• Өнөөдөр 2024-05-19

Хот, хөдөөгийн сурагчид ЭЕШ-даа хэрхэн бэлдэж байна вэ

2021-06-12,   670

       Жил бүрийн энэ үе сурагчдын хувьд чухал байдаг. Учир нь сурагчид ерөнхий боловсролын сургуулиа төгсөж, өөрсдийн хүссэн мэргэжлээ сонгохоор элсэлтийн ерөнхий шалгалт өгдөг. Малчин, ногоочин, сайд, дарга нарын хүүхэд ялгаагүй боловсролыг тэгш хүртэж, хүссэн мэргэжлээ сонгох эрхтэй. Энэ л эрхээ эдлэхийн тулд сурагчид өөрийн боломжоороо элсэлтийн ерөнхий шалгалтдаа бэлдэж байна. Гэхдээ хонины бэлчээрээс эхлээд сумын төвийн жижиг сургууль, аймаг, нийслэлийн томоохон сургуулиудад сурагчид харилцан адилгүй бэлдэж байна.
 
       Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтыг долдугаар сарын 1-4-ний хооронд зохион байгуулахаар болсон. Мөн энэ хичээлийн жилд арванхоёрдугаар ангийг 34811 сурагч төгсөж байгаагаас 31782 хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна. Харин өмнөх оны төгсөгчдөөс 8638 сурагч элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдах хүсэлтээ өгчээ. Ингэснээр энэ жил нийт 40420 шалгуулагч элсэлтийн ерөнхий шалгалт өгнө гэсэн үг юм.
 
Цар тахлаас үүдэн энэ жил төгсөж буй сурагчид XI, XII ангийн хичээлээ танхимаар бус цахимаар үзэж, элсэлтийн ерөнхий шалгалтдаа бэлдэж эхэлсэн. Тиймээс элсэлтийн ерөнхий шалгалтын даалгаврыг танхимаар судалсан хичээлийн агуулгаар боловсруулах юм. Сурагчид аравдугаар ангийн хичээлээ танхимаар үзсэн тул аравдугаар ангийн хичээлийн агуулгыг бүтэн хамруулна. Өөрөөр хэлбэл, XI ангийн хичээлийн агуулгыг 50 хувь, XII ангийн  хичээлийн агуулгыг 30 хувь хамруулах юм. Түүнчлэн элсэлтийн ерөнхий шалгалтын өмнө монгол хэл, бичгийн шалгалтыг авдаг байсан бол энэ жил авахгүй байхаар шийдвэрлэсэн юм. Тэгвэл сурагчид ЭЕШ-даа хэрхэн бэлдэж байгааг тодрууллаа.
 
-БАГШ ХАМТ БАЙХГҮЙ БОЛОХООР ЗАРИМ БОДЛОГЫНХОО УЧРЫГ ОЛЖ ЧАДДАГГҮЙ БАЙГАА-
 
Нийслэлийн ЕБС-ийн 48 дугаар сургуулийн сурагч Б.Маралмаа: Би ШУТИС-д элсэхээр бэлдэж байна. Нэг хичээлээр долоо хоногт нэг удаа, хоёр цагаар танхимаар давтлага авч байгаа. Би гурван хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгөх учир долоо хоногт гурван удаа сургууль дээрээ очдог. Тэгээд багштайгаа хамтраад өмнөх жилүүдийн элсэлтийн ерөнхий шалгалтын тест дээр ажилладаг. Миний хувьд хотод суралцдаг учир хүндрэл бага гарч байна. Багштайгаа хамт байхгүй байгаа нь л хүнд байна. Жишээ нь, мэдэхгүй бодлого гарч ирэхээр асуух хүн байхгүй гэдэг ч юм уу. Өөр асуудал харьцангуй гайгүй. Сургуулиас дататай дугаар өгсөн. Интернетийн хувьд асуудалгүй байна.
 
-ХЭДИЙ ИНТЕРНЕТ БАЙГАА Ч ХААНААС ӨӨРТ ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЛЭЭ АВАХАА САЙН МЭДДЭГГҮЙ-
 
Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын ЕБС-ийн сурагч Ц.Анхзул: Би Дотоод хэргийн их сургуулийн эрх зүйн ангид орохоор бэлдэж байна. Хичээлийн таван өдөр цагийн хуваарь гаргасан. Нэг өдөрт хоёр хичээлээр давтлага авдаг. Аав, ээжээрээ дата авахуулж, интернет ордог. Хэдий интернет байгаа ч яг хаанаас өөрт хэрэгтэй хичээлийн давтлагаа авахаа мэдэхгүй байна. Ямартай ч орох сургуулиа судалсан. Мөн “XII анги төгсөгчдийн групп”-т элссэн. Тэндээс хүүхдүүдийн бэлдэж байгаа арга барилаас суралцдаг. Тэгээд л ер нь багштайгаа хамтарч тест ажиллаж байгаа. Манай сургууль анги болгон нэг бүлэгтэй байдаг. Энэ жил манай анги есүүлээ төгсөж байна. Түүнээс найм нь элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бэлдэж байгаа.
 
-ЗАРИМ ХИЧЭЭЛЭЭ ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ӨГӨХӨӨР ХЭМЖЭЭНИЙ САЙН МЭДЭХГҮЙ БАЙНА-
 
Төв аймгийн Борнуур сумын ЕБС-ийн сурагч О.Сүлдням: Би ХААИС-д орно. Сүүлийн жил гаруй хугацаанд хичээл танхимаар ороогүй. Хоцрогдол их байгаа байх. Бусад хүүхдүүдтэй өрсөлдөж үзээгүй болохоор өөрийгөө ямар түвшинд байгаа гэдгийг сайн мэдэхгүй байна. XII ангид хичээл огт ороогүй, бие дааж элсэлтийн ерөнхий шалгалтдаа бэлдсэн. Одоо бол багштайгаа хамт бэлдэж байна. Хүндрэлтэй зүйл гэвэл зарим хичээлээ элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр хэмжээнд сайн мэдэхгүй байгаа. Жишээ нь, англи хэл хүнд байна. Бусдаар интернет, дасгалын ном зэрэг хангалттай байгаа. 
 
 

Хот, хөдөөгийн сурагчид ЭЕШ-даа хэрхэн бэлдэж байна вэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188