• Өнөөдөр 2024-04-20

Б.ДАВААЖАВ: БИ МАШ БАЯН ХҮН

2021-06-20,   2279

-ЯДАЖ УЛСЫН ГАНЦ КИНО ТЕАТРТАЙ БОЛГООД ӨГ Л ДӨӨ- 

     Эргэлт.мн мэдээллийн сайт уншигч та бүхэнтэй “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаагаад удаагүй байгаа жүжигчин Б.Даваажав буюу “Байлаа”-г уулзуулж байна. Хошин шог, уран сайхны кино, зохиолын дууны клипэнд чамгүй олон дүр бүтээж, өөрийгөө танилцуулсан тэрбээр одоо хошин урлагийн хувийн театр хариуцан ажиллуулж, хот, хөдөөд соёлын үр тарьж яваа юм.

-Уншигчдад таныг жүжигчин “Байлаа” гэж танилцуулах нь зөв үү, Б.Даваажав гэх нь зөв үү?

   -\инээв\Б.Даваажав гэх нь зөв байлгүй яах вэ. Гэхдээ “Байлаа” гэдэг хоч надтай хамт 20 орчим жил явж ирлээ. Анх гэрийнхэн “Байлаа” гэж ямар хачин хоч юм, Даваажав гэж нэртэй хүнийг ингэж өнгөрсөн цаг дээрх хочоор дуудаад байхдаа яадаг юм гэцгээдэг л байсан. Энэ хоч миний залуу, халуун үеийн дурсамжтай холбоотой учраас нэг их цааргалаад байдаггүй. Тиймдээ ч миний тайзны нэр шахуу болчихож дээ. Мэдээж бүтэн нэрээрээ дуудуулахыг хүсэлгүй яах вэ, тэгж байж бүтэн заяатай амьдардаг гэдэг. Би өнгөрсөн хугацаанд бүтэн нэрээ дуудуулахыг зорьж хэд хэдэн уран бүтээл дээр өөрийн нэрээрээ тоглосон. Жишээ нь, анх “Шинэ үе” продакшны нэг номер дээр аавынхаа хүрэн дээлийг өмсөөд, “...Миний нэр Даваа. Олон уулын даваа” гэж тоглож байсан минь  хүмүүст их хүрсэн.

-Яагаад “Байлаа” гэж?

    -Би 2003 онд СУИС-ийг УГЗ С.Сугар багшийн удирдлага дор жүжигчин мэргэжлээр төгссөн. Анх СУИС-д элсэж ороод “Балиус Даваажав” гэдэг хочтой болсон. Харин төгссөний дараа “Байлаа” болж хувирсан даа\инээв\. Тухайн үед залуу, халуун ч байлаа. Би Цагаан хуарангийн “хар гудамж”-нд өссөн хүүхэд. Зах зээлийн “шуурга”-нд арван жилийн сургуулиа хаяад, гутал тосолж, савхи будаж, арьс шир зөөгөөд л, хийж болох бүхнийг л хийсэн. Ер нь тэр үеийн хүүхдүүд бүгд л тийм байсан. Ихэнх нь арван жилийн сургуулиа хаяж, гудамжинд гарч байсан цаг үе шүү дээ. Тэгж байтал 1997 онд миний аав бурхан болсон. Дараа жил нь буюу 1998 онд би оройн цагаар арван жилийн сургуульдаа сурч төгсөөд 1999 онд Соёл урлагийн их сургуульд элсэж орсон. Тухайн үедээ л алдартай байсан “Хар гудамж”-наас Соёл урлагийн их сургуульд орсон болохоор ч тэр үү, тэр үеийн хэллэгээр “атаман” талдаа оюутан байсан. Тэгээд ч болоогүй СУИС-д орохдоо би

      “Түргэн ууртай

      Түрийндээ атверктай

      Барьсандаа ш..чихдаг

    “Балиус” Даваажав...” гээд л нэг зүйл ярьсан юм аа. Яах вэ, хүнд дээрэлхүүлэхгүй гэсэндээ л өөрийгөө илэрхийлж байгаа нь тэр юм. Тэгээд л “Балиус Даваажав” гэгдэж байгаад төгсөөд явсны дараа доод үеийнхэн “Манай сургуульд “Балиус Даваажав” гэдэг атаман байлаа” гэсээр байгаад нэг л мэдэхэд би “Байлаа” гэдэг хочтой болсон байсан.

-“Атаман” гэснээс таныг СУИС-д анх “Чингисийн зогсоол” гэгчийг бий болгосон гэж ярьдаг юм билээ?

   -Манай ангийн Э.Цолмонбаяр миний тухай ярьсан байна лээ. “Чингисийн зогсоолыг анх бий болгосон Балиус Даваажав” энэ тэр гээд. Яах вэ СУИС-ийн нэг үеийн түүх юм даа. “Чингисийн зогсоол” гэдгийг бол мэдэхгүй юм, “Чингис” гэх нь гэдэг л байсан\инээв\. Эхнээс нь тайлбарлах нь зөв байх. Тэр үед урлаг өөрөө их диктатуртай, хатуу байсан. Урлагийн сургууль нь ч тийм. Одоо л ийм наалинхай, жүжигчид нь найруулагчаа загнадаг болчихсон болохоос биш. Бидний үед СУИС-ийн оюутнууд хагас цэрэгжилтийн байдалтай байлаа. Багш нар нь ч тэгж заадаг, сургадаг байсан.

“Чингис” нэрийн тухайд хоёр талтай, харьцангуй ойлголт юм даа.  Их сургуулийн үе болгонд үеийнхнээсээ арай сэргэлэн, бие хаа том, дүү нартаа зааж сургадаг, болохгүй байгаагаа зогсоочихдог тийм оюутнууд байдаг шүү дээ. Манай сургуулийн миний дээд үед “Guys” хамтлагийн Төгсөө ах тийм байсан. Түүний дараагийн үе нь би юм уу даа.

Нөгөөтэйгүүр, би зургаан талаараа унадаг малгайтай, урт пальто өмсдөг, пальтоныхоо зүүн энгэрт жижигхэн Чингис хааны тэмдэг зүүдэг оюутан байлаа. Тэр үед надад айх юм байгаагүй. Аав, ээжээ алдсан, айлын бага, “хар гудамж”-нд өссөн, айх юмгүй, ер нь их л зоригтой байлаа. Хэн ч хэдүүлээ ч байсан айхгүй. Бас юуг нь нуух вэ, бор дарс ч хүртдэг л байсан. Тийм хүн чинь л “атаман” гэгддэг байсан үе шүү дээ. Сургууль бүхэн, газар бүхэн “атаман”-тай байсан. Тэгээд л надаас эхлээд СУИС-ийн “Чингис” гэдэг нэршил бий болсон доо. Тэр үед СУИС-ийнхан үлгэр домог юм шиг л ярина шүү дээ. “Балиус Даваажав гэдэг ах бол СУИС-ийн Чингис. Таарсан хүнээ баруун солгойгүй балбадаг” гээд л. Үнэхээр л тэгж зоддог байсан бол өдийд юун жүжигчин болоод энд сууж байх, шоронд байна биз дээ. Олны яриа чинь ам дамжих тусмаа аймар болдог юм билээ. Намайг бүр “СУИС-ийн чирдак дээр тагтаа чанаж иддэг, зооринд амьдардаг байсан” гэж хүртэл их ярьсан. Гэхдээ хүн сайнаар ч бай, муугаар ч бай яригдана гэдэг чинь сайхан шүү дээ. Учир би амьд байна шүү дээ.

-“Атаман” гэгддэг, болох, болохгүй олон түүхийн эзэн сургуулиа төгсөөд л хошин урлагт хөл тавьж, урлагийн хүн болж төлөвшиж, төрийн дээд Алтан гадас одон энгэртээ гялалзууллаа шүү дээ. Хэрвээ болдог бол аавдаа л харуулахыг их хүссэн шиг?

  -Миний аав жолооч хүн байсан. Эхэнд хэлсэнчлэн аав минь намайг урлагийн замыг сонгохоос өмнө бурхан болсон. Гэхдээ одоо хүүгээ сайн явааг харж байгаа гэдэгт итгэдэг. Ааваас минь хүрэн хамбан дээл надад өвлөгдөж үлдсэн. Тэр дээлийг нь аливаа уран бүтээлд тоглохдоо өмсөх дуртай. Сэтгэл дүүрээд байдаг юм. Сая төрийн дээд Алтан гадас одонгоор шагнуулахдаа аавынхаа дээлийг өмсөж очиж, энгэрийг нь мялаасан. Үүндээ маш их баяртай байгаа.

-Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхан юу байна?

   -Уран бүтээлч хүн үргэлж уран бүтээл дундаа оргилж, бадарч байх ёстой. Мэдээж сүүлийн жил гаруй хугацаанд аймшигт цар тахал дэлхий нийтийг хүнд байдалд орууллаа. Энэ ганц манай улсад тохиолдоод байгаа зүйл биш учраас яах билээ. Гэхдээ уран бүтээлч хүний хувьд цар тахлын өдрүүдэд зүгээр суусангүй. Би “хар гудамж”-нд өссөн хэдий ч гитар сайхан тоглож сурсан. Тиймээс хуучны сайхан дуунуудыг сэргээн дуулж, хүмүүст дархлаа нэмж байлаа. Хүмүүсийн эерэг сэтгэгдлийн ачаар сүүлийн үед хөгжмийн урлаг руу хөл тавьж байна. Хамгийн сүүлд Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт Б.Лхагвасүрэн агсны “Чамаараа би зөндөө гоёно” гэсэн шүлэгт өөрөө ая зохиож, дуулсан.

-Таны тоглосон уран бүтээлүүдийн талаар гэхээсээ илүү хошин урлаг, ер нь урлагийн салбарын өнөөгийн байр байдлын тухай ярилцахыг хүссэн юм. Урлагийн салбар уналтад орж байна гэх боллоо. Тогоонд нь байгаа хүнийхээ хувьд та ямар бодолтой явдаг вэ?

   -Ямар ч нийгэмд урлаг улс төрөөс түрүүлж хөгжих ёстой байдаг. Ядаж нэг алхмын урд алхаж байх хэрэгтэй. Гэтэл манайд бол урлаг нь хамгийн адагт нь явж байна шүү дээ. Би өөр дээрээ жишээ авъя. Би гэхэд 2014 оноос хошин урлагийн комеди хамтлагийг хувиараа байгуулаад, үзэгчиддээ соёл түгээж байна. Бид хүүхэд, залууст зориулсан соён гэгээрлийн бүтээл хийе гэхээр хөрөнгө санхүү нь алга. Халаас дүүрэн урлагийн төлөөх сэтгэл, зүрх байлаа ч дэмжлэг алга байна шүү дээ. Бор зүрхээрээ яваа бид чинь олсон цөөхөн хэдэн төгрөгийнхөө хэдийг ахуй амьдралдаа, хэдийг нь чанартай бүтээлд зарцуулж чадах вэ гээд бодох ёстой асуудал их байдаг.

Соёлын яамтай боллоо гээд манай салбарынхан баярлаад л байгаа. Гэтэл Соёлын яам ямар ажил хэрэгжүүлж байна вэ. Жишээ нь, Соёлын яамны зөвлөлд нь дандаа том том гавьяа шагналтай, хийдгээ хийсэн тийм л уран бүтээлчдийг сонгож авсан. Тэдгээр хүмүүс нь зүгээр л хүний нүдэнд бахархал байхгүй юү. Гэтэл яг үнэндээ Дорноговь, алс Говь-Алтай аймагт театр ямархуу байдалтай үйл ажиллагаа явуулж байгаа вэ, орон нутагт урлаг ямар түвшинд байна, урлагийг хөгжүүлэхийн тулд юу хийх хэрэгтэй байна гэдгийг мэдэхгүй шүү дээ. Сумын соёлын төвийн эрхлэгч нь үүдэндээ билетээ тасалж байна. Бүжгийн багш нь шалаа угааж, манаач нь галчаа хийж, орой нь бүжгийн багш болж байна гээд хэчнээн хүний орон тоон дээр хэдэн хүн ажиллаж байгааг мэддэг хүн Соёлын яаманд орж ажилламаар байна. Би бол үүн дээр хатуу байр суурьтай байгаа.

-Урлагийн хүн гэж хэнийг хэлдэг юм бэ. Дуулдаг, жүжиглэдэг, бүжиглэдэг бүх  хүн хамаарах юм уу?

    -Бүх зүйл нь чөлөөтэй, хэн дуртай нь юу хүссэнээ хамаагүй хийдэг болчихоор урлагийн нэр хүнд унаж байгаа юм л даа. Сүүлдээ идэж ууж байхдаа үздэг наргиа, наадмаа ч  урлаг гэдэг, тэрийг нь үзүүлж байгаа хүмүүсээ ч урлагийн хүн гэдэг боллоо шүү дээ. Ямар ч хяналт алга. Бид яагаад соён гэгээрүүлэх урлагийн ариун сүм гэгддэг театртай юм. Жишээ нь, тэр театрт үзэгчид тасалбараа авч, улаан хивсэн дээр гоё зангиа, даашинзаа өмсөж алхаад орох ёстой. Тэр урлагаасаа соён гэгээрэл аваад гарах ёстой шүү дээ.

Гэтэл одоо урлаг ”Гахай ш..на уу, нохой ш..на уу хамаагүй” гэдэг болсон байна. Энэ нь залуучуудын сонирхол байж болох хэдий ч энэ бол урлаг биш. Дэлхий нийтээрээ хөгжлийн дээд цэгт хүрээд эргээд нүүдэлчин соёлыг судалж эхэлж байна. Монголчуудыг судалж байна гэсэн үг шүү дээ. Гэтэл Монголчууд барууны мөхсөн соёлыг дуурайж байна.

Би үүнд эмзэглээд өөрийнхөө чадахаар нүүдэлчин соёлоо харуулсан 12 ангитай кино хийх гээд зохиолоо бичээд ганц нэг хүнтэй уулзаж үзсэн. Гэтэл өөдөөс “Бидэнд ямар ашигтай юм бэ” гэж байгаа юм. Монгол хүн яагаад уурга нь дээр гишгэж болдоггүй юм, яагаад аавын буйд сахал тавьж, агтны дэлэнд хутга хүргэж болдоггүй юм үүнийг хойч үедээ таниулж, монгол ахуйгаа сурталчлан таниулъя гэхээр өөдөөс ашиг хараад, ашиг яриад эхлэхээр урлаг яаж хөгжих билээ дээ.

-Энд төрийн, бодлогын алдаа байгаад байна уу?

    -Тийм. Сууриасаа эхлээд алдаатай явж байна. Жишээ нь, гурван сая гаруйхан хүн амтай улсад хэдэн урлагийн сургууль байна вэ. Намайг хүүхэд байхад урлагийнхан бол урлагийнхан байсан. Сайд, дарга нараас илүү нэр хүндтэй. Соёл урлагийн их сургууль гэж байгаагүй. Монгол Улсын Боловсролын их сургуулийн кино драмын анги гэж ганцхан анги байдаг байлаа. Тэр анги дөрвөн жилд нэг удаа л элсэлт авдаг. Нэг элсэлт авахдаа 15 хүүхэд авдаг. Төгсөөд бүгд УДЭТ, Хүүхэд залуучуудын театр, Хүүхэлдэйн театр гээд театруудад ажилд ордог байсан. Гэтэл өнөөдөр жилд 500 гаруй хүүхэд жүжигчин мэргэжлээр төгсөж байна. Тэдний 10 гаруй хувь нь л ажлын байртай болж байна. Бусад нь тус тусдаа хошин урлагийн хамтлаг байгуулна, эсвэл өнөөх л дипломтой ажилгүйчүүдийн эгнээг тэлж байгаа байхгүй юу.  Урлаг өөрөө хатуу шүүлтүүртэй, ур чадвартай, авьяастай, тууштай зүтгэсэн нь амжилт олдог салбар. Хүмүүсийн сайн мэдэх Боёо буюу Ариунболд ах сэдвээ өөрөө олоод, өөрөө зохиолоо бичээд, найруулж, гол дүрд тоглож байгаа юм. Ингэж хөдөлмөрлөж байж түмэн олонд хүлээн зөвшөөрөгдөж, уран бүтээлээ хүргэж чадаж байна шүү дээ. Хэрвээ чадахгүй бол, чадаж байна гээд юу хүссэнээ хийгээд, өөрийгөө урлагийн хүн гээд явах юм бол энэ салбарыг дэмий л булингартуулахаас хэтрэхгүй.

Нөгөөтэйгүүр, өнөөдөр “Нарантуул”, “Барс”, “Да хүрээ” гээд бүх л зах руу очоод асуугаарай. Тэнд СУИС, Кино урлагийн дээд сургуулийг улаан дипломтой төгссөн хэрнээ наймаа хийгээд зогсож байгаа жүжигчин залуус зөндөө байна. Миний аав жолооч байсан. Намайг бага байхад жолооч мэргэжил хамгийн нэр хүндтэй, сайдаас илүү цалин авдаг мэргэжил байлаа. Одоо харин жолооч гэдэг зүгээр л хэрэглээ болчихсон. Яг энэ байдлаараа хэдхэн жил үргэлжлэх юм бол жүжигчин мэргэжил зүгээр л хэрэглээ болох нь.

Нэмээд нийтийн дуучид байна. Дуучин мэргэжлээр төгссөн тэр залуучуудад ажлын байр алга. Тийм болохоор ганц нэг шинэ дуу, тэгээд ихэвчлэн дээр үеийн дуунуудыг хуулж дуулаад олонд танигдахыг л хүснэ. Тэгээд нэг тоглолт хийнэ. Тоглолт дээрээ Соёлын тэргүүний ажилтан болно. За тэгээд, болсон болоогүй баахан “халтуур” хийнэ, хөдөө тоглолтоор явна. Хөдөөгийн ард түмнийг залхааж байна шүү дээ. Ингээд харахаар урлагийнхан бүгд ялгаагүй юун соёлын үр тарих, урлагаа таниулах вэ, таван төгрөгийн араас л явж байна.

-Үүнийг хэрхэн засах ёстой юм?

    -Дэлхийн улс оронд баримталдаг стандарт байна шүү дээ. Түүнийг л барих хэрэгтэй шүү дээ. Хэдэн хүн амтай улс оронд хэчнээн урлагийн сургууль байх ёстой юм бэ. Үүнийг тодорхой болгох хэрэгтэй. Юуны тулд соёлын яамтай болсон билээ. Өөрөөр хэлбэл, үүнд ямар ч хяналт байхгүй байгаа учраас зах зээлд маш олон чанаргүй жүжигчид, дуучид төрөн гарч байна.

Ингэхээр урлагийн хүмүүс чинь юун нийгмээсээ нэг алхмын урд явах, тэр олон өрсөлдөгчдөөсөө урьтаж олны танил болох гэж юу ч хамаагүй, элий балай зүйл хийж байна. Урлагийн үнэ цэнийг шалаар нэг болгож байна шүү дээ. Юун тэр урлагийн ариун сүмд цэвэрхэн хувцаслаж очоод жүжиг үзэх, зүгээр захын нэг бааранд хэдэн залуус урд нь гарч ирээд “Чиний өмссөн хувцас ийм байна, танай байгууллага ийм тийм, танай аав ээж чинь тэгдэг” гээд өөрсдийг нь доромжилж байна шүү дээ. Түүнд нь баясаж инээх юм. Идэж, уух юмтайгаа хольсон зүйлээ хошин урлаг маягаар ойлгуулаад байна шүү дээ. хутгаад байх юм. Энэ бол эмгэнэл.

-Урлагт зүтгэж байгаа хүнийхээ хувьд төрөөс ганц зүйл хүс гэвэл?

    -Ядаж улсын ганц кино театртай болгоод өг л дөө. Үзвэр үйлчилгээний газруудаа ядаж улсын байлга л даа. Бүх үзвэр үйлчилгээ нь 1990 оны зах зээлийн “шуурга”-наар шударга хэлэхэд хэдэн “хулгайч” нарын “хоол” болчихсон. Тэрийгээ цааш нь дамлаад зарчихсан.

Улсын ганц кино театргүйг нь далимдуулаад “Тэнгис” гээд Солонгос эзэнтэй кино театраас эхлээд өчнөөн хувийн кино театрууд нь монополь болчихсон. Бидний хөлс хүчээ шавхан, байр, машин, ар гэр, амьдралаа барьцаанд тавин байж хийсэн киноны ашгийн 50 хувийг нь авна. Ихэнхдээ гадаад кино гаргаж, Монгол кино цөөхөн авна. Арай гэж киногоо театрт нь гаргалаа гэхэд ар өврийн хаалга байхгүй бол долоохон хоног гаргаад л “Танай киног ийм хүн үзлээ. Энэ ашиг нь байна. Өдөрт 100 хүн үзэхгүй бол кино театраас буулгана гэсэн стандарт байгаа” гэж хэлээд буулгачихна. Тэр стандартыг өөрсдөө зохиож байгаа шүү дээ. Улсаас биш. Гэтэл тэр киног яагаад 100 хүн үзэхгүй байна гэхээр өглөө 11:30, өдөр 13:30 гээд хоёрхон цагт зоочихож байгаа юм. Өглөө, өдөр кино үзээд явж байдаг ямар хүн байх вэ. Харин танил талтай бол үзвэрийнхээ цагийг 22:30, 17:30 болгож байгаа юм. Ингэж ард түмний үзэх эрхийг хэдхэн хүмүүс чөлөөтэй хааж боож байна шүү дээ.

Уран бүтээлчдийг ингэж  “шулж” байгаа тэд өөрсдийгөө халхалсан “Бизнесмен” гэдэг сайхан нэртэй. Тэр нь үнэндээ гадаад үг шүү дээ. Монгол хэлээр бол “Наймаачин” байхгүй юу. Энэ мэт асуудлыг төр шийд л дээ, шаардлагатай бол энэ мэт үзвэл үйлчилгээний газруудаа улсдаа буцааж ав л даа. Оюутолгой, Тавантолгойг хэдэн жил ухах юм бэ. Одоо өөрөөр баялаг бүтээе л дээ. Би энэ кино театруудад кино өгдөггүй. Улсын кино театртай болох юм бол харин киногоо өгнө, дахиад ч кино хийнэ гэж боддог.

-Таны ярианаас урлаг өөрөө ашиг олох уу, соён гэгээрүүлэх үү гэдэг завсарт гацчихсан гэж ойлголоо? Та бол урлаг соён гэгээрүүлэх зам руугаа л явах ёстой гэлээ. Мэдээж, ашиг бол хоёрдугаарт байж л таарах байх. Ингэхэд та ер нь баян хүн үү?

   -Би өнөөдрийг хүртэл өөрийгөө ядуу гэж бодож байгаагүй. Яагаад гэхээр бурхан арвайтай будааг  зүүн дээр асгаад тогтсон нь хүн болдог гэж ярьдаг. Тэр дундаа Азийн цээжинд орших Монгол Улсад хүн болж төрснөөрөө би баян хүн. Би өмнө нь салбараа нэг их шүүмжилдэггүй, ийм зүйл ярьдаггүй байсан. Одоо бол ярина. Ярь гэж төр засаг минь ч намайг үнэлж байна. Би төрөөс хоёр дахь одонгоо авлаа. Өмнө би 2016 онд  Архангай аймагт 13 хүнийг цаснаас аварч Ерөнхийлөгчийн зарлигаар “Шударга журам” медалиар шагнуулж байсан. Түүнийг хэн дуртай нь авчихдаг юм биш. Ямар ч эрх мэдэлтэй, мөнгө төгрөгтэй хүн авч чаддаггүй юм. Тиймээс би энэ медалиар үргэлж бахархдаг.. Харин одоо улсын байгууллагад нэг ч өдөр ажиллаж үзээгүй хэрнээ Төрийн дээд Алтангадас одонгоор шагнууллаа. Алтан гадас одонг урлагийн хөгжилд өөрийн дуу хоолойг хүргээсэй, урлагаар дамжуулж нийгмээ өөрчлөөсэй гэж надад хүртээсэн гэж ойлгож байгаа.

Би “Рашаантын 18” УСК-нд ”Танайх нүүрс түлдэг. Манайх папришк түлдэг” гээд л хэлж байсан. Хөдөөгөөс айлууд их олноороо нүүж ирж, дөрвөн уулынхаа дунд багталцахгүйн улмаас агаарын бохирдол нэмэгдэж, амьдрах орчин таагүй болж байгааг шүүмжилж байсан. Зөвхөн дулаацахын тулд юу ч хамаагүй түлж, эрүүл хүүхэд төрхөө больчихсон цаг үед би уран бүтээлээрээ дамжуулж, тэгж дуугарч байсан юм шүү.

-Ярилцсанд баярлалаа.

   -Баярлалаа.

 


Б.ДАВААЖАВ: БИ МАШ БАЯН ХҮН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-16 17:04:45
    sar: ih zoolon setgeltei zuv zaluu shig sanagddag.buruu bodoogui yum bn.az jargal,amjilt husiii.goe yariltslaga bn.urid n yariltslagiig unshij bgaagui yum bn.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188