• Өнөөдөр 2024-05-11

МУГЖ Б.СИЙЛЭГМАА: БИ САЙН УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫН ТӨЛӨӨ АМЬДАРСАН

2021-10-19,   1355

           “Хүн хүндээ хайртай явъя”, “Ханан сүлжээ нэхээс”, “Цэрэг чамдаа хайртай”, “Уянгын хорвоо”, “Сэтгэлийн уянга”  зэрэг олон арван уран бүтээлээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшсон дуучин МУГЖ Б.Сийлэгмаатай ярилцлаа.

-УРЛАГТ ӨНГӨРҮҮЛСЭН 35 ЖИЛИЙНХЭЭ ОЙН ТОГЛОЛТЫГ ХИЙНЭ-

-Урлагийн салбар зогсонги байдалтай хоёр жил боллоо. Энэ байдал уран бүтээлчийн хувьд хэр туссан бэ гэдгээс яриагаа эхэлье?

              -Уран бүтээлчийн хувьд олон зүйлд өөрчлөлт орсон цаг хугацаа байлаа. Хамгийн гол нь эрүүл мэндийнхээ төлөө хүн бүр хичээж, зөв амьдрах нь чухал гэдгийг мэдэж авсан. Мөн өмнө нь бид олсныхоо хэрээр үрж, хэмнэлтгүй амьдардаг байсан юм билээ. Тэр дундаа үзэгч түмнээсээ их сайхан энергийг авдаг байсан тайзаа их санасан.

-Энэ хугацаанд уран бүтээлээ бодож төлөвлөх, нөөцөлж бэлдэх зүйл их байсан байх?

               -Мэдээж тэгэлгүй яах вэ. Өөрийнхөө хуучин дуулж байсан дуунуудыг шинэчилж, шавьтайгаа дуулахаар бэлдэж байна. Саяхан “Угалзан цагаан уул” шинэхэн дуугаа ард түмэндээ хүргэсэн. Удахгүй н.Мэндбаярын хөгжим, Ч.Давгадоржийн шүлэг “Богд нь уулын сүндэл” дууны маань клип “мэндлэх” гэж байна. “Чамайгаа яаж мартах вэ” дуугаа мөн дүрсжүүлэхээр ажиллаж байна. Араас нь 2022 онд урлагт өнгөрүүлсэн 35 жилийн ойн тоглолтоо хийхээр бэлтгэл ажилдаа орсон. Бүр 2019 онд “UB” паласд тоглох өдрөө авсан юм. Хамгийн сүүлд  2019 онд дуучин Б.Хишигжаргал шавьтайгаа Дундговь аймгийн сумдаар тоглолт хийсэн. Түүний өмнө Дорнод аймагт “Өнгөт инээд” хамтлагтай тоглолтоор явсан. Жүжигчин С.Өлзийхүү бид хоёр арван жилийн нэг анги. Би ганцаараа дуулахаас илүү олон төрлийн жанртай хамтарч ажилладаг. Ер юмыг үлдээх их дуртай.

-Сүүлийн үед онлайн тоглолт их болж байна. Таны хувьд дүүрэн үзэгчидтэй дуулж ирсэн хүний хувьд үзэгчгүй дуулах өөр мэдрэмж авсан байх?

             -Маш сонин мэдрэмж. Над шиг үзэгчидтэйгээ ярьж, харилцаж дуулдаг хүнд эхлээд хоосон оргиод, эвгүй санагдсан. Сүүлдээ харин сурсан даа. Онлайнаар хандивын тоглолтод их оролцсон. Энэ ташрамд онлайнаар тоглолт үзэж, сэтгэлийн хандив өргөсөн үзэгчиддээ баярласнаа хэлмээр байна. Монголчууд сайхан сэтгэл, халуун дулаан энергээр нэгнээ дэмжиж, тусалдаг.

-Өмнө нь ер ингэж урлагийн ажил хоёр жилээр зогссон үе бий юу?

                -Би 2002 онд АНУ-руу гэрээтэйгээр тоглолтоор явж байх үед халдварт өвчин гарч байсан. Гэхдээ айхтар хөл хориогүй ч хүмүүсийн амьдралд их нөлөөлсөн. Тэгээд аав, ээж рүү гээ Америкаас мөнгө явуулж байсан юм. Тэр үеэс одоо бол бүр хүнд байна. Дэлхий даяар энэ олон хүнээ алдана гэдэг бол маш эмзэглэмээр.

 -БИ ХЭЗЭЭ Ч УРАН БҮТЭЭЛИЙН ӨМНӨ БУУЖ ӨГӨӨГҮЙ-

-Анх дуулах авьяасыг тань нээж, урлагийн замд хөтөлсөн багш нараасаа дурсаж яривал. Мэдээж энэ үеэс л дуучин болох гараа эхэлсэн байх?

              -Анхны юм бүхэн хүний амьдралын хамгийн том үүд хаалгыг нээж өгдөг. Энэ ч утгаар анх дуулах авьяасыг минь нээсэн хүн бол дуу хөгжмийн  багш н.Дамба. Багш минь аймаг, сумдын бүхий л урлагийн тэмцээнд бэлтгэж оролцуулдаг байсан. Тэгээд наймдугаар анги төгсөөд сургуулийн хуваарь авахад миний сонирхож байсан багшийн сургуулийн хөгжмийн ангийн хувиар ирээгүй. Тухайн үед нэг ч хүүхэд хувиаргүй үлдэж болохгүй гэдэг байсан болохоор аргагүйн эрхэнд барилгын техникумын автотехникийн ангид орсон юм. Гэвч би тэнд нэг жил сураад сургуулиа орхисон. Тэгээд Сүхбаатарын нэрэмжит Жанжны клубт анх орж, н.Загар багшаараа дуулах, тайзны хүн байхыг заалгаж байсан. Дараа нь Цагдаагийн дээд сургуулийн “Мөнгөн бүрээ” хамтлагт эсрадын дуучнаар ажиллаж байгаад 1986 онд бүх ард түмний урлагийн их наадамд н.Сугарын хөгжим, Ш.Дулмаагийн шүлэг “Сэтгэлийн уянга” дуугаар  алтан медаль авснаар Хилийн цэрэгт орсон. Учир нь тухайн үед урлагийн байгууллагууд энэ наадмаас дуучдыг “түүж” авдаг байсан юм билээ. Хилийн цэргийн ансамбльд намайг МУГЖ н.Өлзийсайхан багш тосож аваад, дуулах ур чадварыг заасан. Ингэж л миний амьдралын гараа Хилийн цэргээс эхэлсэн юм. Мундаг, сайхан багш нарын ачаар өдий зэрэгт хүрсэн.

-Ер дуулна гэдэг төрмөл авьяас уу, заалгаад сурдаг зүйл болов уу ?

             -Авьяас бол байгалиас төрдөг. Төрмөл авьяас гэдэг нь  ямар ч нөхцөлд  дуулж л байдаг. Хамгийн гол нь хүн байгалиас заяасан багахан авьяасыг хөгжүүлэх нь чухал. Энэ нь сурахыг хэлж байгаа юм.

-Таны уран бүтээлийн оргил үе нь яг хэзээ байсан бол?

              -1989-1999 он хүртэл миний оргил үе байсан. Бүхий л зүйлд уригдаж, урд нь явж байдаг. Тухайн үед намайг "Тайзнаас буухгүй, цуцахгүй юм аа" гэсэн яриа ч гарсан. Ер нь хүн хөдөлмөрлөж л байвал зогсох хэрэггүй санагддаг. Би хэзээ ч уран бүтээлийн өмнө бууж өгнө гэж боддоггүй. Үнэхээр нэг өдөр дуулж чадахгүй байвал би хүлээн зөвшөөрнө. Угаасаа зөвшөөрөх ч ёстой. Бусад дуучнаас өөрийгөө жаахан тоодог зүйл нь би хайр, уул, ус, ах дүү, ээж аав, цэрэг, эх орон гээд бүх сэдвээр дуулдаг. Хүмүүс ч тэгж тодорхойлдог. Угтаа дуучин хүн тийм л байх ёстой. Энэ бол миний үүрэг, ажил, амьдрал.

-Та олон сайхан дууны эзэн. Тэр дундаа “Хүн хүндээ хайртай явъя” гэж таны хамгийн брэнд дуу. Клип нь ч  их том санааг хөндсөн. Сайн бүтээл их хөдөлмөр шаардсан байдаг. Бүтсэн түүхээс нь хуваалцвал?

                 -2007 онд МАХН-ын байр шатаад, хэдэн залуус өнгөрсөн.Тэр шөнө би ерөөсөө унтаагүй. Маргааш өглөө нь босож ирээд уран бүтээлээрээ нийгэмд дуугарах ёстой юм байна. Хүн хүнээ яагаад хайрлахаа больсон юм бол гэж бодогдсон. Тэгээд ерөөсөө л  “Хүн хүндээ хайртай явъя” дуугаа дүрсжүүлье гээд санаагаа буулгаж, төсөл бичээд олон газраар явсан. Тухайн үед Монголд гурван том утасны компани байсан үе. Юнител хамгийн сүүлд дөнгөж шинээр орж ирсэн байсан. Эхлээд скайтелд очиход хүлээж аваагүй. Мобиком ч мөн тоосонгүй. Тэгээд ганц үлдсэн Юнител компаниар ороод санагаа хэлтэл, маш уриалгахан хүлээн авсан. Дараа нь клипны сэдвээ мөн л нэлээд бодсон. Тухайн үед охид их хүүхэд авахуулж байсан үе л дээ. Тэгээд л эмэгтэйчүүдийн эмч найзтайгаа холбогдон нөхцөл байдлыг асууж, хэд хэдэн хувийн эмнэлгээр явж судалгаа хийсний үндсэн дээр энэ сэдвийг “барьж авахаар” шийдэж, "Вig" энтертаймэнтийн н.Болдтой уулзаж, хөгжмийн найруулгыг нь “Чингис хаан” хамтлагийн хөгжимчин Ц.Байдраг аяыг нь шинэчилж хийснээр клип нь төрсөн юм. Энэ бүтээлээ би клип гэхээс илүү богино хэмжээний кино гэж хэлнэ. Энэ дуугаа дуулах бүрд сэтгэл минь маш их хөдөлж, бусдыг хайрламаар мэдрэмж төрдөг.

-Энэ дууг сонсоод амьдралд босож, урам зориг авсан хүмүүсийн сэтгэгдэл их ирдэг байсан болов уу?

             -Мэдээж зөндөө захидал, мессеж ирдэг байсан. Хилийн цэргийн уран бүтээлч болохоор хилийн бригадаар явна. Мөн засан хүмүүжүүлэх газраар ч очдог байсан. Тэднээс “Энэ дууг сонсоод ухаарал авсан”, “Амьдралдаа алдсан алдаагаа хэзээ ч давтахгүй гэдгийг таны дуунаас ойлголоо” гэсэн зурвас ирнэ. Би ч их хариу өгнө.

-Урлагийн хүний тэсвэр хатуужилтай байдалд цэргийн байгууллагын дэг, журамтай байдал их нөлөөлсөн байх?

                 -Нөлөөлөлгүй яах вэ. Гэхдээ эмээ, өвөөгийн маань хүмүүжил бий. Үүний  нэг жишээ нь л  би 25 настай гэр бүл болж байсан. Би юм бүхэнд дэс дараатай амьдрах дуртай. Энэ ч утгаар эмэгтэй дуучдад "Сайн төлөвлө" гэж хэлдэг. Мөн юмыг их ажиглах ёстой. Миний хувьд их ажиглалт их сайтай. Өөрөөсөө дээш, дөнгөж гарч буй залуу дуучныг хүртэл хардаг. Учир нь надад байхгүй юм тэр хүнд, тэр хүнд байхгүй юм надад байдаг. Нөгөө талаар өвөө, эмээ минь зүйр цэцэн үг цээжлүүлдэг байсан нь юмыг амархан цээжлэхэд сургасан. Мөн би нойр муутай, хоолой өвдсөн зэрэг ямар ч нөхцөлд дуулдаг. Ерөөс би сайн уран бүтээлч болохын төлөө  л амьдарсан.

-Шар хэвлэл үнэн, худлыг мэдэхгүйгээр бичдэг нь уран бүтээлчдийн урмыг хугалах, шантрал руу түлхдэг санагддаг. Танд ийм үе байсан байх?

                  -2002 онд Америк руу би нөхөр, хүүхдээ орхиод явсан. Тэгэхэд шар хэвлэл намайг гадаад хүнтэй суусан, нөхрөөсөө салсан гэсэн утгатай зүйл бичиж байсан. Гэхдээ би ер тоогоогүй. Угаас цаг хугацаа амьдралыг харуулна. Тэгэхэд би өнөөдөр тэр хүнтэй 32 жил амьдраад байж байна. Нөгөө талаар зарим хэвлэл маркатенг бодож уран бүтээлчийг янз бүрээр бичдэг болов уу.

Уран бүтээлээс тань шинэчилж дуулах саналыг хэрхэн хүлээж авдаг вэ. Одоогоор таны дууг дуулсан хүн байхгүй байна?

                 -Нэг их таатай хүлээж авдаггүй. Учир нь уран бүтээл минь миний насан туршийн хөдөлмөр. Дээр ярьсанчлан нэг дуу хийхэд хэчнээн хөдөлмөр орж байгаа билээ. Миний урын сан бол дуусашгүй. Гэрт миний дууны зөвхөн нот нь гэхэд чемодан дүүрэн байна. Нэг нот хэдэн  хуудастай билээ. Ингээд бодохоор миний амь амьдрал, хөдөлмөр тэнд явж байгаа юм. Гэхдээ дуулахаа болиод ирвэл "Ямар уран бүтээлчид миний дуу зохих вэ" гэдэгт ажиглалт хийдэг. Бидний дараагийн үе сайхан бэлтгэгдэж байгаа. Хамгийн гол нь дуучин  үзэгчдэд шинэ бүтээл хүргэх хэрэгтэй. Дараа нь дууг сэргээж дуулах ёстой гэж боддог. Харин түүний дараа би бурхан болчихсон дуучдын дуунаас залуу уран бүтээлчдэд санал болгож, зарим мэддэг түүхээ ярьж өгдөг. Эхлээд дуучин маш сайн судлаач байх ёстой. Дуулсан дууныхаа түүхийг мэддэг байх нь зөв. Би залуу дуучдад “Хуучны уран бүтээлийг яг байгаа нотоор нь дуулаарай, өөрийнх нь дуулснаас битгий хазайлгаарай” гэж захидаг. Мөн эхлээд уран бүтээлч болохын тулд хүн байх ёстойг ч хэлдэг. Дээрээс нь уран бүтээлдээ чин сэтгэлээсээ хандаасай. Урлаг гэдэг өөрт нь чин сэтгэлээ зориулсан хүнийг өөрөө аваад явдаг. Урлаг дотроо хүн өөрөө амьдарч чаддаг байх хэрэгтэй. Гэхдээ амьдарч байна гээд зах зээлээ дагаад мөнгө, эд баялаг, нэр хүнд, цол хэргэмийн төлөө битгий яваасай гэж боддог.

-Залуу уран бүтээлчид гэснээс хэчнээн шавьтай вэ?

              -Гарын гурван шавьтай. Анхны шавь дуучин Туяа. Намайг ёстой гавьяат ч биш зүгээр дуучин байхад анх удаа "Багш аа" гэж дуудан, шавь орж байсан. Нэг нь Солонгосд ажиллаж, амьдардаг. Нөгөө нь Б.Хишигжаргал гээд одоо Хилийн цэрэгт дуучнаар ажиллаж буй. Би шавь нартаа эхлээд өөр өөртөө зарчимч, өөрийгөө хуурч болохгүй гэж захидаг. Өнөөдөр урлагт ийм олон жил дуулчихаад яагаад зогсохгүй байгаа юм гэж бидний үеийнхнийг шүүмжилдэг. Бид ерөөс өөрсдийн орон зайд өөрсдийгөө улам дээшлүүлж, сайжруулж амьдарч яваа улс. Түүнээс залуу уран бүтээлчдийн орон зайг булаагаагүй. Үнэхээр сайн бүтээлтэй дуучин бол гараад л ирнэ. Ард түмэн өөрсдөө сонгоно. Харин сайн бүтээл зуун хувь хөдөлмөрөөс бүтнэ.

-УРАН БҮТЭЭЛЧДЭД УРАМ, ТАШУУР ӨГӨХ АЛБАН ЁСНЫ БАЙГУУЛЛАГА БАЙХ ЁСТОЙ-

-Нийтийн дууг хүмүүс хөдөөний, нэгэн хэвийн гэх зэргээр шүүмжилдэг. Энэ салбарт тууштай явж ирсэн хүний хувьд энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

                -Нийтийн дуу бол 60, 70 онд ч байсан, одоо ч буй. Дуу бүхэн өөрийн он цагтай. Нийгэм байгаа цагт нийтийн дуу байх ёстой. Тэр хэсэг шүүмжлээд байгаа хүмүүс нь сонсмооргүй байгаа бол хүссэнээ л сонсох хэрэгтэй. Тэр бол тухайн хүний эрх, сонголт. Бүгд урлаг, бүх хүн хөдөлмөрлөж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Соёлын яам байгуулагдаж, бүхий л урлагийн төрөл, чөлөөт уран бүтээлчид маань ардаа ижий аавтай мэт боллоо. Сайдаар нь эмэгтэй хүн томилогдсонд баяртай байгаа. Эмэгтэй хүн их мэдрэмж өндөртэй байдаг. Соёлын яам гэдэг бол олон уран бүтээлчдийг нэгтгэсэн, маш том айл байх ёстой. Үнэхээр дэмжиж байгаа. Учир нь хүнийг хөдөлмөрлөөд явж байхад цаана нь ийм нэг урам, ташуур өгөх албан ёсны байгууллага байх ёстой гэж боддог.

-Уран бүтээлчид үе үеэрээ гарч ирдэг юм билээ. Одоо байхгүй уран бүтээлчдээ их үгүйлдэг болов уу, та?

                -Бидний үе гэвэл МУГЖ,Э.Бүрнээбаяр, Г.Баятбаяр, Н.Амгалан. Бидний араас МУГЖ У.Далантай, Д.Энхзул гээд орж ирнэ. Гэхдээ бидний үе бол дуулсан дуу бүхэн хит болж, нэг хэсэг нийтийн дууны өнгө аясыг өнгөлж өгсөн. Бүгд өөр өөрсдийн өнгө аястай. Бид үргэлж нэгнээ хүндэлнэ. Харин тэднээс цөөрч байгаа нь харамсалтай санагддаг. Хааяа уран бүтээлийг нь сонсохоор хачин тавгүй болдог. Орон зай нь их үгүйлэгддэг

-"Урлагийн хүн гоё сайхан байх ёстой" гэсэн зүйлд түүртэж, төвөгтэй санагдах үе байдаг уу?

              -Огт үгүй. Ээж минь насаараа оёдлын үйлдвэрт мастер хийдэг, их сайхан цэмцгэр, хээнцэр хүн байсан. Тэр байдлаас би суралцсан гэж боддог. Нөгөө талаар Сайхан байна гэдэг өөрөө өөртөө цаг завыг зарцуулахын илрэл. Ээж минь өглөө босоод заавал нүүрээ хүйтэн усаар угаа, шүдний оогоор угаасан ч давхар жамц давстай усаар зайлж байхыг сануулж, бидний эрүүл мэндэд  ямагт анхаардаг байсан.

-Юу таныг хамгийн их тайвшруулдаг вэ?

                -Амьдралд хэцүү зүйл тохиолдоход дуугаа дуулаад тайвширдаг. Би мөрөөдөлдөө хүрсэн гэж боддог. Хамгийн гол нь тайван амгалан явахад минь гэр бүл минь их нөлөөлсөн. Хань минь намайг олон хүүхэд гарга гэж шаарддаггүй байсан. Их сайхан ханийн буянаар өдий зэрэгт явж байгаа. Миний хань бол уран бүтээлийн сайн шүүмжлэгч, мөн дэмжигч. Энэ ташрамд ханьдаа баярлаж явдгаа хэлмээр байна. Нөгөө талаар хүн зөв замаа олоод, сайхныг бодоход амьдрал сайхан явдаг юм байна. Сайхан хань, ах дүү, найз нөхөд хүнийг их хөглөдөг. Найзууд гэхэд дандаа багаас найзалсан. Энэ сайхан хүмүүсийн буян, хишгээр сайхан явсан учраас миний хувьд юмыг муухайгаар харах сэтгэлгээ төрөөгүй амьдарсан байна. Мөн уран бүтээлийг минь сонсдог ард түмэндээ талархаж явдгаа илэрхийлье.

-Ярилцсанд баярлалаа, уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

        -Баярлалаа.


МУГЖ Б.СИЙЛЭГМАА: БИ САЙН УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫН ТӨЛӨӨ АМЬДАРСАН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-12-25 02:56:51
    Тэнгис: Энэ дуучин Сийлэгмааг яаж олж уулзах вэ тус болооч
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188