• Өнөөдөр 2024-04-20

Б.БАЯНДАЛАЙ: “Би өөрийнхөөрөө” дууг бүтээх гэж урт зам туулсан

2021-11-03,   3086

        Нийтийн дууны ертөнцөд өөрийн өнгө аяс, авьяас, хүч хөдөлмөрөөрөө түрэн орж ирж буй залуу уран бүтээлч, Соёлын тэргүүний ажилтан Б.Баяндалайг “Уран бүтээлчийн цаг” буландаа урилаа. Тэрбээр орныхоо хөшгийг нээж, эмээдээ тоглолт үзүүлчихээд, амттан хүртдэг байсан бага наснаасаа эхлэн дуунд дурлаж, урлагийн замыг сонгосон аж. Хөгжим бүжгийн коллежид, Монгол Улсын гавьяат багш, дэд профессор Ц.Ерөө багшийн шавь болсон гэдгээрээ ихэд бахархах түүнтэй ярилцлаа.
 

-“САРАН ХӨХӨӨ” ТЕАТРТ БАЙХДАА АНХНЫ ДУУГАА ГАРГАХААР ЦАЛИНГИЙН ЗЭЭЛ АВЧ БАЙСАН-

-Анх урлагт хөл тавьсан үеэс нь яриагаа эхэлье?

          -Анхны юм бүхэн сайхан. Миний урлагийн хүн болох хүсэл мөрөөдөл манай гэр бүлээс эхлэлтэй. Аав, ээж, эмээ, өвөө маань дуулдаг хүмүүс байсан болохоор багаасаа тэднийхээ дуулахыг харж өссөн. Бага байхад боржигон найр гэж болдог байсан. Тус найранд  аав, ээж маань хачин сайхан дуулна. Энэ байдал надад нөлөөлж, дуу хууртай амьдралаа холбох үндэс болсон. Нэгэнт сэтгэл зүрхээ өгсөн дуртай зүйл гэдэг бол хүнийг их татдаг. Манай гэрийнхэн намайг гааль, хилийн мэргэжилтнээр сургах гэж байхад нь “Би дуучин болно” гэж зүтгэсэн. Ингэж явсаар Соёл урлагийн их сургуульд сурахынхаа өмнө Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын дуучнаар жил ажилласан. Миний анхны ажлын гараа энэ сайхан театраас эхлэлтэй. Тэгээд Хөгжим бүжгийн коллежид дуурийн дуулаачийн ангид Монгол Улсын гавьяат багш, дэд профессор Ц.Ерөө багшийнхаа удирдлагад сурч төгссөн. Мөн концерт мистер СТА А.Эрдэнэчимэг, МУАЖ  Б.Жавзандулам багш нартаа баярлаж явдаг. Анх театрт дуулдаг байхад өөрийгөө их л мундаг том дуучнаар төсөөлдөг байсан. Дараа нь мэргэжлээрээ сурч байж, өөрийгөө илүү ойлгосон.

-Дуурийн дуучнаар төгсчихөөд яагаад нийтийн дууны салбарт орсон бэ?

        -Хүмүүс дуурийн дуулаачаар төгсөөд нийтийн дуу руу орсон уран бүтээлчдийг гайхдаг. Тухайлбал, дуучин Э.Төрмандахыг дуурийн чиглэлээрээ явсан бол өдийд Монголынхоо нэрийг гаргасан дуучин байх байсан гэж ярьдаг. Намайг ч ялгаагүй "Дуурийн дуучнаараа явахгүй яасан юм бэ" гэдэг. Гэхдээ хүнд сонирхол, ахуй орчин гэж зүйл бий. Багаасаа алтан үеийн уран бүтээлчдийнхээ хит дууг сонсон, дагаж дуулж ирсэн. Хуурцагт эгшиглэх дуунуудыг давтаж сонсож, ийм л дуучин болох юм сан гэсэн битүүхэн хүсэлд автдаг байж. Дуучин болох гээд сургуульд орохдоо Ардын жүжигчин, гавьяатууд ороод яг төгсөхдөө дуулах арга барилаа эзмшин, сэтгэлийн хөөрөл нь дарагдаад яг дуучны анхны шатаа алхаж төгсдөг.

-Сургуулиа төгсөөд, "Одоо юу хийх вэ" гэсэн бодол толгойд буусан байх?

         -Тийм ээ. Уран бүтээл хийхэд гэр бүл болон найз нөхөд намайг их хөглөсөн. “За, Б.Баяндалай чи, сургуулиа төгсчихлөө, мэргэжлээрээ театрт орохгүй бол чөлөөт уран бүтээлчээр ажиллаж, ийм зүйл хий" гэсэн зөвлөгөө өгч, дэмжсэн. Ялангуяа,  найз "Soft musig" студийн Н.Буяндэлгэр их дэмжсэн. Тэгээд л уран бүтээлийн эрэлд гарч эхэлсэн.

-Анхны уран бүтээлийн түүхээс хуваалцвал?

           -Би “Саран хөхөө”  театрт байхдаа анхны уран бүтээлээ хийхээр гэрийнхнээсээ нууцаар цалингийн зээл авч байсан. Тухайн үед “Мөнхийн холбоос” гээд хамтлагтай, үглэнэ. Тэгээд анх “Эхийн сэтгэл” гэж уран бүтээлийг гаргаж байлаа. Түүний араас анхны клиптэй уран бүтээл Я.Баярмагнайгийн үг, ая  “Очиж явна чам руугаа” дуу мэндэлсэн. Би анх Я.Баярмагнай, Б.Отгонтогтох хоёр найзтайгаа Хэнтий аймагт тоглолтоор хөтлөгч хийж явсан юм. Тэгтэл Я.Баярмагнай найз минь хөтлөгчийн цалингийн оронд  “Очиж явна чам руугаа” дууныхаа өмнөх хувилбарыг устгаад би чамд өгье. Чи дуулж ард түмэнд хүргээрэй” гээд бэлэглэж байсан. Ингээд би Малчин телевизийн н.Бат-Эрдэнэ найз клипийг нь хийж өгч байсан юм.

-АМЬДРАЛД УНАЖ, АЛДАЖ ЯВСАН ҮЕ БИЙ-

-Таны “Би өөрийнхөөрөө” уран бүтээл хүмүүст их хүрсэн. Энэ дуу хэрхэн бүтэж байв?

           -Яруу найрагч Ц.Баярцэнгэлийн үг, МУГЖ М.Бямбажавын аялгуугаар бүтсэн энэ сайхан дууг дуулсандаа өөрийгөө азтай гэж боддог. Энэ дууг гарч байх үед  ээж минь хагалгаанд орж, аав маань осолд орсон хүнд цаг үе байсан. Тухайн үед би аавыгаа эмнэлэгт байхад нь гэдсийг нь илж өгөөд, “Би өөрийнхөөрөө” дуугаа дуулж өгөхөд аав уйлж байсан. Энэ мэтээр энэ дуу бүтэхэд их зүйл болсон. Одоо энэ дууны минь нэг жилийн ой болж байна. Үүнтэй холбоотойгоор яруу найрагч Ц.Баярцэнгэл, МУГЖ М.Бямбажав ах нартаа бэлэг барьж, дууныхаа клипийг гаргахаар ажиллаж байна.

-Өнөө цагт хүмүүс өөрийнхөөрөө байх гэж их ярьдаг. Өөрийнхөө байх гэж таныхаар ямар ойлголт вэ?

       -Өөрийнхөөрөө байна гэдэг өөрийн зорьсон, бүтээсэн зүйлдээ үнэнч тууштай зүтгэж, зөв амьдрах ойлголт байх.Нөгөө талаар хэт өөрийнхөөрөө байсан хүн буруудах гээд байгаа санагддаг.

-Уран бүтээлч хүний хувьд өөрийн дуутай болоод дуу нь хүмүүсийн сэтгэлд хүртэл хоногшино гэдэг том амжилт байх. Энэ хүртэл багагүй хөдөлмөр зарцуулсан болов уу?

         -Мэдээж тэгэлгүй яах вэ. Амьдралд унаж, алдаж явсан ч үе байна. Авто угаалгад машин угаагаад, мөнгө хурааж, өөртөө шинэ хувцас ч авахгүй мөнгөө цуглуулж, уран бүтээлдээ зарцуулдаг байсан. Ер бүтэшгүй мэт санагддаг зүйл олон ч түүнийг бүтээнэ, чадна гээд эрмэлзээд явахад болдог. Цол дагаж бяр гэдэг шиг уран бүтээл хүмүүст хүрэхээр урам орж, дахиад  илүүг хийж бүтээх ёстой гэж л боддог юм билээ.

-Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

         -Саяхан МУГЖ М.Бямбажавтай хамтарсан “Жаргаж яваасай хүмүүн” гэсэн шинэ уран бүтээл гаргалаа. Зүүний үзүүр дээр ширхэг арвай тогтохын чинээ хүн төрлийг олдог гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ орчлонд хүн болж төрөөд хүн шиг хүн байж, хэлсэн амандаа хүрдэг байгаасай гэсэн санааг илэрхийлсэн уран бүтээл.

-Уран бүтээлч хүнд дэмжиж, тусалсан хүмүүс их чухал шүү дээ. Энэ хүмүүст та талархлаа илэрхийлвэл?

          -Мэдээж баярлалаа гэж хэлэх хүн олон байна. Намайг дэмжиж, сарын тэтгэврээ зориулдаг байсан эмээ минь хэдий бурхан болсон ч  би ачийг нь хариулахын төлөө, зорилгодоо хүрэхийн төлөө явдаг. "Анх найзыгаа клиптэй болгоё" гээд надад өгөх цалингийнхаа оронд дуугаа өгсөн найздаа их баярладгаа хэлье. Мөн намайг дэмжиж, урьж ярилцсан Эргэлт.мн сайтын хамт олондоо баярлалаа.

 


Б.БАЯНДАЛАЙ: “Би өөрийнхөөрөө” дууг бүтээх гэж урт зам туулсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-08-28 15:11:00
    Хайр: Баяндалай хэдэн настайн бэ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-11-06 08:08:15
    Зочин: Ганц дуутай дуучин, Бямбажав гавьяатад л баярла энэ хүн л энэ дуугаар чамайг гаргаж ирсэн
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-11-03 14:40:21
    Буянарвжих: Машин мундаг дуучин шүүс
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-11-03 13:37:56
    Gerelmaa: Mundag duuchindaa ulam saihan uran bvteel gargaj vrgelj uragshaa temvvlj zorilogdoo hvrehiig hvsie ard tvmniigee duugaar hugluj usalj ywdagt bayraldag shvv duugiin sonsoh durtai
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-11-03 09:20:01
    Иргэн: 30 жил нийтийн дуу гэнгэнэлээ, улс хөгжсөн үү? Нийтийн дуучид нийгэмд яг юу бүтээдэг юм бол??
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188