• Өнөөдөр 2024-04-25

УГЗ А.Очирболд: Магадгүй намайг зөвхөн монголчууд биш, дэлхий таньдаг болсон учраас би өөрийгөө олсон

2020-10-13,   1973

Гангаар  урласан гял цал бүтээлүүд нь түүнийг зоримог, мэдрэмтгий хүн мэт санагдуулсан. Харин төмөр холбож, хүн урласан нь түүнийг улам нууцлаг болгож байлаа. Уулзаад ярилцахад үг дуу цөөтэй ч, шийдэмгий нэгэн байсан нь гайхширал төрүүлмээр. Хувирч, өөрчлөгдсөн,  шинийг эрэлхийлэгч уран бүтээлч бол Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч А.Очирболд юм. Дэлхий түүнийг таньдаг. Эх орны дайны ялалтын бэлгэ тэмдэг болгон урласан “Ялалтад тэмүүлсэн Монгол морьд” бүтээл нь Москва хотод, “Хүн дэлхийд жин нэмээгүй” хэмээх бүтээл нь Германд, “Ухамсар” бүтээл нь  Нью-Йоркод сүндэрлэж буй. Хамгийн сүүлд тэрбээр жил бүр ХБНГУ-ын Бюделсдорф хотноо зохион байгуулдаг “Норд-Арт” олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд “Дэгрээ” хэмээх бүтээлээрээ оролцож, “Норд-Арт 2019” дээд шагналын эзнээр тодорсон билээ. Түүний бүтээл 21x17x3.2 метр хэмжээтэй томоохон төмөр баримлын инстоляци бүтээл байв. Түүний уран бүтээл, авьяас, чадварыг Монголын төр үнэлж,  Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдэг хүртээгээд удаагүй байна. Төрийн шагналт, Ардын уран зохиолч, их эрдэмтэн, зохиолч, нэрт гүүш Ц.Дамдинсүрэн, Чингис хаан, Чингисийн есөн өрлөг, Буур Жамъян, То ван, Цогт тайж зэрэг түүхэн хүмүүсийн хөшөөг урласан. Мөн аргалийн толгойг төмөр соронзонд зоосон, гүзээн дотор аргалийн толгой угласан зэргээр этгээд сонин бүтээл ч хийсэн. Үүнийгээ тэрбээр “Олон нийтийн сүлжээнд донтож байгаа нийгмийг харуулсан” гэж тайлбарласан байдаг. Түүнчлэн “Чингис хаан” нисэх онгоцны буудлаас Улаанбаатар хотын төв рүү явах замд морин тойруулгын талбайн гадаа сүндэрлэх аварга том азарганы "Улаан хуй" хөшөө түүний бүтээл юм. А.Очирболдын бүтээлд эцэс төгсгөлгүй эрэлхийлэл, өвөрмөц байдал, утга санаа бий.Түүний уран бүтээлийн талаар ийн ярилцлаа.

-Юун түрүүнд Төрийн дээд одон медалиар шагнуулсан танд баяр хүргэе. Шагнал авах гэж байгаагаа чухам хэзээ дуулав?

-Баярлалаа. Би шагнуулах гэж байгаагаа өмнөх өдөр нь мэдсэн.

-Урлаг, тэр дундаа уран барималтай хэрхэн амьдралаа холбож байв?

-1993 онд Дүрслэх урлагийн дунд сургуульд элсэн орж, уран баримлын ангийг сонгон суралцсан. Ингээд Дүрслэх урлагийн дээд сургуулийг 1997 онд төгссөн юм. Өөрийн хүсэл, сонирхолдоо хөтлөгдөн энэ мэргэжлээр суралцсан тул багшийнхаа заавар зөвлөгөөг дагадаг байлаа. Урлагийн хүн болно гэдэг тийм  ч амаргүй даваа шүү дээ.

-Урлагийн амьдралыг амаргүй гэдэг. Шантарч, больё гэж бодож  байсан үе хэр олон байсан бэ?

-Хүн дуртай зүйлдээ шантардаггүй юм. Харин тархи нь ажиллахаа больж, шинэ зүйлийг хийж чадахаа больсон үед шанална. Маш урт замыг туулж уран бүтээл бий болдог. Уран бүтээлч хүн хэдийд жаргадаг гээч, бүтээл нь дууссан цагт л жаргана. Бүтээл бий болох хугацаанд түүгээрээ өвчилдөг. Барималч хүн уран бүтээлч байхаас гадна хүнд хүчир ажил хийнэ шүү дээ. Уран бүтээлч хүнд давах даваа, амьдралын шалгуур гэж бий. Үүнийг туулж гэмээн өөрийгөө олно. Бид нэг танхимд, нэг багшаар ижилхэн хичээл заалгаж байгаа. Гэхдээ сурах явцдаа өөрийгөө олдог. Бүгд л ижилхэн реалистаас эхэлсэн. Харин суралцсаны дараа би реалист бүтээлч болох уу, эсвэл орчин үеийн урлагийн бүтээлч үү гэж өөрийгөө олдог.

-Та өөрийгөө олсон уу?

-Олсон гэж боддог. Чухам хэзээ  гэдгээ мэдэхгүй. Магадгүй намайг зөвхөн монголчууд биш, дэлхий таньдаг болсон учраас өөрийгөө олсон. Бид дэлхийн хүмүүс байх хэрэгтэй.

-Уран бүтээл бүтэхдээ их цаг хугацаа шаарддаг гэлээ. Гараас хурдан болон удаан гардаг бүтээл гэж бий биз?

-Бүтээх явц, бүтээл болгох хоёр харьцангуй ойлголт. Магадгүй нэг хүний хөргийг 30, эсвэл 10 минутын дотор хийчихэж болно. Тэр бүтээлээ хоёр жил бодсон уу, таван жил бодсон уу гэдэгт гол учир нь байгаа юм. Дотроо бүтээх үйл явцаа бодож боловсруулна гэсэн үг. Яаж хийх вэ, нарны гэрэлд аль талаасаа яаж харагдах вэ, ямар утга санааг илэрхийлэв гэхчлэн. Бодож байх хугацаандаа ч бүтээл өөрчлөгдөх тохиолдол гарна шүү дээ. Уран баримал дээр бодож, төсөөлснөөр хийж болно. Харин инстоляцийн урлаг өөр. Энэ урлаг нь байгалийн нар, салхи, ус, агаар зэрэг тухайн орчныхоо уур амьсгалаас шалтгаална.

-Уран бүтээлдээ хэр төвлөрч чаддаг вэ. Энэ бүтээлээ дутуудуулчихлаа гэж эргэлзэж, тээнэгэлзэх үе байдаг уу?

-Бүтээлээ дуусгана гэдэг нь юу бодож байна, түүнийгээ бүрэн гаргах. Зохиолоо сайн гаргачихвал дутуу бүтээл гарна гэж байхгүй шүү дээ. Уран бүтээлч хүн гэдэг маш их эрх чөлөөтэй хүн байдаг. Би зохиол хийж байна гэдэг нь эрх чөлөөтэй байна л гэсэн үг. Хүн хэдий чинээ эрх чөлөөтэй, өөрийнхөөрөө байна төдий чинээгээр сайхан бүтээл гаргана. Орчин цагт сайн бүтээл гэдэг нь өөрөө харьцангуй ойлголт болчихсон. Урлаг хөгжиж маш олон төрлөөр, олон бүтээл гарах болсон. Харин эндээс ялгарч, юугаараа онцгойрч, ямар санаа дэвшүүлэх вэ гэдэг нь чухал. Тухайн бүтээл нь нийгмийн аж байдлыг үзүүлэх гэж байна уу, философи үзүүлэх үү гэдгийг уран бүтээлчид хайдаг.

-Та Чингис хаан, Чингисийн есөн өрлөг, Буур Жамъян, То ван, Цогт тайж зэрэг олон түүхэн хүмүүсийн хөшөө бүтээсэн. Үүнээс олонх нь зураг үлдээгүй, ном, зохиол эвсэл аман хууч ярианаас үүдэлтэй дүр шүү дээ. Дүр төрхийг нь урлахдаа юунд анхаардаг вэ?

-Монгол хүний өөрийнх нь дүр гэж бий. Өргөн царайтай гэхчлэн үндсэн төрх байдаг даа. Үүнийг нь бодож, түүхийн судалгаа хийгээд л бүтээлүүдээ урласан.

-Сүүлд та “Дэгрээ” үзэсгэлэнгээ дэлгэж,  ХБНГУ-ын Бюделсдорф хотноо зохион байгуулдаг “Норд-Арт” олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнгээс дээд шагналын хүртсэн. Энэ талаараа сонирхуулбал?

-“Дэгрээ” үзэсгэлэнг 2017 онд “Тооно” галлерид анх дэлгэж байсан. Тухайн үед жижиг орон зайд дэлгэсэн учраас ганц бүтээлийн үзэсгэлэн гаргаж байв. Харин “Норд-Арт” олон улсын үзэсгэлэнд асар том цэцэрлэгт хүрээлэнд  өмнөхөөсөө хэд дахин том бүтээл гаргасан. 21x17x3.2 метр хэмжээтэй томоохон төмөр баримлын инстоляци бүтээл байсан юм.

-Та одоо ямар бүтээл дээр төвлөрч ажиллаж байна?

-Инстоляци бүтээл дээр ажиллаж байна. Үүн дундаа медиа төрөлд илүү анхаарч байгаа. Орчин үеийн уран бүтээлчдэд дэмжлэг маш их хэрэгтэй байдаг. Учир нь орчин үеийн урлагт гоёчлох, гоо сайхныг мэдрүүлэх гэсэн ойлголт байхгүй. Урлагаар дамжуулж, нийгэмд санаа дэвшүүлж байгаа хүмүүс.  Өнөөдөр би орчин үеийн урлаг гээд хонины гүзээ хийлээд тавьчихсан байна. Гэтэл бага байхаасаа би гүзээ хийлж, шар тос хийдгийг мэддэг байсан. Гэхдээ үүнийг урлаг гэж харж эхэлсэн цаг үе хэзээ вэ гэдэг нь тодорхойгүй. Би реалистаас орчин үеийн урлаг руу орохдоо бага насны дурсамжаа урлагт оруулж байна.

Хэдий энэ миний бага насны дурсамж ч гэлээ орчин үед гүзээтэй шар тосыг хүүхдүүд мэдэхээ больчихсон шүү дээ. Ахуйгаа би одоо бүтээлдээ тусгаж, нийгэм хэрхэн өөрчлөгдөж байгааг үзүүлж байна. Энэ чинь мөнөөх нүүдэлчдийн соёл шүү дээ. Урлаг гэхээр гоо сайхан гэдэг ойлголт байхаа больчихсон. Энд утга санааны илэрхийлэл байдаг болсон. Нүүдэлчдийн соёлыг би харуулахыг зорьж байгаа. Нүүдэлчин монголчууд маш эрүүл саруул байсан нь хүнсээ хадгалж, нөөцөлдөгтэй нь холбоотой байсан. Одоогийнх шиг пластик саванд ус, тос, сүү, цагаан идээгээ хадгалдаггүй байжээ. Үүнийг нь ойлгуулах гэж хичээж явна.

-Бага насны дурсамжаасаа урлагийн бүтээл хийж байгаа гэлээ. Бага нас тань хаана өнгөрсөн юм бэ?

-Би өөрөө хөдөөгийн нүүдэлчин айлын хүүхэд. Багаасаа эмээ, өвөө дээрээ өссөн. Сүхбаатар аймгийн уугуул. Хүүхэд байхаасаа үхэр, тугал хариулж, аргал хомоол түүж өслөө. Тиймээс хөдөөгийн ахуй, амьдралаа орчин үеийн урлагтай холбох гэж хичээж явна даа.

-Ярилцсанд баярлалаа.

 

 

 


 


УГЗ А.Очирболд: Магадгүй намайг зөвхөн монголчууд биш, дэлхий таньдаг болсон учраас би өөрийгөө олсон
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188