• Өнөөдөр 2024-04-19

Найруулагч Р.ЭРХЭМБҮРЭН: "No Rules" олон ангит киноны Хөлөгийн дүрийг бодит амьдралаас сэдэвлэсэн

2021-10-12,   1600

     КИНОНЫ ГОЛ ДҮР ХӨЛӨГИЙН АСУУДАЛ МИНИЙ ТАНЬДАГ ХҮНД ТОХИОЛДСОН ЮМ. ТУХАЙН ҮЕД БИД ЯАЖ Ч НӨЛӨӨЛӨХ ГЭЭД ЧАДААГҮЙ, ХЭРЭГ БУРУУГААР ШИЙДЭГДСЭН

  “Гайхамшигт ертөнц”, “Галзуу дурла”, “37-р точка”, “Солонго үүл”, “37-р гарам”, “Насан туршдаа”, “Манан зүсэгч”, “Би дурламаар байна”, “Биелэгдэшгүй төлөвлөгөө”, “18 нас би чамд хайртай”, “Хүсэл”, “Хөтөч”, “NO RULES” зэрэг киноны найруулагч, зохиолч Р.Эрхэмбүрэнтэй ярилцлаа.

-Таныг дуу хөгжим сонсох дуртай хүүхэд байсан гэж сонссон. Та яагаад дуу хөгжмийг биш кино урлагийн салбарыг сонгох болсон бэ?

       -Дуу хөгжим сонсож аливааг төсөөлж, ургуулж бодох дуртай, түүнээс маш гоё мэдрэмж авдаг байлаа. Одоо ч энэ зуршлаасаа салаагүй хэвээрээ шүү дээ. Тэгэхээр дуу хөгжим сонсож, дуулах гэхээсээ илүү аливааг төсөөлөн бодох дуртайдаа кино найруулагч, жүжигчин болсон. Ихэвчлэн киноны дуунууд сонсох дуртай.

-Та сүүлийн үед гэмт хэргийн, уянгын сэдэвтэй бүтээлүүд хийж байна. Зохиолын санаа хэрхэн төрдөг вэ. Юунд хамгийн их эмзэглэдэг юм бэ?

       -Гудамжаар алхаж байхад эмзэглэмээр зүйл их шүү дээ. Цахим орчинд цацагдаж буй мэдээллүүдэд эмзэглэдэг. Өөрийн эрхгүй уур хүрэх үе ч бий. Сүүлийн үед нийгэмд тулгарч буй хар бараан зүйлсээс санаа авч уран бүтээл хийж байгаа. Жишээлбэл, “No Rules” олон ангит уран сайхны киноны 1-8 дугаар ангид нийгмийн бодит үйл явдал, гэмт хэргийн шинжтэй жишээнүүд түлхүү гарч байгаа. Үүнийг үзэгчид өөрсдийнхөөрөө ойлгох нь зүй ёсны хэрэг. Миний эмзэглэж хийсэн бүтээлийг хүн бүр ойлгож, ижилхэн эмзэглэж үзэх албагүй шүү дээ. “Гайхамшигт ертөнц” кино “No Rules” киноны эсрэг талыг харуулсан уран бүтээл. Бид хар бараан хэцүү нийгэмд амьдарч байгаа ч аз жаргалтай зүйл бий гэдэг санааг агуулсан гэсэн үг. Тэгэхээр бид нийгмийн сайн, муу талаас нь харуулж, гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлсэн. “No Rules” киног хийхийн тулд маш их судалгаа хийсэн.

-Гэмт хэргийн шинжтэй жишээнүүдээ яаж цуглуулсан бэ. Яагаад “No Rules” киног хийхээр шийдсэн бэ?

      -Цагдаагийн албан байгууллагатай хамтарч судалгаа жишээнүүдээ олж авсан. Мөн олон нийтийн сүлжээгээр цацагдаж буй нээлттэй мэдээллүүдээс баримт, жишээ авсан. Кино зохиолыг хоёр жил бичсэн. Киноны гол дүр Хөлөгийн асуудал миний таньдаг хүнд тохиолдсон юм. Тухайн үед бид яаж ч нөлөөлөх гээд чадаагүй, хэрэг буруугаар шийдэгдсэн. Тэгэхээр яагаад үнэн зөвөөр амьдарч буй хүмүүс ямар нэгэн хэрэг хүлээж, хилс хэрэгт гүтгэгдэх ёстой вэ гэх бухимдал, эмзэглэл энэ бүтээлийг хийхэд хүргэсэн.

“Гайхамшигт ертөнц” кино “No Rules” киноны эсрэг талыг харуулсан уран бүтээл

-Аливаа зүйлийг хийхсэн хойно нөхцөл нь бүрджээ гэж ярьдаг шүү дээ. Таны уран бүтээлүүд цаг хугацаатайгаа нийцдэг үү. Эсвэл түрүүлж яваад байна уу?

       -Бид хэт их мэдээлэл дунд амьдарч байгаа учраас өчигдөр болсон үйл явдлыг өнөөдөр болсон өөр хүний мэдээллээр дарж байна. Өнгөрсөн таван жилийн хугацаанд маш олон итгэмээргүй гэмт хэргүүд гарч олон хүн нийгмийн золиос болсон. Монголчууд сүүлийн үед энэ байдалдаа дасаж, айж эмээж, эмзэглэхээ больж байна. Би үүнээс их айдаг. Хэрвээ энэ байдал удаан үргэлжилбэл бид хүн  байхаа болино шүү дээ.

-Нийгмийн дуулиан шуугиантай гэмт хэрэг, мэдээллүүд дараагийн мэдээллээр дарагддаг нь үнэн. Харин соёл урлагийн салбарт ийм төрлийн үзэгдэл гардаг уу?

       -Соёл урлагийнхан харьцангуй гайгүй байх. Би одоогоор энэ төрлийн мэдээлэл сонсоогүй байна. Соёл урлагийнхан нийгэмд зориулж бүтээл хийдэг учраас хоорондоо арсалдах зүйлгүй. Харин хүн хоорондын маргаан, таарамжгүй харилцаа байх нь ойлгомжтой.

-Та бүхэн цаашид юу хийхээр төлөвлөж байна вэ?

     -Манайхан 2024 он хүртэлх төлөвлөгөөгөө гаргачихсан байна. Жилд нэг уран бүтээл хийнэ. Сүүлчийн гурван жил гарах бүтээлүүдэд би зохиолч, найруулагчаар ажиллана. Одоо гадаад платформтой хамтарч ажлахаар ярилцаж байна. Мөн нэг ангид уран сайхны кинон зохиолыг бичихээр ажиллаж байна.

-Найруулагч гэж ямар хүнийг хэлдэг вэ. Ямар хүн найруулагч хийж чаддаг юм бэ?

      -Найруулагч бол хүн. Бусдаас илүү цойлчихсон, тусдаа хүн биш ээ. Кино урлагийн салбарт дуртай, мэргэжилдээ хайртай, түүгээрээ өвчилж чаддаг хүн л юм хийдэг.  Найруулагч бол жүжигчин, зохиолчоос илүү нийгэмд нөлөөлдөг хүчтэй. Харанхуй өрөөнд 200-300 хүн кино үзэхдээ Р.Эрхэмбүрэнгийн ертөнцөөр аялж байгаа юм. Өөрийнхөө ертөнцөөр аялуулж чадаж байна гэдэг найруулагчийн давуу тал. Нөгөө талаар уран бүтээлийн амин сүнс нь найруулагчаас шалтгаалдаг учир чадвар шаардаж байгаа. Найруулагчийн зовлон нь жаргал болчихдог. Бусдаар гудамжинд алхаж буй хэн нэгнээс ялгаагүй шүү дээ.

-Таны гаргасан уран бүтээлүүд нийгэмд нөлөөлж чадаж байна уу?

        -“Солонго үүл” кинонд маш их сэтгэгдэл ирсэн. Зарим эмэгтэй бичихдээ “Манай нөхөр намайг албаар эмэгтэйчүүдийн жендерийн талаар кино үзүүллээ” гэж гэртээ хариад зодсон. Кино үзэж байгаад заалнаас эхнэрээ зодож, чирээд гарсан тохиолдол бий. Нөхөр нь өөрийгөө үзсэн учраас эхнэртээ уураа гаргасан байгаа юм. Мөн "Солонго үүл” киног үзснээр нөхөр нь эхнэртээ дахиж муу, муухай зүйл хийхгүй гэж амлалт өсгөн жишээ бий. Харин үзэгчид " Насан туршдаа” киноны дараа бүгд босож алга ташсан. Тэгэхээр хүн кино үзэхдээ сургамж авч, аливааг ойлгохдоо гол нь биш. Сэтгэлийн болон сэтгэлгээний мэдрэмж авдаг байвал гоё. Тийм учраас миний кино нийгэмд нөлөөлж байгаа юм.

"Солонго үүл” киног үзснээр нөхөр нь эхнэртээ дахиж муу, муухай зүйл хийхгүй гэж амлалт өсгөн жишээ бий

-Та Дундговь аймгийн Гурвансайхан суманд төрж, өссөн юм билээ. Бага насныхаа тухай ярьж болох уу?

-Би ээжийгээ 37 настай байхад нь гарсан. Би эцэг, эхээс тавуулаа. Мэргэжлийн уран бүтээлчид биш ч, миний аав, ээж эгч, ах нар маань маш сайхан дуулдаг. Би өөрийгөө гэр бүлийн хүмүүжил сайтай, азтай нэгэн гэж боддог. Хайран дунд өссөн. Аав, ээж, амраг хос, анд нөхрийн, хүн хүнээ хайрлах хайр бол долоон тэрбум хүн дасан зохицож, ойлголцож амьдрахад нөлөөлж буй хамгийн чухал хүчин зүйл. Тийм учраас манай уран бүтээлүүдэд хайрын тухай гардаг. Энэ нь миний гэр бүлийн хүмүүжил, зан төлөвтэй холбоотой юм болов уу.

-Таны найруулагчаар ажиллаж буй арга барил юу вэ?

-1-2 цаг үзэгчийг нүд салгалгүй барихын тулд үндсэн онолын дагуу ажиллана. Би ихэвчлэн мэдрэмжээрээ киногоо найруулдаг.

-Ахмад үеийн уран бүтээлчид сүүлчийн үеийн киног үздэггүй. Үзэхээр кино хийхгүй байна гэж ярьдаг. Үүнийг та хэрхэн хүлээж авдаг вэ?

     -Ахмад үеийн уран бүтээлчдийг тухайн цаг үед тэгж л шүүмжилдэг байсан. Кино, жүжгийг гаргана, гаргахгүй гэж хүртэл ярьдаг байсан. Тэр л давтагдаж байгаа юм. Өөрт таалагдахгүй хэн нэгнийг үгүйсгэхийн тулд салбараар нь дорд үздэг ойлголт байдаг. Энэ бол нийгмийн нэгэн үзэгдэл. Бүгд төгс уран бүтээл хийхгүй нь ойлгомжтой. Бүгдээрээ өмнөх үеийн уран бүтээлчдээсээ суралцаж байгаа учраас тэднээс долоон дор юм хийнэ гэж байхгүй шүү дээ.  Харин ч кино урлаг маш сайн хөгжиж байгаа гэдгийг бардам хэлж чадна. Бидэнд мөнгө, санхүү, дэмжлэг дутагдаж байна.

-Соёлын яамтай болсноор кино урлаг хөгжих бүрэн боломжтой юу. Кино урлагийн салбар хөгжихөд мөнгө, санхүүгээс гадна юу чухал байдаг юм бэ?

       -Соёлын яамтай болсноор соёл урлагийн зарим салбарт үр нөлөөгөө үзүүлж байж магадгүй. Миний харж байгаагаар Соёлын яамтай болсноор одоохондоо кино урлагийн салбарт ахиц гараагүй, юу ч хийгээгүй байна. Монголын зах зээлд гарч буй уран бүтээлүүдийг шалгаруулж, залуу уран бүтээлчдэд дэмжлэг болохуйц кино фестивальтай болох хэрэгтэй. Үүний дараа бид дэлхийд гарна шүү дээ. 

-Уран бүтээлчид онгод орох тухай өөрсдийнхөөрөө тайлбарлаж, ярьдаг. Та үүнийг юу гэж ойлгодог вэ?

       -Нэг зүйлд анхаарлаа маш удаан хугацаагаар төвлөрүүлж, түүний талаар бодож, бясалгаж эхэлдэг. Хоёр, гурван сар нэг зүйлийн тухай бодохоор түүний талаарх сайн, муу бүх мэдээлэл, мэдрэмжүүд төрдөг. Үүнийг л онгод орох гэж ярьдаг байх. Энэ бүхэн надад мэдрэгдэж байсан. Бүх уран бүтээлдээ ингэж ажиллахыг хүсдэг.

-Нэг дор хэдий хугацаанд төвлөрч чаддаг вэ?

     -Хэдэн сарын турш нэг зүйлийн талаар бодохоор түүнээсээ гарч чадахаа больдог юм байна. Өдөр, шөнөгүй сууж байна даа.

-Уран бүтээлчдэд ямар нэгэн бүтээл гаргахад нь улирал, өнгө, сэтгэл зүйн байдал зэрэг гаднын хүчин зүйл нөлөөлдөг юм байна лээ. Танд тийм зүйл бий юү?

      -Надад тийм зүйл байхгүй.

-Та өөрийгөө олсон уу?

       -Би өөрийгөө олсон учраас уран бүтээл хийж байгаа байх. Амьдралын хар, цагааныг ялгаж чаддаг болсон байна. Би дуу цөөтэй хүн. Ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалаад бухимдах, онгирох, инээх, уурлах гээд хүний гаргаж болох бүх араншин бий.

-Жүжигчин мэргэжилтэй мөртлөө яагаад зохиолч, найруулагчаар түлхүү ажиллаж байна вэ?

    -Хамгийн гоё нь би өөрийнхөө ертөнцийг зохиол болгож цаасанд буулгаад, бичсэн дүрүүдээ амьдруулах, дүрээ босгох гэж тэмцэх маш амттай. Хоёрдугаарт, өөрийнхөө ертөнцөөр бусдыг аялуулна гэдэг юутай ч зүйрлэшгүй мэдрэмж шүү дээ.

-Зохиолч нар багаасаа номтой ойр өссөн байдаг болов уу. Таны хамгийн дуртай зохиол юу вэ?

      -Бага ангидаа хамгийн анх “Паанан” хэмээх тууж романыг дурлаж, амтанд нь орж уншиж байлаа. Одоо хүртэл миний санаанаас гардаггүй. Сүүлийн үед ном, зохиол их уншиж байна. Тэр хэмжээгээрээ сэтгэх, бодох чадвар сайжирдаг юм байна.

Би өөрийгөө олсон учраас уран бүтээл хийж байгаа байх


Найруулагч Р.ЭРХЭМБҮРЭН: "No Rules" олон ангит киноны Хөлөгийн дүрийг бодит амьдралаас сэдэвлэсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188