• Өнөөдөр 2024-05-02

УГЗ Ч.ТҮВШИН: Ц.Доржготов гуайн “Улаан орхимжны давлагаа” жүжгийг Архангай аймгийн үзэгчид л хамгийн түрүүнд үзэх эрхтэй

2021-12-27,   893

Төрийн соёрхолт зохиолч Ц.Доржготовын 80 насны ойг тохиолдуулж, Архангай аймгийн Хөгжимт драмын театрт түүний “Улаан орхимжны давлагаа” романаас сэдэвлэсэн эмгэнэлт жүжгийг үзэгчдийн хүртээл болгосон.

           “Хэр баргийн хүний барьж аваад, барж хийхээргүй” гэгддэг “Улаан орхимжны давлагаа” жүжгийн зохиолыг оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд”-ийн зургаан удаагийн шагналт, “Гэгээн муза”-гийн эзэн, зохиолч, яруу найрагч, судлаач, хэл бичгийн ухааны доктор П.Батхуяг бичиж, Урлагийн Гавьяат зүтгэлтэн Ч.Түвшин найруулсан.  Архангайн Хөгжимт драмын театрт тавигдсан “Улаан орхимжны давлагаа” жүжгийг үзсэн үзэгчид ам сайтай байгаа юм.

           Тэгвэл энэхүү жүжгийн ерөнхий найруулагч Урлагийн Гавьяат зүтгэлтэн Ч.Түвшинтэй  “Улаан орхимжны давлагаа”-ны талаар болон орон нутгийн үзэгчдийн боловсролын талаар ярилцсанаа уншигч та бүхэнд хүргэж байна.

-“УЛААН ОРХИМЖНЫ ДАВЛАГАА” ЖҮЖИГ МӨНХ БУС ЦАГ ХУГАЦААГАА ОЙЛГОХГҮЙ МӨНХ БУС ҮЗЭЛ САНААТАЙ БАЙСАН ОН ЖИЛҮҮДИЙН ТУХАЙ ӨГҮҮЛСЭН-

-Төрийн соёрхолт зохиолч Ц.Доржготовын “Улаан орхимжны давлагаа” романаас сэдэвлэсэн жүжгээ үзэгчдийн хүртээл болгосонд баяр хүргэе. Анх хэрхэн уг зохиолыг найруулах шийдвэр гаргасан талаараа манай уншигчдад ярьж өгөхгүй юү?

           -Төрийн соёрхолт зохиолч Ц.Доржготов гуайн 80 насны ой энэ жил тохиож байгаа. Ц.Доржготов гуай Монголын уран зохиолд шог, хошин дүрээрээ алдаршсан нэгэн байсан ч, “Улаан орхимжны давлагаа” эмгэнэлт романыг бичсэн. “Улаан орхимжны давлагаа” хэдий эмгэнэлт роман хэдий ч цаагуураа төр засгийг шүүмжилж, монгол хүмүүний нэгэн эмгэнэлт үеийг мартагдашгүй болгож үлдээсэн. “Улаан орхимжны давлагаа” жүжиг мөнх бус цаг хугацаагаа ойлгохгүй мөнх бус үзэл санаатай байсан он жилүүдийн тухай өгүүлсэн.

           Найруулах болсон шийдвэр гэвэл, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар болон аймгийн Соёлын хэлтэс, Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн зүгээс санал тавьсан. Би Архангай аймгийн Хөгжимт драмын театртай 2007 оноос хамтран ажиллаж байна. Тус театрт дэлхийн сонгодог жүжгээс эхлүүлээд Нобелийн шагналт жүжгийн зохиол, Уильям Шекспирын зохиолыг ч найруулан тавьж байлаа.

-“Улаан орхимжны давлагаа” жүжгийн тайзан “амилуулсан”-ы дараа төрсөн мэдрэмж юу байв?

           -Жүжгийн сүүлийн үзвэр дууссаны дараа “Улаан орхимжны давлагаа”-д хувь нэмрээ оруулсан бүх хүнийг бодсон. Бүгдэд нь баярласан. Зохиолч Ц.Доржготов, П.Батхуяг, зураач О.Баярмагнай, конструктор зураач Ч.Бямбасүрэн, хөгжмийн зохиолч Ч.Төгсбаяр болон Архангай аймгийн удирдлагууд, Хөгжимт драмын театрынханд талархал илэрхийлмээр байна. Театрын урлаг бол хамтын уран бүтээл.

-“Улаан орхимжны давлагаа” жүжгийг зөвхөн Архангай аймгийн Хөгжимт драмын театрт нээсэн нь үзэгчдийн анхаарлыг их татсан юм билээ. Яагаад ганцхан аймгийн театрыг сонгосон юм бэ?

           -Хүн бүрийн үзэл санаа өөр өөр. Гэсэн ч бид улс орон юугаараа оршин тогтнодог вэ, үнэт өв нь юу юм бэ гэдгийг дахин анзаарахгүй бол болохгүй. “Улаан орхимжны давлагаа” бол үүнийг л сануулсан зохиол.

Хүн төрөлхтөн цахим сүлжээ, мэдээллийн бүх урсгалаар дэлхийтэй харилцаж байна. Бид XXI зуунд амьдарч байж үзэгчдийн боловсролыг төвийн болон орон нутгийн гэж ялгавал дээрэлхсэн, доромжилсон болно. Тэгж болохгүй.

           Өөр нэг шалтгаан нь гэвэл “Улаан орхимжны давлагаа” зохиолын үйл явдал нь 1936-1938 онд Зая гэгээний хүрээ хийд, Эрдэнэзуу хийд гээд Архангай аймагт болж байгаа юм. Ц.Доржготов гуай ч энэ романаа нагац ахынхаа дурсгалд зориулж бичсэн байдаг. Тийм ч учраас “Улаан орхимжны давлагаа” жүжгийг Архангай аймгийн үзэгчид л хамгийн түрүүнд үзэх эрхтэй. Хэлмэгдүүлэлтийн үед Монголын айл бүрээс дор хаяж нэг хүн хэлмэгдсэн. Жүжгийн дүрүүд нь Архангай аймгийн үзэгчдийн гэр бүл, нэг хэсэг учраас л тэд хамгийн эхэнд “Улаан орхимжны давлагаа”-г өлгийдөн авах эрхтэй юм.

-Орон нутгийн театрын тайзан дээр “Улаан орхимжны давлагаа” шиг том романыг жүжиг болгон найруулж, үзэгчдэд хүргэхэд тулгарсан хүндрэл олон байсан байх?

           -Орон нутгийн театрт хүний хүрэлцээ асуудалтай. Драмын, бүжгийн, хөгжмийн группт хүний нөөц дутагдалтай байсан. Зарим үед мэргэжилтний дутагдал ч гарна. Хэдийнэ XXI зуун гараад 20 гаруй жил өнгөрч байхад бид өмнөх зууны үеийн гэрэл, тайз засалттай байсан.

           Хамгийн гол хүндрэл нь барилгын материалын үнэ нэмэгдсэнтэй холбоотой эдийн засгийн асуудал. Жишээ нь, бид 10 сая төгрөгөөр худалдан авах байсан тайзны засал, чимэглэлд хэрэгтэй материалыг 30 сая төгрөгөөр худалдаж авсан. Энэ театрынханд маш хүнд цохилт болсон ч, жүжгээ амжилттай тавьж чадсан.

 

-Нөгөө талаараа Төрийн соёрхолт зохиолч Ц.Доржготовын “Улаан орхимжны давлагаа” романыг жүжиг болгон найруулах нь найруулагчийн тань хувьд хэр том сорилт болсон бэ?

           -Би 2007 онд зохиолч Д.Энхболдбаатарын “Амьдрал чиний төлөө” жүжгийн найруулсан. “Амьдрал чиний төлөө” жүжигт мөн л хэлмэгдүүлэлтийн тухай, 1937 оны харгислалын тухай өгүүлсэн байдаг. Хэлмэгдүүлэлтийн сэдэв агуулгатай хоёр дахь бүтээл бол “Улаан орхимжны давлагаа” юм.

           Найруулагчид жүжиг болгон шинэ сорил байдаг. Би “Улаан орхимжны давлагаа” жүжгээр хүний сэтгэл, оюун санаанд юу давлагаалуулахаа л эхэлж бодсон. Бодит үнэнийг өгүүлэх үү эсвэл хүний сэтгэл ямар дүр зурагтай үлдэх эсэхэд нь анхаарах уу, цаашид яах вэ гээд л. Энэ жүжигт Архангай аймгийн Хөгжимд драмын театрын бичиг хэрэг, уран бүтээлчдээс эхлүүлээд бүх хүн маш ач холбогдолтой ажилласанд талархах нь зүйтэй.

-“Улаан орхимжны давлагаа” жүжгийг найруулахдаа үзэгчид юуг ойлгоосой гэж, нийгэмд юу ойлгуулахыг хүссэн бэ. Зохиолын үзэл санаа, хэлмэгдүүлэлтийн үеийн зангилааг тийм ч амар тайлаагүй байх?

           -Монголчууд бид их хөөрүү, хийрхдэг улс. Хувьсгалын хөшөөний дэргэд очиж, цэцэг тавиад л байдаг болохоос хэлмэгдүүлэлт сүргийг удирдах муйхар арга байсныг мартчихсан. Нөгөөтээгүүр хэлмэгдүүлэлт цаг мөч бүхэнд байдаг.  Харин бид дахин ийм аюулаас сэргийлэхийн тулд, хоморголон устгах хэлмэгдүүлэлтийг бүү мартаасай, энэ алдааг дахин битгий гаргаасай гэсэндээ энэ жүжгийг найруулсан.

-“Айл бүрээс дор хаяж нэг хүн хэлмэгдсэн” гэж хэлсэн. Таны бодлоор хэлмэгдүүлэлтийн үед хамгийн их хагацал, харуусал үзсэн нь архангайчууд гэж ойлгож болох уу?

           -Хэлмэгдүүлэлтийн үед Монгол Улс 600 мянга гаруй л хүн амтай байсан. Тоон баримтаас үзэхэд 20 мянга гаруй хүнийг өчиггүй буудан хөнөөсөн байдаг. Тэгж явсаар 50 мянган хүн хэлмэгдсэн тооцоолол ч бий. Тэр дунд Алтан ургийн, тайз гаралтай, гаднын өндөр хөгжилтэй орнуудад боловсрол эзэмшсэн сэхээтнүүд, уламжлалт шашны зүтгэлтнүүдийг хоморголон устгасан. Ялангуяа буриад ястнуудыг бүр ч их устгасан. Ингээд харахад Монголыг сэхээтнүүдээс нь, толгойноос нь эхэлж устгасан байгаа юм. Тухайн үед айл болгоноос л нэг шашны зүтгэлтэн байж.

Одоогийн Архангай аймгийн хогийн цэг байгаа газарт 500 ламыг буудаж, цус нь үерлэж, цусан гол урсаж байсан гэдэг юм. Түүнийг мартуулахын тулд тэр газар хог овоолж, хогийн цэг болгосон юм билээ.

           Манай удмаас л гэхэд аавын талын минь хоёр том лам тухайн үеийн Түшээт хан аймгаас хойш ачигдаж яваад эргэж ирээгүй гэдэг. Эмээгийн минь эгч ч улааныханд хорлогдож амиа алдсан.

 

-Та Төрийн соёрхолт зохиолч Ц.Доржготовтой уран бүтээлчийнхээ хувиар уулзалдаж байв уу. Хэрэв тийм бол Ц.Доржготов гуайтай уулзсан, ярилцсан дурсамжаасаа манай уншигчидтай хуваалцахгүй юу?

           -Би Ц.Доржготов гуайтай хувь уран бүтээлчийнхээ хувьд бараг л уулзаж байгаагүй гэж хэлж болно. Ц.Доржготов гуай аавын минь сайн найз байсан. Гэрт ирээд л аавтай их л ярьж хөөрдөг байлаа. Би ч жаахан хүүхэд байсан. Юу гэж томчуудын ярианд оролцох вэ дээ.

           Би Ц.Доржготов гуайн бүх зохиол, өгүүллэгийн уншсан. Тэдний дундаас хамгийн сайн гэж бодсон нь “Тэнгэр дуугарахын өмнө”. Миний хувьд Ц.Доржготов гуайг ховор оюун ухаан байдаг гэдгийг нотолсон хүн гэж боддог. Харин одоо бодоход Ц.Доржготов гуай коммунизм, социализмыг их үздэггүй хүн байсан шиг санагддаг.

           “Улаан орхимжны давлагаа” роман ч ламаизм, коммунизмаас татгалзаж, энэ хоёрын дундаас мөнхөд үлдэх ганц зүйл нь хүний хайр гэдгийг ойлгуулах гэсэн зохиол. Харин миний хувьд тэр хайрыг нь алдчихгүйхэн шиг гол шугамаа болгож жүжгийг нь найруулахыг хичээсэн.

-Дахин нэг хувь тохиолоор Ц.Доржготов гуайн зохиолыг дахин найруулж, тайзны бүтээл болгох өдөр ирнэ байх гэж найдаж байна. Хэзээ нэг цагт тэр өдөр ирэхэд бэлтгэлтэй байгаа юу?

           -Яг хэзээ, хаана гэдгийг нь мэдэхгүй ч итгэж байна. Цаг хугацаа бүрдэх үе гэж бий. Төрхөө олоогүй уран бүтээлийг барьж аваад “Би үүнийг хийнэ” гэвэл хэтийдсэн хэрэг. Би Ц.Доржготов бүтээлүүдээс бодоод л явж байгаа. Бодсоор явтал нэг л өдөр үзэл санааг нь илэрхийлэх утга, харах өнцөг, өнөөгийн үзэгчдэд хэрэгтэй эсэх зэрэг бүх асуултын хариултаа авч чадна.

-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа. Цаашдын уран бүтээлд тань амжилт хүсье.

         -Баярлалаа.

УДЭТ мэргэжлийн ууган байгууллагын хувьд хөдөө, орон нутгын театр, чуулгуудтай нягт хамтран ажилладаг. Энэ хүрээнд Архангай аймагт "Улаан орхимжны давлагаа" жүжиг тавигдаж найруулагчаар миний бие, Завхан аймагт " Жангар" хүүхдэд зориулсан уран бүтээлийг амилуулахад найруулагч Э.Ёндоншарав ажиллаж байгаа юм. Хамтран ажиллах нөхцөл бололцоогоор хангасан УДЭТ-ынхаа хамт олонд талархаж буйгаа илэрхийлмээр байна.


 

 


УГЗ Ч.ТҮВШИН: Ц.Доржготов гуайн “Улаан орхимжны давлагаа” жүжгийг Архангай аймгийн үзэгчид л хамгийн түрүүнд үзэх эрхтэй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-12-27 13:09:16
    Равдан гуай: БИЕЭЭ ИХЭД БОДОЖ БЭТЭГЭЭ ЦАТГАЛАНД БОДНОО ГЭЖ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-12-27 12:15:10
    Зочин: Энэ романыг монголын радиогоор Равдан гуай уншдаг. Дахин давтан давтан явуулах юмаа. Одоо болимоор юм. Сонссоор байгаад бүр цээжилсэн шүү. Сайхан роман байна лээ. Гэхдээ радиогийн хамт олон минь өөр шинэ ном роман сонсговол таатай байх болно. Радиогоор явуулсан нэвтрүүлэгээ дахин давтан явуулдагийг сонссоор залхаж байна шүү. Өөрчлөлт шинэчлэлтийг хүсч байна шүү сонсогчид нь.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188