• Өнөөдөр 2024-04-25

Б.ДӨЛ: Газрын мониторинг хийснээр нөхөн сэргээлт хийх шаардлагатай газруудыг тодорхойлох боломжтой

2021-02-25,   1848

Газрын мониторинг, чанарын төлөв байдлыг гаргах нь ямар ач холбогдолтой талаар Барилга, хот байгуулалтын яамны Газар зохион байгуулалт, геодизи, зураг зүйн газрын Суурь судалгаа, мониторингийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Дөлтэй цөөн хором ярилцлаа.

-Газрын мониторинг гэж юу болох талаар яриагаа эхэлье?

-Газрын тухай хуулийн 58.5 дугаар зүйлд зааснаар “Газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа” гэдэг нэр томъёог тодорхойлж өгсөн байдаг. Үүний дагуу газрын нэгдмэл сангийн зургаан ангилал буюу хөдөө аж ахуй, хот тосгон, ой, ус зам, шугам сүлжээ, тусгай хэрэгцээний зэрэг газрын төлөв байдал, чанарыг байнга хянаж байх ёстой. Тодруулбал, тухайн газарт хүний эрүүл ахуй, амь насанд нөлөөлөхүйц химийн болоод биологийн бохирдол байгаа эсэхийг нарийвчилж, судалдаг гэсэн үг.

-Чанарын төлөв байдлыг тодорхойлсноор ямар ач холбогдолтой вэ?

-Бид өөрийн амьдарч байгаа газар, орчин нөхцлийг хараад өнгөн хэсэгт ургамал байна уу, үгүй юү гэдгийг хараад мэдэж болно. Харин нарийн шинжилгээ буюу газрын мониторинг хийснээр тухайн газарт хүний биед сөрөг нөлөө үзүүлэх химийн болоод биологийн янз бүрийн нян бактер, бичил биет стандарт түвшин байгаа эсэхийг тодорхойлж, мэдээлэх үүрэгтэй. Үүнийг мэдээлснээр дараагийн шат шатны байгууллагууд нөхөн сэргээлт зэрэг тодорхой ажлууд хийхэд нь суурь судалгаа болж өгөх юм.

Газрын мониторингийн сүлжээнд үндсэн гурван модуль бий. Нэгдүгээр төлөвлөгөөт болон захиалгат хянан баталгаа юм. Энэ нь Газрын тухай хуульд зааснаар иргэд ,аж ахуйн нэгж байгууллага таван жил тутамд нэг удаа хянан баталгаа хийлгэх ёстой. Хянан баталгаа хийсний дараа ямар нэгэн нөлөөгөөр эвдрэлд орсон болон доройтол, бохирдолд орсон газрыг нөхөн сэргээх шаардлагатай эсэхийг тодорхойлно.

-Судалгааны үр дүнд үндэслэн хэчнээн газарт нөхөн сэргээлт хийгээд байна вэ?

-Өнгөрсөн 2020 онд 12646 мониторингийн цэг байгуулсан. Үүнээс 1000 цэгийг сонгож, улсын хэмжээнд судалгаа шинжилгээ хийсэн. Харин энэ онд хийсэн давтан шинжилгээгээ өмнөх оныхтой харьцуулж, үр дүн гаргахаар төлөвлөж байна. Фото мониторингийг 2015 оноос хойш бэлчээрийн газрыг судлахад хэрэглэж байгаа.

Газрын мониторинг үүсгэх ажлыг 2018 оноос БХБЯ болон манай агентлаг хамтарч, гүйцэтгэсэн байдаг. Энэ ажлын хүрээнд мэдээллийн сан үүсгэсэн нь одоогоор бидний төлөвлөгөөт ажлын хамгийн том нь болоод байна. Энэхүү сан нь хөрс, ургамлын судалгаан дээр үндэслэж, мониторинг судалгааны суурийг байгуулсан. Үүнд нийт 12646 мониторингийн цэг, 7004 ширхэг байнгын ажиглалтын талбар байгуулсан. Цаашид байнгын судалгаа, шинжилгээнийхээ ажлыг хийж, төлөв байдал, шинж чанарт нь ямар өөрчлөлт гарч байгааг тодорхой давтамжтай хугацаагаар дүгнэлт, тайлан гаргаж, мэдээллийн сандаа нэгтгэдэг.

Мөн манайх 2015 оноос Швейцарийн агентлагийн “Ногоон алт” хөтөлбөртэй хамтарч ажиллаж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээд таван жил тутамд ургацийн хэмжээ, бэлчээрийн даацын хэмжээг судлах ажлууд явагдаж байна.

-Нөхөн сэргээлт хийх шаардлагатай ямар газар байна вэ?

-Дээр хэлсэнчлэн 12646 мониторингийн цэгт 2003 оноос хойш хийсэн бүх хөрсний мэдээлэл хадгалагдсан байгаа. Цаашид хоёр жил тутамд судалгааны ажлаа хийж, мониторингийн цэгт хадгалж, судалгааны мэдээллээ илүү баяжуулах хэрэгтэй. Үүний дараа өмнөх үеийн мэдээлэлтэй харьцуулсан дүгнэлт хийнэ.


Б.ДӨЛ: Газрын мониторинг хийснээр нөхөн сэргээлт хийх шаардлагатай газруудыг тодорхойлох боломжтой
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188