• Өнөөдөр 2024-05-06

Шигшээ багийн дэд ахлагч Х.ЦЭНД-АЮУШ: Бүх тамирчдын өмсгөл, хэрэгслийг хурааж авсан. Цалингүй, урамшуулалгүй болгоно гэсэн

2021-04-12,   1245

“ИЙМ УДИРДЛАГАТАЙ БАЙСНААС БАЙГААГҮЙ НЬ ДЭЭР”

          Монголын хөл бөмбөгийн Үндэсний шигшээ багийн тамирчдын өмсгөл, хэрэгслийг хурааж авч байгаа талаарх мэдээлэл цахим сүлжээгээр тархсан. Үүнтэй холбоотойгоор шигшээ багийн тамирчид нь эсэргүүцлээ илэрхийлж байгаа. Бид энэ талаар шигшээ багийн дэд ахлагч Х.Цэнд-Аюушаас тодруулсан юм.

-Монголын хөл бөмбөгийн Үндэсний шигшээ багийн тамирчдын өмсгөл, хэрэгслийг хурааж авсан. Юунаас болж ийм зүйл болсон юм бэ?

       -Монголын хөл бөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатарын манай орны хөл бөмбөгийн спортын хөгжлийг хуучин үе рүү нь буцааж, удаашруулж, ухрааж байгаа нь тамирчдын өмсгөл, хэрэгсэл хурааж авахаас л эхэлж байна. Шигшээ багийн тамирчид өмсгөл, хэрэгслүүдээ бүгдийг нь буцааж өгсөн. Бид олон нийтийн мэдэх ёстой зарим зүйлийг л хэлсэн. Хүмүүст хэлээгүй олон асуудал байгаа. Биднийг зүгээс Д.Тэрбаатарын үйлдлийг эсэргүүцсэн байр суурьтай байгаа. Хүнийг гүтгэсэн, гутаан доромжилсон зүйл байхгүй. Бидний хэлж ярьж байгаа болгон өөрсдийн харсан, сонссон асуудлууд байгаа юм.

-Олон нийтэд дэлгээгүй, хүмүүсийн мэдэх ёстой зүйл нь юу юм бэ. Энэ талаар ярьж өгч болох уу?

       -Намайг хөл бөмбөгийн Үндэсний шигшээ багт орсноос хойш “Гаднын тэмцээнд оролцоно” гээд тамирчдаас 40000-50000 төгрөг хурааж авсан. Үүний дараа эхнэрийнхээ спорт хувцасны дэлгүүрээс хувцас нийлүүлсэн болж таараад л өнгөрсөн юм. Түүнээс хойш Монголын хөл бөмбөгийн холбооны удирдлагууд хэд хэд солигдсон. Ялангуяа А.Ганбаатар Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэснээс хойш Монгол хөл бөмбөг ч өсөж, хөгжсөн. Тухайн үед шигшээ багийн тамирчид тодорхой хэмжээний сарын цалинтай, олон улсын тэмцээн, уралдааны амжилтаасаа урамшуулалтай байсан юм. Гэтэл Д.Тэрбаатар гэж хүн холбоонд ажиллах болсон. Түүний хийсэн анхны ажил нь шигшээ багийн тамирчдыг цалингүй, урамшуулалгүй болгох байсан. Харин саяхан бид олон улсын тэмцээнд явах болоод “Бидний сарын цалинг өгчих өө. Тамирчид маань гэртээ хоол, хүнс авч үлдээгээд санаа зовох зүйлгүй явчихаад ирье” гэхэд “Үгүй. Та нарт тэгж мөнгө өгч чадахгүй” гэсэн юм. Тэгэхээр шигшээ багийн тамирчид гарын үсгээ цуглуулаад Монгол хөл бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч А.Ганбаатарт хүсэлт гаргасан. Харин яваад ирэхэд минь ингээд өмсгөл, хэрэгсэл, усны сав гээд бүгдийг нь л хураагаад авчихлаа. Үүгээрээ шигшээ багийнхныг ажилгүй болгох, тамирчдыг буулгаж авах гэсэн байх. Харин өсөж, хөгжиж явсан Монголын хөл бөмбөг буцаад ухраад байгаа нь л бидний дургүйцлийг хүргэж байгаа юм.

-Он гарснаас хойш зохион байгуулагдсан олон улсын тэмцээнүүдийн үеэр “Шигшээ багийнхан дундаа хагаралтай байгаа” гэсэн мэдээлэл тарж байсан. Тэр үед яг юу болсон юм бэ?

       -Биднийг Тажикстан Улсын шигшээ багтай тоглосны дараа Монголын хөл бөмбөгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар “Өчнөөн мөнгө үрж явчихаад ингэж арчаагүй тоглолоо” гэсэн. Үүнээс л шигшээ багийн тамирчдын сэтгэл санаанд нөлөөлж эхэлсэн. Тэгэхээр нь бид “За одоо ганцхан чухал тоглолт байгаа юм чинь нүд аниад, шүдээ зуугаад ард нь гаръя” гэж шийдээд Япон Улсад очиж тоглосон. Тэгээд биднийг ялагдал хүлээсний дараа тамирчдын маань нүдэн дээр “Муу сайн арчаагүй ......... одоо гар барьсан болоод л явуулъя даа” гэсэн. Энэ зэрэг асуудлууд шигшээ багийн тамирчдад үнэхээр хүнд тусна шүү дээ. Биднийг хамгийн их ойлгох ёстой холбооны удирдлагууд нь ийм байхад хүмүүсийн дургүйцлээ илэрхийлж байгаа нь аргагүй. “Ийм удирдлагатай байснаас байгаагүй нь дээр” гэж бодож байна. Одоо бид шигшээ багаас хасагдах цаашлаад ажилгүй болох дээрээ дэнчин тавиад л эсэргүүцлээ илэрхийлж байгаа.

-Шигшээ багийн эсрэг тоглосон өрсөлдөгч багуудын хөгжөөн дэмжигчид манай багийн талаар эерэг сэтгэгдэл, ам сайтай байсан шүү дээ?

       -Ямар л хүн улсынх нь шигшээ баг бусад багтай тоглоод хожигдоход баярлах вэ дээ. Уурлаж, бухимдаж, дургүйцлээ илэрхийлэх нь аргагүй. Бид өөрсдийгөө өмөөрөхгүй. Япон Улсын шигшээ баг бол Азийн номер нэг, ДАШТ-ий шигшээ наймт шалгарсан маш хүчирхэг, том баг. Харин биднийг хөл хорио, цар тахлын үед хорьж, бэлтгэл ч хийх боломж олгохгүй байсаар Азийн хамгийн хүчирхэг багтай тогло гээд явуулсан. Бидний хажууд бусад спортын шигшээ багийнхан бэлтгэлээ хийгээд л байсан. Харин бидэнд бэлтгэл хийх боломж бололцоог нь Монголын хөл бөмбөгийн холбоо, УОК-оос гаргаж өгөөгүй. Шигшээ багийнхан өрсөлдөгч багийнхаа улсад очоод тэндээ л аль чадахаараа хичээж бэлтгэлээ хийгээд л тоглосон. Япон Улсын шигшээ багийн эсрэг тоглосон тоглолт хойшилж болох байсан. ДАШТ-д өөрийгөө харуулсан Азийн хамгийн хүчирхэг тэр багийг эх орондоо авчирч, Монголын сагсан бөмбөгийн сурталчлан таниулж, хөгжилд нь нэмэр болох зүйл хийх боломжтой байлаа. Япон Улсын шигшээ баг шиг том баг Монгол Улсад ирнэ гэдэг нь хожигдох хожихоосоо илүүтэй том асуудал байсан л гэж харж байна. Манай орноос бусад бүх орон Японы шигшээ багийг эх орондоо авчрах гээд тоглолт хийлгүй хойшлуулсан. Монгол Улс л  эх оронд нь очиж тоглосон. Шигшээ багийнхан цар тахлын хамгийн аюул, эрсдэлтэй орнуудаар тоглолтоор явж, өөрсдийгөө асар их эрсдэлд оруулж байхад ганц сарын цалин өгч чадахгүй гэсэн. Тэгээд зогсохгүй өгсөн бүх юмаа хурааж аваад үг хэлээр доромжлоод байхад ямар хүн өөдөөс нь инээгээд байж байх вэ дээ.

-Шигшээ багийн тамирчдыг цалингүй болговол таны хувьд ямар арга хэмжээ авч, юу хийнэ гэж бодож байгаа вэ?

       -Одоо би шигшээ багийнхаа хамгийн ахмад тоглогч нь болсон. Өмнө нь бол бид цалингүй тоглож болдог байсан. Гэр бүл зохиогоогүй, сурагч, оюутан байсан болохоор гайгүй. Харин одоо бид бүгдээрээ л өөрийн гэсэн гэр бүлтэй, үр хүүхдүүдтэй. Хөл бөмбөгийн шигшээ багийн тамирчин учраас өөр ажил, мэргэжил байхгүй. Хэрэв шигшээ багийн тамирчдыг цалингүй болговол бид яаж өдрийн хоолоо олж, амьдарч чадах юм бэ. Цалингүй болбол зөвхөн би гэлтгүй шигшээ багийнхан бүгдээрээ л тоглохгүй, шигшээ багаас гарах болов уу.

 


Шигшээ багийн дэд ахлагч Х.ЦЭНД-АЮУШ: Бүх тамирчдын өмсгөл, хэрэгслийг хурааж авсан. Цалингүй, урамшуулалгүй болгоно гэсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188