• Өнөөдөр 2024-05-08

Зохиолч Р.ЭМҮЖИН: Мөнгөөр сольшгүй, өнгөөр гоёшгүй, эрх мэдэл албан тушаалаар арилжишгүй нь ЭРХ ЧӨЛӨӨ юм

2022-02-12,   1796

           Энэ удаагийн "УРАН БҮТЭЭЛЧИЙН ЦАГ" булангийн маань зочноор зохиолч, яруу найрагч Р.Эмүжин оролцож, халуун дотно яриа дэлгэлээ. Тэрбээр шинэхэн бүтээл болох  "Согооны хэвтэр" номоо өлгийдөн аваад буй билээ. Хэрсүү хийгээд дураараа, бардам, омголон түүнийг уншигчид гэгээн хүсэл тэмүүлэл, цуцашгүй хөдөлмөрөөрөө үлгэрлэж, уран бүтээлчийн адармаатай амьдралыг өөрийнхөөрөө бүтээж яваа гэдгийг мэдэх билээ. Тийм ч учраас бид уран бүтээлч хийгээд бүсгүй хүний эрх чөлөө гэж чухам юу болох талаар голчлон ярилцлаа. 

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Улиран одсон үхэр жил уран бүтээлийн олз омогтой их байв уу?

         -Бусадтай л адил өвдсөн, бүтээсэн, зүтгэсэн, зүдэрсэн жил байлаа. Магад цар тахлаас шалтгаалан илүү их хүч, илүү зүтгэл шаардсан байх. Ганц би байтугай улс орноороо, дэлхий ертөнцөөрөө тийм байдалд орлоо шүү дээ. Гэвч тойрох биш, туулаад гарах нь үнэн юм даа.

-Та бол эрх чөлөөг эрмэлзэж явдаг эмэгтэй. Хэзээ ч хамаагүй гарчихсан л байдаг аялал, хэдхэн цагийн өмнө хотод байсан хэрнээ сүрлэг уулсын оройгоос мэндчилж байдаг “хэсүүлч”-ийнхээ хажуугаар яаж уран бүтээл, сэтгүүл зүйн бүтээлүүдээ туурвиад, амжуулаад байна вэ?

        -За ёстой яаж амжаад байгааг бодож үзээгүй юм байна. Миний амьдрал энэ л юм, үүндээ уг хүн нь ч зохицоод, ажрахаа байсан бололтой. Бараг чамайг хэлэхэд л "Нээрээ юу билээ" гэж бодогдож байна. Хүү минь “Ээж та юм бичээд суухаараа хэнийг ч, юуг ч анхаарахгүй юм, өөр газар байж байгаад ирдэг байх аа” гэж нэг гомдоллож байсан. Олон газар амьдарч, олон төрөл чиглэлээр бичих гоё л доо.

-Таны амьдралын хэв маяг болон зохиолуудын дүрээс уншигчид эрх чөлөөг олж хардаг байх. Ер нь эрх чөлөөг хүн хэрхэн бүтээх ёстой вэ?

          -Эрх чөлөө гэж миний хувьд юу вэ гэдгийг л эхлээд ойлгох хэрэгтэй. Хүн болгоны хувьд тэр эрх чөлөө хэмээгч нь өөр ойлголт, өөр хэмжүүр, өөр аз жаргал, алдаа ба оноо гэж боддог. Хүн эрх чөлөөг бүтээхээсээ илүү эрх чөлөөг төлөвшил болгон авч үлддэг, хамт өсч өндийдөг. Хүмүүжил, боловсрол, төлөвшил, амьдралын хэвшлийнх нь нэг хэлбэр. Эрх чөлөөг хэрхэн ойлгохоос бас олон зүйл шалтгаална. Эмх замбараагүй байдал бол эрх чөлөө биш гээд л энэ сэдвээр яривал дуусахгүй ээ.

Монгол Улс ардчилсан зарчмаа аль эрт алдсан гэдгийг л хэлмээр байна. Тэр ганц хоёр мессэж энэ тэр бол зүгээр хажууд нь шоу шүү дээ. Жинхэнэ дарамт шахалт гэдэг чинь эх орноосоо дүрвэх бодол төртөл нүүрлэдэг зэвүүн эд дээ.

-Та "Согооны хэвтэр" шинэ номынхоо тухай манай уншигчдад яриа дэлгэж болох уу?

          -Шинэ өгүүллэгүүд маань юм. Би ер нь өгүүллэг, шүлгүүдээ номноос номондоо давтан хуулж тавиад байх дургүй. “Улбар хөлт” түүвэрт орсон өгүүллэгүүд “Согооны хэвтэр”-т байхгүй. Давтагдаагүй гэсэн үг. “Хар торон бээлий” номын өгүүллэгүүд бас тусдаа. “Согооны хэвтэр” таван жилийн өмнө бичиж эмхэтгээд, эхийг нь бэлдээд тавьчихсан ном л доо. Хүүхдийн үлгэрүүд, “Хөх сарны явдал” роман гээд хэвлүүлэх чөлөө гарахгүй байсаар сая л хэвлэлд өглөө.

-Уран бүтээлч хүний хувьд шинэ бүтээлүүдээрээ юу илэрхийлэхийг, эрэлхийлэхийг зорьсон бэ?

          -Цаг үеэ, цаг хугацааг бүтээж буй нэгэн үеийнхнийхээ жаргал ба зовлонг, Монголын нийгмийн нэгэн тусгалыг, монгол хүний сэтгэл ба зүрхийг чимээлэн бичдэг дээ.

-Үргэжилсэн үгийн зохиолд дүр бүтээх хамгийн чухал юм шиг санагддаг. Та дүрээ хэрхэн бүтээдэг вэ?

          -Дүрүүд л өөрөө өөрсдийгөө бүтээгээд амьдраад байдаг шүү дээ. Тэр байтугай хүчтэй дүрүүд зохиолчоос эс шалтгаалан өөрийнхөөрөө зохиолоо ч, хувь тавилангаа ч чирдэг. “Хөх сарны явдал”-г гэхэд би дөрвөн ботиор бичнэ гэж анхнаасаа төлөвлөөгүй. Гэтэл Оргил, Солонго хоёр хувь тавилангаа үүрээд дөрвийн дөрвөн боть амьдарсан.

-Таны зохиолууд дээр гардаг дүр бодит уу, эсвэл цэвэр уран сайхны дүр үү?

            -Зохиолчид голдуу хүн судлаачид, сэтгэлзүйчид байдаг. Миний дүрүүдийн олонх нь бодит дүрүүдээс эх авч өндийсөн, магадгүй тийм болохоороо хүчтэй байдаг байх.

-Зарим зохиолыг тань уншиж байхад эмэгтэй хүний бадрангуй хүсэл тэмүүлэл, уйтгар гуниг, эрх чөлөөг эрмэлзэж байгааг тань харахад та өөрийгөө бичсэн шиг санагддаг л даа. Тэгэхээр өөрийнхөө амьдралын хэв маягийг уран бүтээлээр дамжуулж илэрхийлдэг үү?

          -Хэдийгээр миний дүрүүд өөр, өөрийнхөө тавилангаар өндийдөг ч гэсэн миний зүрх сэтгэлээс төрж байгаа шүү дээ. Тиймээс миний эд эс байдаг л байлгүй.

Өгүүллэгүүд, араас нь яруу найргийн багц номууд, тэгээд одоо бичиж байгаа түүхэн романаа хэвлүүлнэ. Ингээд л зогсолтгүй эргээд явчихдаг юм даа. Би өөрөө ч уран бүтээлүүдийнхээ хурдыг гүйцэж амьдарч чадахгүй, чирэгдэж байна даа.

-Та зохиол бичихдээ ихэвчлэн ямар зан байдал гаргадаг вэ. Зарим зохиолч зогсож, дуу сонсож, зураг харж , кофе ууж, кино үзэж, зарим нь бүүр хэвтэж байхдаа бичдэг гэх мэт сонин зуршилтай байдаг. Таны хувьд?

          -Ёстой дураараа шүү дээ. Хаана ч хамаагүй, хэзээ ч хамаагүй бичдэг. Харин нэг зуршилтай. Цав цагаан цаасан дээр цэнхэр бэхээр бичдэг. Цаас бохир, эсвэл ардаа бичигтэй, урагдаж үрчийсэн байхад дургүй.

 -Онгод орох гэж яг юу вэ. Хүн бүр л өөр өөрөөр илэрхийлэх юм. Энэ тал дээр таныг сонирхолтой яриа дэлгэх байх гэж бодож байна?

              -Мэдэхгүй ээ. Тэр онгод гэдэг нь орж, гараад байдаг амьтан юм байх даа. Сэтгэл хөдлөл, судалгаа, мэдрэмж, мэдлэг, чин хүсэл дагаж зохиол төрдөг.

-Таны тухай “Казинод ажиллаж бил үү, тоглож олсон мөнгөөрөө анхны номоо гаргасан” гэдэг яриа байдаг. Энэ хэр үнэний ортой яриа вэ?

              -Үнэн. Монголын анхны казинод 10 сар ажиллаж, хураасан арваад мянган ам.доллараараа анхны байр, анхны унаагаа авч, анхны шүлгийн номоо сая төгрөгөөр 2000 хувь хэвлүүлж байлаа.

-Та бас нэг удаа “Номнуудынхаа борлуулалтаар би хангалттай хангалуун, сайхан амьдарч чаддаг” гэсэн байсан. Нууц биш бол ойролцоогоор таны жилийн орлого хэд вэ. Бас уран бүтээлч хүн зөвхөн номынхоо орлогоор амьдрах боломж Монголд үнэхээр бий болж чадсан болов уу?

          -1998 оноос хойш 24 жилийн хугацаанд би 20 орчим бүтээл туурвижээ. Энэ номуудыг ээлжлээд хэвлүүлэхэд л ямар хугацаа орох вэ. Хүүхдийн зургаан цуврал үлгэрүүдээ би ойрын хоёр гурван жилдээ дахин хэвлүүлж амжихгүй. “Хөх сарны явдал” дөрвөн боть романаа бас л ойрын хоёр жилдээ хэвлүүлж амжихгүй. Өгүүллэгүүд, араас нь яруу найргийн багц номууд, тэгээд одоо бичиж байгаа түүхэн романаа хэвлүүлнэ. Ингээд л зогсолтгүй эргээд явчихдаг юм даа. Би өөрөө ч уран бүтээлүүдийнхээ хурдыг гүйцэж амьдарч чадахгүй, чирэгдэж байна даа.

-Яруу найрагч, зохиолч болох, ер нь энэ утга зохиолын салбарт хэн таныг хөтөлж оруулсан бэ?

              -Аавын минь үгс, дууны сайхан шүлгүүд, ээжийн минь утга зохиолын өндөр боловсрол, Дашбалбар багшийн минь урам зориг, зүг чиг, ганцыг ч үлдээлгүй номыг минь худалдаад авчихдаг уншигчид маань намайг энэ салбарт үүрд үлдээсэн.

-Уран бүтээлч хүний сэтгэхүй, сэтгэл их сонин юм шиг санагддаг. Хэн нэгэнд өдөр бүр дурлаж, хайрлаж, гуниглаж байдаг шиг анзаарагдсан. Тэр дундаа таныг энэ талын хүн болов уу гэж харсан?

         -Бичсэн шүлэг, туурвисан зохиол болгоноор нь зохиолчийг олж харах арай л өрөөсгөл биш үү. Хайрын шүлэгнийхээ тоогоор дурлаж, хамаг өгүүллэгүүдийнхээ тоогоор гуниглаж хагацна гэвэл ганц миний байтугай, нэлээн хэдэн хүний амьдрал ч хүрэлцэхгүй ээ.

-Та дурлахын тухай, хайрлахын тухай юу гэж боддог вэ. Дурлал хайр хоёр таныхаар хэр ялгаатай вэ?

         -Тэр цагийн тэнгэр, тэртээ цагийн тэнэглэл л мэдэх байх даа. Мөнгөөр сольшгүй, өнгөөр гоёшгүй, эрх мэдэл албан тушаалаар арилжишгүй нь эрх чөлөө юм. 

-Та хамгийн сүүлд хэзээ, хэрхэн дурласан бэ. Яагаад ингэж асууж байна вэ гэхээр бүсгүй хүний дурлалын мэдрэмж, гунихрал, бардамналын тухай галзуу гоё шүлгүүд танд бий учраас асуухгүй өнгөрүүлж болохгүй санагдлаа.

           -Хавраар дурлаж, намраар хагацсан. Орчлонгийн хавар дуусахгүй, хорвоогийн намар дундрахгүй нь сайхан юм даа.

-Та дөрөв дэх засаглал буюу сэтгүүл зүйн салбарын хүний хувьд ч тэр үү эрх барьж байгаа нам, Засгийн газрын алдаа дутагдлыг зоригтой илчилж, байнга сөрөг хүчин байдаг нь ажиглагддаг. Ард түмний эрх ашгийн талд, Монголын нэр хүнд, алсын харааг өмөөрч байгааг тань олон удаа анзаарсан. Дөрөв дэх засаглалын хүн, сөрөг хүчин тэгсэн мөртлөө уран бүтээлч байх хэцүү юү?

         -Амаргүй. Гэхдээ хэн нэгэн хэлэх л ёстой. Тэр нь сэтгүүлч биш бол өөр хэн гэж. Дөрөв дэх засаглалынхан гэдэг чинь том тодотгол шүү. Эзэн болж явах учиртай юм. Мөнгөөр сольшгүй, өнгөөр гоёшгүй, эрх мэдэл албан тушаалаар арилжишгүй нь эрх чөлөө юм. Яруу найрагчийн зүрх, сэтгүүлчийн сэтгэл хоёртоо автах үе байна аа.

-Бурууг шууд хэлчихдэг, хэлэх эрхээ эдэлж байгаагаас нь болж дарамт, шахалт хэр ирдэг вэ. Жишээ дурдаж өгөөч?

          -Хүмүүсийг түгшүүрт автуулмааргүй байна. Гэхдээ Монгол Улс ардчилсан зарчмаа аль эрт алдсан гэдгийг л хэлмээр байна. Тэр ганц хоёр мессэж энэ тэр бол зүгээр хажууд нь шоу шүү дээ. Жинхэнэ дарамт шахалт гэдэг чинь эх орноосоо дүрвэх бодол төртөл нүүрлэдэг зэвүүн эд дээ.

-Монголын өнөөгийн нийгмийг хэрхэн дүгнэдэг вэ. Зохиолч хүний хувьд ч, сэтгүүлч хүний хувьд ч тэр?

             -Өгсөх ба уруудахын дунд өеөдөж гацсан Монгол. Хэн нэгэн авлигач өлмийгөөрөө түлхэхэд уруудаж, хэн нэгний зөв хандлага өсгийдөөд түлхэхэд өгсөх Монгол. Энэ завсрын үеэс зөв хөдөлчих юм сан.

-Цаг гарган ярилцлага өгсөн танд баярлалаа.

              -Чамд бас баярлалаа.

 

 

Жинхэнэ дарамт шахалт гэдэг чинь эх орноосоо дүрвэх бодол төртөл нүүрлэдэг зэвүүн эд дээ

 

Зохиолч Р.ЭМҮЖИН: Мөнгөөр сольшгүй, өнгөөр гоёшгүй, эрх мэдэл албан тушаалаар арилжишгүй нь ЭРХ ЧӨЛӨӨ юм
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188