• Өнөөдөр 2024-04-19

ШӨХТГ-ын дарга Б.БАТ-ЭРДЭНЭ: “Даргаа загнах өдөр”-ийг өчигдрөөс хэрэгжүүлж эхэлсэн

2021-02-24,   732

-Төр гэлтгүй бусад байгууллагуудыг “Даргаа загнах өдөр”-тэй болохыг уриалж байгаа-

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ) “Даргаа загнах өдөр”-тэй болжээ. Энэ талаар тус газрын дарга Б.Бат-Эрдэнээс цөөн асуултад хариулт авлаа.

-Ямар учраас  “Даргаа загнах өдөр”-тэй болохоор шийдсэн бэ?

-Удирдлагын манлайлал гэж байдаг. Удирдлагын гаргаж байгаа шийдвэр хөрсөн дээр буух ёстой. Тэр шийдвэрийг хэрэгжүүлж байгаа нь албан хаагчид юм. Тэгэхээр тухайн шийдвэр ямар байхаас шалтгаалж амьдралд нийцэхгүй, хэрэгжихгүй байх нь бий. Түүнээс болоод албан хаагчид иргэд, хэрэглэгчдэд чичлүүлж, загнуулах зэрэг асуудал төрийн байгууллагын бүх шатанд байна. Иймд бид сарын сүүлийн долоо хоногийн мягмар гарагт бүх албан хаагчдын хурал хийж, тэр үеэр дарга нарынхаа болж, бүтэхгүй байгааг шүүмжилж, загнадаг болсон. Үүнийг журмаар зохицуулж, “Даргаа загнах өдөр”-өөс гарсан асуудалтай холбоотойгоор тухайн албан хаагчдад ямар нэгэн дарамт, албан шахалт үзүүлж болохгүй. Мөн ажлын байран дээрээ тус өдөр гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж, алдаатай удирдамжаа засах ёстой.

“Даргаа загнах өдөр”-тэй холбоотойгоор албан хаагчдадаа загнууллаа гээд өс санахгүй, дарамтлахгүй. Харин өөрийнхөө шийдвэр гаргалт, үйл ажиллагаанд маш сайн анхаарах ёстой гэдэг зарчмыг баримтална”

-Дарга болон гүйцэтгэх ажилтны хоорондын харилцаа, шийдвэр гаргалтад доголдол байгаа талаар хэллээ. Үүнийг ямар нэгэн судалгаан дээр үндэслэж гаргасан уу?

-Ер нь бол зөвхөн төрийн гэлтгүй байгууллагуудад үл ойлголцох, тодорхой бус удирдамж, шийдвэрээс болоод тухайн албан хаагч “Би одоо яах ёстой юм бол, юу хийх ёстой вэ” гэж эргэлзэж явсаар байгаад алдаа гаргадаг. Удирдлага өөрөө албан хаагчаа энэ мэт алдаанд оруулж болохгүй. Үүнийг бие биетэйгээ хэлэлцэж, ойлголцох ёстой. Болохгүй байгаа зүйлийг заавал болгох гэж зүтгүүлээд байх хэрэггүй. Жишээлбэл, бид байцаагч нартаа өндөгний үнийг заавал 400 төгрөгт тогтоох ёстой гээд явууллаа гэж бодъё. Гэтэл худалдааны төв дээр очиход хомсдол үүссэний улмаас зах зээлийн зарчмынхаа дагуу явж байгаа зүйлийг 400 төгрөгт тогтоох боломжгүй. Энэ нөхцөлд байцаагч нар маань худалдагч, иргэдэд чичлүүлж, загнуулдаг. Энэ нь удирдлагаас гаргаж байгаа буруу шийдвэртэй холбоотой асуудал юм. Яагаад гэвэл удирдлага зах зээлийн нөхцөл байдлыг судалсны үндсэн дээр шийдвэр гаргах ёстой.

-“Даргаа загнах өдөр”-ийг хэзээнээс хэрэгжүүлж эхэлсэн бэ?

-ШӨХТГ дотроо өчигдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. Манайх өмнө нь “Дарга нар ажилчдаа яагаад заавал камераар хянах ёстой юм бэ” гэж үзээд, энэ байдлыг зогсоох талаар уриалга өрнүүлсэн. Үүнтэй адил төр гэлтгүй бусад байгууллагыг “Даргаа загнах өдөр”-тэй болохыг уриалж байгаа.

-Одоохондоо ШӨХТГ дотроо энэ өдрийг ажил хэрэг болгож байгаа юм байна. Тэгвэл алжилчид нь энэ өдрийг хэрхэн хүлээж авсан бэ?

-Эмээх зүйл байсан. Энэ өдрийн талаар сайн тайлбарлаж өгсөн учир таатай хүлээж авч байгаа. “Даргаа загнах өдөр”-тэй холбоотойгоор албан хаагчдадаа загнууллаа гээд өс санахгүй, дарамтлахгүй. Харин өөрийнхөө шийдвэр гаргалт, үйл ажиллагаанд маш сайн анхаарах ёстой гэдэг зарчмыг баримтална.


ШӨХТГ-ын дарга Б.БАТ-ЭРДЭНЭ: “Даргаа загнах өдөр”-ийг өчигдрөөс хэрэгжүүлж эхэлсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188