• Өнөөдөр 2024-04-26

Багтай ятгачин Ө.БОХЬШАРГА: Ятгын 21 утсанд миний амь, амьдрал, аз жаргал бүгд багтдаг

2021-10-05,   2672

-Би дотроо аав минь С.Батсүх гавьяатыг над руу явуулсан даа гэж боддог-


          Цагаан баг зүүж, ятга тоглодог залуугийн клип цахим сүлжээнд нийтлэгдээд хоёр жил гаруй хугацаа өнгөрч байна. Гэвч тэрбээр хэвлэл мэдээллийн хэрэгсэлд төдийлөн ярилцлага өгөөд байдаггүй нууцлаг нэгэн. Нууц атлаа чимээгүйхэн уран бүтээлээ туурвисаар буй түүнийг Ө.Бохьшарга гэдэг. Завхан аймгийн Отгон сумаас гаралтай тэрбээр таван настайгаасаа ятга сурч, аймгийнхаа Хөгжим бүжгийн коллежийг ятгачин мэргэжлээр төгссөн аж. Баг зүүхээс гадна түүний клипний зохиомж, өмссөн хувцасны дизайн, дууны сонголт зэрэг нь олны анхаарлыг татдаг. Ихэвчлэн баруун монгол ардын дууг сонгож уран бүтээлээ туурвидаг түүнтэй ярилцлаа.

-Магадгүй “Багтай ятгачин” гэх нэр чамайг Монголын урлагийн ертөнцөд өөрийн гэсэн орон зайтай болгосон болов уу. Баг зүүж тоглох санаа хэрхэн төрж байв?

-Хуулбарласан гэж арай болохгүй байх. Японы “Кодо” хамтлагаас бага зэрэг санаа авч байсан. Тэр хамтлаг жилд ганцхан уран бүтээл гаргадгаараа онцлогтой. Тэдний клипийг үзэж, дууг нь сонсоод сууж байсан чинь нэг багтай ятгачин анхаарал татлаа. Бусад нь адилхан л ятга тоглоод байгаа юм л даа. Ур чадвараараа яг адилхан хэр нь юүдэнтэй малгай өмсөж, муурны дүрстэй баг зүүсэн нь бусдаасаа содон харагдаж байгаа юм. Нэг л өөр, ид шидийн мэт намайг өөртөө маш хүчтэй татсан. Тэр залуу одоо болтол багаа тайлаагүй. Ямар царай төрхтэй, ямар гэдэг нь нууцлагдмал. Суралцаж эхэлж байгаа бидэн шиг залуус энд, тэндээс санаа авах үе цөөнгүй шүү дээ. Тэгээд ардын жүжигчин С.Батсүх багшид “Би ятга тоглохдоо баг зүүдэг юм уу” гээд хэллээ. Багш ч уриалгахан хүлээж авсан бололтой “Яагаад болохгүй гэж. Театр анх үүсэхэд жүжигчид нь маск, багтай байсан. Тэгэхээр баг урлагаас тийм ч хол зүйл биш. Харин чи хүмүүсийн хэл амыг л дааж чадах ёстой шүү. Багтай байгааг чинь хараад л “Энэ яасан их зантай юм, нүүрээ нуугаад”, “Нүүр нь хүн харахын эцэсгүй юм болов уу” зэрэг маш их яриа гарна. Энэ бүгдийг дааж, тэр бүхэнд өрвөлзөлгүй өнгөрөөж чадна гэвэл багаа зүүгээд гар. Чадахгүй гэвэл зүгээр л уран бүтээлээ хий” гэж хэлсэн. Тэгээд л зоригтой эхэлсэндээ.

-Үзэгч, сонсогчийн хувьд багаа битгий тайлаасай гэж бодож байсан юм. Харин та аль хэдий нь багаа хуулчихлаа?

-Багтай уран бүтээл гарч эхэлснээс хойш хүмүүс “Энэ ямар залуу гараад ирэв”, “Баг зүүхийг бодоход өөр хүн ятгыг нь дарж байгаа юм биш үү” зэрэг эргэлзсэн яриа гаргах болсон. Би өөрөө шүү гэдгээ харуулах гэж багаа хуулсан даа. Ер нь багтай ятга тоглоно, тэгээд дуулна гэдэг хэцүү. Амьсгал давчидна, микрофон, ятга, дуулалт гээд маш их зүйлд санаа зовох хэрэг гарна. Тэгээд ирэхээр баг надад төвөгтэй болж эхэлсэн. Баггүй уран бүтээл хийгээд бас ч гэж удаагүй байна. Энэ жилээс л эхэлж, өөрийнхөө нүүр царайг харуулж байгаа.

-Нүүрний багийг ч яах вэ хуулаад хаячихаж болно. Та хувь хүн, дотоод мөн чанарын хувьд багтай юу?

-Нэг үгээр хэлбэл өөрийнхөөрөө хүн. Надад худлын баг зүүж, хэн нэгний дүрд тоглох шаардлага байхгүй. “Өөрийгөө шүтсэн”, “Хэтэрхий авьяастай гэж өөртөө итгэсэн”, “их зантай” зэргээр олон янз ярьдаг л юм. Миний бусдаас онцгойрсон авьяас гэж юу байх билээ. Арван жил тасралтгүй, уйгагүй хөдөлмөрлсний минь үр шим гэж боддог. Д.Нямсүрэн, С.Батсүх багш нарын маань ач. Яг уулзаад яриад суухад би нээлттэй хүн. Олны дунд үгээ цэгнэдэг болохоор ч тэр үү даруу төлөв болчихдог. Хүүхэд байхаасаа ганцаараа байх дуртай байсан. Харин сүүлийн үед ганцаараа байх хэцүү санагддаг болсон шүү.

-Нэрээсээ эхлээд хувцаслалт, дууны сонголтоороо ч бусдын сонирхлыг татдаг Ө.Бохьшаргатай танилцаж байгаа даа таатай байна?

-Баярлалаа. Намайг Өлзийбаярын Бохьшарга гэдэг. Завхан аймгийн Отгон суманд төрж, өссөн. Мөнх цасан тэргүүнтэй Отонтэнгэр хайрхныхаа ивээлд багтаж, тэр сайхан нутгаасаа уран бүтээлийнхээ гарааг эхэлсэн дээ. 2016 онд Соёл Урлагийн их сургуулийн харьяа Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежийг Ятгачин мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд Ардын жүжигчин С.Батсүх багштайгаа танилцаж, Торгууд ардын “Тоохуу нэгэн гос” хэмээх дуугаар анхны клипээ хийж байсан. Багштайгаа ёстой л хувь тавилангаар учирсан гэж бэлгэшээдэг дээ.

-Аливаа уран бүтээлчийн эхлэл буюу анхны уран бүтээл цаашдын амжилтад хүрэх гол хүч болдог. Тэгвэл Ө.Бохьшарга яагаад заавал “Тоохуу нэгэн гос” дууг сонгосон юм бэ?

-“Авьяаслаг монголчууд” нэвтрүүлгээр нэг охин “Тоохуу нэгэн гос” дууг дуулж байхыг сонсчихоод гоё аялгуутай юм байна даа гэж бодоод өнгөрсөн. Сүүлд С.Батсүх багш маань “Миний хүү “Тоохуу нэгэн гос”-ыг тоглоод үзээч” гэж санал болгосон юм. Тэгэхээр нь ятгаар найруулга хийж үзсэн чинь эвтэйхэн болчихмоор юм шиг сонсогдож байна. Яг ч өөрийн уран бүтээл болгож, клип хийе гэж бодоогүй ямарваа нэгэн арга хэмжээ, тоглолтод ороход дуулах дуутай болъё гэж л бодсон. Найруулгыг нь дөнгөж гаргачихаад байж байхад С.Батсүх багшийн тоглолт болж таарлаа. Түүнд нь бэлдсэн дуугаа дуултал хүмүүс ам сайтай байсан. Хоёр ч удаа дахиулсан санагдаж байна. Найруулгын хувьд байдаг л нэг дуу, хөгжмийн зохиолчийн нотоос илүүтэйгээр арай өөрөөр сэтгэж, “Бохьшаргаас юу гарах вэ” хэмээн их бодож, өөрийгөө дайчилж хийсэн. Ер уран бүтээлээ хэвшмэл сэтгэлгээнээс салж уламжлалыг шинэчлэх зорилготой хийдэг дээ.

-Бүх төрлийн хөгжмийн зэмсгийг тоглож чаддаг хэр нь яагаад заавал ятга гэж?

-Энэ хөгжмийг сонгоход миний ээж хамгийн гол үүргийг гүйцэтгэсэн. н.Энхзул гэдэг хуучрын багшийг таньдаг болохоор ээж маань эхлээд “За миний хүү хуучрын ангид орох уу” гэж асууж байна. Би болохоор хуучрын ангийн дийлэнх нь охид байгаа байх гэж бодоод “хуучрын ангид орохгүй ээ” л гэчихлээ. Ардын зургаан хөгжмийн ангиас сонголт хийх гээд байгаа юм. Тэр үед 999 морин хуурч бэлдэж байсан болохоор дэмий санагдаад болдоггүй. Ээж “За миний хүү ятга сайхан хөгжим шүү” гэж дахин, дахин хэлээд байхаар нь ямар ч төсөөлөлгүй ятгын анги руу орж, шалгалт өглөө. Тэгсэн Д.Нямсүрэн багш “За хүү минь чамд сонсгол байна. Манайд ганцхан эрэгтэй хүүхэд бий. Уг нь чи орчихвол хоёулаа болно. Өөрөө л мэд. Үнэхээр хүсэж байвал ор” гэсэн юм. Тэгээд л орчихсон. Хуучраас ялгарахгүй олон охинтой ангид л орсон доо (инээв).

-Уран бүтээлүүдийг тань үзэхээр баруун Монгол ардын дуу таныг илүү татдаг бололтой?

-Хамгийн чухал нь манай баруун Монгол ардын дуунууд хөгжмийн найруулга хийхэд тохиромжтой байдаг. Хошин, хөгжилтэй дуунуудыг нь тухайн уран бүтээлч яаж ч өөрчилж болохоор санагддаг. Мөн залуучуудыг ардын дуугаа мэддэг, сонсдог, хаана ч очсон сайхан ардын дуугаа дуулчихдаг байгаасай гэж боддог. Би чинь ятгачин болохоос биш яг мэргэжлийн ардын, уртын дуучин биш шүү дээ. Жишээлбэл би Алтанжаргал ах шиг ардын дууг хүний сэтгэлд хүртэл дуулж чадахгүй. Харин баруун Монгол ардын дууг ямар ч хүн дуулах боломжтой байдаг.

-Олны өмнө, тайзан дээр анх удаа гарч байсан үеийн мэдрэмж аль хэдий нь мартагдсан уу?

-Яалаа гэж дээ. Саналгүй яах вэ. Хамгийн анх 2016 онд Завхан аймгийн Алдархаан сумын Соёлын төвд “Дүүриймаа” гэдэг дууг дуулсан. Тэр мөч миний сэтгэл санаанаас хэзээ ч гардаггүй юм. Би С.Батсүх гавьяатыг таньдаггүй байсан юм. Манай Д.Нямсүрэн багш гавьяаттай хамт хөдөө орон нутгаар тоглолтоор явж байгаад таарсан нь тэр. Тэгээд багш намайг “Чи гавьяатад нэг ороод уулзаадах, шалгуулаад үз. Чамд хүнд үзүүлчих бэлэн юм байна уу” гэж байна. Хөгжим бүжгийн коллежийн оюутнуудыг  ятга тоглоод, дуулаад явахыг багш нар хүлээн зөвшөөрөөд байхгүй. Заавал мэргэжлийн тоглолтод оролцуулна гэдэг байр суурьтай. Багш “ Хурдан орж уулз” гээд байдаг. Би ч юу үзүүлэх билээ гээд сандраад эхэллээ шүү. Тухайн үед Алтанжаргал ах “Дүүриймаа” уран бүтээлээ гаргачихсан, би ч сонсох дуртай байлаа. Ер нь яагаад “Дүүриймаа” байж болохгүй гэж гээд найруулга хийж үзсэн. Тэр найруулга маш хурдан бүтсэн. Арван минут хүрэхтэй үгүйтэй гаргачихсан. Сумын соёлын төвийн арын өрөөнд сууж байгаад гаргасан найруулгыг маань үзэгчид маш сайхан хүлээж авлаа. “Дахиад, дахиад” гээд дуулуулах гээд байдаг. Надад бэлдсэн дуу байдаггүй. Хөгтэй хэр нь сайхан мөч.Бодох бүрд гоё мэдрэмж төрдөг. Тэр тоглолтын дараа С.Батсүх гавьяат “За оюутан болж, хот руу очоод надтай уулзаарай. Хоёулаа нийлж сайхан уран бүтээл хийнэ” гэж хэлсэн.

-Яруу найрагч хүн бал, цаастай байхад ганцаарддаггүй гэсэн үг байдаг. Тэгвэл Ө.Бохьшарга ятгатайгаа байхад ганцаарддаггүй юү?

-Хүний нүдэнд бол уран бүтээлийнхээ төлөө “асаж, шатаж” яваа залуу харагддаг байх. Хүн л юм чинь гуниглаж, ганцаардах үе тааралгүй яах вэ. Аав маань бурхан болоод багагүй хугацаа өнгөрч байна. Аавыгаа их үгүйлнэ. Аав минь байсан бол би арай өөр явах байсан болов уу гэж бодно. Сургаал үг, нөмөр түшиг нь үгүйлэгдсэн үед сайхан дуу дуулж, хөгжмөө тоглож тайтгарна. Аавдаа зориулаад дуу зохионо. Ятга найз шиг минь л байдаг. Зөвхөн ятга гэлтгүй төгөлдөр хуур, гитар гээд хаана, ямар хөгжмийн зэмсэг тааралдана бариад л авна. Хөгжмөөр сэтгэлээ аргадах үе бий. Гэхдээ сэтгэл, сэтгэлгээ, хайр халамжаас эхлээд амьд хүний орон зайг яаж нөхөж чадах билээ.

-Өдгөө Ө.Бохьшарга монголчуудынхаа хайр хүндэтгэлийг хүлээсэн ятгачин, дуучин болжээ. “Ааваа хүү нь ард түмэндээ танигдсан шүү” гэж хэлмээр санагдах үе байдаг уу?

-Та хэтийдүүлээд байх шиг байна. Өнөөдөр миний дуулсан хэдэн дуу, гаргасан цөөн клип маань намайг тийм ч их нэр алдарт хүргээгүй байна. Өдөр бүр л хичээх ёстой шүү гэж өөртөө сануулдаг. Одоо бол аавдаа сайн яваагаа гайхуулахаас илүүтэй “Ааваа хүү нь ингээд явж байна шүү, та минь харж байна уу”, “Та хүүдээ туслаарай” зэргээр аавыгаа амьд мэт л тус дэм, нөмөр нөөлгийг нь хүсдэг дээ. Аав маань мэргэжлийн дуучин биш ч гэсэн баргил хоолойтой, сайхан дуулдаг хүн байсан гэж нутгийнхан маань ярьдаг. Би дотроо аав минь С.Батсүх гавьяатыг над руу явуулсан даа гэж боддог. Багш маань надад аавын энэтэй байдаг. Би Завхан аймгаас оюутан болж ирээд энэ жаахан студид хоёр жил амьдарсан. Багш надад “Чи өөрөө өөрийгөө ол, өөртэйгөө ярилц. Энд уран бүтээлээ хий” гэж хэлсэн.  Мэдэхгүй, чадахгүй бүх зүйлийг минь хэлж, зааж өгнө.

-Аавыг тань сайхан дуулдаг гэж нутгийнхан нь ярьдаг гэлээ. Ой тойнд чинь үлдсэн сайхан дуунаас нь дуулж өгөөч?

-Аав маань намайг бага байхад ээжээс салж, 12 дугаар ангид ордог жил өөд болсон. Тиймээс энэ дууг л дуулдаг гэж санах зүйл алга. Есдүгээр ангид байхдаа аавыгаа санаад нэг дуу зохиож байсан юм. Төвөгшөөхгүй гэвэл үүнийг дуулъя даа.

Тэрбээр ингэж хэлсэн даруйдаа

“Гунигт мэдээ чихнээ дэлсээд

Харууслын бороо гадаа шивэрлээ

Саяхан намайг зэмлээд суусан аав минь

Санаанд ормооргүй холдоод явлаа

Аав минь, аав минь та хүүгээ бүү зэмлээрэй

Аав минь тэнэгхэн хүү нь одоо л ухаарлаа ...” хэмээн дуулав. Ө.Бохьшарга дуулахдаа тэнгэр зүг ширтэх бөгөөд самсаа нь шархирч, нүдэнд нь нулимс бөртөлзөж байлаа. Тэрбээр үргэлжлүүлэн

“Эхнэр маань бие давхар. Энэ сард бид хоёр үрийн зулай үнэрлэнэ. Саяхан аавыгаа санаж, бэтгэрч байсан жаахан хүү өөрөө аав болно гэж бодохоор их л сонин санагдаж байна. Гэхдээ сайн аав байхын тулд хичээх болно. Анх хүүхэдтэй болсноо мэдээд аавынхаа алдааг л давтахгүй юм шүү гэж өөрийн эрхгүй бодогддог юм байна лээ.  Аль хэдий нь даавуу угаах бэлтгэл ажилдаа орчихсон шүү (инээв).

 


Багтай ятгачин Ө.БОХЬШАРГА: Ятгын 21 утсанд миний амь, амьдрал, аз жаргал бүгд багтдаг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-10-05 10:43:19
    Иргэн: "Тоохуу нэгэн гос" гэдэг нь зөв шүү, юун хос. мэддэг юм аа шүүмжлээч
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-10-05 10:17:47
    irgen: toohuu negen gos gej yu baisan yum be, "Toohuu negen hos". setguulch nart tugssun surguuli baidag uu?
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188