• Өнөөдөр 2024-04-27

Хамгийн “аз жаргалтай” яруу найрагч

2021-11-16,   1556

Тэр “Чи энэ дэлхийн хамгийн дуугүй хүнээс яриа аваад байна шүү дээ” гэж хэд хэдэн удаа ярианыхаа дундуур сануулж хэлсэн юм. Тэр гэдэг нь “Уран бүтээлчийн цаг” булангийн маань ээлжит зочин залуу яруу найрагч Г.Барсболд.

Г.Барсболд анхны яруу найргийн “Ялагдал” түүврээ хэвлүүлснээс хойш хэсэг хугацаанд уншигчидтай шинэ бүтээлээрээ учраагүй ч, чимээгүйхэн явсаар саяхан “Өгөөмөр харцанд тань” нэртэй шинэ номоо өлгийдсөн билээ.

-СҮҮЛИЙН НОМОО ӨВӨӨГИЙНХӨӨ ДУРСГАЛД ЗОРИУЛЖ, “ӨГӨӨМӨР ХАРЦАНД ТАНЬ” ГЭЖ НЭРЛЭСЭН-

-Хэд хэдэн Болор цомын эзэн, том зохиолчид оролцсон “Ярууслын чуулган” яруу найргийн наадамд оролцож гуравдугаар байр эзэлсэнд баяр хүргэе. Уншиж, үлгэр дуурайл авч өссөн яруу найрагч, зохиолчидтойгоо нэгэн тайзан дээр гарч, шүлэг уншаад дээгүүр байр эзлэх ямар санагддаг юм байна вэ?

          -Тайзны яруу найраг хэзээд л хэл амтай байдаг даа. Яах вэ, олонх хүн “Жаран чавганц уралдахад нэг нь түрүүлэх”-ийн адилаар хүлээн авч байгаа ч, нэг хэсэг нь буруушааж л хүлээн авч байна. Гэхдээ би өөрөө оролцсон хүнийхээ хувьд “Ярууслын чуулган” гэж наадмыг буруушаахгүй, бас нөгөө талаар зөвтгөхгүй.

          Би оюутан байхдаа яруу найргийн уралдаан (уралцаан)-д оролцоод явж байхад нэг ах маань “Наадам нь яах вэ ингэсгээд л өнгөрдөг юм. Мөнгө нь уран бүтээлчид хэрэгтэй” гэж хэлж байсан нь санагдаж байна.

-Тэгэхээр уран бүтээлчдийг тусалж, дэмжих ёстой гэж ойлгож болох уу. Гаднын зарим нь орон уран бүтээлчийнхээ бүтээлийг нь дэмжихийн тулд мөнгөн тусламж олгож эхэлсэн байна лээ. Гэхдээ зарим зохиолчийн хэлдгээр баян, цатгалан, бүх зүйл нь бэлэн байхаар сайн уран бүтээл гардаггүй гэх. Таны бодлоор уран бүтээлчид тусламж, дэмжлэг хэр их хэрэгтэй вэ?

          -Яг үнэндээ тусламж, дэмжлэг аваад амьдарч байгаа ахуйгаа амархан болгочих юм бол зохиолууд нь нэг талаа барьж, агуулгаа танадаг болчихдог юм шиг санагддаг. Гэхдээ улс орон нь уран бүтээлчдээ хараандаа авч, дэмжиж байж л улс орон нь ч, урлаг нь ч тэр хөгжинө гэж боддог доо.

-Шинэ номоо нийтэд зарлалгүй, чимээгүй байсаар л гэнэт гаргасан юм билээ. Хэнд ч мэдэгдүүлээгүй “нууц” шүлгүүдтэй “Өгөөмөр харцанд тань” нэртэй шинэ номоо гаргахын тулд чимээгүй суух учир байсан байх?

          -Саяхан өвөө минь тэнгэрийн оронд одсон юм. Сүүлийн номоо өвөөгийнхөө дурсгалд зориулж, “Өгөөмөр харцанд тань” гэж нэрлэсэн.

          Эмээ минь “Амь зуух гэдэг алалцахтай адил” гэж хэлдэг байсан л даа. Ахуйтай ноцолдоод ирэхээрээ хүн уран бүтээлээс холддог л юм билээ л дээ. Гэхдээ өөртөө цаг, зав гаргаж болох цар тахлын хоёр жилийн хугацаанд зүгээр л хий дэмий суусан. Бичгийн хүн завтай байгаад байхаараа бичдэггүй юм билээ.

-Завгүй цаг хугацаанаасаа зав гаргаж бичсэн шүлгүүдээ эмхтгэж, “Өгөөмөр харцанд тань” номоо бүтээжээ. Тийм үү?

          -Өөрийгөө завгүй байлгаж, өдрийн турш ажиллаж, шөнийн турш сууж, бичихээр л юм гараад байх шиг.  “Өгөөмөр харцанд тань” номон доторх шүлгүүд бол миний өөрийн сэтгэл дэх гунигт тал нутаг, гунигт би гээд л гунигтай шүлгүүдээр дүүрэн ном.

          Хүмүүс гуниг, шаналал хоёрыг холиод байдаг шиг санагддаг. Миний бодлоо гунигтай шүлэг, шаналалтай шүлэг гэж хоёр өөр бий. Гэхдээ би ч энэ хоёрыгоо хольдог. Гэсэн хэдий ч энэ удаад шаналалаа дарахыг хичээсэн.

-Шаналалаа юугаар дарж байсан гэж вэ?

          -Хүн уйтгар гунигаа ахуйгаар дарна гэж байдаггүй юм билээ. Би зэн буддизмаар л дарах гэж үзсэн. ӨМӨЗО-ны Хөххотод мэргэжил дээшлүүлэх гээд сурч байх хугацаандаа зэнгийн талаар өөрийн чадахаараа уншиж, судалсан. Магад би тэр цагаас хойш л бусдаас илүү дуугаа хурааж, чимээгүй суух болсон байх. Түүнээс хойш завтай байгаад ч, дотроос оргилох гээд байдаг зүйл маань гадагш гарах хүсэлгүй болсон юм.

          Би ахуйд их шаналдаг. Харин зэн буддизм миний ахуйг дарж өгсөн. Зэн буддизмд “Юу ч битгий тоо” гэсэн зарчим байдаг. Харин яагаад юмсыг үл тоож, тоохгүй байгаан шалтгааныг олохдоо хүн гэгээрнэ гэдэг. Магад энэ дагуу бүхнийг үл тоож, гэртээ бүгсэн.

-Бүхнийг тоохоо болихоороо ахуйдаа дарагдаж байсан хүн ахуйгаа ч гэсэн тоохоо больчих юм биш үү?

          -Үнэндээ бол миний амьдралын ахуйг гэр бүлийн хүн маань авч явсан даа. Сайн ханьтай учирсан тулдаа л ахуйгаас зайлж, бүхнийг тоолгүйгээр ажиглаж сууж чадсан. Гэхдээ чимээгүй сууна гэхээс би амьдралынхаа туршид тийм ч их чимээ тариад явснаа санахгүй байна. Энд тэнд номоо гаргалаа гэж рекламдаад, Болор цом энэ тэр шиг яруу найргийн наадамд оролцож, тэнцээд түүнийгээ зарлаад яваагүй. Бүхий л цагт чимээгүй байхыг илүүд үзсэн. Магад чи энэ дэлхийн хамгийн их дуугаа хураадаг, чимээгүй суудаг хүнээс яриа аваад байна шүү дээ (инээв).

 

-ЯДУУ АМЬДРАХ ҮНЭХЭЭР ГУНИГТАЙ-

-Дуугаа хураах, чимээгүй суудаг болсон талаар нь яривал бага насны дурсамжаас тань эхлэх байх?

          -Би айлын ганц хүү байсан юм. Маш их эрх, дураараа өссөн. Намайг хүмүүс багадаа их ярьдаг хүүхэд байсан гэлцдэг. Би өөрөө санадаггүй юм. Ингээд бодохоор ухаан ортлоо, юмсыг санадаг болтлоо чимээтэй байсан юм шиг.

          Багаас л аав маань чимээгүй, түвшин хүн байсан юм. Аавыг тамхиа татан чимээгүй суухыг нь харах гоё санагдаад “Юу боддог бол оо” л гэж бодож байсан.

          Би өвөө, эмээ дээрээ өссөн л дөө. Миний аавын аав ч бас л аавтай адил чимээгүй хүн байлаа. Хаа нэг хүн орж ирэхээр ярьсан яриаг нь л дагуулаад яриад сууж байдаг өөрөө барагтай л бол дуугараад байдаггүй. Тийм зүйлийг харж, үлгэрлэсэн хүүхэд мөн л адил чимээгүй, тогтвортой суудаг болчихсон. Тэгж явсаар оюутан болсон. Оюутан болсны дараа хүмүүстэй ярья гэхээр ярилцах сэдэв байхгүй эсвэл ярилцах хүнээ олдоггүй байсан. Аав, өвөөгөө харж өссөн хүү чинь олны дунд орохоороо хэнтэй, юу гэж ярилцаж, харилцахаасаа ч мэдэхээ больчихдог юм билээ.

          Тэгээд олныг харж, ажиглаад “Би хэнтэй нь ярилцвал болох вэ” гэсэн асуултыг өөртөө тавиад бужигнаан дууссаны дараа нэг хүнтэй л харц тулгарч ярилцдаг болсон байсан. Харин гэр бүлтэй болоод л аав, өвөөгөө ойлгосон доо.

-Тэгээд чимээгүй суухын учир нь юу байсан юм бол?

-Чимээгүй суугаа хамгийн тайван, хамгийн аз жаргалтай байсан юм. Одоо бодоход миний аав хамгийн аз жаргалтай үедээ л чимээгүй сууж байсан байх.

-Тэгвэл таны чимээгүй байх тань амар тайван байдал, аз жаргалаа илтгэдэг гэж ойлгож болох уу?

          -Миний хувьд л тийм. Чимээгүй байж, бусдыг ажиглаад суух нь миний хувьд хамгийн аз жаргалтай зүйл. Олон зүйл ярья гэсэн ч яахын аргагүй сэдэв олддоггүй гэх юм уу даа.

-Өвөрхангайн нэгэн буйдхан сууринд торнисон бага насныхаа талаар ярихгүй юу. Өвөөтэйгөө их дотно өссөн байх?

          -Өвөө, эмээ дээрээ өссөн гэхээсээ илүүтэй суудаг байсан гэж хэлж байна. Ерөнхий боловсролын сургуулийн таван өдрийн хичээлийн турш өвөө, эмээ дэрээ амралтын хоёр өдөр хөдөө гэртээ очдог байсан.

          Багадаа шүлэг гэхээсээ илүүтэй шатар тоглодог байсан юм. Зургадугаар ангид байхдаа анх өвөөтэйгөө хамт шатар тоглож эхэлж байлаа. Өвөө маань “Дахан дор эр, даахин дор хүлэг бий” гээд надтай шатар тоглох эхэлсэн. Эхний хэдэн жилийн турш өвөөгөө хожиж чадаагүй ээ. Түүнээс хойш таван жилийн дараа өвөөгөө хождог болоод, улсын тэмцээнд явж эхний таван байрт орж л байсан. Тэр үед өвөө маань надад хандаж юм хэлээгүй ч харцнаас нь л “Миний хүү одоо л чадна даа” гэхийг нь сонсоод урамшиж байлаа. Тэгэхэд өвөөгийн маань хараа нэлээн муу болоод ч тэр юм уу намайг хожихоо больчихсон байсан.

-Өвөөгийн тань харц их танил дотно үлдсэн болохоор номоо “Өгөөмөр харцанд тань” гэж нэрлэв үү. Ер нь өвөөдөө зориулж шүлэг бичиж байв уу?

          -Би өвөөдөө шүлэг бичиж байгаагүй. Сэдэв хөөж бичилгүй орж ирснээ л бичдэг хайнга хүн болохоор одоог хүртэл надад өвөөдөө зориулсан шүлэг байдаггүй байх. Нэгэн цагт өвөөгөө санан дурсаж, түүнээс дахин шинэ мэдрэмж олбол шүлэг бичих л байх. Миний өвөө надад харцаараа их өгөөмөр хүн байсан. Өвөөгөө тэр харцаар нь л төлөөлж, санан дурсаж явах байх даа.

-Та нэгэн шүлэгтээ

“Айлын ганц эрх хүү өссөн

Амьтан хүний харцан дор

Адлуулж өссөн” гэж өгүүлж байсан. Айлын ганц хүүхэд болгон бага насны тухайдаа хөндүүр дурсамжтай өсдөг шиг...?

          -Намайг хүмүүс айлын ганц гээд эрх гэж боддог. Уг нь бол намайг тийм ч эрх өсгөөгүй л дээ. Гэхдээ бусад хүнд айлын ганц хүү гэдэг талаараа л харагддаг байсан байх.

          Үнэндээ бол ганц хүүхэд ганцаардаж өсдөг. Хань ижил, хамт тоглох хүүхэд хайж өссөн. Бага наснаасаа л ганцаардаж өссөн болохоор ганцаардалдаа дуртай. Гунигт дассан хүн юм болов уу.

          Бага байхад минь намайг гунигтай болгосон зүйлсийн нэг бол Виктор Гюгогийн “Шоовдор хүмүүс” зохиол байсан. Тухайн үед нэгдүгээр ангийн хүүхдэд хүнд нөлөөлсөн. Би түүнээс хойш дахиж уншаагүй. Бүх зүйлс мартагдашгүй. “Шоовдор хүмүүс” дээр юу хамгийн гунигтай байсан бэ гэхлээр, ядуу амьдрах үнэхээр гунигтай.

-Гэхдээ гэр бүлтэй хүн юу юунаас илүү баян гэдэг...

          -Би чинь нэг ядруухан сумын төв дээр, ядруухан өссөн хүүхэд шүү дээ. Би ядуу байх илүү гунигтай юу, баян байх илүү гунигтай юу гэдгийг мэдэхгүй юм. Гэхдээ ядуу байх үнэхээр гунигтай.

          Хүмүүсийн ярьдаг гэгээн гуниг гэдэг зүйлийг анзаараад байхад зөвхөн сэхээтэн айлд өссөн хүүхдэд л тийм гуниг байх шиг. Харин би сэхээтэн айл бус, малчин айлд өссөн. Тийм ч учраас би ахуйтай илүү ойр байсан. Ахуйтай ойр байснаас олж авсан өөр нэг зүйл нь тал нутаг байсан.

Д.Батбаяр гуайн нэг шүлэгт

“Эзгүй цагаан талд

Эхээс төрөөд би

Ийм их гуниг үзлүү” гэсэн байдаг юм.

 Д.Батбаяр гуайн энэ шүлгийг уншаад “Би хэзээ ч тал нутгаа мартахгүй” гэж бодож байсан. Гэхдээ саяхныг хүртэл надад тал нутагт эргэж очмооргүй санагддаг байлаа. Харин одоо бол буцаад очмоор байна.

-Яагаад тал нутагтаа эргэж очихгүй байхаар шийдэж байсан юм бэ?

          -Тал нутгаа бодохоор уйтгар гуниг бодогддог. Эргэж очъё гэхээр би тэнд байх ёсгүй юм шиг санагддаг. Тал нутагт ганцаардаад сурсан хүмүүс байх юм шиг санагдаад салдаггүй. Айл бүр өөр өөрийнхөө хийхийг хийж, болгохдоо болгож, болохгүйдээ болохгүй байсаар дассан.

          Харин одоо бол би ганцаардалдаа дасаж, чимээгүй байгаагаа ойлгоод л эргэж очмоор санагддаг болсон. Гэнэт л хөдөө гараад малчин болчихсон байвал битгий гайхаарай (инээв).

-Зохиолч, яруу найрагч, бичгийн хүн болгон “дутуугийн мэдрэмж”-тэй байдаг бололтой гэж бодлоо. Зөв үү?

          -Миний амьдралыг хамгийн ихээр өөрчилсөн зүйл бол зэн буддизм. Түүнээс хойш би яруу найргаар амьдрах бус, гэгээрэхийг хүсдэг болсон. Гэгээрсэн нэгэн гэхээсээ илүүтэй архад болохыг хүссэн. Архад гэдэг нь эгэл амьдрал, ахуйгаас өсөн өндийж гэгээрэлд хүрсэн нэгнийг хэлж байгаа юм.

-Гэгээрэлд хүрч, архад болохын тулд юуг хийхээр зориглож байсан юм бэ?

          -Оюутан байхаасаа л яруу найраг урлаг тал руу чиглэж байвал агуулга нь зэн буддизм руу дөхөж байгааг мэдсэн гэх үү дээ. Урлаг өөрийгөө даагаад ирэхээрээ ахуйгаас холддог. Ахуйгаасаа холдох тусам л зэн рүү дөхөж байгаа юм. Тэр цагаас л би “Хүнд болсон, болоогүй гэж хэлүүлэх нь хамаагүй өөрийн чадахаараа, өөрийн хэмжээнд бичээд л явж байя” гэж бодсон.

          Анх оюутан болохдоо ШУТИС-д газрын тосны инженер мэргэжлээр элссэн. Гэхдээ инженерээрээ сурч, ажилласан бол ахуйгаасаа салахгүй явчих шиг санагдаад хэлтэйгээ арай ойр байя гэсэндээ МУБИС-ийн хэл, уран зохиолын багшийн ангид орсон юм. Тэгэхээр намайг ахуйгаас татаж гаргасан зүйл нь яруу найраг бус, зэн буддизм л болж таарч байна.

-Ахуйгаасаа хэчнээн холдож, зугтахыг хүсээд зугтаж чадна гэж үү?

          -Ахуйгаасаа холдохыг хэр их хүсэх тусам, төдий чинээ ахуйтайгаа зууралддаг юм билээ. Харин миний хувьд нэг өдрийн амьдралынхаа турш энэ ахуйг барж дуусгах гэж улайрсны дараа өчүүхэн цаг, зав гарч байгаа нь л наддаа зэн болоод байгаа юм. Өдрийн ажлаа дуусгаж, оройдоо хариад хоолоо идэж, эхнэр, хүүхдээ унтуулж, маргаашийнхаа ажлыг төлөвлөж дууссаныхаа дараа хэсэгхэн хугацаанд амарч, тамхи татах үе л надад зэн буддизм.

 

-БИ ЗОВЛОНДОО ХЭТ ИХ ХАЙРТАЙ Л ХҮН БАЙХ-

-Уншигчид таны шүлгүүдийг зэн буддизм, гэгээрлийг хүссэн гэхээсээ илүү ахуйтай гэдэг юм билээ. Зэн рүү ойртохыг хүссэн ч, ахуйгаа бүтээж байгаа юм биш үү?

          -Утга нь ахуй байж болно л доо. Гэхдээ одоо цагаараа зэнд биш л гэж боддог. Шаналан юм уу даа.

-Яруу найрагч Д.Эрдэнэзулай нэг шүлэгтээ

“Аж төрөхүйн түмэн зовлон юу ч биш

Ахуйгаас үүдсэн мянган гуниг, гуниг биш” гэж бичсэн санаанд орж байна. Ахуйн шаналан, шаналан биш байх боломжтой юу?

          -Хүн ахуйгаас холдохыг хүсэхээрээ байгальд илүү ойртдог. Байгальд ойртохоороо гоо үзэсгэлэнг олж харна. Навч унахыг харах, навч унахыг л харж байгаа хэрэг шүү дээ. Гэтэл навч унахыг хачин гоо үзэсгэлэнтэй харвал яах вэ. Миний хувьд тэр мэдрэмж бол ахуйн эсрэг тал. Гэхдээ ахуйд дарагдаж, баригдахгүй гэсэндээ ахуйгаасаа зайлж бичиж байгаа ч, үнэн хэрэгтээ ахуйтай холбоотой л болж таарна л даа. Амьдралд ахуйгаас ангид зүйл гэж үгүй.

-Ахуйгаасаа оргон зайлахыг хүсэх нь ч гэсэн амьдралаас зутгахыг хүссэнтэй адил гэж ойлголоо?

          -Хөдөө сурдаг байхад нэг өрөөнд байсан ах маань жинхэнэ амьдралтай хүн байсан. Гэр бүлтэй, гэр бүлдээ цаг хугацаа гаргаж, зориулж чаддаг нэгэн.

          Гэтэл би хүний тухай бодож үзээгүй хэрнээ зэн, гүн ухаан, амьдралын талаар бодоод байдаг. Би нэг өрөөнд байсан ахаасаа тэвчээрийг сурсан. Хүнийг ажиглаж сурсан.

          Тэгээд ажиглаад байхад миний эргэн тойрон дахь хүмүүс нийгмээс залхсан, зэрлэг байгалийн дуудлагаар явах хүсэлтэй ахуйгаас залхсан хүмүүс байх юм. Гэхдээ хүн ахуйгаасаа холдох юм эргээд л байгаль нь зэрлэгшүүлчихнэ.

-Таны хэлсэн шиг та ч гэсэн “Зэрлэг байгалийн дуудлагаараа” шүлэг бичдэг юм болов уу?

-Би яагаад шүлэг бичдэг талаар өмнө нь ерөөсөө бодож байгаагүй юм байна. Харин ингээд бодоход “Би зүгээр л бичмээр санагддаг болохоор бичдэг”. Өөр юу ч үгүй.

-Гуниг, шаналалаа тээж, шүлэг бичих ч, дуугүй хүлцэхдээ хамгийн аз жаргалтай хүн болдог талаараа ярьсан шүү дээ. Энэ бүгдээс таныг “Хамгийн аз жаргалтай яруу найрагч” гэж нэрлэж болмоор шиг санагдлаа?

          -Би зовлондоо хэт их хайртай л хүн байх. Тийм ч учраас надад бусад хүмүүстэй харьцуулахад миний биеийг зовоогоод, намайг дарлаад байдаг зовлон үгүй. Яах вэ, би маш их гутранги хүн байх л даа. Амьдралыг тоолгүй амьдарч байж болох ч, эсрэгээрээ би амьдралд хэтэрхий их хайртай хүн.

          Би амьдралаа зовлон гэж боддоггүй. Энэ бол байх л ёстой ахуй гэж боддог хэрнээ зарим үед би энэ хорвоо, ертөнц дээрх хамгийн азгүй хүн шиг санагддаг. Бүх юм, бүр бүх зүйлст өөрийгөө хамгийн бүтэлгүй хүн шиг санадаг. Харин нөгөөтээгүүр дуугаа хурааж, чимээгүй байхдаа хамгийн аз жаргалтай байж чаддаг. Энэ дэвэн дэлхийн үлэмж бүхнээс өчүүхэн тоос, тоосонцор хүртэл бодож суухдаа хамгийн аз жаргалтай байдаг.

-Уран бүтээлч, багшийн мэргэжил хоёр ч гэсэн нэг юмны хоёр тал шиг. Хоёуланг нь зэрэг болгоод бүтээе гэхээр асуудал ч их тулгардаг тухай тань сонслоо. Энэ их хугацаанд уран бүтээлээсээ илүү багшийн мэргэжлээ чухалчилж байгаа юм шиг санагдсан?

          -Одоо бол би багш л болж байна даа. Гэхдээ би багш мэргэжилдээ талархаж явдаг. Яагаад вэ гэхлээр, намайг өнөөгийн нийгэмд ёс зүйгээрээ, хийж буй үйлээрээ ч хамгийн төлөв, төвшин хүн байлгадаг. Миний үг, үйлдэл буруу байвал миний ард намайг дуурайх хэдэн зуун хүүхэд байгаа. Би тэдгээр хүүхдэд буруу үг, үйл дадуулж болохгүй. Ингээд харахаар нийгмийн хэмжээндээ надад сэхээтний үүрэг өгч байгаа багш мэргэжилдээ талархахаас өөр аргагүй.

          Нөгөөтээгүүр уран бүтээл талаасаа гэвэл ажлын ачаалал, цаг зав надад тээр, дараа болдог. Гэхдээ сүүлийн үед уран бүтээл гэхээсээ илүү мэргэжилдээ л илүү их анхаарлаа төвлөрүүлж байна. Сайн багш болохын тулд урт, удаан хугацаа хэрэгтэй. Сайн багш болохгүй юм аа гэхэд, нийгмийн байр суурьт л бат зогсъё гэсэн бодолтой байна. Харин цаашид шүлэг бичих эсэхээ мэдэхгүй юм. Уран бүтээлийн чиг баримжаа биш юмаа гэхэд бусад зохиолчийг унших дадлаа алдахгүй байя л гэж бодож байгаа.

-“Цаашид шүлэг бичих эсэхээ мэдэхгүй юм” гэлээ. Шүлэг бичихээ больж байгаа юм уу аль эсвэл би буруу ойлгов уу?

          -Нэг л өдөр шүлэг бичмээргүй санагдвал би дахиж хэзээ ч бичихгүй. Өөрийгөө албадахгүй. Харин бичсээр байсан ч гэсэн хөгширвөл хэн нэгний дурсамжийг мартаж бичихгүй, яруу найргийн тэмцээнд орохгүй гэж боддог.

-Таны хувьд яруу найрагч гэж хэнийг хэлэх вэ. Нэгэн шүлэгтээ

“Яруу найрагчаа. Азгүй амьтан минь.

Амьдарч эхэлснээс хойш

Амрах эрхгүй хоёр гар чинь

Хэдийд нь шүлэг бичих вэ гэж байлаа. Таны төсөөлөлд яруу найрагч хүн хэзээд “азгүй амьтан” байдаг юм уу?

          -Би Монголд төрсөн зохиолчдыг азгүй амьтад гэж боддог. Яах вэ, азтай, азгүйн шалгуур нь хүн болгонд өөр байх л даа. Надад бол өдөр нь ахуйгаар амьдарч, шөнө нь л өөрийнхөө мөрөөдлөөр амьдарч байгаа, зарим нь дан зохиолоороо амьдралаа бүтээх гэж ядарч яваа Монгол зохиолчдыг бодохоор харамсмаар, халагламаар санагддаг. Гэхдээ хүн зовлондоо хайртай шүү дээ.

 


Хамгийн “аз жаргалтай” яруу найрагч
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188