• Өнөөдөр 2024-04-24

Б.Баярцэнгэл: Бурхан гэдэг чинь бид өөрсдөө юм

2020-10-11,   2776

Зураач Б.Баярцэнгэл  өмнө нь гурван үзэсгэлэнгээ дэлгэж байсан агаад ирэх жилийн хавар шинэ үзэсгэлэнгээ гаргахаар зэхээд байна. Буддагийн дүрээр уран бүтээлээ туурвидаг түүний урлангаар зочилж, үзэсгэлэнгийн талаар, уран бүтээл, уран бүтээлчийнх нь талаар ярилцсан яриагаа хүргэж байна.  

-Шинэ үзэсгэлэнгийнхээ  бэлтгэл ажилд орсон гэж сонссон. Одоо хийж буй уран бүтээлүүдийнхээ талаар яриач?

-Шинэ үзэсгэлэнгийн бэлтгэл ажил 30 хувьтай явж байна. Өнгөрсөн өвөл хөл хорионы үед уран бүтээлдээ сайн шамдаж чадаагүй. Харин энэ өвлийг бүтээлч өнгөрөөж,  бүтээлдээ төвлөрч үлдсэн 70 хувийг бүтээнэ гэж найдаж байна.

-Хөл хорио уран бүтээлчдэд өөр өөрөөр туссан юм шиг байна. Таны хувьд хөл хорио хэрхэн нөлөөлөв?

-Карентины үеэр миний бүтээлүүдэд эм, тариа гэнэт л ороод ирсэн.  Хөл хорионоос санаа авчихав уу, яав гэж бодсон шүү. Шинэ үзэсгэлэнд эм, Буддагийн дүр хэр хослохыг мэдэхгүй байна. Энэ хоёр маань өөр салбар учир концепцын хувьд авцалдахгүй байх вий гэж бодож л байна. Нөгөө талаар бодоход сонин, сонирхолтой шийдэл ч юм шиг.

-Өмнө нь “Самади” үзэсгэлэнгээ гаргаж байсан. Энэ үзэсгэлэн өмнөх уран бүтээлээс тань юугаараа онцлог болж байна?

-Өмнөх үзэсгэлэнд зурах техник илүү ашигласан. Бараг 90 хувь нь зурах техник байсан юм. Харин одоо ажиллаж байгаа бүтээл маань 50 хувьтай материал ашиглагдаж байна. Шинээр олсон, бодсон техникээ баталж, нотлох гээд туршаад л байгаа юм.

-Таны бүтээлд Буддагийн дүр, төрх их ашигладаг. Яагаад Буддаг онцгойлж уран бүтээлээ туурвидаг юм бэ?

-Бид буддын шашин цэцэглэн хөгжсөн оронд өсөж, амьдарч байна. Манай гэр бүлийнхэн бүгд буддын шашинтай. Хүүхэд байхдаа мөргө гэхэд нь мөргөөд л, сөгд гэхэд нь сөгдөөд л явдаг нь байсан ч энэ шашин гэдэг зүйл сонин санагддаг байсан юм. Яагаад гэж асуухаар дандаа болдоггүй юм аа л гэж хариулдаг. Барьцтай хариулт авч байгаагүй юм. Нүгэл эсвэл болохгүй гэсэн учир битүүлэг хариултууд л сонсож байсан. Том болоод хүмүүстэй харилцаад ирэхэд нийгэм тэр аяараа шашин шүтлэгтэй байсан. Хамаг хайраа шашин шүтлэгт өгч байгаа юм шиг надад санагдсан юм. Би Буддагийн дүрийг хүнээр төлөөлүүлж зурсан. Будда өөрөө хүн байсан шүү дээ. Буддагийн дүрийг оролцуулж хүн зурдаг гэвэл ононо. Бусдын нүдэнд бурхан зураад байгаа юм шиг  хэр нь зурж байгаа надад хүн байгаад байгаа юм. Энэ их туйлширсан, дурласан шашных оронд хүнийг өөрийг нь тавьж, ямар нэгэн юм хэлмээр санагддаг гэх юм уу даа.

-Та гэхдээ шашин шүтдэг үү?

-Шашин шүтдэггүй. Тийм ч учраас ямар нэгэн нөлөөнд автахгүй илүү амар байдаг юм. Бүтээлээ хийхдээ “дураараа аашлаад” гэх юм уу.

- Та говь нутгийн охин. Говьд төрсөн нь миний уран бүтээлүүдэд нөлөөлдөг гэж хэлж байсан?

-Хүн болгон  төрсөн нутгаа хэзээ ч мартдаггүй. Хүүхэд насны минь дурсамж, төрсөн газар нутаг маань киноны кадр шиг л дурсагдаж байдаг. Говь нутгаас би их зүйл авсан юм шиг байгаа юм. Бүтээлүүдэд маань говь нутгийн зүйлс бага багаар илэрч байгааг анзаарсан юм. Өнгөний хувьд би маш хурц тод өнгийг ашиглаж чаддаггүй юм.

Эхэндээ би ийм зориггүй хүн юм болов уу гэхээр үгүй. Хүүхэд байхдаа авсан мэдээлэл маань миний дотор хадгалаастай, тэр нь бага багаар илэрч байдаг юм байна гэж анзаарсан юм. Говийн байгаль, дуу чимээ, шороон шуурга гээд говьд бүх зүйл байдаг. Хүнд байдаг бүх зүйл байгальд байж байдаг юм. Байгальд ойрхон өссөндөө өөрийгөө азтайд тооцдог. Ирээдүйд хийх уран бүтээлд маань том олз болох байх гэж боддог.

-Зураач болоход юу нөлөөлсөн бэ?

-Би багаасаа л зурах дуртай хүүхэд байсан. Хөдөө байхад малын яс он удаад сийрэгжихээр шохой шиг болчихоор нь амбаар саван дээр зураад явдаг, гар нь зүгээр байдаггүй хүүхэд байсан юм. Тэр “өтсөн” гарыг маань гэрийнхэн ойлгоод зургийн хэрэгсэл авч, галерейгаар дагуулж явж байв. Түүнээс илүү том бэлэг хаана байх вэ дээ. Тэгээд л зураач болох ёстой юм байна гэж шийдсэн. 1998 онд Ж.Мөнхцэцэг эгчийн үзэсгэлэнг Монголын урчуудын эвлэлд гарч байхад нь үзэж байлаа.

Одоо санахад нэг л эмэгтэй хүний нүүр яваад байсан санагддаг юм. Хүүхдийн нүдээр их сонин байсан хэр нь намайг ангайлгасан юм даа. Зургийг ийм томоор зурдаг юм байна, зургийг ингэж өлгөдөг юм байна, тэрийгээ өрөөнд гаргаад хүмүүс ирж үздэг юм байна гээд балмагдаж байсан. Тухайн үед сургуульд орох үе таараад  хичээлийн хэрэгслээ бэлдэх гээд хотод хүрч ирж байсан юм. Тэр л намайг зураач болоход нөлөөлсөн байх гэж боддог. Миний өссөн орчин зургаас хол байсан л даа.

Сумын төвийн боловсрол, аймгийн төвийн боловсрол зургаас их хол орчин л доо. Үзэсгэлэн галерей нэг ч байгаагүй. Тиймээс л зураач болох хүсэлдээ дийлдээд дүрслэх урлагийн  сургуульд орж байсан даа.

-Уран бүтээлч хүнд зайлшгүй байх ёстой зүйл, эсвэл зан гэж байдаг болов уу? Өөрийн доторх зүйлийг бусдад дэлгэж харуулахад уран бүтээлч хүнд  ямар нэгэн гоц шинж чанартай байх ёстой юу?

-Уран бүтээлч хүн авьяастай, “супер” онцгой төрсөн байх ёстой гэж боддоггүй. Уран бүтээлч хүн маш сайн хүн судлаач байх ёстой гэж боддог. Хүн чанартай, “хүн” байх ёстой. Тэгээд л боллоо. Дараа нь урлагт хэр их дурлаж байна, хэр хайртай юм, хэр их юм хийх вэ гэдэг яригдана. Мэдээж уран бүтээлч болгонд янз янзаар хөврөөд явчих байх. Маш хүнлэг байх ёстой. Уран бүтээлийн бүх сэдэв хүнд л байгаа гэж хардаг даа.

-Монголчууд Буддаг их шүтдэг шүү дээ. Жишээ нь Будда хар тамхи татаж буй энэ зураг ч юм уу, энэ сэдэв ер нь  тухайн үедээ хэр их шүүмжлэлт өртөж байв. Хүмүүсийн сэтгэлд хэр хүрсэн гэж бодож байна вэ?

-Энэ зураг маань “Finding Buddha” гэдэг нэртэй зураг. 2017 онд “Алтан бийр” үзэсгэлэнд амжиж зурж өгч байсан. Тухайд үед найз нөхдөд маань таалагдаж байсан.  Миний эргэн тойронд байгаа хүмүүс ихэнх нь энэ шашинг бүрэн ойлголгүй, өвлөөд авчихсан хүмүүс байсан юм.

Уг шашныг бид гүйцэд ойлгоогүй, бидэнд гүйцэд тайлбарлаагүй болохоор “санамсаргүй” үлдчихсэн шашин байсан. Гэтэл тэр шашныг нь бид нартай адилхан юм байна шүү дээ гэсэн санаа гаргачихаар найзуудад маань таалагдаж байсан ч шашин судлаачдын эсэргүүцэлтэй тулгарсан. Хэдэн хүн надтай утсаар шүүмж өрнүүлсэн.

Тэгэхэд уг нь айгаад болих ёстой байтал миний хийж байгаа зүйл болох юм байна гэж хүлээж авсан даа. Найз нөхдийн урмын үгээс илүү, судлаач хүмүүсийн намайг шүүмжилсэн нь илүү урам зориг өгсөн.

-Уран бүтээлүүдээ судалгаагүй хийнэ гэж үгүй  байх. Шинэ үзэсгэлэнгийнхээ ажилд ямар судалгаа хийж, өргөжүүлж байна вэ?

-Сүүлийн үед эмийг барьж аваад байна. Энэ маш том сэдэв л дээ. Би үүнийг хөндөх гэж байгаадаа бас жаахан айж байна. Хүний өвчин, зовлонг шийддэг энэ жижигхэн эмийг яаж бүтээлд болгоомжтой ашиглах вэ гэдэг тал дээр судалгаа хийж байна. Английн уран бүтээлч Дэмьен Херст гээд өдгөө 50 эргэм настай зураач байдаг. Үзэсгэлэнгийн өрөөнд шилэн савтай уусмал, уусмал доторх биетэй бодит амьдыг хамгийн анх үзэсгэлэнгийн зааланд авчирсан хүн юм. Тэрээр үүнийхээ дараа эмээр уран бүтээлүүд хийж эхэлсэн юм. Би түүний бүтээлүүдээс санаа авсан уу, би юугаараа түүний бүтээлээс өөр байх вэ гээд бодож л байна. Хүмүүс “Чи эмээр хийх гэж байгаа юм уу, чамаас өмнө эмээр уран бүтээлч юм хийчихсэн” гэж хэлж л байгаа. Миний хувьд бүтээлээ өөрөөр харж байгаа.

-Яагаад эмийг онцлох болов?

-Би нэг их олон жил амьдарч, дурсамж бүтээсэн хүн биш л дээ. Гэхдээ уг санаа дурсамжаас үүдэлтэй. Дурсамж хүний амьдралд яг эм шиг үүрэг гүйцэтгэдэг юм байна. Бид өвдөж, зовохоороо эмээ хэрэглэчихдэг гэтэл бидний хоосон чанар, зүрх сэтгэлийн гэмтэл, эмтрэх, зовлон, шаналлыг юу эмчилдэг юм бэ. Дурсамж эмчилдэг юм шиг санагдсан юм. Дурсамж их үнэ цэнэтэй зүйл юм байна, дурсамжийг бид эм тан шиг хэрэглэдэг юм байна гэдэг санаа анх орж ирж байсан. Энэ санаа маань халиад бурхан багштай учраа олоод, миний мэдлээс гарах гээд санаа зовж л байна.

-Уран бүтээлдээ та толь их хэрэглэдэг?

-Өнөөх бурхан багшийг чинь би хүн болгоод, хүнийг хүнтэй нь яриулах гээд байгаа шүү дээ. Тэр санаанд маань толь их хэрэг болсон. Толь байгаа учраас хүмүүс бүтээлийг илүү анзаардаг. Ядаж л миний зургийн хавтгай дотор өөрийнх нь дүрс тусаж, бүтээлийн нэг хэсэг болж байгаа юм. Үзэгчийн хараа зүйг нь ашиглаж маш хурдан зурагтай харилцаа тогтоох үүднээс хэрэглэсэн юм. Энэ бурхан бол чи шүү гэсэн санаа байгаа юм. Өмнөх үзэсгэлэнд нэг бүтээлдээ толь туршиж үзсэн юм. Ганцхан зураг л даа. Бүтэн арван хоног гарсан үзэсгэлэнд магтаал, шүүмжлэл бүгдийг сонссон хэр нь ганцхан зүйл дутуу санагдаад байсан юм. Гэтэл миний тольтой зурганд нэг бүсгүй уруулаа будаад, үсээ янзлаад зогсоход надад их онцгой санагдсан. Кино кадр шиг ч юм шиг. Эсвэл би тийм сонин зүйлээс таашаал авдаг хүн юм болов уу,  санаанд оромгүй зүйлээс таашаал авч л байдаг (инээв).

-Анх Буддагийн санааг яаж олж байсан юм бэ?

-Би найзынхаа аавынх нь ажил явдалд очиж байсан юм. Миний хувьд анхны очсон ажил явдал байсан. Хүмүүс гуниглаад л тэгэхэд л хүмүүс энд үхэж, зовоод гуниглаад байхад өнөөх бурхан хаана байна вэ гэж бодсон юм. Одоо ч гэсэн бурхныг хайж л явна. Бодоод байхад бурхан чинь бид өөрсдөө л юм байна лээ. Бид л бурхны талаар бодож олж, итгээд бурхан ийм гэж хөшөө баримал бариад, бурхан ийм гээд зураг зураад, бид л бурхныг бий болгосон байгаа юм.

-Бүтээлийн тань уур амьсгалын талаар яръя. Таны бүтээлийг ямар төрөлд хамаатуулж үзэх ёстой вэ?

-Миний бүтээлүүдэд поп уур амьсгал байдаг юм байна гэж анзаарсан. Поп дундаа зөөлөн өнгөтэй байхаар сонин санагдаж магадгүй л дээ. Бүтээлд маань толь болон бусад ашиглагдахуун хүч нэмдэг байх. Анхны бүтээлүүд минь шүүмжлэлт реалист хэв маягтай. Тэр хэв маяг явсаар поп руу орсон юм болов уу гэж анзаардаг. Гэхдээ үүнийг урлаг судлаачид л хэлнэ байх.

-Үзэсгэлэнгээ гаргасны дараа барьцтай шүүмж авч байсан уу?

-Би нээрэн урлаг судлаач хүнтэй нүүр тулж үзээгүй юм байна. Мэдээж зураачдаас урмын үг авч байсан. Урлаг судлаачтай уулзмаар л байна. Уг нь зайлшгүй байх ёстой мэргэжил байхгүй юу. Монголд авьяастай маш олон зураач байгаа. Маш гоё, сонирхолтой зах зээл шүү дээ. Зах зээл гэхээс илүү ажлын талбар бэлэн байна.

-Анх реалистаар зургаа эхэлж байсан хүн, поп зураг хүртэл хүний арга барил, үзэл бодол хүртэл таньж мэдсэн зүйл нөлөөлж байсан биз?

-Би их сургуулиа төгсөөд аж байдлын сэдэвтэй зураг их зурж байсан. Төгсөөд юу хийхээ мэдэхгүй хамгийн амархан нь хөдөөнийхөө түмпэн шанага, хонь ямаа, эмээ, өвөөгөө зурдаг байсан. Тэгсэн ээж гэрт хүрч ирээд “Чи чинь юу ч мэддэггүй юм байна. Энд дандаа манай гэрийн юм байх юм. Өвөөгөө зурчихсан, тогоо шанагаа бас зурчих юм, чи юу ч мэддэггүй юм байна” гэж хэлж байсан.  Тэр үед би үнэхээр юу ч мэддэггүй бил үү гэж гайхширч билээ. Онцгой хүний хэлсэн үг их амттай санагддаг юм байна лээ. Дараа нь шүүмжлэлт сэдэвтэй зургууд зурж эхэлсэн. Лениний хөшөөний урд зогссон биеэ үнэлэгчидтэй зургаа “бусдын заасан замаар” гэж социализмыг шүүмжилсэн их том нэр өгөөд л (инээв). Шүүмжлэлт сэдэвтэй зургууд явж байгаад Будда руу орсон. Будда ч гэсэн том ёгт санааг илэрхийлж байгаа. 

-Таны хувьд санаа хэрхэн олдог вэ?

Зураач хүн гэхээр уншиж, судлаач шиг сууж байх ёстой гэж багадаа боддог байсан чинь үгүй юм байна лээ. Мэдрэмжээ чагнадаг, хүмүүсийн халуун амьдрал руу хөл гараа дүрж, түүнээс цэвэр зүйлс гардаг юм байна гэж анзаарсан. Түүнээс гадна  санаанд оромгүй хүний амьдрал, найзуудынхаа ярианаас, эсвэл алхаж яваад Лениний хөшөөний урд биеэ үнэлэгчидтэй таардаг ч юм уу, олон зүйлээс санаагаа авдаг. Гудамжаар алхаж явах надад их хэрэгтэй санагдсан шүү. Алхаж байхдаа зөрж байгаа хүмүүсээсээ олон юм олж хардаг.

Ер нь санаанууд төрөх нь янз янз. Энэ зураг гэхэд ордон дотор “Candy crush” тоглож байгаа юм. Би энэ зургийг зурахын тулд нэг сар “Candy crush” тоглосон. Тэсэрдэг чихэр гарч ирж байж оноо авна. Гэтэл тэсэрдэг чихэр ордон дотор байхгүй учир энд хожилгүй, боломжгүй тоглоом тоглоод сууж байдаг гэсэн утгатай юм. Энэ хамгаалж байгаа арслангууд нь нүд нь улаан болчихсон тэсэрдэг чихэр идчихсэн байгаа юм. Ард түмэн харж байна, сонсож байна, тэсэрдэг чихэр хожлын гол түлхүүр болохоор ард түмэнд хожлын түлхүүр байгаа гэсэн үг юм.

-Өмнөх үзэсгэлэнд гарсан бүрээтэй энэ зурагт санскритээр бичсэн байсан. Энэ ямар утгатай юм бол?

-Монголчууд шашны хөгжмийн нот буюу эгшигт тэмдэглэгээг өөрсдөө зохиосон байдаг юм байна. Түүнийгээ нотлоод эгшигт тэмдэглэгээ гэж нэрлэдэг юм байна. Шашны хөгжмүүд зэмсгүүд сүртэй, сүрдмээр  ая гаргадаг даа. Түүнийг лам нар зүгээр тааруулаад дараад байдаг хэрэг биш юм билээ. Тусгай дэг жаяг, нотны дагуу явдаг. Тусдаа маань, мэгзэм яваад цохих гээд тэр чигээрээ тэмдэглэгээтэй байдаг. Энгийн үгээр хэлэхэд шашны хөгжмийн нот байгаа юм. Ингэж хөгжчихсөн, соёлтой ард түмэн зүгээр л шашиндаа улайрчихсан хэрэг биш байж. Шашныхаа хөгжмийг ноттой болгочихсон бүтээлч ард түмний үр хүүхэд нь бид байгаа юм. Бид өөрсдөө судалж, хүмүүст ойлгуулж, нээж, задалж, танилцуулж өгөх хэрэгтэй юм билээ. Бид их чухал үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүс юм байна лээ шүү дээ.

-Шинэ үзэсгэлэнд шүүмжлэлт реализм орж ирэх үү?

-Үгүй байх. Эм, Будда хоёр надад хэрхэн нийлэх нь сонин байна. Энэ хоёр маань өөрсдөө  том ёгт санааг агуулж байна. Би хөндлөнгийн хүн шиг гаднаас нь яаж учраа олохыг нь хараад л байна. Энэ бүтээлүүд үзэсгэлэнгийн зааланд орохоор хүмүүстэй учраа олоод надаас салаад яваад өгдөг шүү дээ. Хэдийгээр би өөрийн бодлоо гаргаж байгаа ч гэсэн хүнд зориулж хийж байгаа болохоор миний үзэсгэлэнг ирж үзээсэй гэж бодож байна. Тэнд бурхантай биш өөрсөдтэйгээ ярилцах жижигхэн газар байх болов уу гэж бодно. Үзэсгэлэнгийн үед надтай бүгд нээлттэй ярилцаасай гэж хүсэж байна.

 

 


Б.Баярцэнгэл: Бурхан гэдэг чинь бид өөрсдөө юм
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 12
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-12 00:49:54
    Tsagaanaa: Nzdaa amjilt husee mundag shuu
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-11 23:18:26
    Сувд: Найздаа амжилт хүсье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-11 16:38:27
    Artsy: Budda namar tsagaar havriig huleehuid
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-11 16:32:18
    art dream: cant wait till spring
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-11 16:32:17
    art dream: cant wait till spring
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-11 16:32:16
    art dream: cant wait till spring
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-11 16:04:52
    Jagermeister: Uvurmuts setgedeg hun bn
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-11 15:53:46
    nomin: ndzaa amjilt husie
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-11 15:26:22
    Zochin: Saikhan yariltslaga bn. Amjilt huseye
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-11 15:26:21
    Zochin: Saikhan yariltslaga bn. Amjilt huseye
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-11 15:26:20
    Zochin: Saikhan yariltslaga bn. Amjilt huseye
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-11 15:26:20
    Zochin: Saikhan yariltslaga bn. Amjilt huseye
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188