• Өнөөдөр 2024-04-19

А.Маань: Өмнөговь аймгийн төвд усанд автаагүй орон сууцны орц хонгил, гудамж талбай гэж алга

2021-07-28,   1723

    Өнгөрсөн амралтын өдрүүдэд Өмнөговь аймагт их хэмжээний усархаг бороо орсны улмаас айл өрхүүд усанд автаж, автомашинтай зорчигчид замдаа суух, тог цахилгааны гэмтэл гарах тохиолдол олон гарсан. Бид энэ талаар тус аймгийн Онцгой байдлын газраас тодруулан мэдээлсэн.

    Энэ удаа тухайн үер усны аюулын үед аймгийн Онцгой байдлын газартай хамтран ажилласан “Ёл авто УАЗ” клубийн  зохион байгуулагч А.Мааниас зарим зүйлийг тодрууллаа. Түүний “Ёл авто УАЗ” клуб нь 500 гаруй гишүүнтэй, УАЗ буюу хуучны “69” автомашиныг сонирхогч, автомашины уралдаан зохион байгуулагч иргэдийн нэгдэл билээ. Тэд нийт 33 автомашинтайгаас үерийн гамшгийн үед 11 автомашинтай аврах ажиллагаанд оролцсон байна.


Хүний алтан амь эрсдэлгүй гамшгийг давсанд баяртай байна

-Өнгөрсөн амралтын өдрүүд болон даваа гарагт их хэмжээний усархаг бороо орсон. Тухайн үед Өмнөговь аймгийн нөхцөл байдал ямар байсан бэ?

    -Би урьд өмнө ийм их ус орж ирэхийг харж байгаагүй. Гамшгийн дээд шатанд хүрсэн байх гэж би бодож байна. Цэвэр бохир усны шугам цөмөрч, гудамжаар явах боломжгүй болсноос гадна айлууд усанд автаад хэцүүхэн байлаа.  Гэхдээ хүний алтан амь эрсдэлгүй гамшгийг давсанд баяртай байна. Ер нь цэвэр бохирын шугам цөмөрснөөс үүдэж Өмнөговь аймгийн төвд усанд автаагүй орон сууцны орц, хонгил, гудамж талбай гэж байсангүй. Гэр хороолол, орон сууцны шугам сүлжээний почкины таг дээрээ элс даруулсан байсан нь үерийн улмаас цөмөрч, ийм зүйл боллоо.

-Танай клубын хамт олон өндөр настай болон жирэмсэн хүмүүст тусалсан юм билээ. Энэ тухай ярьж өгөхгүй юү?

    -Онцгой байдлын газраас манай клубийг хамтарч ажиллахыг хүссэн юм. Бид долдугаар сарын 24-ны үдээс эхэлж ажилласан. Тухайн өдрийн 22:00 цагийн үед “Аймгийн төвөөс 12 километрийн зайд оторт явж байсан 80 гаруй настай, хөгжлийн бэрхшээлтэй, эмээ, ач хүүхэдтэйгээ үерийн ус туулж байна” гэсэн дуудлага ирж, бид шаварт сууж явсаар шөнө 02:00 цагт очиж, аймагт авчирсан юм. Эхний өдөр “Аймгаас 24 километр зайд “Harrier” автомашинтай таван хүн үерт урслаа” гэсэн дуудлагын дагуу очиход, азаар автомашин 36 метр урсаад, зогсож, хүмүүс нь нөгөө эрэг дээр гарсан байсан. Бид замд суусан 200-гаад машиныг татаж гаргалаа. Хоёр хоногийн өмнө бурхан болоочоо хөдөөлүүлж явсан шарилын цуваа шаварт сууж “Бид зүг чигээ алдсан, харин цагтаа амжмаар байна” гэж дуудлага өгсний дагуу манайхаас дөрвөн “69” явж, оршуулгыг үйлдэж дуусгасан. “Аймгийн төвийн эмнэлгийн гадна төрөх дөхсөн эмэгтэй дотогш орж чадахгүй байна” гэсний дагуу хүү минь машинаараа зөөж, эмэгтэйг эмнэлэгт оруулж өгсөн юм.

-Та бүхний тусалсан хүмүүс талархлаа хэрхэн илэрхийлж, ямар сэтгэгдэл хэлж байсан бэ?

     -Олон хүн янз янз. Зарим нь “Карьер хөөлөө” гэж бичсэн байна лээ. Олонх нь талархлаа илэрхийлж “Хэцүү цаг үед тусалсан залууст баярлалаа” гэсэн байсан. Зарим хүн сэтгэлийн бэлэг болгож мал өгөх, аялал жуулчлалын газрууд амрах эрх өгөх гэх мэтээр талархлаа илэрхийлсэн. Биднийг “Карьер хөөж, улс төржлөө” гэхэд гомдож байлаа. Манай клубийнхэн их, дээд сургуульд сураагүй, малчин, хувиараа бизнес эрхэлдэг, сонирхлоороо нэгдсэн хүмүүс. Боловсролтой хүн улс төрд ордог байх.

Б.Бадамзул


А.Маань: Өмнөговь аймгийн төвд усанд автаагүй орон сууцны орц хонгил, гудамж талбай гэж алга
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-31 08:23:18
    zochin: hun hunee hairlah, busdiin tuluu geh setgel zurhtei baina gedeg hamgiin tom bolowsrol ta nartaa Amjilt husie.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188