• Өнөөдөр 2024-04-30

У.МИНЖИН: Шулуун шударга зангаараа "Нийслэл хүүхэн" киноны Ундрах надтай төстэй

2022-02-09,   2232

  “Нийслэл хүүхэн”, “Сайн уу, амьдрал минь-2” зэрэг уран сайхны кинонд тоглосон залуу жүжигчин У.Минжинг “УРАН БҮТЭЭЛЧИЙН ЦАГ” буландаа урьлаа. Тэрбээр "X-Түц" продакшны жүжигчин бөгөөд түүнийг үзэгч, уншигчид “Нийслэл хүүхэн” олон ангит уран сайхны киноны Ундрахын дүрээр нь илүү таньдаг болоод байгаа. Түүнтэй уран бүтээл болон жүжигчин мэргэжлийг яагаад сонгосон тэргүүтэй яриа өрнүүлснээ хүргэе. 

-"НИЙСЛЭЛ ХҮҮХЭН" УРАН САЙХНЫ КИНОНЫ УНДРАХЫН ДҮР НАДТАЙ ТӨСТЭЙ-

-Сайн байна уу. “Нийслэл хүүхэн-2” уран сайхны олон ангит киноны цөөнгүй анги үзэгчдэд хүрээд байгаа. Нэгдүгээр ангиасаа юугаараа онцлог болсон тухайгаас ярилцлагаа эхэлье?

       -Юуны өмнө танай сайтын хамт олонд энэ өдрийн мэнд хүргэе. “Нийслэл хүүхэн-2” кино маань кино сангуудад орсон байгаа. Киноны хоёрдугаар хэсэг, нэгээсээ зохиол болон шинэ дүрүүд нэмэгдснээрээ онцлог болсон. Мөн бид хоёрдугаар ангидаа  хөдөөний хүн гэхээр хуучин, хиртэй хувцас өмсдөггүй гэдэг санааг гаргахын тулд хувцаслалтдаа илүү анхаарч ажилласан. Хүмүүс хөдөө байж хэтэрхий гоё, ганган байна гэж шүүмжилсэн байсан. Гэхдээ хөдөөний хүн ч мөн цэвэрхэн, ганган, дэгжин, гоё байж болно шүү дээ.

-"Ундрахын дүрээс өөрийгөө олж харсан" гэж нэгэн хэвлэлд та ярьсан байна лээ. Тантай юугаараа төстэй юм бэ?

          -Хүмүүс намайг  “Нийслэл хүүхэн-2” киноны Ундрахын дүрээр илүү мэдэхээс Минжин  гэдгээр нь бага мэдэх байх. Би ер нь нялцгай биш, шулуун шударга, хэлэх гэсэн үгээ шууд хэлдэг, эршүүд талдаа хүн юм болов уу гэж өөрийгөө боддог. Тэр зан чанараараа Ундрахын дүр надтай бага зэрэг төстэй. Дүрийн хувьд хоёр дугаар анги дээрээ би илүү эмэгтэйлэг болсон санагддаг.

-Кинонд морь унаж буй хэсэг их гардаг. Таны хувьд морь хэр унадаг вэ?

          -Хаа нэг хөдөө явах үедээ морь унана. Ер нь монгол ахуй, хөдөө талдаа хайртай. Аавын тал маань Булган аймгийн хүмүүс. Тэр ч утгаараа айраг сайн ууна, цагаан идээ, таван цулаа идчихнэ. Хөдөө очоод л монгол хүн гэдгээ илүү мэдэрдэг.

-“Нийслэл хүүхэн” киноны зураг авалтын үед хөгжилтэй зүйл олон болсон уу?

        -Тэгэлгүй яах вэ. Найрсаг, нөхөрсөг, нэгнээ гэсэн чин сэтгэлтэй хамт олон тус кинонд баг болж ажилласан. Ихэнх нь хошин урлагийн гавьяат ах, эгч ,залуус болохоор зураг авалтын турш инээд наргиантай, хөгжилтэй байсаар л киноны зураг авалт дууссан. Зургийн талбай дээр өрнөсөн хөгтэй, хөгжөөнтэй зүйлсийг яриад байвал дуусахгүй юм болно..

-ДЭ ЖАНГУМ” КИНОНЫ ЧОЙ АХАЙТАН БОЛЖ ТОГЛОДОГ БАЙЛАА-

-Багадаа хэр хөдөлгөөнтэй хүүхэд байв уу?

        -Багадаа их даруухан хүүхэд байсан. Манай арван жилийн багш нар намайг СУИС-д ороход “Минжин урлагийн сургуульд орчихож байгаа юм уу” гээд гайхаж байсан. Багаасаа урлагийн хүн болохыг хүсэж, жүжигчний ангид ортлоо хийл хөгжмийн дугуйланд явдаг байсан. СУИС-д ороод хичээл их болохоор хийлийн дугуйландаа явахаа больсон. Багаасаа дуулж, бүжиглэж, киноны дүрүүдийг дууриаж, жүжиглэдэг хүүхэд байсан. Тухайлбал, “Дэ жангум” киноны Чой ахайтан болоод дүүгээ ноён нь болгож байгаад тоглодог байлаа. Урлагаас гадна эмч болон багш болох сонирхолтой.

-Та “Х-ТҮЦ” продакшны жүжигчнээр ажилладаг шүү дээ. Хошин урлагийн жүжигчин байх, кинонд тоглох хоёрын ялгааг олж харсан байх?

             -Мэдээж өөр мэдрэмж. Хошин урлагийн жүжигчин олон дүрд хувирна. Харин кино бол мотор дуугарахад хэн байсан, түүгээрээ л дуусгана. Хоёулаа өөр өөрийн гэсэн онцлогтой, сайхан санагддаг.

-Таны хувьд “Maaz” хамтлагийн дуучин байсан шүү дээ. Хамтлагаараа уран бүтээл хийж амжихгүй байгаа юу?

            -Тийм ээ. Анх манай хамтлагийг “Guys” хамтлагийн дуучин А.Төгсбаяр ах байгуулж байсан. Оюутан байх үедээ буюу хамтлаг маань нэгдэж, хамтдаа мөрөөдөж, хөдөлмөрлөж байх үедээ хийж байсан дуунууд бий. Одоо хамтлагийхан маань өөр өөрсдийн уран бүтээлээ хийгээд явж буй. Тухайлбал, Г. Жанчив  маань кино найруулаад явж байна. Цаашид хэн хэнд маань зав гарвал дахиад нэгдэн гоё уран бүтээл хийхэд буруудах зүйлгүй байх. .

-“The voice of Mongolia” шоунд оролцож, Д.Болд шүүгчийн багт тэнцэж байсан. Яагаад дууны тэмцээнд оролцох болсон бэ?

              -Би дуулах их сонирхолтой, нэг их мундаг чадварлаг биш ч дууны эвийг нь олоод дуулахыг хичээдэг. Анх аав маань шоуны эхний улирлын зар явагдахад орохыг санал болгож байсан юм. Тэгээд дараа нь хоёр дахь удаагийн бүртгэл нь эхлэхэд “Ороод үзье” гэж зориглосон. Д.Болд шүүгчийн “Бидний амьдардаг ертөнц” дууг гарснаас нь хойш сонсоод эмэгтэй хувилбараар нэг дуулж үзэх юм сан гэж боддог байсан. Тэгээд л дуулаад орсон доо. Тухайн үед яагаад ч юм "Шүүгч нар эргэж хараасай" гэж огт бодоогүй. Зүгээр л тайзан дээр дуугаа дуулчихъя гэж бодоод орсон.

-Хүн бүрд багахан шар байдаг шүү дээ. Та хэр шартай хүн бол?

          -Огт шаргүй гэж  хэлэхгүй, тодорхой хэмжээнд шар  бий. Гэхдээ зарим хүн нэгнээ сайн явахад муулах гэдэг. Надад харин тийм бодол байхгүй. Харин ч амжилттай яваа хүний өмнөөс баярладаг. Тэгэхээр зөв зүйлийн шар л надад бий гэх юм уу даа. 

-Хошин урлагаас гарах бодол байдаг болов уу?

          -Одоохондоо тийм бодол байхгүй. Анх намайг сургууль төгсөхөд өлгийдөж авсан байгууллага бол Х-ТҮЦ продакшн. Цаашид ч продакшндаа уран бүтээлээ хийсээр, сайхан зүйлс бүтээлцсээр байх байх болно. Дээр хэлсэнчлэн театр болоод драмын жүжиг зэрэгт өөрийгөө сорьсоор, хөгжүүлсээр байх болно. 

              -Ямар дүрд тоглохыг хүсдэг вэ?

-Хүний сэтгэлд хоногшсон сайхан дүр бүтээхийг хүсэж, зорьж байна. 

-Ээж болсон мэдрэмжээсээ хуваалцаач. Ээж хүн байх ямар байдаг вэ?

       -Үгээр хэлшгүй тансаг сайхан мэдрэмж байсан. Ээж хүний хайр, халамж ямар агуу байдгийг төрөөд л ойлгож байна даа. Ээж болохоосоо өмнө нь ээжийгээ тэр үедээ хайрлаад байна л гэж боддог байсан чинь маш дутуу бүр маш дутуу хайрлаж, ойлгодог байснаа ухаарсан. 

-Цаашдын зорилго, мөрөөдлөөсөө хуваалцаж болох уу?

       -Хүн бүрд өөртөө тавьсан зорилго байдаг. Би хүмүүст хэлэхээс илүү өөрийнхөө зорилгод чимээгүйхэн хүрэх сэн гэж хичээж, хөдөлмөрлөдөг. Мөн буяны үйл хийх дуртай. Тэгээд хүн бүр дор бүрнээ хийх зүйлсээ хийгээд явж байхад бүх зүйл сайхан болно гэж итгэдэг. Ерөөс би аливааг гэгээлгээр харах дуртай.

 


У.МИНЖИН: Шулуун шударга зангаараа "Нийслэл хүүхэн" киноны Ундрах надтай төстэй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-02-13 12:48:12
    Орон сууц барих у: Огоо сайн байна уу хөөрхөн цоглог ухаантай охиндоо ээж болж хөөрхөн хүүтэй болсонд гэр Бүлиинхэнд чинь аз жаргад эрүүл энхийг хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-02-13 11:12:01
    Зочин: Нийслэл охинд ээж болсонд баяр хүргье!!!
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188