• Өнөөдөр 2024-05-09

Тусгаарлалтад байхдаа хоолны хордлогод орсон иргэн: Бид гаднаас хоол оруулаагүй. Шинжилгээний хариу хоолны хордлого болох нь тогтоогдсон

2020-09-18,   839

“Дрийм” зочид буудалд тусгаарлагдаж байсан 14 хүнд хоолны хордлогын шинж тэмдэг илэрч, ХӨСҮТ-д хүргэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ талаар  ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд “Есдүгээр сарын 14-ны 22:50 цагт ХӨСҮТ-өөс Мэргэжлийн хяналтын байгууллагад Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа “Дрийм” зочид буудалд тусгаарлагдаж байгаа хүмүүсийн дунд хоолны хордлогын халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн талаар мэдээлэл ирүүлсэн. Наймдугаар сарын 29-нд Сидней-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 81 хүн ирж тусгаарлагдсан. Мөн есдүгээр сарын 13-нд 56 иргэн ар гэрээсээ эргэлт авсан гэсэн өгүүлэмжтэй байгаа. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д 13 том хүн,  нэг хүүхэд тусгаарлагдан эмчлүүлж байна. Биеийн байдал хүндэрсэн хүн байхгүй. Хяналт шалгалтаар ундны уснаас нян судлалын шинжилгээ, хоол үйлдвэрлэлийн газраас арчдас, хүнсний бүтээгдэхүүн, хоолны дээжийг шинжилж байгаа. Тус буудлын хоол үйлдвэрлэл хэвийн явагдаж байгаа бөгөөд хяналт шалгалт үргэлжилж байна” хэмээн мэдээлж байсан. Тэгвэл тусгаарлалтад байсан иргэд хоолноос хордсон нь батлагджээ. Энэ талаар хоолны хордлого авсан, нэрээ нууцлахыг хүссэн иргэнээс тодрууллаа.

-Шинжилгээний хариу гарсан гэж сонслоо. Хордлого авдаг өдөр ямар хоол идсэн юм бэ?

-Зочид буудлын гал тогооноос тусгаарлалтад байгаа иргэдэд цуйван, бууз, ногоотой шөл, банштай шөл, будаатай хуурга өгсөн. Есдүгээр сарын 12,13-нд өгсөн эдгээр хоолноос л хордсон байх. Өнөө өглөө эмч орж ирээд “Хоолны хордлого болох нь шинжилгээгээр батлагдсан” гэж хэлсэн. Одоогоор эмчилгээ хийлгээд биеийн байдал сайжирсан. Хэдийгээр энд 14 хүн байгаа ч буудалд хөнгөн хэлбэрийн хордлоготой олон хүн байгаа. Үүнийг нуугаад хэлэхгүй байгаа.

-Та хэдийг гаднаас эргэлтийн хоол авсан. Түүнээсээ хордсон байх магадлалтай гэж мэдээлсэн шүү дээ. Энэ нь үнэн юм уу?

-Гаднаас хөнгөн хүнсний зүйл оруулсан өдрийн өмнөх өдөр хордлогын шинж тэмдэг илэрсэн байсан. Бид өмнө нь хоол гаднаас оруулж байгаагүй. Эргэлтээр юм оруулахад заавал шалгаж оруулдаг. Мөн энд шинжилгээ өгсөн 14 хүний шинжилгээний хариу яг адилхан гарсан. Гэхдээ яг аль хоолноос хордсон талаарх шинжилгээний бичгээ аваагүй байна.

-Коронавирусийг илрүүлэх гурав дахь шинжилгээгээ өгсөн гэсэн үү. Тусгаарлалтын хугацаа нь хэзээ дуусах вэ?

-Шинжилгээгээр коронавирус илрээгүй. Тусгаарлалтын хугацаа өнөөдөр дуусаж байгаа ч гаднаас хоол оруулсан гээд хугацааг сунгасан. Биеийн байдал сайжирч, бүрэн эдгэрсний дараа эмнэлгээс гаргана гэсэн.

-Ямар эмчилгээ хийж байна вэ?

-Бидэнд 3-5 төрлийн эм уулгасан байдалтай л байна. Энэ нь гэрээрээ уухад ч болохоор эмчилгээ гэсэн үг. Мөн бидэнтэй цуг нислэгээр ирсэн хүмүүсийг маргааш өглөө буудлаасаа гар гэсэн байна лээ. Шинж тэмдэг илэрсэн үед нь яаралтай хувьдаа арга хэмжээ авсан хүн олон байгаа. Тэр хүмүүсийг хэрхэн эмчлүүлэх нь тодорхойгүй байна. “Дрийм” зочид буудалд ямар арга хэмжээ авсан нь ч тодорхойгүй байна.


Тусгаарлалтад байхдаа хоолны хордлогод орсон иргэн: Бид гаднаас хоол оруулаагүй. Шинжилгээний хариу хоолны хордлого болох нь тогтоогдсон
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188