-Аялал нь аюулгүй сайхан үргэлжилж байна уу. Яагаад дугуйн аялал хийх болсон талаараа ярихгүй юу?
-БНСУ-д ирээд хоёр жил болжээ. Энд ирэхдээ л БНСУ-ыг тойрон аялал хийхээр төлөвлөсөн байсан. Гэхдээ боломжтой цаг гаралгүй байсаар өнөөдрийг хүрчээ. Харь нутагт ажиллаж, амьдарч байгаа хүн бүхэнд зорилго, мөрөөдөл бий. Өөртөө тавьсан зорилгоо мөрөөдөл мэт хол тавьж орхиорой. Зорилгынхоо төлөө алхам хийгээрэй, өөртөө хайртай байгаарай гэдэг санааг өгөхийн тулд дугуйн аяллаа эхлүүлэхийг зорьсон. Тойрон аялал гэдэг утгаараа далайн эргийн дагуу эхлүүлсэн. Одоогоор БНСУ-ын нэг удаагийн аяллаар бүрэн тойрсон Монгол аялагч байхгүй юм билээ.
-Танай багийн дугуйн аяллаараа хандив цуглуулж байгаа гэсэн. Энэ талаараа яривал?
-н.Дашдаваа найз маань аавыгаа хорт хавдраар алдсан юм. Аавынхаа нэрээр Магсар гэх сан байгуулж, түүгээрээ сайн үйлсийн аян явуулдаг. Найзыгаа дэмнэж, хандивын аянд нь оролцохыг хүссэн. Миний хувьд хамгийн сайн хийдэг, намайг илэрхийлдэг зүйл бол унадаг дугуй унах. Тиймээс дугуйн аялал хийх үеэрээ сайн үйлсийн аян өрнүүлж хэн нэгэнд туслахыг хүссэн. Аяллаа эхлүүлэхдээ л хэн нэгэнд туслах зорилготойгоор эхлүүлсэн.
-Цуглуулсан хандиваа өгөх хүнээ сонгосон уу. Хандив бүрэн цугларахад хэдэн төгрөг шаардлагатай байгаа вэ?
-Г.Тэргэллхам охиныг бүрэн эдгээх эмчилгээний зардал нь 390 сая төгрөг. Энэ мөнгө цугларч Монголын ирээдүй болсон хөөрхөн охин эрүүл саруул, гүйж байгааг нь харахыг хүсэж байна. Хэдийгээр бүх мөнгийг нь цуглуулж өгч чадахгүй ч өөрийн чадах зүйлээрээ тус, нэмэр болохыг хүссэн. Аялал маань энэ сарын 22-нд дуусна. Аялал дууссан өдөр Г.Тэргэллхам охиндоо цугларсан бүх хандиваа өгөх юм.
Монголын ирээдүй болсон хөөрхөн охин эрүүл саруул, гүйж байгааг нь харахыг хүсэж байна
-Танай багийн аялал хэр хугацаанд үргэлжлэх вэ?
-Дугуйн аялал олон хүнд эерэг санааг өгнө. Багийнхаа хоёр гишүүнтэй туулсан 1000 километр замд зарцуулж буй тэр хүч хөдөлмөр, сэтгэл зүрх хэн нэгний төлөө байх ёстой гэж боддог. Өөрийнхөө мөрөөдлийн төлөө бус, нэг хөөрхөн охины амьдралын төлөө дугуйгаа жийж байгаа. Бидний аялал есдүгээр сарын 22-нд эхэлсэн. Нэг сарын хугацаанд 2300 орчим газрыг туулах ёстойгоос 70 гаруй хувийг нь туулсан байна. Монгол орныг дугуйгаар тойрох, БНСУ-ыг дугуйгаар тойроход ялгаатай зүйлс олон гарч байна.
-Хандив цуглуулах дугуйн аялал дахин үргэлжлэх үү?
-Бид “One way bro’s” буюу "Нэг зорилгын төлөөх ахан дүүс" гэсэн нэртэйгээр энэхүү аялал, хандивын үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлнэ Энэ удаагийн дугуйн аялал эхнийх нь байлаа. Бидний үйл ажиллагаа цаашид хүрээгээ илүү тэлэх болно. Бид энэ аяллаасаа олон сайхан энергийг авч байгаа.
Ч.ГАНТӨМӨР: БНСУ-ЫГ ДУГУЙГААР ТОЙРОН АЯЛАХДАА ЦУГЛУУЛСАН ХАНДИВАА Г.ТЭРГЭЛЛХАМ ОХИНД ӨГНӨ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |