• Өнөөдөр 2024-04-27

Б.БАТРЭГЗЭДМАА: Би хаадын “нууц”-ыг хайж, 80 хоног гэртээ бүгсэн

2021-08-10,   1650

Монголын яруу найргийн мөнгөн үеийн цөөн тооны эмэгтэй найрагчдын нэг, жүжгийн зохиолч, яруу найрагч Б.Батрэгзэдмаатай ярилцлаа. Тэрбээр “Нисэлт” яруу найргийн ном, “Хаалганы өмнө” абсурд жүжиг, “Дурласан хүн”, “Тайчигч хөвгүүд ба саарал гудамж”, “Би хүсэхгүй байна”, “Хорионыхон”, “Миний хайрыг хүлээ”, “Хаалганы өмнө” зэрэг олон арван жүжгийн зохиолоороо та бидний танил болсон уран бүтээлч билээ.

-“Алтан өд”-ийн эзэн болсноосоо хойш та нам жим байлаа. Хаа нэгтээ суугаад бүтээлээ туурвиж байв уу, эсвэл хувийн амьдралаа зохицуулаад завгүй явна уу?

          -Батрэгзэдмаа гэдэг хүн л хүмүүсийн дунд байхгүй байснаас биш өнгөрсөн хугацаанд чамгүй ихийг амжуулж, гэртээ бүглээ, нууц хайлаа.  Өнгөрсөн өвөл би Алтан дээд гэрэгэг мөрлөсөн Мөнх, Гүег, Өгэдэй, Хубилай гэсэн дөрвөн их хааны оюун санааны нууцыг эрж, хайж, оллоо, биширлээ. Тэр агуу хүмүүсийн оюун санааны мөн чанараар дэлхийг төвшитгөж, тэнгэрийн хууль, дүрмийг гаргасан тухай түүхийн эх сурвалжуудаас судалж, хүн тус бүрээр дөрвөн жүжиг бичлээ. Яг 80 хоног гэрээсээ гаралгүй суулаа.

-Гэрээсээ нэг ч гаралгүйгээр 80 хоног суусан гэж үү. Гармаар санагдаж, хүн амьтантай уулзмаар болоогүй гэж үү?

          -Хаадын талаарх өмнөх мэдлэг дээрээ нэмж 30 гаруй хоног судалгааны ажил хийсэн. Тэгээд зохиол дээрээ яг 80 хоног суусан. Энэ хугацаанд дөрвөн удаа л гэрээсээ гарсан. Зохиол тус бүрийг дуусгасан оройдоо найзуудтайгаа уулзаж, тархиа амраасан. Ер нь тэгээд ямар ч зохиолын амин дотор орж, живж, сүлэлдэж бичдэг болохоор түүнээсээ сугарч гарна гэдэг амаргүй. Дүүгийнхээ хэлдгээр ёстой л загас шиг амьдарсан. Сүүлдээ намайг Загас эгч гэдэг болсон. Хаадаар оролдоно гэдэг тийм амар зүйл биш. Бас тэр олон дүрийг гаргах, дүр бүрийн хувь заяа, тэдний дүрд орох, зохиолынхоо дүрээр амьдарна гэдэг нэг бодлын жаргалтай ч маш ачаалалтай ажил. Бас өндөр хариуцлага. Удаан хугацаагаар сандал дээр суух ч хэцүү. Тийм болохоор өдөрт 2-3, заримдаа түүнээс ч олон удаа усанд ордог байлаа. Тэгээд л дүү маань намайг “Загас эгч ээ, усыг чинь бэлдсэн шүү. Очиж ороорой” гэдэг байлаа. Үүний өмнө Улс тунхагласны 100 жилийн ойд зориулсан кино зохиол бичсэн.

-Ус л таныг энэ урт удаан хугацаанд гэртээ бүгэхэд найз чинь болж байжээ. Дурламтгай, утга зохиолоос өөр зүйлд удаан дурлаж, сонирхож чаддаггүй зохиолч, тэр тусмаа эмэгтэй хүн ийм олон хоногоор зөвхөн зохиол бичнэ гэдэг гайхалтай санагдаж байна.

          -Магадгүй энэ урт хугацаа биш шүү. Надад уснаас гадна тамхи, кофе байсан л даа. Жүжгүүдээ дуусгачихаад захиалагчдаа аваачиж өгөхөөр гэрээсээ гарах үед 11.00 цаг болж байсан. Яг намайг гэрээсээ гарахад ч юм уу эсвэл өглөөнөөс хойш хаяласан ч юм уу мэдэхгүй цас зөөлөн бударч байсан. Ертөнцөд ийм гэгээн, цэвэр, тунгалаг өдөр байдгийг эргээд санах шиг л болсон.  Тийм гайхалтай мэдрэмж намайг бүр баясгаж орхисон шүү. Жүжгийн зохиолоо дуусгасан болоод ч тэр үү бусдаас шал өөр өдөр шиг санагдсан. Энэ жүжгүүдийн маань өмнө байх ёстой Чингис хааны тухай жүжиг бичих саналыг захиалагч тавиад байгаа. Чингисийн тухай жүжгээ хаврын тийм нэг тунгалаг өдөр байдаг даа, модод гөлөглөж, ертөнцийн юмс өчигдрийнхөөсөө өөр санагдсан тийм өдөр эхэлнэ.

-Бас хэд хоног бүгэх үү. Өмнө нь ийм удаан хугацаагаар сууж ямар бүтээлээ “төрүүлж” байв?

          -Өмнө нь олон хоног яг сууж бичсэн зохиол байхгүй. Гэхдээ 80 хоногт дөрвөн жүжиг багтаана гэдэг амаргүй ажил. Өмнө нь бол хугацаа товлоод л юм аа хийдэг байсан. Энэ зохиолоос алтан ураг гэж гайхамшигтай тэнгэр язгуурын дотоод мөн чанар юу вэ гэдгийг харах байх. Шинэ засаглал тогтоож чадсан тэр өвөг дээдсүүд яах аргагүй агуу төрөлтнүүд юм билээ. Дэлхийг байлдан дагуулсан их хаад ямар зорилгоор дэлхийг хурааж, төвшитгөсөн бэ гэдэг гойд нууцыг ухаж олохыг оролдлоо. Гэтэл тэд зүгээр ч нэг эрх мэдэл албан тушаалын төлөө энэ бүхнийг хийгээгүй юм байна. Кино зохиол болоод бусад эх сурвалжид их хаадын оюуны үнэлэмжийн талаар маш бага дурджээ. Тэдний сүр хүч юунд байдаг юм бэ гэдгийг ухаад их сайхан зүйлтэй учирсан. Дээд төвшний өндөрлөг байдаг юм байна. Дээд төвшний хүмүүс чинь дээд оюунаар аливаад хандаж, арилшгүйг бүтээдэг юм байна. Зохиол маань жүжиг болж тайзнаа тавигдвал олон хүнд бодож байснаас нь огт өөр сэрэл мэдрэмж авчирна гэдэгт итгэлтэй байна. Алтан ургийн үед төр барьж байсан агуу хүмүүсийн хүсэл, байгуулсан алдар гавьяаны тухай дэлхийд биш юм аа гэхэд дэнж дотроо олигтойхон дуугарахыг оролдлоо.

-Түүх доторх төр өнөөгийн байдлаас хэр өөр байв?

          -Дэлхийг засаглана гэж ухаарч, бүгдийг хийж байсан тэр их хаадын оюун санаа, тэр их өндөр хүсэл эрмэлзэл ямар их агуу юм бэ. Хөх нуруутан гэдэг юм даа. Тэр хөх нуруутнуудын гайхамшигт түүхийн ул мөрөөр яваад өнөөдөртөө ирээд нэлээд гүн рүү ширүүхэн бөмбөрч унасан даа. Тэр нүдээр өнөөдрийг харвал мөн чанараа алдсан, Хамаг Монгол гэдэг гайхамшигтай бүрэлдэхүүнээ алдсан, ерөнхийдөө Ар Монгол гэдэг хэдхэн хүн л Монгол гэх нэрийг авч явж байна.  Маргад эрдэнийн төр гэж зохиол дээр минь гардаг юм. Тэр төрийн хэлтэрхий чулуу бэлд унасан дайны л амьдарч байна даа, бид. Тэр бутарч, тарсан чулуунуудыг цуглуулж, эвлүүлэх цаг ирэх байх л гэж найдаж сууя.

-Уучлаарай, Та жүжгүүдээ захиалгаар бичсэн гэсэн. Жүжгээ хэдэн төгрөгөөр үнэлсэн бэ?

          -Оюуны бүтээлд үнэлгээ байдаггүй байх. Гэхдээ үнэхээр дэлхийд үнэлэгдсэн зохиол бичвэл насныхаа хоолыг бэлдэх ёстой юм. Харин бид нэг жилийнхээ хоолыг олох уу, үгүйтэй л байдаг. Мөнгө гэдэг чинь тоо л болсон цаг юм уу даа. Гэхдээ мөнгө  гэхээсээ илүүтэй өөрөөсөө шинэ ертөнц нээж, бусдад гэгээрэл, сэтгэлийн баяр баясал бэлэглэх бүтээл гаргаж чадвал шагнал нь тэр. Бас өнөөдөр бидний амьдарч байгаа болон өнгөрсний тухай үнэлэмжийг олж, мэдэж авсан маань томоохон олз.

-Та зохиолоо гараараа бичдэг үү. Үзгэндээ бэх соруулж аваад л суудаг уу?

-Цагийн эрхээр компьютер дээр бичдэг болсон. Үзэг, цаасыг би шүтдэг. Гуалиг үзгээр, сайн бэхээр сайхан цаасан дээр ямар нэг үг бичнэ гэдэг зохиолч хүний дээдийн таашаал. Чадвал л үзэг цаастайгаа үлдэх хэрэгтэй юм. Даанч цаг үе надаас өөр юм хүсэж байна. Одоо миний хэдэн үзэг гарын үсэг зурдаг л үүрэгтэй болоод байх шив. Гэхдээ үзэг, цаасаа орхихгүй.

-Ихэнх зохиолч, яруу найрагч өдрийн тэмдэглэл хөтөлдөг. Түүндээ өөрийнхөө болоод өрөөл бусдын амьдралыг “амттайгаар” буулгасан байдаг. Та тийм “амттай” ажил хийдэг үү?

          -Надад хэвлүүлэхгүй нэг роман бий. Үхэн үхтлээ өөрийнхөө дотоод сэтгэл болоод орчлон ертөнцийн ааш, бусдын үйл хөдлөлийг бичих, бичдэг амьдралын тэмдэглэл бий. Гэхдээ тэр бусдынхаас өөр. Үг, өгүүлбэр бүрээ цэвэр уран зохиолын хэлбэрээр бичиж байгаа. Би биш миний үр хүүхэд, хойч үе маань л түүнийг хэвлүүлэх байх.

-Таны уран бүтээлийн амьдрал утга зохиолын тэнгэрт од шиг гялалзаж байна. Харин хувийн амьдрал тань хэр байна вэ. Айл гэрийн эзэгтэй атлаа хоол битгий хэл гэр орны ажил хийлгүй 80, түүнээс ч олон хоног суух хэцүү. Энэ бүхнийг яаж зохицуулж байна вэ?

          -Миний хажууд аав, охин, охиноос минь ялгаагүй бас нэг дүү минь бий. Амьдрал сайхан шүү дээ. Болоод л байна. Би өглөөд аавынхаа хийсэн хийцтэй цайны үнэрээр, орны хажууд тавих модон аяганы чимээнээр сэрдэг хүн дээ. Багадаа ч, одоо ч аавынхаа сүүдэр мэт бөөрөнд нь наалдаж, эрхэлж амьдарч байна.

-Таны хүүхэд нас бусдынхаас өөр үү?

          -Би бага насаараа бахархдаг. Миний бага нас номын ертөнцөд л өнгөрсөн дөө. Уул хүнийхээ хувьд бол аятайхан хүн байгаагүй шиг байгаа юм. Эхээс долуулаа. Аяга, таваг угаах, гэрийн ажил энэ тэрээс их зугтдаг, нөгөө зургаагийнхаа дунд нуугдчихдаг, гэр дотроо бол  ямаан зантай байсан гэдэг. Гэхдээ миний орны толгойноос ном салдаггүй байсан. Шөнө сэрсэндээ баярлаад номоо уншаад суучихдаг байлаа. Нэг тийм номын амин ертөнцөд өөрийгөө амьдруулсан хүүхэд байсан. Тэр амин орчин одоо ч хадгалагдаж байгаа.

-Таны ширээний ном хэний, ямар зохиол вэ?

          -Би номноос эзнийг нь уншдаг. Хэдий насны хүн, ямар цаг үед, юуг яаж бичиж вэ гэдгийг судалдаг. Ямар оюуны өндөрлөгт байна вэ. Тэр өндөрлөгийг яаж өөртөө тусгах вэ гэж боддог. Ном бол миний хувьд цэвэр хүн. Ном өөрөө гэгээн учраас миний хувьд гэгээнтэн юм даа.  Их олон ном бий. Нэг номтой би нэлээд хэсэг зууралдаж байж өөрийн болгодог.

-Танд зохиол бүтээлийн давс, хужрыг хэрхэн тааруулахыг зааж, зөвлөсөн номын багш байдаг биз дээ. Багшийнхаа талаар яриач?

          -Миний амьдралд тохиосон, таарсан бүхэн миний багш. Ном болгон, хүн бүхэн, зовлон, жаргал ч миний багш. Харин “Энэ хүүхдэд авъяасны үр байна” гэж урмын үгээр сэтгэлийг минь дүүргэж, тэтгэсэн их хүн бол Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн. Багштайгаа уулзаагүй удаж байна. Нэг цагаан сараар очиж, золгож чадаагүйгээсээ болоод нэлээд хэдэн цагаан сараар очиж чадсангүй. Нэг л бэлгэ дэмбэрэл бүрдсэн сайхан өдөр баранзад хадгаа бариад багшдаа очно доо. Багшаасаа далдхан айгаад л явж байна.

-Ингэхэд та хамгийн сүүлд хэзээ сэтгэлээ тайтгартал уйлсан бэ? Зохиолч ч гэлтгүй ер нь хүн уйлж сэтгэл доторхоо гаргадаг гэж хаанаас ч билээ уншиж байсан юм байна.

          -1996 онд Соёлын төв өргөөнд Н.Норовбанзад гуайн дуулж байхыг хараад их уйлсан. Яагаад гэхээр би ээжийгээ алдаад 3-4 жил болж байсан юм. Тэгтэл Норовбанзад гуай яг ээжийн минь хөг, ая дангаар дуулсан. Тэр үед Н.Норовбанзад гуайгаас ээжийнхээ дуу хоолойг сонсох шиг л болсон. Хүний нүднээс нулимс гол ус шиг урсдагийг тэгэхэд л мэдэж билээ. Хүнд яасан их нулимс байдаг юм бэ гэж дараа нь гайхаж байлаа. Хар аяндаа урсчихдаг нулимс гэж байдаг л юм билээ. Түүнээс хойш уйлснаа сайн санахгүй байна.

-Та ер нь хэр дурламтгай вэ. Б.Батрэгзэдмаагийн сэтгэлд дурлалын гал хэдэн удаа ассан бол?

-За даа, тэр тал дээр ямар ч авьяасгүй амьтан даа би. Бичдэг ч хувь хүн нь дур тачаалын талаар бараг л мэдлэггүй. Харин оюуны бүтээл, оюунлаг зүйлд  яг эсрэгээр нь...  

 

-Бүсгүй хүний  мөн чанарын талаар танд хэлэх зүйл байгаа байх?

          -Харахад их буурай ч хамгийн бадрангуй амьтан чинь бүсгүй хүн юм шүү дээ. Эмэгтэй хүний мөн чанар гэхээр би ээжийгээ ярихаас өөр аргагүй. Миний ээжийг “Жижигхэн бурхан” гэж нутгийн олон ь хайрлан хүндэлдэг байсан. Долоон хүүхдээ нэг ч чимхэж үзээгүй байх. Ер нь би ээжийгээ тэгтэл уурлаж, бухимдаж байсныг нь ч санадаггүй юм.  Бидэнд юмны учрыг үлгэр, туужаар ойлгуулдаг, түүнийгээ зүрхэнд орж, уярч, уйлтал ярьдаг байлаа. Ийм аргаар л хүүхдүүдээ хүмүүжүүлсэн хүн дээ. Ээжийн минь хүүхдүүдийнхээ мөн чанар, хэн юу хүсэж, юунд тэмүүлж амьдардгийг нэгд нэгэнгүй бичсэн өдрийн тэмдэглэл байдаг юм. Саяхан би өөрийнхөө тухай бичсэн хэсгийг нь дахин уншсан. Тэндээс өөрөө мэддэггүй шинэ Батрэгзэдмааг дахиад л олж харсан. Ойр ойрхон биш жилдээ нэг уншиж, сэтгэл болоод оюун санаагаа ариусгах тийм сайхан зүйлийг бидэнд ээж минь үлдээжээ. Эмэгтэй хүн, ээж хүн гэдэг үхсэн ч үр хүүхдэдээ дуу хоолой, ачлал энэрлээ түгээсээр л байх бурхан юм даа.

-Таны бодлоор уучлал гэж юу юм бол?

          -Уучлал гэдэг танин мэдсэн зүйл байгаа юм. Бусдыг өөрийгөө гэж харах тохиолдол бүхэн үргэлж уучлалыг авчирчдаг. Харин уучлалын гүн утга нь өршөөл юм. Өршөөнө гэдэг маш дээдийн үйл. Хүн бусдыг уучилна гэдэг нь хүний явдал. Өршөөнө гэдэг нь өндөр ухамсарт дээдийн буюу бурханлаг байдал бий болж байгаа явдал юм.  Хүн адгууснаас хүн чанарт, түүнээсээ бурханлаг чанарт дэвших ёстой юм. Хүнд өршөөх сэтгэхүй бүрэлдэж бий болно гэдэг бурханлаг болж буйн шинж л дээ.

-Тэгвэл Ерөнхийлөгчийн санаачилсан Өршөөлийн хууль бурханлаг чанарын  илрэл гэсэн үг үү?

          -Миний бодлоор их бурханлаг үйлдэл. Хүний хувьд дээд утгаар нь дуугарч байгаа мэдэгдэл. Хүнийг хүн утгаар нь авч үзэж байгаа төрийн өршөөл юм. Өршөөлийн хуулийн талаар хүмүүс олон янзаар ярьж байна. Аймшигтай нүгэл хилэнц хийсэн хүн үхэх ёстой гэж байна. Чанадын үзүүрт бодвол тийм биш юм. Хэн нэгнийгээ алдсан, тарчлал, гуниг амссан хэн ч үзэн ядалтаар сэтгэлээ дүүргэдэг. Хайртай хүнээ, бүхнээ алдсаныхаа дээрээ өөрийгөө үзэн ядахуйн хороор хордуулж, зовоож, тарчлаадаг. Чин үнэндээ бол гэм нүгэл хийсэн хүнийг яллаж, цаазаллаа гээд өшөө хорсол нь тайлагддаггүй. Үхсэн нь ч босож ирдэггүй. Тиймээс түүнийг уучилж, өршөөснөөрөө хохирогчид төдийгүй гэмтэнд сэтгэлийн аврал тайвшрал өгч байгаа юм. Энэ нь бусдад нинж сэтгэл бий болгож, түүний үрийг тарьдаг. Өршөөнө гэдэг бол дээдийн чанар. Түүхэнд ч Монголын хаад л төрөөс хамгийн цөөн цаазын ял өгсөн байдаг юм билээ.

-Та зохиолынхоо баатруудыг хэр өршөөдөг, өрөвч зохиолч вэ?

-Ер нь л бүгдийнх нь хувь заяаг сайн сайхан руу чиглүүлж байж л санаа амардаг. Ертөнцийн аливаа юмс дундаас эерэг сэтгэл, эерэгийн ертөнцийг тунгааж олно гэдэг амаргүй ч хүн бүхний зориглох л ёстой зүйл. Зохиолын дүр гэлтгүй бусдынхаа, гайз нөхдийнхөө сайн сайхан талыг илүүтэй харж, томруулж, эерэгийн ертөнцийг бусдадаа бүтээж өгөхийг эрмэлздэг байх нь хүний нэг сайн чанар байх. Түүнд л хичээх хэрэгтэй. Хүмүүс эерэг гэхээсээ илүүтэй зовлонг үзэж, түүгээрээ ертөнцийг харж, ойлгож, хэмжсэн байдаг юм. Түүний цаана амгалангийн ай сав хүн бүхэнд нээлттэй байдаг. 

-Нээрээ та зарим алдарт зохиолч шиг өөрийнхөө бичиж байгаа бүтээлдээ уусаад, уйлж, эсвэл баярлаж байсан уу. О.Бальзак “Эцэг Горио”-гоо бичиж дуусахдаа ухаан алдаж унасан гэдэг юм билээ?

          -Би өөрийгөө зохиолч гэж үнэмшдэг хүн. Ер нь бол төвийг сахихыг хичээдэг. Бие организмд сонин мэдрэмж төрдөг л юм. Аньсага чийгтсэн хэрнээ нулимс дуслахгүй байх ч юм уу. Гэхдээ үгээ, санаагаа гүйцэж бичихийн тулд сэтгэл хөдлөлөө дарах, анзаарахгүй өнгөрөх гэдэг ч юм уу, нэг тийм харгис чанар зохиолчдод суучихдаг шиг байгаа юм. Сэтгэл хөдлөл, оюун санааны хурд хоёрыг нэг түвшинд байлгаж, төвийг барих л чухал юм даа. Сэтгэл хөдлөлд хэт баригдвал сайн юм бичиж чадахгүй. Ухаанд хөтлөгдвөл их хүйтэн болно. Тийм болохоор  хөгжмийн чавхдасыг зөв тааруулж, сайхан аялгуу эгшиглүүлдэг шиг зохиолч сэтгэлээ нэгэн цэгт барих хэрэгтэй. Гэхдээ энэ талаар өмнө нь бодож үзээгүй юм байна.

 

2011 он


Б.БАТРЭГЗЭДМАА: Би хаадын “нууц”-ыг хайж, 80 хоног гэртээ бүгсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-22 13:46:29
    зочин: Ээж нь их сайхан дуулдаг, их ухаантай хүн байж. Өнөөдөр бид энэ завгүй ч юм шиг, мунхаг ч юм шиг өдөр өдрийн аясанд живж, үр хүүхдийнхээ юу хүсч, юунд тэмүүлдгийг хэр сонирхож, мэдэх билээ. Гэтэл тэмдэглэлийн дэвтэртээн буулгасан байх юм. Хэрэгжүүлнээ гэж бодож байна, их судлаж байж л бичих юм байна, шууд мэдэхгүй юм байна.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-22 13:12:55
    Зочин: Зохиолчийн дараачийн романыг нь хүлээж тэсэхгүй байна. .. Жүжиг гэхээр яаж найруулах бол гэдгээс, хөрөнгө мөнгөнөөс их шалтгаалж зохиолыг 100% гаргахгүй байх вий гэж эмээх юм. Эхлээд роман төрүүлбэл шууд уншмаар байна. Очир эрхшээгчийн хувьд: Зэрэгцээ орших ертөнц рүү нэвтрэн орж, энэ ертөнцтэй үзэсгэлэн-төгөлдөр холбож бийрээр сэтгэлд сийлэх чадвартай хосгүй, ховор зохиолч гэдгийг ойлгосон.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-07-14 21:52:06
    Зочин: Ховор, авьяастай, ухаантай, маш мундаг зохиолч олон сайхан уран бүтээл туурьваарай, оюун санаа нь маш үзэсгэлэнтэй . амжилт хүсье!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-08-10 13:20:26
    Зочин: Үнэхээр мундаг зохиолч, өвөрмөц бүсгүй. Танд уран бүтээлийн амжилт хүсье
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188