• Өнөөдөр 2024-04-19

Б.БАТЦЭЦЭГЛЭН: Хөдөө тал намайг уртын дуучин болгосон

2023-02-20,   2399

    "Хөдөөгийн хээр талд, монгол ахуйг мэдэрч өссөн болохоор түүнийгээ би өөрөөсөө байнга нэхдэг. Иймээс би уртын дуу дуулдаг" хэмээн ярих Үндэсний урлагийн их театрын уран бүтээлч, уртын дуучин Б.Батцэцэглэнг “Уран бүтээлчийн цаг” буландаа урилаа. Тэрбээр Монгол ардын богино болон уртын дууг өөрийн донж, хэв маягаар дуулдаг бөгөөд уран бүтээлээ орчин цагийн өнгө аястай хослуулан туурвидгаараа онцлог нэгэн. Монгол намба төрх, ааль, ялдам түүнийг хаанаас ч харсан үзэсгэлэнтэй, жинхэнэ Монгол өнгө төрхийг өвлөн төрсөн гэхэд хилсдэхгүй болов уу. Тэгээд ардын болон уртын дуучин мэргэжилтэй гэхээр бүр ч зохицсон гэлтэй. Үлэмжийн чанарыг дуу хоолойгоороо хослуулж, хоёр сэтгэлийг холбон дуулж, хэн нэгэнд ээнэгшин дасах түүний уран бүтээлийн өнгө аяс цаанаа нэг хөг, жавхаатай. Үндэсний гэсэн бүхэндээ сэтгэл зүрх, өөрийгөө бүрнээ зориулж, хэдийн өөрөөрөө уусан нэгдсэн түүнтэй цөөн хором ярилцлаа.

-ӨСӨЖ ТОРНИСОН МОНГОЛ АХУЙГАА БИ ӨӨРӨӨСӨӨ НЭХДЭГ-

-Аль нутагт төрж, өссөн бэ гэдгээс яриагаа эхэлье?

  -Би Дорноговь аймгийн Улаанбадрах суманд төрж, өссөн. Тэгээд тус аймгийнхаа Сайншанд сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуульд арван жилээ төгссөн. Багадаа хичээлийнхээ амралтаар хөдөө их явна. Говь нутгийнхаа талд морь унаж, хонио хариулж явахдаа дуулдаг байсан.

-Эмээ тань таныг дуу, хуурт дуртай болгосон гэж сонссон юм байна. Яагаад чухам уртын дуучин мэргэжлийг сонгох болсон бэ?

  -Ээжийн маань ээж Нансал гэж хүн намайг дуучин, тэр дундаа ардын болон уртын дуучин болоход их нөлөөлсөн. Мөн аав маань дуу хөгжмийн багш, ээж маань ч дуулдаг хүн хүмүүс болохоор багаасаа найр наадамд өссөн. Энэ л ахуй орчин өссөн миний эд эс  бүхэнд шингэж, үүнийгээ би өөрөөсөө нэхдэг. Ингээд  2013 онд Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Батболд багшийн удирдлагад уртын дуучин мэргэжлээр төгсөөд, одоо Үндэсний урлагийн их театрт гоцлолт дуучнаар ажиллаж байна. Мэдээж үзэх үзэгчдээ болон зөвхөн өөрийнхөө таван жилийг бодоод өөр дууны төрөл жанр руу орж болох ч багаасаа мэдэрч өссөн хөдөө тал, ардын болон уртын дууны гайхамшгийг хүмүүст мэдрүүлье, Монголынхоо давтагдашгүй энэ сайхан өв соёлыг өөрөөрөө дамжуулан бусдадаа түгээе гэсэн чин хүсэл намайг энэ мэргэжил рүү хөтөлсөн.

-Цар тахалтай сүүлийн хоёр жилийн хугацаанд урлаг соёлынхны хувьд зогсолттой байлаа. Гэхдээ илүү бодож, төлөвлөх цаг хугацаа байсан байх?

 -Мэдээж үзэгчиддээ шууд уран бүтээлээ хүргэхэд, уран бүтээлчдийн хувьд хэцүү цаг үе  байлаа. Миний хувьд ардын болон, уртын дуу дуулдаг учраас дууны судалгааны ажилд илүү цаг гаргахаас гадна өөрөө өөртэйгээ илүү ажиллаж, бодож төлөвлөсөн үе байсан. Одоо харин урлаг соёлын үйл ажиллагаа нээж, Үндэсний урлагийн их театрынхаа ажил болон хувийн уран бүтээлийнхээ ажилд түлхүү орж байна.

-Шинэ уран бүтээл тасрахгүй гараад байгаа харагдсан. Тэр дундаа ардын дуучин Б.Алтанжаргалтай хамтран дуулсан байна билээ?

 -Тийм ээ. Шинээр уран бүтээл гаргаад л байна. Хамгийн сүүлд хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын аялгуу, Д.Даваасүрэнгийн шүлэг “Аав шүтээн” гэх уран бүтээлийг гаргасан. Мөн хуучны ардын болон уртын дуунаас сонгон бэлтгэл хийж, дуулж байна. Ардын дуучин Б.Алтанжаргал ахтай хамтран  Монгол ардын дуу "Сүнжидмаа", "Алгирмаа дуунуудыг дуулсан. Түүнээс гадна Үндэсний урлагийн их театрынхаа дуулалт жүжиг, тайзны уран бүтээлд оролцоод явдаг.

-Ардын болон уртын дуу бусад төрөл жанрыг бодоход сонголт их байх. Таны хувьд сонголтоо хэрхэн хийдэг вэ?-Аль болох өөрийн донж хэв маягт тохирсон, хоолойнд зохисон уран бүтээл сонгохоос гадна тухайн цаг үедээ хүмүүст их хүрээд мартагдаж буй дууг сэргээн дуулж үзэгчдэд хүргэхийг зорьдог. Ингэж хийсэн уран бүтээлээс долоо нь клиптэй үзэгчдэд хүрсэн. Ардын болон уртын дуунаас гадна "Учирласан дуу", "Ээнэгшин жаргая" зэрэг уран бүтээл гаргасан. Мөн уртын болон нийтийн дууны хоёр цомог гаргасан.

 -Орчин цагт ардын болон уртын дуу сонсох хүн бага анзаарагддаг. Ялангуяа, залуус сонсох нь бага байх?

 -Суурин соёл иргэншил нөлөөлж байгаа байх. Гэхдээ бид залуу үедээ түгээн дэлгэрүүлж, энэ сайхан ардын урлагаа алдахгүй байхын төлөө л хичээн, уран бүтэлээ хүргэхийг зорьдог. Одоо бол амьдрах орчин өөрчлөгдөж, дэлхий нийт даяаршиж байгаа гэдгээрээ мэдээж өөр байна. Дээр үед бол мал аж ахуйгаа эрхэлж, хангай дэлхийтэйгээ илүү ойр шүтэлцээтэй байсан нь уламжлалт дуу, хууртайгаа ойр байх нэг үндэс байсан. Харин өдгөө бол хөдөө талаасаа улам холдож, суурин газарт амьдрах тусмаа ардын болон уртын дуунаасаа хөндийрч байна. Тэгэхээр ийм нэг шилжилтийн дунд монгол өв уламжлалаа гээхгүйг хичээж өөрийн уран бүтээлээ туурвиж байна.

 -Уртын дуу бол Монголын сонгодог. Энэ ч утгаар хүн бүр ойлгодоггүй санагддаг?

 -Сонгодог урлаг хэн гарах, ямар үйл явдал өрнөх нь ойлгомжтой байдаг. Гэхдээ энд хамгийн гол нь хэн, яаж дуулах нь чухал. Үүнтэй адил уртын дуу яагаад Монголын сонгодог гээд байгаа юм бэ гэхээр мөн л үзэгчид нь өөрсдөө бэлэн байдаг. Харьцангуй залуус ойлгож сонсох нь бага ч гуч, дөчөөс дээш насныхан түлхүү сонсоно. Гэхдээ ямар дууг, хэн сонсох вэ гэсэн асуултад тулгуурлан уран бүтээлээ туурвих ёстой байх. Тухайлбал, “Хүрэн толгойн сүүдэр” дууг Монголын 40 наснаас дээш хүмүүс цөм мэддэг. Тэгэхээр энэ дууг би сонгож дуулахад, миний үзэгч бэлэн байна гэсэн үг. Нөгөө талаар ганц насаар зааглахгүй бүх хүнд хүртээмжтэй  дуулахын тулд илүү бодож, орчин цагийн хэв маягтай дуугаа гаргахыг боддог.

 -Мундаг том уран бүтээлчдийн дуулж ирсэн дууг үзэгчдэд хүргэнэ гэдэг тухайн дуучнаас их чадвар шаардах болов уу. Хүмүүс хуучин хувилбараар нь сонсох нь илүү чанартай гэх зэргээр сонголт хийдэг шүү дээ?

 -Мэдээж ардын болон уртын дууны хувьд 1600 онд ч, эзэн Чингис хааны үед зохиогдсон дуу ч байна. Хамгийн гол нь цаг хугацаа өнгөрөх тусам дууны хэв маягийн хувьд өөрчлөгдөж, энэ дундаас уран бүтээлийн чанар шигшигддэг. Тухайн цаг үеийн мундаг дуучид авч дуулаад бүр сайжруулан, хит болгосон уран бүтээлийг бид нар авч, дуулж байгаа нь маш том хувь заяа гэж боддог. Энэ ч утгаар өөртөө шаардлага тавиад, орчин цагийн өнгө аясд оруулан, үзэгчдийн ташаалд хүрсэн уран бүтээлийг хүргэхийг хичээж байна.

Д.РАВЖААГИЙН "ҮЛЭМЖИЙН ЧАНАР" ДУУГ ЭНЭ ЦАГ ҮЕД ДУУЛАХ ГЭСЭН МӨРӨӨДӨЛ МИНЬ БИЕЛЭСЭН-

 -“Үлэмжийн чанар” дууны клипийг онцолж асуумаар байна. Богдын хүрээ болон орчин цагийн өндөр шилэн барилгын өмнө зураг авалтаа хийсэн байна билээ.  Энэ нь мөн нэг санааг илэрхийлсэн байх?

  -Тавдугаар догшин ноён хутагт Р.Данзанравжаа үлэмжийн чанар гэдэг дууг зохиохдоо бүх цаг үед дуулж яваасай гэсэн туйлын хүсэл эрмэлзлэлтэй байсан байх. Энэ ч утгаар өнөө цагт дуулах мөрөөдөл минь биелэсэн. Хүмүүс энэ дууг гудамжинд явж байгаад дууллаа хэмээн шүүмжилсэн. Энэ нь нэг талаараа хүндэтгэх үүднээс хэлж байгаа байх. Гэхдээ энэ дуу орчин цагт дуулагдаж байгаа гэсэн утгыг илэрхийлэхийг зорьж, өндөр шилэн барилгын өмнө зургаа авсан.  Мөн хүндэтгэл талаас нь Богдын хүрээнд зураг авсан. Хоёр өөр цаг үе гэсэн утга санааг гаргахыг зорьсон клип болсон.

-Ардын болон уртын дуу хүний хүмүүжил төлөвшилд нөлөөлдөг болов уу?

-Мэдээж нөлөөлнө. Аливаа зүйлийг нухацтай бодох, төлөв даруу байх гээд олон шинжийг бага наснаас минь надад суулгасан. Ер нь тэгээд Монгол дээл хувцсаа өмсчихөөд ардын болон уртын дуу дуулахаар цаанаасаа намбалаг, дөлгөөн байдалд ордог. 

-Дэлхийд уртын дуугаараа нэрээ гаргасан олон уран бүтээлч бий. Хамгийн ойрын жишээ гэвэл Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Хонгорзул дуучин байна. Үүний араас та бүхэн орж ирж байгаа байх. Таны хувьд тив, дэлхийд нэрээ гаргах бодол байдаг болов уу?

 -Мэдээж улс орнуудын шоу нэвтрүүлэг зэрэг зүйлст орох боломж гарвал орно. Гэхдээ уртын дуучны хувьд харьцангуй дуурийн дуучин шиг олон улсын мэргэжлийн уралдаанд оролцох боломжгүй байдаг.

-Цаашид ардын болон уртын дуугаа үзэгчдэд хүргэхдээ ямар байдлаар, хэрхэн хүргэх бодол байна вэ?

  -Энэ сайхан өв уламжлал болсон ардын урлагийн төрлөө илүү түгээн, дэлгэрүүлэхийг хүсэж байна. Тэр дундаа залууст ойр байлгахын тулд сонсдог хөгжимтэй нь ойртуулж, нөгөө талаар уламжлалт хэв маягийг нь алдагдуулахгүйгээр үргэлжлүүлэхийг бодож байна.


Б.БАТЦЭЦЭГЛЭН: Хөдөө тал намайг уртын дуучин болгосон
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188