• Өнөөдөр 2024-04-25

ЖАМЫН ЗАМААР ДУРСАМЖ БҮТЭЭГЧ БА О.ЦЭНД-АЮУШ

2021-11-08,   1616

-ТҮҮНИЙ МӨН ЧАНАР НЬ “ГОМДОЖ ҮЗЭЭГҮЙ ЮМ ШИГ АМЬДРАХ” ГЭХДЭЭ ТЭР БУСДЫГ “ТАС ЧАМАЙГ ТАСЧИХ БОЛТУГАЙ” ГЭЖ ЕРӨӨДӨГ-

         Монголын утга зохиол, яруу найргийн ертөнцийн энэ цаг үеийн гэрэлт бамбарыг өргөн түүчээлж яваа 30 гаруй насны залуусын цөөнгүй нь уран бүтээлийн хувьд “нас бие”-д хүрч байна. Ийн “нас бие”-д хүрсэнд албан ёсоор тооцогдох хүн бол хэдхэн хоногийн өмнө өгүүллэгийн анхны номоо өлгийдсөн яруу найрагч, Болор цомын эзэн О.Цэнд-Аюуш юм. Яруу найрагт дуртай түмэн олон түүнийг аргадсан, аливаа бүхнээс ухаарал, энэрэлийг эрсэн шүлгүүдээ тайзан дээр хэлж зогссоноор нь таньдаг болоод арваад жил өнгөрч байгаа бол яг энэ он тооллоос үргэлжилсэн үгийн эрэлд бэдрэн явагч, өгүүллэг бичигч О.Цэнд-Аюуш боллоо. Өгүүллэгийн мастеруудын хувьд тэр өнөөдөр отгон нь ч он цагийн дараа сэтгэлгээний гэгээнийг түгээн дэлгэрүүлэгч болсон байх нь дамжиггүй ээ. Аливаа үндэстний, ер нь хүн төрөлхтний мөнхийн сэдэв бол жам ёс билээ. Жамаас дээгүүр, жамын тойргоос гадуур нэгээхэн ч хүн ертөнцөд үгүйн адил уран зохиол оролдогч, бичигч бүхний тулах нэгэн цэг нь жамыг өөрийн өнцгөөр, ухаарал сэхээрлээр өгүүлэх байдаг байх. Миний хувьд О.Цэнд-Аюуш энэ л жам, энэ л зам мөрөөр алхжээ, “Тас чамайг тасчих болтугай” өгүүллэгийн номоороо. Ингээд түүний хорвоогийн жамыг хэрхэн мэдэрсэн хийгээд бусдад юуг нь анхааруулахыг хүссэн тухай яриаг хүргэе.

-Өгүүллэгийн анхны, яруу найргийн дөрөв дэх номоо өлгийдөн авсанд баяр хүргэе. Номын баярын өмнө биш, тэр үеэр явагддаг худалдаанд зориулж бус, өдийд хэвлүүлсэн чинь жинхэнэ уран бүтээл хүсэгчдэд таалагдаж, бас чамайг хүндэтгэх нэг шалтгаан болж байгаа байх гэж бодож байна. Эсвэл зүгээр л хэвлүүлэх ажил ингээд таарчихав уу?

      -Баярлалаа. Уран бүтээлч хүний хувьд номоо өлгийдөх, хэвлүүлэх гэдэг маш том баяр, хувь тохиолын явдал гэж хувьдаа боддог. Тийм ч учраас маш хүндэтгэлтэй хандахыг хичээдэг. Чиний хэлснээр үнэхээр номын баярт зориулж хэвлүүлэхийг бодсонгүй ээ. Гэхдээ номын баяртаа сайхан оролцсон.

-Өнгөрсөн хэд хоногт “Би юу бичсэн бол. Бичсэн зүйл минь хүмүүст хэр хүрч байгаа бол. Тэр уншаад юу гэх бол, энэ уншаад юу бодсон бол” гэх мэт бодолд чөлөө завгүй дарагдаад, ёстой жаргалтайгаар зовсон уу. Эсвэл нэг сайхан амьсгаа аваад, өөрийгөө өмнөхөөсөө чөлөөлж орхиод, юу ч бичдэггүй хүн шиг байв уу?

       -Аль алийг нь амтлах сайхан ч байна, шаналантай ч байна. Нэлээд хугацаанд бодож, нэгэнт бичээд, хэвлүүлчихсэн номоо “Хэн юу гэх бол” гэж бодох шаардлага байхгүй ч хүн л юм болохоор эрхгүй бодогдож, хүлээлт үүсдэг л юм байна. Миний хүлээлт ч яах вэ, хүмүүсийн хүлээлтэд хүрсэн эсэх нь л чухал юм даа. Ганц нэг найз, ах, эгч нар маань өгүүллэгүүдийн тухай санал бодлоо, урмын үгсээ илгээж, хэлж л байна. Гэхдээ л надад кофе, тамхиа базааж аваад, уулын оргил руу ёстой туугдсан юм шиг гүйчихмээр, хүрчихээд дээшээ хараад амьсгаагаа даран хэвтмээр санагдаад л байгаа. Ойр зуурын ганц нэг ажил, олны захиас энэ тэр гээд зав жаахан тааруу байна. Гүйцэлдүүлчихээд гүйж одохоо, гүйж оччихоод нэг сайхан цээж дүүрэн амьсгаа авахаа мөрөөдөөд л явж байна даа.

"ТАНЫГ ЖАМ ШҮҮНЭ ШҮҮ. ШҮҮХДЭЭ ШҮҮСИЙГ ЧИНЬ ШАХНА ШҮҮ” ГЭДГИЙГ Л ХЭЛЭХ ГЭСЭН ЮМ

-Жам, жамын шүүлтний тухай бараг бүх үгийн мастер, зохиогч, бичигч, сонирхогч бичсэн байдаг байх. “Тас чамайг тасчих болтугай” юугаараа өөр юм, чи юу илэрхийлэхийг, хэлэхийг зорьсон юм бэ?

       -Чи уншиж амжив уу. Чамд ямар санагдсан бэ?

-Бид хүүхэд байхдаа эсвэл ах дүүсээсээ, нутгийн хөгшчүүлээс, замын хүнээс, энд тэндэхийн ном, зохиолоос гээд сонсож, уншиж байсан юм шиг хэрнээ үлгэр, домогт л гардаг юм шиг санадаг зан заншил, ёс домог бас үг, хэллэгийг нэлээд нухацтай цуглуулж, баримтаа болгон түшсэн “Хүргэ ах” өгүүллэгийг нэг тийм ёрын юм шиг мөртлөө шидийн төгсгөсөн нь гоё болжээ. Нутаг оронд бичигдээгүй мөртлөө мөрдөгдсөөр ирсэн хүндэтгэл, эрэмбэ дараа, дэг журам байдгийг цэхэр нүдэн эмгэний “Хүүхээд, эцэг чинь одоохондоо гэртээ байгаа шүү” гэх үгээр л хэлчихэж байгааг хэрвээ чи зориуд бодож тэгж бичсэн бол бас давгүй санагдаж байна.

        -Баярлалаа. “Хүргэ ах” өгүүллэг бол нэрний тайлал юм. Энд гарч буй үзэгдлүүдийн 70-80 хувь нь миний үзэж, туулсан амьдрал. Би Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт төрж, өсөж, амьдарсан хүн. Өгүүллэгт болж байгаа үйл явдал ч тэнд болдог. Улаагчны хар нуур, Сэнж цохио тэргүүтэй үзэсгэлэнт тогтоцтой, гайхамшигтай байгальтай нутаг шүү дээ. Замын хүний нүдээр бол хэдэн мянган жилийн турш хүн зон нь тайван сайхан амьдарсан нутаг мэт хэрнээ тэнд байгалийн хууль хатуу үйлчилдэг. Үүгээр дамжуулж “Хүн төрөлхтөн байгалийн хатуу хуулиар л шүүгддэг шүү” гэж хэлэх гэсэн юм. Ганц олдож буй амьдын насандаа атаа жөтөө, шунал тачаалаа барьж чадахгүй амьдарвал ямар болдгийг, зөв мөртэй дуусвал хэрхдэгийг л хүүхэд байхдаа харсан, үзэж туулсан, сонссон зүйлс, номонд биш, настай хүмүүсийн аманд байдаг үгсийг баримт болгон уншигчдад хүргэхийг хичээсэн.

        Ахиад хэлэхэд, “Эцсийн эцэст таныг тэнгэр шүүхгүй. Таныг тоох ч үгүй. Бурхан ч шүүхгүй. Таныг жам шүүнэ шүү. Шүүхдээ шүүсийг чинь шахна шүү” гэдгийг л хэлэх гэсэн юм. “Жамын шүүлт асар шударга, догшин байдаг” гэдгийг бодож, тунгаасаар ирснийхээ зах зухаас өгүүллэг болгосон нь энэ.

-Тэмээгээр тэр ихэсийн газрыг цэвэрлүүлдэг хэсэг бодит явдал уу, зохиол уу. Бас хээрээс олдсон ясанд шүдний цус дусаахыг чи өөрөө харж байсан нь юм уу. Магад би сонсоогүй байж болох ч бас их сонин үйл байна лээ?

         -Нүүдэлчдийн л гайхамшигтай ухаан юм шүү дээ. Арилж, тонилж өгөхгүй, араатан амьтад, шувууд ганц нэг зулгааж байгаад голоод явчихаж байгаа хүний сэг, хүүрийг чинь  учир мэддэг хүмүүс тэмээ туйлуулж, бяцлуулаад цэвэрлэдэг юм билээ. Сонин нь, үнэхээр бүтэн юм үлдээлгүй бяц гишгэдэг гэж байгаа юм шүү.

        Хээрээс хүний яс олбол шүдний цусаа дусааж үз, шингэж байвал чи түүний удмын хүн, шингэхгүй бол удам биш гэсэн үг гэж. Монголчууд хийгээд нүүдэлчид өнөөгийн цусны шинжилгээ авч нэг удам уу, үгүй юү гэдгээ тогтоож сурахаас хэдэн мянган жилийн өмнө энэ аргыг нээчихсэн байсан гэсэн үг.

-Баримтуудаа хэр бататгаж, нягталсан бэ. Жишээ нь, хараалч байсан эмгэний хэл ургасаар хүйсэндээ хүрэх дөхсөнийг хүүхдүүд нь буудсан гэдэг бас болсон явдал уу?

          -Бичих явцдаа нэмж сонсмоор, очиж дуулмаар, яриулмаар санагдсан хэд хэдэн зүйлээ амжуулж байж, сонсож байж бичиж дуусгасан. Ёс жаягууд ерөнхий нуруу нь адилхан байсан. Газар газрын ёс жижигхэн жижигхэн өөр боловч шүүлт нь ижил. Намайг хүүхэд байхад хараал жатга их хийдэг, насаараа алт эрдэс, өргөл барьцад шунасан нэг эмгэнийг нас нөгчсөний дараа араатан, мэрэгч тоож шиншлээгүй, тас хүртэл дөхөж очихгүй байсаар халуунд хөөж, өндийгөөд хэл нь уртаа гэгч ургачихсан байсан гэж ярьдаг байсан. Хэл нь тэгж ургасаар хүйсэндээ хүрвэл босоо ороолон болдог гэж хүмүүс ярьдаг. Арга буюу хүүхдүүд нь дурантай буугаар хэлийг нь тас буудаж байгаагаар өгүүллэгт гардаг. Энэ болсон явдал юм шүү.

        Нүдээр үзсэн зүйлс ч надад байсан. Өөрийнхөө бага насанд багана босгож байгаад эргэн тойрны хүмүүсийн амьдралд тохиолдсон, тэдний ярьсан зүйлсээр би мөчир хийсэн. Тэр мөчрүүддээ жаахан жаахан гашуун жимс өлгөхийг зорьсон. Хүмүүст гашуун байхаар, “Миний хувьд үнэн энэ шүү дээ” гэхээр гашуун үнэнийг өлгөхийг зорьсон хэрэг. Хүмүүс хэдийгээр цаг үе өөр болсон гэдэг ч ертөнц яг хэвээрээ л байгаа гэж би боддог. Тийм ч учраас ертөнцийн хууль өөрчлөгдөхгүй, хэнийг ч ялгалгүй үйлчилдгээрээ үйлчилнэ. “Тас чамайг тасчих болтугай” гэдэг чинь ерөөл юм шүү, хараал шиг харагддаг ерөөл юм шүү. “Эцсийн бүлэгт нэг тийм шүүлтүүр ирнэ шүү” гэдгийг мэддэг ард түмэн, нутаг усныхан байдаг гэдгийг л би ах, дүүсээрээ төлөөлүүлээд бичихийг хичээсэн. Энэ өгүүллэгт гарч байгаа чиний хэлснээр сонин нэртэй хүмүүс чинь миний нагац ах нар юм шүү дээ. Тэдний аж байдлыг бодоод бичихэд надад өгүүллэгээ босгох харьцангуй гайгүй байсан. Дээр нь өсөж төрсөн нутагт минь дагаж мөрдөгддөг байгалийн хатуу ёсыг бодит түүх, жаягууд бүхий баримтууд хийгээд зохиогчийн жаахан ажиллагаатай уялдуулан бичихэд надад тийм ч хүнд байгаагүй. Гэхдээ бас хүнд байсан. Тэр тусмаа бичихэд амар байгаагүй. 12 настай Цэнд-Аюушийг одоо өөрийнхөө өмнө авчраад бичих тийм ч амар биш юм билээ.

         Бидний нэг тийм зугтаад байдаг зүйлс байдаг даа. Тэр юмнуудаа эргээд нэг харвал яасан юм бэ гэж хэлмээр байгаа юм. Тэр дотор бидний яаж амьдрахыг, ямар байхыг хэлээд өгчихөөр бүх үнэн байгаа юм биш үү. Бид жамын юмнуудаас дандаа зугтдаг. Тийм зүйл байхгүй, хоосон гэж бодохыг хичээдэг. Гэтэл үнэндээ үргэлж бидэнтэй хамт явж байдаг. Бичсэнээ ярих гэхээр болдоггүй юм байна.

ЗОХИОЛЧДЫГ ИЛҮҮТЭЙ ХАЙРЛАХ, ХҮНДЛЭХ ЁСТОЙГОО ОЙЛГОСОН

-Анхны өгүүллэгээ хэзээ бичиж байсан бэ. Анхны номондоо яагаад зургаан өгүүллэг сонгосон юм бэ?

            -Одоогоос зургаа, долоон жилийн өмнө анхны өгүүллэгээ бичиж байж. Гэхдээ тэр маань энэ номонд ороогүй. Арай дутуу санагдаад байгаа юм. 13-14 өгүүллэгээсээ шүүсээр, хассаар байгаад зургааг нь номондоо эмхэтгэсэн байна.

-Ном болгох шалгуурыг, өгүүллэгүүдийн болц нь “болсон, болоогүй”-г хэн шүүлцсэн бэ?

           -Ерөнхийдөө өөрөө хийсэн дээ. Гэхдээ номынхоо эхийг Ц.Түмэнбаяр багшдаа үзүүлж, “Редакторлаад өгөөч” гэх нэрээр хэвлүүлж болох эсэх зөвшөөрөл хүссэн гэх юм уу даа. Ц.Түмэнбаяр багш маань маш өндөр шалгууртай. Хэрвээ энэ өгүүллэгүүд тэр хүнд таалагдаагүй бол миний өмнөөс шидчихэж чадна. Үнэндээ би айгаад л очсон. Гэтэл багш тэгээгүй, өмнөтгөлөө биччихээд, зөв бичгийн дүрэм, найруулгын алдааг маань засчихаад, “Амьдралыг өөрийнхөө олж харсан байна. Тэр чинь надад таалагдлаа. Гэхдээ миний шавьд цаашдаа сурах юм их байна даа” гэсэн. Би тэгээд л урам авсан, хэвлүүлсэн. Гаднын нэр бүхий кино зохиолч, найруулагчид “Чиний бичсэн кино, зохиол эмэгтэй хүнд таалагдаж байх ёстой. Эмэгтэй хүн уншаад, үзээд тоохгүй бол чамд ямар ч найдвар алга” гэсэн байдаг юм билээ. Тохиолоор багш маань редакторлаж таарсан учраас дээрх үгийг бодож, өөрийгөө дөвийлгөж сууна.

-Энэ ном “төрсөн”-өөрөө чамд юу өгсөн бэ?

         -Зохиолчдыг илүүтэй хайрлах, хүндлэх ёстойгоо маш сайн ойлгосон. Өмнө нь хайрладаг байсан ч өнөөдрийнх шиг үнэн зүрхнээсээ ойлгож, хүндэтгэн хайрладаг байгаагүй ч юм шиг. Ямар их хөдөлмөр, зөрчилдөөн, тэмцэл дундаас уншигчийн сэтгэл, оюуныг гийгүүлэх, гэгээрүүлэх, ойлгуулах, бодуулах, ухааруулах жаахаан очийг олж авдаг юм бэ, түүнийгээ илэрхийлэх гэж хэрхэн тарчилж бас жаргадаг юм бэ гэдгийг ойлгосон.

         Мөн бичихийн тулд тухайн орон газар, хүн зонын жаргал, зовлонгоос амсаж, эдэлж үзэх ёстой юм байна. Цангах өлсөх, ядрах, эцэж цуцах, цас бороонд шалба норж, даарч хөрөх, өвдөж шаналах гэх мэтээр бичих гэж байгаа дүрийнхээ зовлонгоос хуваалцах хэрэгтэй гэдгийг бүр чин зүрхнээсээ ойлгосон. Гэхдээ надад үлдээсэн юм зөндөө байгаа. Жамын, ёс заншлаас гадна дотор нь хэлээгүй юм олон бий. Ийм учраас би бичиж эхэлсэн. “Хүргэ ах”-ыг бичиж дууссанаасаа хойш гурав дөрөв хоног нэг тийм сэтгэлийн дарамт маягтай юмтай явсан. Тэгээд чөлөөлөгдсөн гэж бодсон ч одоо дахиад эхэлж байна.

-Дарамттай ч юм уу, зовлонтой байхаар худлаа, хүчээр бичихийн тулд бичих юм биш үү. Жаргаж, сэтгэл зүйн хувьд бүүр “нисэж” байж бичдэг гэж ярьдаг шүү дээ, зарим зохиолч?

          -Гол өгүүллэгт гарч байгаа хүүгийн сэтгэл шархалсан байгаа биз. Сэтгэл нь шархалсан учраас тэр жаяг, ёс, жамыг бусдад дуулгах гээд байгаа юм. Хүнд ямар нэг байдлаар шарх хэрэгтэй гэж боддог. Сэтгэлийн шархтай байх тусмаа хүн юм хийдэг. Хүн битгий хэл улс үндэстэн өсөж хөгждөг. Жишээ нь, тэр их өлсгөлөн, зовлонг туулж явсан зарим улс, үндэстэн өнөөдөр ямар мундаг хөгжиж байгааг бид бэлхнээ харж байна. Хэдэн үе удамдаа арилахааргүй шархыг генээрээ авчихсан юм уу гэмээр тэд одоо худлаа ярьж, хулгай хийвэл, шударга байхгүй юм бол, тэнэг байх юм бол яаж зовохоо, тэрнээс илүү шархлахаа мэдрээд байгаа юм шиг шударга хөдөлмөрлөж байна шүү дээ. Гэтэл манайхан ялангуяа төрийн эрх барьж байгаа томчууд, эрх мэдэлтнүүд, төртэй хамжиж хөлжсөн цөөхөн гэр бүл хэрхэн туйлж, ард түмэн яаж туйлдаж байгааг бид харж л байна шүү дээ.

ХҮНД ЯМАР НЭГ БАЙДЛААР ШАРХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ БОДДОГ

         

         Би монголчуудад тийм зовлонг хүсэхгүй байна. Уг нь монголчууд 1937 он гэх мэт тэр он жилүүдэд хангалттай зовж, шархалсан шд. 1921-1990 оныг хүртэл тэр зовлон зүдгүүр үргэлжилсэн гэхэд буруудахгүй. 1937 онд монголчуудын зүрх сэтгэлийг бүр зүсээд хаячихсан шд. Зүсэх нь битгий хэл урсан шд. Гэтэл одоо бид, манайхан түүнийгээ мартчихаад байна. Зарим хүн “Тэр явдал тэр үедээ болоод, хэлмэгдэх нь хэлмэгдээд л өнгөрсөн. Одоо бидэнд хамаагүй. Бид өөрсдийнхөө хувь тавилангаар л амьдарч байна” гэдэг юм билээ. Уучлаарай, өчүүхэн ч гэмгүй мөртлөө эх орондоо хайртайгийнхаа төлөө, зарим нь бүр ямар буруу юм хийснээ ч мэдэхгүй буудуулаад, яргалуулаад, мах цусаа, амиа бидний өнөөдрийн төлөө өгсөн, тэр хэлмэгдсэн ард түмэн танд хамаагүй юм бол та хүн төрөлхтөнд хамаагүй шүү. Өөрөөр хэлбэл, жаргал, цэнгэл хүнд юм бодуулдаггүй харин ч бүхнийг умартуулдаг. Харин жаахан зовох, юунаас ч юм шархлах тусмаа нүүдэлчдийн тэмцэх, тэсэх, сэтгэх чадвар бадардаг ч байж мэднэ.

-Эсрэгээрээ “Гомдож үзээгүй юм шиг амьдрах” нэртэй шүлгийн ном чинь хүмүүсийг “Өмнө нь хэзээ ч гомдож, зовж үзээгүй юм шиг амьдар, өнөөдрөөрөө л бай” гэсэн агуулгыг уншигчдад, яруу найрагт дурлагсдад өгөөд, эрхлүүлээд байгаа юм биш үү?

       -Магад тийм бас үгүй.

-Тайзан дээр уншдаг, үзэгчдээр алга ташуулдаг О.Цэнд-Аюушийг яах аргагүй л илтгэсэн шүлгүүд байсан даа?

      -Чи намайг тайзан дээр л шүлэг уншдаг, тайзан дээр уншихын тулд шүлэг бичдэг гэж боддог уу?

-Тийм ч байх, үгүй ч байх. Гэхдээ чансаатай тэмцээн бүхний айргийн тав дотор “үзэлцэж” харагддаг шүү дээ.

        -Надад түрүүлэхээс өөр арга байдаггүй. Надад шаардлага байдаг. Би ёстой түрүүлэхийн төлөө үзэлцдэг байсан. Охиныхоо эмчилгээний төлбөр, эмний мөнгийг олохын тулд би тэр наадам бүрд зорьж оролцож байгаа юм шүү дээ. Гэхдээ юм бүхэнд учир шалтгаан бий. “Бүх юм харагдаж байгаа шигээ байдаггүй” гэдэг үгийг би бусдаас арай илүү мэдэрсэн хүн ч байж мэднэ. Үүнийг л унших дуртай хүн бүхэн ойлгож, мэдээсэй л гэж хүсдэг, тийм ч учраас бичдэг дээ. Нөгөө талаар би энэ номонд орсон шүлгүүдийг Эмэгтэй хүн намайг бүтээж байгаа юм шүү” гэдгийг боддог болсон цагтаа бичсэн учраас арай өөр байж мэднэ гэж горьдож байгаа. Яарахаа, амьдралаас их юм хүлээхээ байсан үедээ бичсэн шүлгүүд минь юм даа.

-Чиний шүлгүүдэд буга их гарах юм. Бүр бугыг үхэр тэрэгт хөллөсөнөөр хүртэл дурдагдсан байсан. Дээр ярьсан ууландаа очихыг хүсдэг чинь буга харахтай холбоотой юу?

      -Бугыг би үнэхээр шүтдэг. Буга бол гоо үзэсгэлэнгийн туйл. Гэхдээ манай гэрт бугын нэг ч баримтал, бүр бугатай холбоотой юу ч байхгүй. Би түүнийг шүлгэн дотроо байлгахыг, зурахыг, нисгэхийг, хөдөлгөхийг, бүр үхэр тэрэгт хүртэл хөллөхийг хүсдэг. Байгалийн бүх хүч, гоо сайхан буганд шингэсэн юм шиг, надтай, бидэнтэй зэрэгцээд домог байгаа юм шиг санагддаг. Асар их хүч чадал, гоо сайхан, шүтлэг түүнд оршиж байдаг. Яагаад хайрлаад байгаагаа мэдэхгүй учраас хайрлаад байдаг даа. Тэр л юм даа. Олон удаа зорьж харж байлаа. Урамдахыг нь сонсох ямар сайхан гэж санана, өнө эртний дуу хоолой юм шүү дээ.

ЯАРАХАА, АМЬДРАЛААС ИХ ЮМ ХҮЛЭЭХЭЭ БОЛЬСОН ҮЕДЭЭ БИЧСЭН ШҮЛГҮҮД МИНЬ ЮМ ДАА

-Хайку цөөнгүй харагдлаа?

         -Оролдож үзэж байгаа юм. Чадахгүй байж мэдэх ч эрхгүй оролдоод байгаа. Нарийн дархны, нарийн инжааны ажил шүү дээ, хайку бол.

-Чиний хоёр ч өгүүллэгээс бас шүлгүүдээс ид шид гэмээр зүйлс ажиглагдсан. Энэ тухайд?

         -Би ер нь ид шидийн зүйлсэд дуртай. Хорвоо ертөнц, бидний ахуйд ид шид байж л байдаг. Магад бид олон ид шидийг олж харахаа байчихаад байх шиг.

        Өгүүллэгт гардаг Хүйтэн номны жинхэнэ нэрийг би нуучихсан юм. Үнэхээр тэр номыг амар болоочдоо дэрлүүлчихээд нутаглуулахад өгүүллэгт гардаг шиг зүйл болсон. Тийм шидтэй ном байдаг уу байдаг, ийм үйл явдал болдог уу болдог. Гэхдээ хүн бүхэнд шидээ үзүүлдэггүй нь л нөгөө жамын шүүлт хүчтэйг харуулаад байгаа юм. Энэ үйл явдлыг А.Эрдэнэ-Очир ахад ярьж байсан юм. Тэгэхэд их сонирхож, “Яасан сонин юм, үнэхээр тэр номыг дэрлүүлчихэд л бурхан болоочийн бие мууддаггүй юм гэж үү. Чи наадахаараа нэг гайгүй өгүүллэг биччихээрэй” гэж захиж байсан юм. Гайгүй, гайтайг нь мэдэхгүй байна, ямар ч байсан гаргачихлаа.

-Өгүүллэг оролдоно гэдэг баргийн хүний зүрхлэх, шууд бичээд эхэлчих зүйл биш гэж боддог. Чиний хувьд хэрхэн эхэлж байв?

         -Би Монголын радиод арав гаруй жил ажиллаж байна. Сэтгүүлчийн ажил биднийг ярилцлага, хөрөг, тэмдэглэл гээд юу эсийг хийлгэх вэ дээ. Энэ бүхэн миний  суурийг маш сайн тавьж өгсөн гэж хэлнэ. Дээр нь би үргэлжилсэн үг бичих дадалд өөрийгөө сургах гэж кино зохиолтой зориуд “ноцолдсон”. Бас бус оролдлогууд, өөрийгөө хурцалж, шаардсан зүйлүүд ч бий. Энэ бүхнийг би өгүүллэг, үргэлжилсэн үгийн зохиол бичихийн тулд хийсэн. Ингэж өөртэйгээ аажим аажмаар ажилласнаар аливаа юмыг яаж сүнстэй байлгах вэ гэдэгт анхаардаг болсон. Тайлбарлаж болохгүй мөртлөө цаана нь байж байдаг, уншигчийг агзасхийлгэдэг эсвэл догдлуулан баярлуулдаг нэг тийм далдаас ойлгогдож, харилцдаг зүйлийг л би хайдаг. Аливаа юмны сүнсийг би байгаль дээр байна, зан үйлд байна гэж хардаг. Энэ ч үүднээс монголчуудын язгуурыг олж харж, нээж өгч чадвал тэнд сүнс бий. Одоогоор ингээд л сууж байна, цаашид хэрхэхээ мэдэхгүй.

БИЧСЭН ЗҮЙЛИЙГ МИНЬ УНШЧИХААД “ЧИ ЮМАА БИЧ ДЭЭ” ГЭДЭГ ЧИНЬ Л МАШ ТОМ ДЭМЖЛЭГ, ХАЙР, ЭРХ ЧӨЛӨӨ ЮМ ШҮҮ

-Магадгүй монгол хүний л санаанаас гарч мэдэх монгол хүүхдийн дуусдаггүй нулимсыг хятад өвгөн нэхэж байгааг нэг өгүүллэгтээ гаргасан байсан. Бас л үйлийн үрийн тухай, аав нь тийм юм сэтгэж чадаж байгаа учраас хүү нь осол хийж, харьд боолчлогдож, түүнийх нь хүү нулимсаа эзэнд нь өгөх дээрээ тулж байгаа тухай, эргээд хүмүүсийг тэгж зовоож байгаа хүн хэрхэн шийтгүүлж байгааг тэр бэсрэг өгүүллэгээр чамбайхан хэлээд өгсөн байсан. Энэ санаа юунаас олдсон юм бэ?

         -Нэгдүгээрт би байж болох хэрнээ байж болохгүй зүйлийг сонирхож үзсэн юм. Нулимсаар наймаа хийх асуудал яагаад байж болохгүй гэж. Бүр цаашилбал бид одоо олигтой байхгүй бол газар, шороогоо зарсаар сүүлдээ хүүхдүүдийнхээ нулимсыг зараад ч өөдлөхгүй болох вий гэсэн санаа гаргахыг хичээсэн. Тэнд гардаг зэрэгцээ ертөнцийг хардаг болчихдог тухай баримт бол намайг багад нутгийн хөгшчүүл “Хүн рүү их дайрдаг, завьжинд нь цагаан хөөс сахарч явдаг, олон нохойнд ноцуулсан нохойноос хол байгаарай. Шүлс нь нүд рүү чинь орчихвол зэрэгцээ юм хардаг болчихдог юм шүү” гэж захидаг байсан. Тэрийг байж болох, болохгүй юмстай холбосон хэрэг. Туршиж үзсэн юм. Шүлэг бичдэг Цэнд-Аюушаас өөр Цэнд-Аюуш байх гэж оролдсон минь энэ. Ер нь тэгээд эцсийн эцэст сэтгэлийн эрх чөлөө л ийм зүйлсийг бичих эрхийг олгоно шүү дээ. Ахуйдаа, ажилдаа, ар гэртээ дарагдаад байвал юун зохиол, шүлэг, хайку бичих, үлгэр домгийн юм шиг зүйлс, зэрэгцээ ертөнцийг харагчийн тухай бодох.

-Чамд энэ их дур зоргоороо зан, дуртай зүр рүүгээ алхаж, тамхи баагиулж удтал зогсох эрх чөлөөг хэн, юу өгдөг юм бэ?

       -Бичсэн зүйлийг минь уншчихаад “Чи юмаа бич дээ” гэдэг чинь л маш том дэмжлэг, хайр, эрх чөлөө юм шүү дээ. Энэ бол хүн хүнээ бүтээж байгаа явдал. Ганчимэг гэж эмэгтэй бий, миний эхнэр юм. Намайг бүтээж байгаа хүн. Ээж минь, эмэг эх минь намайг маш сайн бүтээсэн. Тэдний бүтээсэн хүүг өнөөдрийн Цэнд-Аюуш болгон илүү сайнаар бас өөрөөр, өөрийнхөөрөө бүтээж яваа цэвэр ариун эмэгтэй.

        Эхнэр минь онц сурдаг, үеийнхнийхээ дунд шилдэг нь байсан, надтай учрахаасаа өмнө. Би гэж хүн гарч ирээд л хамаг амжилт, боломжийг нь үгүй хийчихээд эрхлээд байж байгаа юм шиг хааяа надад санагддаг. 10 гаруй жил намайг, гурван хүүхдээ халамжилж, хоол хийж, цамцыг минь индүүдэж, орчныг минь тухтай байлгалаа “Одоо чи юу хиймээр байна вэ. Чи намайг бүтээж байхад би чамайг үгүй хийгээд байгаа юм шиг санагдаж байна” гэж хэд хэдэн удаа хэлж үзсэн. Тэгэхэд “Би тэгж боддоггүй ээ. Энэ бол чи бид хоёрын туулах ёстой л зам юм шүү дээ” гэдэг. Яруу найрагчийн, дураараа Цэнд-Аюушийн, гэрийн ажилд нь оролцдоггүй миний бүтээсэн амьдралыг үгүйсгээгүй бас учирсан бүхэнд шантраагүй шар охин юм даа, хань минь.

АМЬДРАЛЫН, АМЬДРАХЫН УТГА УЧИР НЬ ДУРСАМЖ БҮТЭЭХ Ч БАЙЖ МЭДНЭ

-Уран бүтээлч, уран зохиолд дуртай болоход чинь юу хамгийн сайнаар нөлөөлсөн бэ?

      -10 жил хонь хариулсан маань миний амьдралд маш их сургамж болсон гэж боддог. Би ёстой дажгүй сайн хоньчин байсан. Үүл харах их дуртай хүүхэд байсан. Тэрүүхэн тэндээсээ сэмрээд алга болох, тэгж байснаа эвлэж нийлэх гээд ямар уран гээч. Тошлой түүж иднэ, түүхэд төвөгтэй ч идэхэд сайхан. Хоньчин байхдаа шүлэг бичих гэж, ном унших гэж оролддог байсан. Би ангийнхнаасаа хамгийн сүүлд шүлэг бичиж байсан. Одоо харин ангийнхнаасаа ганцаараа үлдсэн. Уг нь археологич, нисгэгч болохыг их хүсдэг байсан. Гэхдээ уран зохиолдоо жигтэйхэн дурлачихсан үедээ сургуулиа төгсөж таарсан  болохоор сэтгүүлч болсон доо.

-Бичих орчноо бүрдүүлэхэд хэр ач холбогдол өгдөг вэ?

       -Сэтгэлийн тав тухыг хүн бүхэн хүсдэг. Мөн хүний хамгийн чухал зүйл бол сэтгэлийн амар амгалан. Би өөрийгөө эрхлүүлэх, маяглуулах дуртай. Ялангуяа бичихдээ хамгийн их маяглана, эрхэлнэ. Тамхиа хангалттай авна, лааны суурь цуглуулах дуртай. Элдэв янзын лааны суурин дээрээ лаа асаагаад сууж байх шиг сайхан юм байхгүй. Тэгээд дээр нь надад гайгүй чихэвч хэрэгтэй. Ардын дуу, сайхан аяз сонсоно. Бүүр нэг уяраана шүү дээ, өөрийгөө. Тэгээд л сууна даа. Тамхи татмаар байвал гарч татна, бороо орж байвал шалба нортлоо зогсоно. Цасанд нэвсийтэл даруулна, салхинд жиндэтлээ зогсоно. Ер нь байгалийн алив өнгө, үзэгдлийг биеэрээ мэдрэх сайхан байдаг.

-Нэг талаар зовлонтой юм биш үү дээ, юм бичих гэж зөндөө өмнөтгөл хийх нь байна шүү дээ?

        -Дуртай юмаа хийх гэж байгаа хүнд үүн шиг, үүнтэй тэнцэх жаргал байхгүй. Энэ цаг хугацаа бол миний хувьд өөртөө бий болгосон ертөнц, өөр цаг хугацаа, орон зайд очиж байгаа хамгийн гэгээн зүйл минь юм шүү дээ. Ингээд сууж байх шиг сайхан мэдрэмжийг ёстой хаанаас ч олохгүй дээ. Магадгүй уран бүтээлчдэд л зориулагдсан ийм нэг жаргал цэнгэлийн цаг хором юм даа.

-Ингэж байтал аяндаа бичээд эхлэх үү?

        -Сүүлийн үед би бичих ёстой гээд суудаг болсон. Өмнө нь бол ингэж эрхэлж байгаад ганц нэг шүлэг биччихээд унтаад өгөх ч үе бишгүй байдаг байсан бол одоо “Эхлүүлснээ дуусга” гэж өөртөө хэлээд суудаг болсон. Эхлүүлснийхээ тухай ажлынхаа, амьдралынхаа, амралтынхаа юм бүхний хажуугаар бодож байгаа учраас суусан байхад л аяндаа бичиж байна. Нэг талаар өөрийгөө маш их шахаж байгаа. Хүмүүс унтсан хойно, ер нь л шөнө сууж бичдэг дээ. За тэгээд бодож байсан юмаа биччих шиг сайхан юм ер нь үгүй дээ. Нэг сайхан мөр олчихоод, бүтэн болгочихоод ор руугаа алхахын сайхныг алхаж үзсэн хүн л мэднэ дээ. Эсрэгээ чадаагүй үед бол хэцүү дээ. Нэг талаар азтай юм даа, өөрсдөөсөө шалтгаалах ийм нэг аз жаргалтай. Бас би хөх өнгөөр бичих дуртай. Бичиж байгаа цаас, үзэг маш чухал. Нэг талаар өөрсдийгөө л аз жаргалтай байлгаж байгаа хэрэг л дээ. Нөгөө талаар зохиолчид л олдох хувь тавилан байж мэднэ.

БИ ЕР НЬ ИД ШИДЭД ДУРТАЙ

-Гунигтай ч юм уу, ер нь байнга хань татаж, ширээндээ авчраад тавихад яриад байгаа ч юм шиг, хань болоод байгаа ч юм шиг, уншихгүй ч гэсэн хамт байдаг номнууд бий юү?

         -Бий бий. Үнэхээр яах аргагүй яг тэгдэг. Д.Батбаяр гуайг сэтгэл зүйн уран зохиолын мастер гэж би хувьдаа үздэг. Түүний болон  Б.Лхагвасүрэн ах, Д.Нямсүрэн гуайн номнууд, хайку шүлгүүд, зэнгийн номнууд их хань болно доо. Заримдаа бүүр огт уншиж амжихгүйгээ мэдсээр байж цүнхлээд явдаг гээд л бод.

        Бас гоё кино үзэх, хөгжим сонсох, зураг харах бас л янзын шүү дээ. Сийлбэрч болох гэж оролдож л явлаа. Морины толгой гаргаж сураад л больсон. Гэхдээ хааяа хааяа оролдоно оо, оролдоно. Хуучин машин, мотоцикль засаж байгааг харах надад гоё байдаг. Хуучин зүйлс эвлэж нэгдсээр байгаад асах, бүтэн болох эсвэл бүр тэр чигтээ үлдэх нь сонин хийгээд нэг тийм догдлуулдаг зүйл минь яах аргагүй мөн. Асаад, хэн нэгний уналга болчихолгүй тэндээ үлдэж байгаа нь хүртэл сайхан л санагддаг.

-Бичихийг хүсдэг, бичнэ дээ гэж төсөөлж, мөрөөдөж явдаг сэдэв бий юү?

         -Чи надаас “Хөгжил дэвшил гэж юу юм бэ” гэж асуугаач.

-Хөгжил дэвшил гэж чинийхээр юу юм бэ?

        -Минийхээр монголчуудын бусдаас илүү мундаг биш ч өөр ард түмэн. Дээшээ барилга барих, зам тавих, доошоо газар ухаж, алт ухаад байх нь монголчуудын хувьд хөгжил дэвшил биш. Харин хажуу тийшээ явахыг л, ертөнцтэй яаж харилцаж сурсан бэ, сурах вэ, байгаль, ан амьтан, араатан жигүүртэнтэй яаж зөв харьцсан бэ гэдэг л хөгжил дэвшлийн шалгуур. Бусад нь зүгээр гүйцэтгэлүүд. Өөрөөр хэлбэл, монголчуудын хөгжил дэвшил бол сэтгэлгээнийх байх ёстой л гэх гэсэн санаа.

         Ийн дуртай хийгээд зуршил болтлоо бичдэг шүлэг, үгс, УИХ-аар хэлэлцүүлэхээр оруулж ирэхийг завдсан хуулийн төслүүд, газрын үнэ цэн, хүн чанар гээд буй бүхний тухай мэт боловч түүний хөндөхийг, бичихийг, өгүүллэг болгохыг хүссэн, хүсдэг сэдвүүдийн тухай ярьж сууснаа түүнээс “Нөхөрлөлийн үнэ цэнийн тухайд юу ярих вэ. “Насны хязгааргүй, үнэн сэтгэлээсээ нөхөрлөж яваа хүмүүс гэвэл манай үеийн хэдэн найрагч залуус” гэж миний үеийн цөөнгүй хүн ярихыг сонссон. Миний хувьд Арлааны Эрдэнэ-Очир ахынхаа хүслийг биелүүлж, тэмээгээр ном тээж нутагт нь хүрсэн явдал бол яах аргагүй гэгээн сайхан үйл байсан” гэхэд хэсэг чимээгүй сууснаа  “Би, бид болзолгүй, зорилгогүй нөхөрлөхийн үнэ цэнийг, үлгэрлэлийг Эрдэнэ-Очир ахаасаа харсан, мэдэрсэн. Олон найзтай хүн нэг ч нөхөргүй байдаг ч байж мэднэ. Гэхдээ “Нэгэнтэйгээ, бусадтайгаа сайхан нөхөрлөж яваарай, миний дүү нар” гэж захидаг байсанд нь хүрэх гэж зорьж бус хүсэж хичээж явна, бид. Тэмээгээр ном тээсэн тухайд бол гэгээн хүслийг нь эзгүйд нь биелүүлэх хүнд даалгавар хэрнээ сайхан дурсамж бүтээсэн. Тэмээ унаж үзээгүй хэдэн хүүхэд догшин тэмээнээсээ унан барин, тэр хүйтэнд хөлдөхөө шахан орон газарт ном хүргэсэн минь бидний хамтдаа хийсэн сайхан зүйлсийн нэг юм даа. Ер нь тэгээд хүн амьдралын төлөө гэх том шошгонд орчихоод хайртай хүмүүстээ зориулсан ч юмгүй нэг л их зүтгээд байгаа чинь худлаа шүү. Дурсамжийн төлөө алхам хийж байх хэрэгтэй юм билээ. Дурсамжаа бүтээх гэж бусдадаа сайхан зүйл бүтээх гэж явахын сайхныг тунгаан бодоод үзээрэй. Амьдралын, амьдрахын утга учир дурсамж бүтээх ч байж мэднэ” гэлээ. Яриагаа үргэлжлүүлэн “Одоо амьдралаас юу хүсэж байна вэ” гэсэнд “Сэтгэлийн амгаланг эдлээд, дуртай юмаа хийгээд, бодож байгаагаа бичих, бичиж байгаадаа эзэн болох, хүсэх юмгүй амьдрах л миний хүсэл юм уу даа. Ер нь өнөөдөр амьдарч байгаагаа л үргэлжлүүлэх нь миний мөрөөдөл юм биш үү дээ. Сэтгэлийн амгалан дотор их олон юм бий шүү. Төгсгөлд нь бүх хүнд сэтгэлийн амгаланг ерөөе” гэснээр бидний яриа түр өндөрлөлөө.

ДУРСАМЖИЙН ТӨЛӨӨ АЛХАМ ХИЙЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ ЮМ БИЛЭЭ


ЖАМЫН ЗАМААР ДУРСАМЖ БҮТЭЭГЧ БА О.ЦЭНД-АЮУШ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188