• Өнөөдөр 2024-05-04

Н.НАМЖИЛМАА: Сумын иргэн гуйсан учраас 35 мянган төгрөг авч, түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсан нь үнэн. Хариу нь сөрөг гарсан

2021-03-26,   2336

Төв аймгийн Батсүмбэр сумын хүн эмнэлгийн эрхлэгч эмч Н.Намжилмаа коронавирусийн шинжилгээний хариуг төлбөртэй зарж, сөрөг гэх хариу гаргасан гэх мэдээлэл гараад байгаа. Үүнтэй холбоотойгоор Н.Намжилмаагаас дараах тайлбарыг авлаа.

-Таныг коронавирусийн шинжилгээний хариу хуурамчаар гаргаж, сөрөг гэх хариугаа иргэдэд зарсан гэх мэдээлэл гараад байна. Энэ талаар тайлбар, мэдээлэл өгөхгүй юу?

-Өнгөрсөн арваннэгдүгээр сард манай сумын нэг иргэн “Миний бие тавгүй, эрсдэлтэй нөхцөл байдал үүсчихлээ. Иймд та надаас түргэвчилсэн оношлуураар шинжилгээ аваад өгөөч. Би зохих төлбөр тооцоог нь хийнэ. Сумаас өөр тийшээ явах хэрэгтэй болчихлоо” гэж надтай утсаар ярьсан. Тухайн үед Төв аймгийн Эрүүл мэндийн газраас “Тестийнхээ төлбөрийг ав” гэсэн чиглэл ирээд уулнаас бууж ирсэн самарчдаас төлбөртэй шинжилгээ авч байсан үе юм. Самраас бууж ирсэн 20 гаруй хүнээс төлбөртэй шинжилгээ авч байхад хэл ам болж, төлбөргүй болгосон. Тэгээд би нөгөө сумынхаа хүнийг “35 мянган төгрөгөө нягтлан бодогчид тушаагаад шинжилгээ өг” гэж хэлсэн. Тэр хүний мөнгө тушааж, шинжилгээ өгсөн баримт нь ч нягтланд байгаа. Гэхдээ тэр бичиг хаана ч үйлчлэхгүй шүү дээ. Хот руу орохдоо бид “Ногоон бүсээс ирж байна” гээд орно. Хотоос сум руу нэвтрэхдээ заавал ч үгүй PCR шинжилгээ шаардаж байгаа.

Гэтэл тэр хүнтэй утсаар ярьсан ярианы бичлэгийг манай эмнэлгийн жолооч Х.Төрбаяр гэх залуу утсан дээрээ хураагаад авчихсан байсан юм билээ. Манай жолооч ажлын байран дээрээ удаа дараа архи ууж, зөрчил гаргасан тул ажлаасаа халагдчихсан байгаа. Жолооч Х.Төгсбаяр өнгөрсөн оны тавдугаар сараас хойш миний хэнтэй, юу ярьсан гээд бүгдийг нь хурааж авсан гэж байна лээ. Тэрийгээ СD-д хуулаад сумын Засаг даргад хүргэж өгсөн байгаа юм. Тэр ярианы бичлэгээр л намайг хүмүүст сөрөг гэсэн хариу гаргаж өгсөн гэж гүжирдээд байна. Би тэр шинжилгээний бичиг гаргадаг хүн нь ч биш. Манай эмнэлгийн лоборант түргэвчилсэн оношлуурын шинжилгээний хариуг цаасан дээр бичиж өгдөг. Тэрнээс бид PCR шинжилгээний хариуг цахим бүртгэлд оруулж, шивэх ямар ч эрхгүй.

-Сумын эмнэлэгт шинжилгээ хийдэг хэрэг үү. Нийт хэдэн хүнээс төлбөр авч шинжилгээ хийсэн юм бэ? Төлбөр төлж шинжилгээ өгсөн сумын чинь иргэний хариу ямар гарсан юм бэ?

-Сөрөг гарсан. Сэлэнгэ аймагт халдварт илрэх үеэр буюу өнгөрсөн оны арваннэгдүгээр сард төмөр замын 200 хүнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсан. Мөн цагдаагийн алба хаагчид болон аж ахуйн нэгжийн төлөөлөл болох 100 хүнээс түүврийн аргаар PCR шинжилгээ авсан. Үүнийг аймгийн Эрүүл мэндийн газраас ирж хийсэн. Мөн самраас ирсэн 20 гаруй, сумын нэг иргэнээс түргэвчилсэн оношлуураар төлбөртэй шинжилгээ авсан байдаг. Тэгээд “Шинжилгээг төлбөртэй хийлээ” гэсэн шүүмжлэлд өртсөн тул аймгийн Нэгдсэн эмнэлгээс “Төлбөргүй ав” гэх чиглэл ирсэн. Нийтдээ манай суманд 249 хүнээс түргэвчилсэн, 100 PCR  шинжилгээ авсан гэсэн үг. Нэг ч хүнээс халдвар илрээгүй буюу хариу нь сөрөг гарсан. Хэрэв бид хариуг нь сөрөг гэж худлаа гаргасан бол Батсүмбэр сум эрсдэлд орчихсон байгаа шүү дээ. 20 гаруй хүний тушаасан 35 мянган төгрөгийн баримт нягтланд байгаа. Би нэг ч төгрөг аваагүй.

-Энэ хэрэгтэй холбоотойгоор танай эмнэлэгт шалгалт очсон уу?

-Өнгөрсөн намар аймгийн Эрүүл мэндийн газраас манайд ирж төлбөртэй шинжилгээ авсан талаар шалгалт хийсэн. Дээрээс ирсэн чиглэл нь тийм байсан учраас шаардлагын дагуу ажлаа хийсэн байна гэж үзсэн. Мөн саяхан энэ хэрэгтэй холбоотойгоор ирж шалгалт хийсэн. “Үндэслэлгүй” байна гэж үзээд, ажлаа хэвийн үргэлжлүүлэх чиглэл өгсөн байгаа.

-Таныг түргэний тэргээ хувьдаа ашигладаг гэх юм билээ. Хүүхэд түлэгдчихээд байхад хүртэл хотод бараа зөөгөөд явж байсан гэнэ?

-Би улсын ажлаар л аймаг, хот руу ажлаар явдаг. 

-Сумын чинь иргэд намар болохоор таныг түргэнийхээ машинаар хувийн ногоогоо зөөдөг гэж ярьж байна лээ. Үнэн юм биш үү?

-Шалгах ёстой бүх газар нь шалгах хэрэгтэй. Тийм зүйл байхгүй. 

-Та өмнө нь ажлаасаа халагдаж байсан юм билээ. Ямар үндэслэлээр халадаж байсан юм бэ?

-Өмнө нь хоёр удаа үндэслэлгүйгээр ажлаасаа халагдаж байсан. Шүүхдэж байгаад ажлаасаа үндэслэлгүй халагдсан тэтгэмжээ авч, ажилдаа эргэж томилогдоод байна. Эхний удаагийнх нь намайг хоёр хоног ажилдаа ирээгүй гээд халчихсан байсан. Би уг нь өвчтэй байсан юм. Хүний бие өвдөж болно шүү дээ.  Дараагийнх нь ямар шалтгаанаар гэдгийг нь мэдэхгүй.

-Сумын эмнэлгийн эрхлэгчийг ажлаас халж, томилох эрх нь сумын Засаг даргад байдаг уу?

-Тийм ээ, манай сумын Засаг дарга намайг байнга шахаж, юу ч болсон хамаагүй ажлаас халах гээд байдаг. Ийм ч учраас хоёр удаа үндэслэлгүйгээр халсан байдаг. Ажил хийхэд төвөгтэй, дарамт, шахалт ихтэй маш хэцүү байна.

 


Н.НАМЖИЛМАА: Сумын иргэн гуйсан учраас 35 мянган төгрөг авч, түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсан нь үнэн. Хариу нь сөрөг гарсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-27 10:12:04
    иргэн: шүүхдээд улсын мөнгө аваад улсын мөнгө аваад гэртээ суудаг нөхдүүд иым л нахальны ашиг сонирхолтой дарга нар байдаг.Албан тушаалгүйгээрээ амьдарч чадахгүй болсон.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188