• Өнөөдөр 2024-04-19

Ц.ӨЛЗИЙСАЙХАН: Өөрийнхөө дууг бусдад хүргэж, инээмсэглэл бэлэглэж байвал надад илүү урам болдог

2021-07-14,   5749

    Энэ удаагийн дугаартаа дуучин болох хүсэлдээ хөтлөгдөн өөдрөгөөр хичээж буй Ц.Өлзийсайханг урьж оролцууллаа. Тэрбээр Хөвсгөл аймгийн Түнэл суманд төрж өссөн. СУИС-ын Орчин үеийн хөгжмийн урлагийн тэнхимд дуулаачийн ангид суралцдаг. 2017 онд  хөгжмийн зохиолч О.Эрдэнээгийн “Миний ээж хөөрхөн” дууг хэн сайн дуулах вэ уралдаанд оролцож, түрүүлэн “Цэцгийн үнэртэй нутаг” уран бүтээлээ хийж байсан билээ.


-Хөгжмийн зохиолч О.Эрдэнээгийн аялгуу, дуучин О.Гансувдын дуулсан “Миний ээж хөөрхөн” дууг хэн сайн дуулах вэ уралдаанд 2017 онд оролцож, тэргүүн байрт шалгарч  байжээ. Тухайн үед тэмцээнд оролцох саналыг хэн тавьж байв, түрүүлнэ гэж төсөөлж байв уу. Тэмцээнд түрүүлсэн үеийнхээ догдлол, дурсамжаасаа хуваалцаач?

         -Хамгийн анх О.Эрдэнэ ахын “Нандин” дууны тэмцээн цахим хуудсаар нь явахад  харж уралдаанд орох бодол төрж байлаа. Эхэндээ би “Чадахгүй байх” гэж бодоод больчихсон л доо. Тухайн үедээ би өөрийнхөө шүднээс их ичдэг байсан болохоор олон хүнд дуулж байгаагаа харуулах дургүй байлаа. Сүүлд дахиад “Миний ээж хөөрхөн” дууг хэн сайн дуулах вэ гэдэг тэмцээн болоход нь “Одоо л зориглоод үзье” гэж шийдсэн. Тэгээд гэрийнхэндээ “Би энэ тэмцээнд оролцоод түрүүлэх юм бол хот руу явуулах уу” гэж асуусанд “Түрүүлэхгүй бол оролцоод яадаг юм” гэсэн. Тэр үг л намайг илүү хурцалж өгсөн дөө. Тухайн үед би утсан дээрээ олон бичлэг хийж үзсэн. Эхэндээ зориггүй байсан учраас тэмцээний цахим хаяг руу  нэг бичлэгээ явуулаад, дараа нь ичээд устгах гэтэл цагийн дараа цахим хуудаст орчихсон  байсан. 1500 хүн үзэж, зөндөө сайхан сэтгэгдэл үлдээсэн байсан. Баярласандаа үсэрч босоод чангаар орилж гэрийнхэндээ загнуулж билээ.

Өөрийнхөө дууг бусдад хүргэж, баяр баясал, инээмсэглэл бэлэглэж байвал энэ нь надад илүү их урам зориг өгдөг

-Багаасаа дуулах дуртай, дуунд хайртай хүүхэд байв уу. Танай гэр бүлд дуулдаг хүн бий юү?

           -Ер нь багаасаа дуулах дуртай урлагт хайртай хүүхэд байлаа.  Намайг хэлд ороогүй байхдаа дуу аялаад гүйгээд байдаг хүүхэд байсан гэж  гэрийнхэн хэлдэг юм. Ээжийн найзууд хүртэл “Энэ Ооний яг дуучин болно, хөөрхөн аятай байна” гэж өхөөрддөг байсан гэсэн.  Манай гэр бүл, төрөл садан дунд  дуулдаг хүн байхгүй ч бүгд урлагийн мэдрэмжтэй.  Намайг ямар ч үед дэмждэг дээ.

-Хүсэл мөрөөдлөө биелүүлээд явж байхад ар талд нь бат зогсож, чин   сэтгэлээсээ дэмждэг гэр бүл, ойр дотнын хүмүүс нь байдаг байхаа. Гэр бүлээс нь хамгийн их дэмждэг хүн нь хэн бэ. Энэ хүмүүстээ хандаж хэлэх үг бий юү?

        -Эгч маань багаас дэмждэг байсан. Энд тэнд тэмцээн болж байгааг хэлж өгөөд л оролцооч гэж их зөвлөж уриалгахнаар хэлдэг. Манай дүүгийн   хувьд ч надаас их үлгэр дуурайлал авдаг санагдсан.  Дүү маань зургаан настай, энэ жил сургуульд орох байсан ч “Ковид-19”-ийн халдвар гээд сургуульдаа явж чадаагүй гэртээ эгчтэйгээ зав гарвал хамт дуулж өдрийг өнгөрөөнө. Намайг хараад “Би том болоод заавал дуучин болно” л гэдэг. Хэдий эгч шигээ дуучин болно гэж байгаа ч  намайг бодвол ичимхий. Би их захиж хэлдэг л дээ. “Юу ч болж байсан битгий ичээрэй. Дуучин хүн чинь өөрийнхөөрөө, хүссэн дуугаа чөлөөтэй илэрхийлж дуулснаар олон хүнд хүрдэг юм шүү” гэж хэлнэ. Ер нь л дүүдээ  сайн эгч байхыг хичээдэг дээ.

-Өдгөө залуу дуучин Ц.Өлзийсайханыг сайхан хоолойтой гоё дуулдаг охин гэдгээр нь сонсож дэмждэг хүн олон болсон байна. Хувь хүн талаасаа та өөрийгөө илэрхийлбэл. Ямар зан чанартай хүн бэ?

           -Би их хурц ширүүн зантай. Заримдаа түргэдчих гээд байдаг. Тийм болоод ч тэр үү эмээ минь намайг “Аливаад зөөлөн хандаж яваарай, эв эеийг нь олбол ямар ч юм амархан шүү” гэж захидаг.

-Соёл Урлагийн Их сургуульд суралцдаг юм байна шүү дээ. Анх хотод оюутан болж ирэхэд ямар байсан бэ. Оюутны амьдрал хэр хэцүү байв?

        -Оюутны амьдрал тийм ч хэцүү биш санагдсан. Хөгжилтэй заримдаа хөгтэй юм их болно. Оюутан болоод Дэнжийн мянгад нийтийн байр түрээслэн амьдарч эхэлсэн. Би одоо СУИС-ийн Орчин үеийн дуулаачийн ангийн нэгдүгээр дамжаагаа дүүргээд байна. Гэр сургуулиас их хол, ямар автобусанд суухаа мэдэхгүй болохоор эрт босоод гараад алхчихдаг. Ер нь намаржин алхсан даа. Автобусны буудлаа хүнээс асууж байгаад эрт мэдсэн бол тэгж алхахгүй л байсан байх.  Залхуу хүрсэн үед такси барина. Шинэхэн оюутны амьдрал хөгтэй, хөгжөөнтэйгөөр эхэлсэн байдаг юм.

-Сургуулиа төгсөөд олон зүйлийг амжуулна гэж боддог байх. Суралцаж байх хугацаандаа төлөвлөсөн ямар нэгэн уран бүтээлийн ажил бий юү?

        -Казах дууг монгол хувилбараар янзын коверлэж дуулна гэж бодож байгаа. Хэдэн жилийн өмнөөс л бодсон. Санхүү их чухал учир бодохоос цаашгүй юм даа. Гэхдээ нэг л өдөр болгоно гэж боддог. Одоогоор бол монгол дуунууд дээр ковер хийж, өөрийн цахим сувгууд дээр байршуулж байгаа.

-Уран бүтээлч хүний хувьд дуулж буй дуунаасаа аз жаргалыг мэдэрч, сайн сайхан мэдрэмжүүдийг олон хүнд түгээхийг хүсдэг байх. Таны хувьд дуу дуулах ямар мэдрэмжийг өгдөг вэ?

       -Би дуулаад явж байхдаа л жаргалтай байдаг. Хэн ч намайг хориглохгүй, өөрийнхөө дууг бусдад хүргэж, баяр баясал, инээмсэглэл бэлэглэж байвал энэ нь надад илүү их урам зориг өгдөг.

Н.АРИУНСАЙХАН


Ц.ӨЛЗИЙСАЙХАН: Өөрийнхөө дууг бусдад хүргэж, инээмсэглэл бэлэглэж байвал надад илүү урам болдог
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 9
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-08-16 09:19:17
    дэмжигч: хоолой бол тасархай шүү амжилт
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-17 15:41:00
    Сонсогч: Сайхан дуулдаг охин сонсогч түмнийхээ урам өгсөн сайшаал магтаалд эрт бялуурч болохгүй шүү . чамд ямар их хайртай байгааг дааж улам их ажиллаж их амжилт гаргаж алдар цууд хүрээрэй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-17 13:09:31
    Зочин: Энэ охины сурагч байхдаа дуулсан тэр нутгийн дуун сэтгэлд Хоногшсон дуу шүү миний дүү олон сайн дуу дуулаарай
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-17 13:09:30
    Зочин: Энэ охины сурагч байхдаа дуулсан тэр нутгийн дуун сэтгэлд Хоногшсон дуу шүү миний дүү олон сайн дуу дуулаарай
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-17 11:31:03
    Зочин: Сайхан хоолойтой охин минь сайн дуучин болж ард түмнээ Баярлуулай
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-17 09:23:14
    уранаа: Хөөрхөн охинд амжилт рүсье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-14 17:52:43
    tsetsegmaa: mundag ohin shuu . Mundag duuchin bolnoo
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-14 11:45:04
    М.Өлзийбаяр: Сайхан дуулдаг хөөрхөн охин
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-14 10:27:46
    Дэмжигч: Сайхан дуулдаг хөөрхөн охин шүү. Олон сайхан дууг амилуулж сэтгэл зүрхэнд үлдээж яваарай. Амжилт
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188