• Өнөөдөр 2024-03-28

Х.БАЯРМАА: Хэчнээн авьяастай байлаа гээд хөдөлмөрлөхгүй бол хэзээ ч амжилтад хүрэхгүй

2021-07-24,   1340

-БИ УРЛАГИЙН ХҮН БОЛСОНДОО ХЭЗЭЭ Ч ХАРАМСАЖ БАЙГААГҮЙ-

    Найруулагч Ц.Хүсэлбаатар, жүжигчин С.Өлзийхүү нарын охин Х.Баярмаа нь өдгөө эцэг эхийнхээ мэргэжлийг өвлөн урлагийн амьдралд хөл тавьсан. Тайз дэлгэцийн олон уран бүтээлд дүрээ мөнхөлж,олны хайр хүндэтгэлийг хэдийнээ хүртсэн ээжийнхээ цангинасан инээд, цовоолог төрхийг дуурайснаараа ард түмний хайрт жүжигчний залуугийн төрхийг илүү тодотгон сануулж буй гэмээр. Гадаад гоо үзэмжээр үзэсгэлэнтэй, аливаад өөрийгөө дайчилж, авьяас чадвараа хөгжүүлж чаддаг нэгэн. Тэрбээр АНУ-д дөрвөн жил тэтгэлэгтэй суралцаж, мэргэжлээ дээшлүүлээд ирсэн. Түүнтэй ярилцсанаа уншигч та бүхэнд хүргэж байна.

-Үзэгчид таныг найруулагч Ц.Хүсэлбаатар, С.Өлзийхүү нарын охин гэдгээр нь сайн мэднэ. Харин одоо чадварлаг жүжигчин гэх талаас нь сайн мэддэг болжээ. Бидний мэдэхгүй Х.Баярмаа  ямар хүн бэ?

        -Ярилцлагадаа урьж оролцуулж байгаа та бүхэнд баярлалаа. Мөн танай уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Хүсэлбаатарын Баярмаа гэдэг. Хувь хүн талаасаа өөрийгөө танилцуулбал би их өөрийнхөөрөө, нийтэч. Алдар нэр, хөрөнгө мөнгийг биш нэг зангаараа байхыг илүүд үздэг. Цаг ямагт аливаа зүйлээс суралцаж явахыг боддог. Их сургуулийн багш маань “Жүжигчин хүн ер нь хүн шиг л байх хэрэгтэй. Хүнтэй хүн шиг харьцаж байж хүндлүүлдэг юм” гэж захидаг юм. Энэ үгийг л үндсэн зарчмаа болгодог. Харин миний дотоод хүн их ичимхий. Ичимхий болохоороо багадаа нэг их хүнтэй юм ярьдаггүй байлаа. Одоо бусадтай харьцахад чөлөөтэй байгаа ч ичимхий зан минь үе, үе гарч ирээд байдаг.

-Адтай сэргэлэн аав, ээжийн хайртай охин багадаа нэлээн авьяаслаг хүүхэд байсан байх аа. Ерөнхий боловсролын сургуулиа хаана сурч, төгссөн бэ?

           -Би наймдугаар анги хүртлээ “Эрэл” бүрэн дунд сургуульд сурч байсан. Дараа нь “Гурван Тамир” сургуульд шилжиж ахлах сургуулиа дүүргэсэн. Дээр хэлсэнчлэн бага ангид байхдаа даруухан, дуу цөөтэй хүүхэд байлаа. Ахлах ангид орж ирээд урлаг, соёлоор өөрийгөө хөгжүүлж эхэлсэн. Жишээлбэл, бүжиглэдэг болсон. Ер нь монгол сургуульд ороод арай нийтэч болсон гэх үү дээ. “Гурвантамир” ахлах сургуульд сурч байхад сургуулиас “Манлай охин”, Загвар өмсөгчийн тэмцээн, урлагийн үзлэг, драмын жүжгийн уралдаан тогтмол зохион байгуулдаг байсан. Тэр болгонд ангийнхыгаа уриалж, идэвхтэй оролцож түрүүлдэг байлаа. Түүнээсээ илүү урам зориг авсан даа.  

-Жүжигчний мэргэжлээр сурч, төгссөн шүү дээ. Яагаад жүжигчин болохоор шийдсэн бэ. Ээжээсээ үлгэр дуурайл авсан хэрэг үү?

       -Бүр жоохон байхаасаа ээжийнхээ гараас хөтлөөд драмын театраар их явдаг байлаа. Ээжийнхээ тоглолтын бэлтгэлээс тайзан дээр гарах хүртэл нь үзэж өссөн. Аглуу ах, Бооёо ах, олон сайхан эгч нарыгаа жүжиглэж байгааг нь хараад битүүхэндээ цагаан атаархал төрдөг байлаа. Тэр бүү хэл, “Би жүжигчин болох юм байна” гэдгийг бүр бага байхаасаа л ойлгож, илүү хүсэж, мөрөөдөж эхэлсэн юм. Тэгээд 14 нас хүрээд хошин урлагийн тоглолтын ард бүжиглэж эхэлсэн. Урлагийн өнгө төрхийг багаасаа харж, мэдэрч өссөн нь намайг энэ зам руу хөтөлсөн гол  хүчин зүйл гэж хэлж болно. Гэрийнхэн маань намайг “Жүжигчин болъё” гэхэд эхэндээ зөвшөөрдөггүй байсан. Харин сургуульдаа орж, амжилт гаргахын хэрээр хүлээн зөвшөөрч эхэлсэн.

       Би урлагийн хүн болсондоо хэзээ ч харамсаж байгаагүй. Жүжиглэх үедээ хамгийн жаргалтай байдаг учраас мэргэжилдээ маш их хайртай. Урлаг бол миний мөрөөдлөөрөө жигүүрлэж, аз жаргалтай амьдарч байгаагийн илэрхийлэл мөн.

-Эрдмийн зэргээ ахиулж гадаадад суралцаад иржээ. Өндөр хөгжилтэй оронд сурч боловсроод ирэхээр “нүд нээгдэнэ” гэдэг шиг илүү сэтгэлгээ нь задардаг байх л даа?

       -АНУ-ын Миссури мужийн их сургуульд кино зохиолч, найруулагч, продюссер мэргэжлээр магистрын зэрэг хамгаалаад ирсэн. Бакалавраа Монголдоо 2012 онд СУИС-д н.Сугар багшийн удирдлага дор суралцаж төгссөн. Гадаадад  суралцаж ирснээс хойш хүнтэй харилцах харилцаанаас эхлээд энгийн харилцааны дадлуудыг арай өөр өнцгөөс ойлгож  эхэлсэн. Хүний газар  биеэ дааж, суралцахын хажуугаар ажил хийнэ гэдэг өөрөө намайг төлөвшүүлж өгсөн дөө. Залуучууд аав ээжийнхээ дэргэдээс холдож, гадагшаа явж суралцах нь зөв зүйл юм байна гэдгийг хувьдаа харж байна. Мэргэжлийн зэргээ дээшлүүлж гадагшаа явж суралцсанаараа миний хувьд хамгийн том олзуурхууштай зүйл болсон.

-Үзэгч олон таныг ээжийнхээ гоо сайхныг өвлөж авсан хэмээн шагшин магтдаг. Таныхаар үзэсгэлэнтэй эмэгтэй гэж ямар хүнийг хэлэх вэ?

    -Миний хувьд хамгийн сайхан бүсгүй, хамгийн сайн найз бол ээж. Ээжээсээ алхам тутамдаа үлгэр дуурайл авч, бахархан суралцдаг. Эмэгтэй хүний  гоо үзэсгэлэн дотроосоо гэрэлтдэг гэж боддог. Дотроо үргэлж сайн, сайхан бүхнийг боддог, бусдад сайхныг хүсдэг эмэгтэй хүн хамгийн сайхан. Эмэгтэй хүн болгон гадаад төрхөөрөө дэлхий ертөнцийг чимэх гэж ирсэн үзэсгэлэнтэй цэцэгс. Зөв, уужуу сэтгэлээр хатууг зөөллөж чаддаг эмэгтэй жинхэнэ гоо үзэсгэлэнтэй.

-Ойрын үед уран бүтээл дээр ажиллаж байгаа юу. Ямар уран бүтээлд дүр бүтээхийг хүсэж байна. Ойрын зорилгоосоо хуваалцахгүй юу?

    -Ойрын өдрүүдэд маш завгүй байлаа. Зуны амралтын өмнөхөн манай продакшны 17 дахь дэлгэцийн уран бүтээл “Гэгээн сэтгэл” кинонд гол дүр бүтээсэн. Тун удахгүй  кино театрууд нээгдэхэд уран бүтээл маань гарч эхлэх болно. Үзэгч та бүхэнд таалагдана гэж найдаж байна. Үргэлжлүүлэн “Аюултай харилцаа” киноныхоо хоёрдугаар ангийг хийхээр зохиолоо бичиж дуусгаад бэлтгэл ажлын шатандаа явж байна. Мөн манай продакшны зүгээс үзэгчиддээ гэнэтийн бэлэг барихаар цоо шинэ жүжиг толилуулахаар бэлтгэл ажлын шатандаа явагдаж байна. Зохиолын бичих ажлаа саяхан дуусгаад байж байна.

Түүхэн кинонд тоглох битүүхэн хүсэлтэй. Хэзээ нэгэн өдөр санаж явбал бүтэх байх аа.  

-Нууц авьяас бий юү. Чөлөөт цагаараа ихэвчлэн юу хийдэг вэ?

     -Нууц авьяас гэхээсээ илүү надад олон хобби бий. Уран зохиол,  бизнес, хувь хүний хөгжлийн номууд унших тал дээр илүү их цагаа зарцуулна.  Мөн фитнесс болон боксоор хичээллэж, өглөө болгон 5:30 цагт  босоод, өдрийн 5-6 цаг бэлтгэл хийдэг. Энэ бол миний эрүүл амьдралын хэв маягийн нэг хэсэг. Давхар бүжгээр хичээллэж, бүх төрлийн  дуу хөгжим сонсож,  урлагийн мэдрэмжээ хөгжүүлж байна даа.

-“Бурхны авралаар чи ирлээ” шоунд гэр бүлийнхэнтэйгээ хамтарч нэг сценид тоглосон байсан. Нэг талаасаа ямар ч бэлтгэлгүй шууд жүжиглэх, нөгөө талаасаа гэр бүлийнхнээрээ нэг хэсэгт тоглосон гэхээр өөр өөр мэдрэмжүүдийг нэг дор авсан байх?

   -“Бурхны авралаар чи ирлээ” шоу бол өөрөө бэлдээгүй хошигнол.  Аав, дүү хоёртойгоо оролцоно гэдгээ мэдэгдээд тохирсон байсан. Харин ээжид маань гэнэтийн зүйл болсон л доо. Дотнын хүмүүстэйгээ нэг тайзанд гарсан болохоор төвөгтэй зүйл байгаагүй. Тухайн хэсгийн үзүүлбэрээ үзүүлэхдээ хоорондоо амархан ойлголцож, халуун дулаанаар дуусгасан. Үзэгчдэд таалагдсанд баяртай байгаа.

-Та ихэвчлэн гал цогтой, асаж дүрэлзсэн дүр бүтээдэг, ноомой даруу дүрд тоглож байв уу. Өөрөөсөө өөр дүрд тоглоход ямар санагддаг вэ?

    -Янз бүрийн дүрд хувирч, туршиж үзсэн. Дотоод хүнтэй минь төстэй дуу цөөтэй, даруухан дүр надад их амар санагддаг. Илүү нээлттэй, гал цогтой дүр бүтээхэд их ажиллагаа шаардана. Ер нь ямар ч дүр байсан миний хувьд үнэ цэнтэй, чин сэтгэлээсээ хандаж, аз жаргалыг мэдрэхийг хичээдэг. “Аюултай харилцаа” кинон дээр Цэлмэг эмэгтэйн дүр миний хувьд хамгийн даруухан дүр гэж хэлж болно.

-Хамгийн их судалгаа хийж, ажилласан дүр юу байсан бэ?

    -Миний хувьд бүх дүрүүд дээрээ чин сэтгэлээсээ төвлөрч, цагаа зориулж хийдэг.  Бүтэн сар тоглох тайзны уран бүтээлүүдэд өөр дээрээ байнгын ажиллах шаардлагатай байдаг учраас цаг хугацаа хөдөлмөр шаардана. Мөн олон ангит кинонууд жүжигчдээс чамгүй хөдөлмөр шаардана. Миний хувьд “Замбуулин дуусах болоогүй” телевизийн 54 ангитай кинон дээр, дүрийн намтар дэвтэр дээр илүү их цаг хугацаагаа зориулж байсан санагддаг.

-Залуу охидод ялангуяа өсвөр насныхан танаас үлгэр дуурайл их авдаг. Хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд юу хийх хэрэгтэй талаар үзэгч, уншигчдадаа хандаж юуг зөвлөх вэ?

  -Өсвөр насны олон охидууд ихэвчлэн миний сошиал хаягуудыг дагаж, надаас зөвлөгөө хүсдэг л дээ.  Зөв үлгэр дуурайл болохыг хичээдэг. Өсвөр насны охиуудыг мөрөөдөлдөө нүдэндээ зураглаад түүнийхээ араас явдаг байгаасай гэж хүсдэг.

Хэчнээн авьяастай байлаа гээд хөдөлмөрлөхгүй бол хэзээ ч амжилтад хүрэхгүй. Ямар нэгэн зүйл хийвэл бүрэн дүүрэн сэтгэл зүрхээ зориулдаг байгаарай. Тууштай чанар хүнийг яадаг ч байсан амжилтад хүргэдэг. Бүх өнцгөөс өөрийнхөө мөрөөдлийг харж олон даваа тулгарсан ч заавал давж гараарай. Олон уул, даваа өмнө чинь тулгарч ирсэн ч, даваад гарвал цэцэгт нугыг заавал үздэг юм шүү. 

 

Н.АРИУНСАЙХАН


Х.БАЯРМАА: Хэчнээн авьяастай байлаа гээд хөдөлмөрлөхгүй бол хэзээ ч амжилтад хүрэхгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-09-03 22:14:29
    Зочин: Ээж нь тас хужаа эмэгтэй харагддаг ш дээ ,уучлаарай...
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-08-01 23:45:16
    Анхмаа: ::
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188