. Нөгөө талаар Халиунаагийн дүр маань хотын охин ч гэсэн аль хэдийн хөдөөний амьдрал мэддэг, унаган хөдөөний хүүхэд шиг сурамгай морь унадаг байх байсан учир морь нэлээд сайн унаж чаддаг байх шаардлагатай байсан. Тэгээд хоёр хоногийн дотор багшаараа заалган бэлдэж, ёстой л жинхэнэ, бөгсөө холготол, хурууныхаа арьсыг урагдаж зулгартал морь унасан даа. Мөн миний кино зургийн үеэр унасан морь өмнө нь уралдаж байсан худны морь байсан. Энэ ч утгаар надаас их зориг шаардсан хэсэг байв. Хоёр дахь нь бороотой хэсэг. Учир нь, бороотой хэсгийн зургийг авахын тулд кинонд жинхэнэ бороо ашиглаж болдоггүй, тэгээд 30 тонн гүний худгаас авчирсан усыг дээрээсээ асгуулж, хүйтэн усанд норж зураг авахуулсан. Энэ л хоёр хэсэг хүнд хэцүү гэхээс илүү тэвчээр, хөдөлмөр шаардсан хэсгүүд байсан.
-Амьдрал дээрх Асардарь "Хавар" киноны Мөнхөө, "Нийслэл хүүхэн-2" киноны Халиунаа хоёртой төстэй юу, өөр үү?
-"Хавар" киноны Мөнхөөгийн дүр нэлээд зөөлөн бол Халиунаагийн дүр эсэргээрээ шийдэмгий дүр. Халиунаагийн дүрээс Асардарь юугаараа ялгаатай вэ гэвэл, би эрэгтэй хүний хойноос буюу өөрт нь хайргүй хүний хойноос гүйхгүй байх. Өөрөөр хэлбэл, боломжгүй зүйлийн хойноос хөөцөлдөхгүй болов уу. Хэрэв тэр нь ёс суртахууны хувьд болохоор байвал тэр зүйлийнхээ хойноос хөөцөлдөнө, харин болохгүй бол аливаа зүйлийг орхиж чаддаг. Тэгэхээр Халиунаагийн дүр надаас өөр. Нөгөө талаараа дүр гэдэг тухайн жүжигчний дуу хоолой, зүрх сэтгэлээс дамжин гарч байгаа учир зуун хувь Халиунаа надаас өөр, Мөнхөө надаас өөр биш гэж хэлэх боломжгүй. Учир нь, Асардарьд арван хувь нь байж гэмээнэ Халиунаагийн 90 хувь гарч ирнэ гэсэн үг байх. Тэгэхээр тухайн жүжигнээсээ огт өөр дүр гэж байхгүй байх.
-Тайзан дээр бүтээхийг хүсдэг дүр бий болов уу?
-За байхгүй дээ, найруулагч маань надад сонгож өгсөн дүрээ өөрөөрөө дамжуулж илүү сайхан бүтээхийг л боддог. Тайзан дээр гэхэд оногдсон дүрээ сайн авч явж, жүжгийн ноён нуруунаас үүрэлцэхийг хичээдэг. Түүнээс энэ дүрд тоглох сон гэсэн хүсэл одоохондоо байхгүй байна.
-Театраасаа больж, дэлгэцийн уран бүтээл рүү орох бодол байдаг уу?
-Одоогоор тийм бодол байхгүй, театртаа их хайртай. Театрын жүжиг, орчин, хамт олон маань миний хамгийн үнэтэй зүйл. Ер нь бол аль болох тайз, дэлгэцийн уран бүтээлээ хослуулаад явахыг боддог.
-Үлгэр дууриалал авдаг уран бүтээлч бий болов уу?
-МУГЖ Ж.Оюундарь багшаасаа үлгэр дууриалал авдаг. Багш маань маш авьяаслаг, зарчимч эмэгтэй. Багшийнхаа биеэ авч яваа, дүрээ гаргаж байгаа байдал зэргээс суралцдаг.
Д.АСАРДАРЬ: Ямар ч дүрд тоглосон арван хувь нь би л байна |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |