• Өнөөдөр 2024-03-29

Д.ЛХАГВА: Раськолниковийн дүр намайг "зовоож" байна

2021-10-04,   683

          “Guys” хамтлагийн “Манан”, “Хайрын бүжиг”, “Сургууль минь баяртай” гэх дуунуудыг мэдэхгүй хүн ховор. Монголын хамгийн анхны хөвгүүдийн хамтлаг болж, дуу хөгжим, хэмнэлээрээ хоёр 10-ныг уяраасан “Guys” хамтлагийн дуучин, жүжигчин, найруулагч Д.Лхагватай уншигч та бүхнийг уулзуулж байна.

          Дэлгэцийн урлагт “Амьдрал төсөл”, “Дурлалын гэмт хэрэг”, “Мухар гудамж”, “1990” зэрэг киног найруулж, үзэгчдийн хүртээл болгосон тэрбээр өдгөө Оросын нэрт зохиолч Фёдор Михайлович Достоевскийн алдарт “Гэм зэм” жүжгийн гол дүр болох Раскольниковийн дүрийг “Орфей” театрт “амилуулахаар” болсон юм.

-ӨӨРИЙГӨӨ БЭЛЭН БАЙЛГАХЫН ТУЛД ӨӨРИЙНХӨӨ АМЬДРАЛЫГ РАСКОЛЬНИКОВИЙНХ ШИГ Л ЗАВГҮЙ БАЙЛГАЖ БАЙНА-

-“1990” киногоо найруулж, үзэгчдийн хүртээл болгосноос хойш хэсэг хугацаанд чимээгүй байлаа. Энэ хугацаанд юу хийв ээ. Уран бүтээлийн олз, омог их байв уу?

          -Өнгөрсөн цар тахал, хөл хорионы үед бусадтай л адилхан хоригдоод юу ч хийж чадсангүй (инээв). Гэхдээ хөл хорионы үеэр нэг кино зохиол дээр ажиллаж, нэлээн ахицтай сайн явуулсан. Уг кино зохиол дээр ажиллаад ч их удаж байна. Тэр зохиол маань “LVA entertainment”-аас дэлгэцийн бүтээл болно. Одоохондоо нэрийг нь нууцалсан нь дээр байх. Ямартай ч түүхэн сэдэвт кино зохиол байгаа.

-Оросын нэрт зохиолч Фёдор Михайлович Достоевскийн алдарт “Гэм зэм” романы гол дүр болох Раскольниковийн дүрийг Монголын театрт “амилуулах”-аар болсон. Анх хэрхэн энэ дүрд шалгарч, сонгогдов?

          -“Орфей” театрын зүгээс “Оросын зохиолч Достоевскийн 100 жилийн ойд зориулаад “Гэм зэм” зохиолоор нь жүжиг тавьж  байгаа юм. Өөрийг чинь гол дүрд тоглуулах хүсэлтэй байгаа юм” гэж найруулагч М.Батболд надад санал тавьсан л даа. Тэгээд би саналыг нь хүлээж аваад зохиолыг нь уншсан. Түүний дараа ямар хоорондоо ярилцаж, ойлголцоод санаа, зорилго нэгдсэн юм. Нөгөөтэйгүүр би удаан хугацааны турш театрын тайзан дээр гараагүй болохоор “Өөрийгөө соръё” гэж бодсон болохоор нааштай хүлээж авсан.

-Раскольниковийн дүрд тоглох санал ирэхээс өмнө “Гэм зэм” романыг нь уншиж үзэж байгаагүй юм уу?

-Раськольниковийн дүрд сонгогдохоосоо өмнө зохиолыг нь уншиж үзэж байгаагүй. Дүрдээ сонгогдсоныхоо дараа л “Гэм зэм” романыг, жүжгийн зохиолоо ч уншсан.

-“Гэм зэм” романыг уншиж үзсэний дараа сонгогдсон дүр чинь ямар санагдсан бэ. Санаанд чинь багтав уу?

          -Раскольниковийн дүр бол нийгмийн болох, болохгүйд маш их бухимддаг нэгэн. Тэр нийгмийг, бүр ертөнцийг тэр чигт нь өөрчлөхийг хүсдэг. Энэ ертөнцөд амьдарч байгаа хүмүүсийг хоёр хувааж авч үзээд, нэг хэсэг нь агуу, нөгөө нь энгийн хүмүүс гэдэг үзэл бодолтой “сонин” гэж тодотгож болохоор дүр.

-Уншигч, үзэгчид Раскольниковийг дотроо маш их шаналж, зовсон дүр гэдэг. Харин Раскольниковийн дүр таныг хэр их зовоож байна?

          -Намайг их зовоож байна. Раскольниковийн дүрийг “амилуулах”-ын тулд аль болох л судалж, өөрийгөө хөгжүүлж, дахин эвдэж, өөрийгөө бэлдэж байгаа. Өөрийгөө бэлэн байлгахын тулд өөрийнхөө амьдралыг Раскольниковийнх шиг л завгүй байлгаж байна. Тэгж байж л Раскольниковт жоохон ч болов дөхөж байгаа юм.

-“Театрын тайзан дээр удаан хугацаанд гараагүй болохоор өөрийгөө сорьё” гэж хэлсэн дээ. Яг хэр удаан хугацаанд театрын тайзан дээр гараагүй болохоороо “Өөрийгөө сорих” хүртэл төсөөрсөн юм бэ?

          -Их сургуулиа төгсөхдөө дипломынхоо ажлыг “Гамлет” жүжгээр хийж байлаа. “Гамлет” жүжгийг ангийнхантайгаа хамт Дуурийн театрт тавьж байсан юм. Харин түүний дараа 2003 онд Драмын театрт үзүүлж байсан С.Жаргалсайхан гуайн “Дурлал яг үхэл шиг, бас үлгэр шиг” жүжгийг зохиолд дүр бүтээж байв. Сүүлд 2008 оны үед “Гэнэтийн бэлэг” гэх жүжиг тоглосон. Түүнээс хойш гэхээр аль хэдий нь 10 гаруй жил өнгөрчээ. Тийм ч учраас өөрийгөө маш их бэлдэх, хөгжүүлэх, дайчлах шаардлагатай л болж байна даа.

-Г.ЖИГЖИДСҮРЭН БАГШ МААНЬ Л НАМАЙГ КИНО УРЛАГТ ГҮН ГҮНЗГИЙ ДУРЛУУЛСАН-

-“Кино урлаг миний мөрөөдөл” гэж нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. Магад тийм учраас мөрөөдлөө хөөж, дуу хөгжмийн салбараа орхигдуулав уу?

          -Би кино урлаг, дуу хөгжим хоёрыг хослуулаад л хийе гэж боддог юм. Манайхан чинь СУИС-д ороод л шууд “Guys” хамтлагаа байгуулчихсан. Тухайн үед социализмын үеэс ардчилал руу шилжиж, дөнгөж л барууны соёлтой танилцаж байлаа шүү дээ. Барууны “MTV” гээд телевизийг үздэг байх даа л “Барууныхан шиг хамтлаг байгуулах юм сан” гэх мөрөөдөлтэй болсон. Тэгээд 1997 онд оюутан болоод шууд л хамтлагаа байгуулж байлаа. Гэхдээ манай хамтлагийнхан чинь бүгд жүжигчний мэргэжлээр төгссөн болохоор хамтлагаараа дуу хөгжим хийх ч, тайз, дэлгэцийн урлагаа хаячихалгүй байхыг хичээж л ирсэн дээ. Хамтлагийнхан маань өөр өөрсдийн боломж бололцоогоороо жүжигчний мэргэжлээ хаялгүй, бодож, төлөвлөсөн зүйлсээ хийж л байгаа.

-“Guys” хамтлагийг Монголын хамгийн анхны хөвгүүдийн хамтлаг гэж хэлж болох байх. Байгуулагдсан цагаасаа л залууст хүрсэн хайр, дурлалын тухай дуу хийгээд л “од” болж байлаа. Тухайн үеийн охидуудын “мөрөөдлийн залуус” байсан. Тэр үеийн гэгээн дурсамжаасаа хуваалцаач?

          -“Guys” хамтлаг байгуулагдсан цагаасаа л бусдаас өөр замаар явсан. Нэг л мэдэхэд олны хараанд өртсөн шүү. Харин одоо үзэгч, сонсогчдын хайр, хүндэтгэлийг хүлээсэн маань тухайн үед сайн уран бүтээл хийж байсантай л холбоотой болов уу гэж боддог юм. Манай хамтлагийнхан уран бүтээлдээ чин сэтгэлээсээ ханддаг байсан. Чин сэтгэлээсээ гаргасан дуунууд маань бусдад таалагдаж, бусад хүн биднийг хайрлаж, хүндэлж, бүр үлгэр дууриалал ч авдаг болсон байлаа.

-Таны хувьд “Guys” хамтлагийнхаа хамтаар Монголын дуу хөгжмийн салбарт өөрсдийгөө таниулчихаад тэр салбараа орхиж, 2010 онд кино урлагт хүч үзэх болсон. Бусад хүн өөрийг нь мэддэг болсон салбарыг орхиж, өөр салбар руу шилжих ямар санагддаг юм бэ?

          -Би багаасаа л “Колумбиа пиктурес үзүүлж байна”, “Нью-Лайн синема үзүүлж байна” гэдэг үгнүүдийг сонсоод өөрийн гэсэн энтертайнменттай болох юм сан гэж мөрөөддөг байсан. Миний багш, Ардын жүжигчин, найруулагч Г.Жигжидсүрэн кино урлагийн хүн. Багш маань кино хийхээрээ намайг туслахаараа авч явдаг, мэддэг зүйлсээ хэлж өгдөг байлаа. Г.Жигжидсүрэн багш маань л намайг кино урлагт гүн гүнзгий дурлуулсан байх гэж боддог.

          Тэгээд өөрийн гэсэн энтертайнменттай болох мөрөөдлөө тээж явсаар 2010 онд өөрийнхөө нэрийг товчилж, “LVA” энтертайнментыг байгуулсан. Би “LVA” энтертайнментаас гаргасан анхны кино “Амьдрал төсөл”-өөр өөрийгөө сорьж үзсэн. Киноныхоо зохиолыг бичиж, найруулж, гол дүрд нь тоглож, туслах дүрд нь тоглох бүрдээ өөрийгөө сорьж, хөгжүүлж байсан. Үзэгчдэд өөрийгөө шингээсэн, өөрийн үзэл бодлоо харуулсан бүтээл хийхийн тулд өөрөө олон зүйлд нь оролцох хэрэгтэй байсан юм.

          Бэрхшээлтэй тал зөндөө байсан. Гэвч хүн чинь шууд бүгдийг нь чадна гэж байхгүй шүү дээ. Тэр бүрийг туршлагажиж байж л давна. Алдаж, алдаанаас суралцаж л өдий болгосон доо. Одоо ч гэсэн суралцсаар л байна.

-Найруулагч Г.Жигжидсүрэн гуай эд дэлгэцийн бүтээлээ хийж байхад нь үзэгчид ойлгохгүй, “Муухай кино үзэж болохгүй” гэдэг үе ч байлаа. Таныг ч мөн дэлгэцийн урлаг руу ороход хүмүүс ойлгохгүй, шүүмжлэл ирж байсан ч удаа бий байх?

          -Үзэгчид илэрхийлэх гэсэн санааг минь ойлгодоггүй. Гэхдээ тийм зүйл болох бүрд “Яг юун дээр алдсан юм бол”, “Юуг дутуу хийчих вэ” гээд өөртөө буруу өгч, “Миний алдаанаас л болж хүмүүс намайг ойлгохгүй байна” гэж боддог байлаа. Миний сэтгэсэн зүйлийг хүмүүс хүлээж авч чадахгүй, ойлгохгүй байсан юм шиг байгаа юм.

          “Дурлалын гэмт хэрэг” кино гарахад олон нийт шүүмжилж, муу хэлж л байлаа. Харин кино гарснаас хойш дахиад хэдэн жил өнгөрөхөд “Өө, гоё кино байсан юм байна шүү дээ” гэсэн. Хүмүүсийн хөгжлийн явц янз бүр л байдаг. Гэхдээ тэглээ гээд бүх хүний хөгжилд тааруулж хийнэ гэж байхгүй шүү дээ.

-Тэгэхээр урлагт цаг хугацаа хэрэгтэй байх нь ээ?

-Цаг хугацаа хэрэгтэй. Тэсэж үлдэх, чадвар, потенциал хэрэгтэй.

 

-ҮХЭН ҮХТЭЛЭЭ УРЛАГИЙН САЛБАРААС САЛАХГҮЙ-

-Олонх үзэгч, сонсогч таны гэр бүлийн талаар төдийлөн сайн мэддэггүй. Гэр бүлийнхээ талаар ярихгүй юу?

          -Бусад шиг гоё, сайхан зураг сошиал хийгээд байдаггүй ч гэсэн сайхан л амьдарч байна. Гэр бүлийнхээ тухай яриад дэмий байх аа.

-Та нэгэн удаа “LVA” энтертайнментээс гаргасан “1990” киноны талаар “Би 1990-ээд оны хэцүү үеийг туулж гарсан өөрийнхөө амьдралыг хүмүүст ойлгуулах гэсэн юм” гэж байлаа. 1990-ээд оны үеийн бага насны дурсамжаасаа хуваалцаач?

          -Миний бага нас социализмын үед өнгөрч, социализмтэй хамт дууссан. Тэр үед монгол хэлээр нэвтрүүлдэг ганцхан телевизийн сувагтай. Хаа нэг Оросын телевизийг 06:00-10:00 цагийн хооронд л үзэж, дуртай зүйлээ үзэж, харж, мэддэггүй бараг л “Дуртай зүйл гэж юу байдгийг ч мэддэггүй байлаа” шүү дээ.

          Тэгээд л 1990-ээд он гарахад нийгэм солигдсон. Шинэ нийгэмтэй танилцах гэж монголчууд нэг хэсэг зовсон. Бүр үйлдвэр ажиллахаа больж, багш, цагдаа, эмчгүй л бүгд урагшаа, хойшоо наймаанд явсан. Улмаар сүүлдээ хамаг л бүтээгдэхүүн хомсдож, картын бараанд орсон. Талхаа талоноор, махаа картаар авдаг байлаа. Томчууд бол цагаан сараар л нэг хатуухан юмны бараа харна. Жоохон байсан би л гэхэд маш олон хүнтэй шахалдаж, чихцэлдэж байж л нэг талоны талхаа авдаг байсан юм. Харин тэр үед баруун соёл дэлгэрсэн нь л ганц гоё зүйл. Баруун соёлыг харж, гайхширч, телевизээр барууны boy band-уудыг харж, хөвгүүдийн хамтлаг байгуулж болох юм байна гэж бодож байв. Тэгээд л “Guys” хамтлаг байгуулагдсан даа. Би ийм л замыг туулсан. Өөрийн туулсан 1990-ээд оны үеийн монголчуудын амьдралын хэсэгхэнийг нь л “1990” киногоороо харуулахыг хүссэн юм.

-СУИС-д элсэж, “Guys” хамтлагийг байгуулахаасаа өмнө нь хэр “тод од” байв. Охидоос захиа их авдаг байв уу?

-Би сурагч байхдаа даруухандуу маягийн, охидоос нэг их захиа авдаггүй хүү байлаа (инээв). Сургуулийн урлагийн үзлэгт ордоггүй, бусдаас гоцгойрох зүйлгүй л байсан.

-Тэгвэл их сургуульд ороод бусдаас гоцгойрч, “Даруухандуу маягийн” байхаа больсон шалтгаан юу юм бэ?

          -Хар багаасаа л урлагт дуртай, урлагаас таашаал авдаг байсан. Урлагийн бүхий л үзвэрийг бараг ганц секунд ч нүдээ амраахгүй үзэж дуусгадаг байлаа. Урлагийн гоё, гайхалтай бүтээлээс их таашаал авдаг. Гэхдээ гоё зүйл гэдэг чинь ховор шүү дээ. Түүнийг маань манай ээж анзаараад бүр ч илүү дэмжиж эхэлсэн. Ээжийн маань дэмжлэг их нөлөөлөөд л урлагийн зам руу эргэлт, буцалтгүй орсон доо.

-Таны урлагийн бүтээлд хандах гоё, муухайгийн ялгаа, зааг юу вэ?

          -Надад таалагдсан зүйлийг ч гоё гэнэ. Таалагдахгүй бол муухай (инээв). Энгийнээр хэлбэл, сайхан бүхний цогц болсон, чанартай уран бүтээлийг таашаадаг.

-Хамтлагийнхантайгаа холбоотой байгаа юу. Хэзээ дахин нийлж, хамтлагаараа сонсогчиддоо уран бүтээлийн бэлэг барих вэ?

          -Бүгдтэй нь холбоотой байгаа. Ирэх 2022 онд манай “Guys” хамтлагийн 25 жилийн ой болно. Тэр үеэр нэг зүйл хийе гэж хоорондоо яриад л байна. Бид 25 жил тасралтгүй л уран бүтээлээ хийж явлаа. Эргээд түүхээ харахад өөрөө үзэх, хүнд үзүүлэх юмтай. Ярих, дурсах юмтай байна гэдэг өөрөөрөө тодорхой хэмжээнд бахархах сэдэл төрүүлдэг юм байна. Эргээд харахад хөвгүүдийн хамтлаг, урлагт хувь нэмрээ оруулахын тулд их хичээжээ гэж бодох юм. Одоо ч нас 40 гараад явж өгч байна даа.

-Энэ насан дээр ирэхээр яг юу бодогддог юм байна. Залуу насаа залуу хүн шиг өнгөрүүлж чадсан уу?

          -“Ямар ч л байсан цаашид уран бүтээлээ л хийж явах юм шүү” л гэж боддог юм. Урлагаа орхиод улс төр рүү оръё, наймаа, бизнес хийе гэсэн ч, өөр юм хийж чадахгүй юм билээ (инээв). Залуу үеэ бодвол арай л юм ойлгож, сонсохтойгоо болж дээ. Хүн чинь өмнө нь гаргасан алдаа мадагаа давтахгүй байхыг хичээж, ирээдүй рүү тэмүүлдэг шүү дээ. Ирээдүй рүүгээ тэмүүлж, сайн уран бүтээл л хийх юм сан гэж бодох юм. Үхэн үхтэлээ урлагийн салбараас салахгүй.


Д.ЛХАГВА: Раськолниковийн дүр намайг "зовоож" байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188