• Өнөөдөр 2024-05-17

Ил задгай, гар дээрээс худалдаж буй амны хаалт хялгастай байна

2021-04-08,   830

Амны хаалт өдөр тутмын хэрэглээ болж хэвшээд удлаа. Коронавирусийн цар тахал өдөр ирэх тусам нэмэгдэж буй энэ үед ч иргэд вакцинаас илүү амны хаалтанд итгэж байна. ДЭМБ-аас хүртэл вакцин хийлгэсэн ч амны хаалтаа тогтмол зүүхийг зөвлөж буй. Өөрөөр хэлбэл вакцин тодорхой хэмжээнд дархлаа тогтоох хэдий ч аюулт өвчнөөс бүрэн хамгаалж чадахгүй гэсэн үг. Харин халдвараас өөрийгөө хамгаалах, ганц итгэж болох зүйл нь амны хаалт болоод буй юм. Тэгвэл бидний өдөр тутам хэрэглэдэг амны хаалтнаас туузан хорхой илэрсэн тухай бичлэгүүд цахим орчинд шуугиан тарьж эхлээд байна. Үүнийг туршиж үзсэн иргэдийн бичлэгээс үзүүлье.

Хятад амны хаалт туузан хорхойтой гэх бичлэгүүд цахим орчинд тарснаас хойш иргэдийн амны хаалтанд итгэх итгэл буурч, эвгүйцлийг нь төрүүлж байна. Үүний дагуу бид дээрх туршилтын адилаар спиртийн агууламжтай, цэнхэр өнгийн нэг удаагийн амны хаалтыг буцалсан халуун усны ууранд удаан бариж, туршилт хийж үзэхэд туузан хорхой биш хог, хялгас л гарч ирлээ.

Уг нь цар тахлын үеийн хуулиар чанар, стандартын шаардлага хангасан амны хаалтыг зөвхөн эм, эмнэлгийн хэрэгслийн байгууллагууд нийлүүлэх зохицуулалттай. Гэвч одоо амны хаалт нь эрэлт ихтэй, ашигтай бизнес болсон учраас хэн хүссэн нь амны хаалт оруулж ирээд тоос шороотой гудамжинд, олон хүн бужигнасан дэлгүүрт гээд хаа таарсан газраа гар дээрээс зарж байгаа юм. Борлуулалтын энэ буруу дамжлага нь амны хаалт бохирдох, хог, хялгастай болох нэг нөхцөл болж байгааг эндээс харж болох юм.

 

Түүнчлэн цахим орчинд тархсан дээрх бичлэгтэй холбогдуулан МХЕГ-аас нэг удаагийн амны хаалтанд лабораторын шинжилгээ хийж байгаа аж. Мөн Дархан-Уул, Хөвсгөл зэрэг аймгуудын мэргэжлийн хяналтын байгууллагууд амны хаалтанд лабораторын шинжилгээ хийж эхэлсэн байна.

Манай улсын хувьд “Нахиа”, “Мөнхийн тун”, “Тун фарм” зэрэг цөөн тооны үйлдвэр ДЭМБ-аас тогтоосон чанар, стандартад нийцсэн амны хаалт үйлдвэрлэдэг. Үүнээс гадна оёдлын үйлдвэр, жижиг цехүүд даавуун амны хаалт оёж, зах зээлд нийлүүлж байна. Харин нийт амны хаалтны хэрэглээний 70 орчим хувь нь урд хөршөөс импортоор орж ирж буй юм. Иймд иргэд та бүхэн эмийн сан болон амны хаалт худалдаалах зөвшөөрөлтэй томоохон сүлжээ дэлгүүрээс стандартад нийцсэн амны хаалт худалдан авч хэрэглээрэй.

 


Ил задгай, гар дээрээс худалдаж буй амны хаалт хялгастай байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188