• Өнөөдөр 2024-03-29

Б.ДЭНЗЭН: Бохирын шугам усаар дүүрч, айлуудын ариун цэврийн өрөө усанд автсан

2021-07-26,   966

    Өмнөговь аймгийн нутгаар долдугаар сарын 24-нөөс эхлэн их хэмжээний усархаг бороо орж, орон сууц, гэр хорооллын өрх, нийтийн эзэмшлийн талбай, авто зам усанд автаад байгаа. Тэгвэл үерийн улмаас хохирсон хүн, мал байгаа эсэх талаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад Б.Дэнзэнгээс тодрууллаа.


-Өмнөговь аймгийн нутгаар усархаг, аадар бороо орсонтой холбоотойгоор хэчнээн айл өрхийн гэр усанд автаад байна вэ?

        -Өмнөговь аймагт их хэмжээний усархаг бороо орж эхэлснээс хойш 310 дуудлага Онцгой байдлын газарт бүртгэгдээд байна. Гэр усанд автсан, машин суусан зэрэг олон дуудлага ирсэн. Үерийн улмаас орон гэргүй болсон айл байхгүй. Өмнөговийн хувийн орон сууцны барилга ихэвчлэн хавтгай дээвэртэй. Тийм учраас борооны ус их хэмжээгээр хуримтлагдаж, доош нэвчсэнээс дусаал дусаж гэр усанд автсан гэх дуудлага их ирж байна. Мөн замын хажуугаар үерийн ус хуримтлагдсанаас айл өрхүүд усанд автсан. Тиймээс шаардлагатай газар нь замыг сэтэлж, үерийн усыг урсгасан байгаа.

    Өчигдөр 20:00 цагийн үед Онцгой байдлын газрын Шуурхай дуудлагын утсанд Шиврээ сумын малчин айл Баяндалай суманд оторлож явахдаа хоёр хүүхдээ гэртээ үлдээсэн юм билээ. Тэднийг оторт явсан хойгуур нь бороо орсон. Иймээс тухайн айлын эзэд онцгой байдлын газарт “Өглөөнөөс хойш хоёр хүүхэдтэйгээ холбоо барьсангүй” гэх дуудлага ирүүлсэн. Дуудлагын дагуу Шиврээ сумын ЗДТГ-аас хоёр машинтай бүлэг гарч, хоёр хүүхдийг малын хамт эсэн мэнд олсон. Өөр хүн, малтай холбоотой дуудлага ирээгүй. Харин дулаан болон цэвэр бохирын шугамууд усаар  дүүрч, зарим барилга байгууламжийн орц, айлуудын ариун цэврийн өрөө усанд автсан.

-Өмнөговь аймгийн үерийн даланг шинэчлэх ажил хэр явцтай байна вэ?

        -Өмнө нь байсан үерийн далан баруун урд тал руугаа хаялагатай байсан. Энэ нь аймгийн урд хэсгээр үерийн ус урсана гэсэн үг. Тиймээс шинэ даланг уулнаас урсаж орж ирэх усыг аймгийн хойд хэсгээр урсгахаар барьж байна. Сүүлийн хоёр хоног бороо орсон учраас далан барих ажлыг хийж гүйцэтгэсэнгүй. Одоохондоо бороо намжсан ч цаг агаарын урьдчилсан төлөвөөр маргаашнаас дахин орохоор байна.

-Гэртээ орох боломжгүй байгаа иргэдийг хааш нь нүүлгэн шилжүүлж байгаа вэ?

     -Гэр нь усанд автаж, түр хугацаанд гэртээ амьдрах боломжгүй болсон иргэдийг аймгийн Улаан загалмайн хорооны байр, Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын сувилалд байрлуулахаар өрөөнүүд бэлдсэн. Гэхдээ одоогийн байдлаар тухайн байранд байрласан айл байхгүй. Ихэвчлэн ах дүү, хамаатан садныдаа очиж байгаа.

Б.БАДАМЗУЛ


Б.ДЭНЗЭН: Бохирын шугам усаар дүүрч, айлуудын ариун цэврийн өрөө усанд автсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188