Монгол Улсын Консерваторын 59х17 мкв талбайд хууль бусаар барилга барихаар хашаалжээ. Тус сургуулийн багш, сурагчдыг зуны амралттай байх үед буюу энэ сарын эхээр уг хашааг барьсан юм байна. Улмаар газраа өгөхийг эсэргүүцсэн багш, сурагчид найм дахь өдрөө тайван жагсаал хийж байна. Тэдний төлөөлөл болох Гавьяат багш Б.Зоригтоос уг асуудлын талаар тодрууллаа.
-Үйл ядвлын тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Боловсролын үнэлгээний төвийн мэдээллийн төвийн барилгыг барих асуудал 2015 оноос эхэлсэн юм билээ. Тэр үеэс газрын асуудлаа шийдэж чадахгүй явсаар ШУТИС-ийн дөрөвдүгээр байрны тэнд барина гэж асуудал болоод одоо Монгол Улсын Консерваторын газар руу орж ирж байна. Эрх баригчид болон манай сургуулийн удирдлагуудын цаана газрын наймааны асар том луйвар байгаа. Энд Боловсролын үнэлгээний төвийн барилгыг барина гэж сайдтай байгуулсан гэрээ нь булхайтай. Тухайлбал, ерөнхий нягтлангийн бус тооцооны нягтлангийн гарын үсэгтэй. Тиймээс бид “Боловсролыг улс төрөөс чөлөөл” гэсэн уриатай тайван жагсаал хийж байна. Хэрвээ боловсролыг улс төрөөс чөлөөлөхгүй бол бүр их бөөгнөрөл үүсэж, суралцагчид хашааныхаа гадна гарна. Сурагчид цахимаар болон өөрийн биеэр ирж эсэргүүцлээ илэрхийлж байгаа. Судалгаа явуулахад нийт суралцагчдын 98 хувь нь сургуулийнхаа талбайг авч үлдэхийг хүссэн.
Олон жил үйл ажиллагаагаа явуулсан төрийн өмчит сургуулиудын захирлыг намын харьяаллаар томилдог. Захирлууд нь захиалгаар газраа худалддаг том зөрчил бий. Манай сургуулийн талбай хотийн төвд А зэрэглэлийн байрлалтай учраас үүнд шунаж байна.
Нэртэйгээр нь консерваторыг Боловсролын үнэлгээний төв гэж нэрлэчихээд, дотор нь хүүхдүүд сурсан нь дээр. Бид долдугаар сарын 7-ноос хойш найм дахь өдрөө жагсаж байна. Холбогдох албан газруудад мэдэгдлээ хүргүүлсэн.
-Албан бичиг явуулсан байгууллагууд болон хашаа барьсан барилгын компаниас хариу мэдэгдэл өгсөн үү?
-Аль ч байгууллагаас хариу ирүүлээгүй. Авлигатай тэмцэх газарт албан шаардлага хүргүүлсэн. Энэ амралтын өдрүүд дуусахаар албан ёсны хариу өгөх байх. Мөн Цагдаагийн байгууллага дуудаж, хэргийг албан ёсоор бүртгэлжүүлсэн. Бид цаашдаа тэмцлийн хурц хэлбэрт шилжиж, өлсгөлөн зарлана.
-Цагдаагийн албан хаагчдыг дуудаж хэрэг бүртгэлтийн хэрэг нээлгүүлсэн гэлээ. Та энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?
-Цагдаагийн байгууллагад дуудлага өгч, барилгын компанийн эзнийг олж өгөх, энэ хашааг буулгаж өгөхийг хүссэн өргөдөл гаргалаа. Надад байгаа мэдээллээр уг барилгыг барих газрын зөвшөөрлийг 2015 оны дөрөвдүгээр сард Нийслэлийн Захирагчийн захирамжаар олгосон юм билээ. Иймд бид нэгдүгээрт, яагаад анх зөвшөөрөл авсан газар дээрээ Боловсролын үнэлгээний төвөө барихгүй байна вэ. Хоёрдугаарт, Монгол Улсын Консерваторын хашаанд барилга барих эрх зүйн ямар үндэслэл байгаа вэ. Энэ газар цаашдаа Монгол Улсын Консерваторын оюутнуудын цогцолбор болно. Тиймээс хууль бус үйлдэл, гэрээгээ зогсоохыг хүсэж байна. Тиймээс оюутан, багш нар ээлжлээд сургуулийнхаа гадна талбайд зогсож байна. Дуурь бүжгийн эрдмийн театр, Үндэсний урлагийн их театр, орон нутгийн театруудын бүжигчин, хөгжимчдийг 16 жил бэлтгэдэг мэргэжлийн урлагийн ганц сургууль руугаа ингэж дайрч болохгүй. Энэ асуудлыг долдугаар сарын 19-нөөс өмнө шийдэхгүй бол бид хашааг хүчээр буулгана. Цар тахлын үед гишүүд нь төв талбайд хэвтэж болж байхад бид энд эсэргүүцлээ илэрхийлж хөгжмөө тоглоно.
-Эсэргүүцлийн тайван жагсаалаа ямар үр дүнд хүртлээ үргэлжлүүлэх вэ?
-Боловсролын үнэлгээний төвөө өөр газарт барь. Бид уг төвийн барилгыг байж болохгүй гээгүй. Гагцхүү хууль зөрчихгүй, Монгол Улсын Консерваторын хашаанд барихгүй байхад л болно. 1000 гаруй оюутан багш нарын хүсэлт, тэмцлийг хүлээн авч шийдвэр гаргагч нар уг шийдвэрээ цуцлахыг шаардаж байна.
-Хэдэн мкв талбайг хашаалсан бэ?
Б.ЗОРИГТ: Монгол Улсын Консерватор А зэрэглэлд байрлалтай учир газарт нь шунаж байна |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |