• Өнөөдөр 2024-03-28

Б.ПҮРЭВСҮРЭН: Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн бүх зүйл, заалт хүний эрхийг зөрчиж байна

2023-01-23,   838

     УИХ-ын намрын ээлжит чуулган өндөрлөлөө. Чуулган завсарлахдаа давхцан ЦХХХ-ны сайд Н.Учрал “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хуулийн төслийг өргөн барьж, хуралдаанд оролцсон гишүүдийн 54.3 хувь дэмжих нь зүйтэй гэж үзсэн.

      Уг хуулийн зүйл заалтууд хүний үг хэлэх үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зөрчихөөс гадна, сайд  дарга нарыг хамгаалсан гэж судлаач, мэргэжилтнүүд, иргэдийн шүүмжлэлд өртөөд буй. Мөн гурав хоногийн  дотор яаралтай горимоор хэлэлцэж баталсан.  Иймд бид энэ хуулийн талаар хуульч Б.Пүрэвсүрэнтэй цөөн хором ярилцлаа.

-Сайн байна уу. Өнгөрсөн долоо хоногт Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг яаралтай горимоор хэлэлцэж баталлаа. Та хуульч хүний хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

          -Энэ хууль анх өргөн баригдсан цагаасаа эхлэн маш  их маргаан, мэтгэлцээн, шүүмжлэлийг дагуулж байна.  Ийм байдлаар хуулийн төсөл санаачлаад, хэлэлцүүлэх боломжгүй байсан. Хууль зөрчиж, хууль баталж болохгүй. Уг хууль нэгдүгээр сарын 18-ны өдөр өргөн баригдаад, 19-нд байнгын хороогоор хэлэлцүүлэгдэж, 20-ны өдөр УИХ-ын намрын чуулганы хаалтын өдөр хэлэлцэгдэж батлагдлаа. УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 21.1 дүгээр заалтад үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалахтай холбоотой хууль тогтоомжийг нэн яаралтайгаар батална гэж заасан байдаг.  Тэгэхээр олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль  нэн яаралтай хэлэлцэх хуулийн төсөл биш.

-Уг хууль хоёрдугаар сараас хэрэгжиж эхэлнэ. Тэгвэл судалгааны хэр хийгдсэн гэж харж байна вэ?

            -Гурав хоногийн дотор  ингэж хууль баталдаг тогтолцоо хаана ч байхгүй.  Бид цар тахлын тухай хуулийг ч ингэж яаралтай батлаагүй. Намрын чуулган дуусах өдөр баталж байгаа нь улс төрийн зорилгоор хандсан гэх  хардалтыг дагуулж байна. Үнэхээр ард түмнийхээ эрхийг хамгаалж, хүндэтгэх үүднээс энэ хуулийг баталсан эсэх нь эргэлзээтэй. Аливаа хуулийг батлахдаа үр дүнгийн судалгаа, олон улстай харьцуулах, олон нийтээр хэлэлцүүлж, саналыг нь сонсох ёстой. 2020 оны байдлаар хоёр сая гаруй иргэн нийгмийн сүлжээ хэрэглэж байна гэх судалгаа байдаг. Мөн мэргэжлийн байгууллагын санал, дүгнэлтийг авах ёстой. Гэтэл энэ бүгдийг аль нь ч алга.

-Энэ хуулийн ямар зүйл, заалтууд хүний эрхийг хязгаарлаж байна вэ?

          -Энэ хууль хүнийг хамгаалах биш хязгаарлана гэдэг нь зүйл, заалтуудаас харахад  ойлгомжтой. Зургаан бүлэг, 12 зүйлтэй хууль гэхэд хэцүү журам шиг зохицуулалттай. Миний хувьд энэ хуулийг үзэл баримтлал, зорилго зарчмын хувьд бүхэлд нь дэмжихгүй байгаа. Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг баталснаар холбогдох

  • Кибер аюулгүй байдлыг хамгаалах тухай хууль,
  • Харилцаа, холбооны тухай хууль,
  • Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль
  • Татварын ерөнхий хууль гэх дөрвөн хуулийн заалтад өөрчлөлт орсон.  

-Эдгээр дөрвөн хуулийн заалтад нэмэлт өөрчлөлт орох нь ямар сөрөг үр дагавартай вэ?

                  -Анхаарал татаж байгаа асуудал нь бид улс төр, нийгмийн асуудлууд дээр олон нийтийн сүлжээнд шүүмж өрнүүлэх, үзэл бодлоо илэрхийлэх,  хэвлэн нийтлэх, үг хэлэх ямар ч боломжгүй болж байна. Сүүлийн олон эсэргүүцлийн жагсаал цуглаан боллоо, цаашдаа ч үргэлжлэх магадлалтай. Тэгэхээр бид жагсаал боллоо гэхэд цахим сүлжээнд үзэл бодлоо илэрхийлэх боломжгүй. Мөн нэмэлт өөрчлөлтөөр жагсаалын үеэр сүлжээ унагана гэж заасан. Энэ хууль хэвлэл мэдээллийн байгууллагын хэвлэн нийтлэх, шууд дамжуулах эрхийг бүрэн хаасан.  Ерөнхийдөө Монгол Улсын гурав сая 400 мянган хүний эрхэд халдсан хууль болоод байна. Гэтэл хууль санаачлагчид энэ хуулиар дамжуулан хүүхдийн эрхийг цахим сүлжээнд хамгаалахын төлөө энэ хуулийг баталж байна гэх тайлбарыг өгөөд байна. Угтаа манай улс хүүхдийн эрхийг хамгаалах хангалттай эрх зүйн орчин, хууль тогтоомжтой. Тухайлбал, 2016 онд “Хүүхдийн эрхийн тухай” “Хүүхэд хамгааллын тухай” гэх хоёр бие даасан хуулийг баталсан. Мөн хүүхдийн асуудлаар “Эрүүгийн хууль”-д тусгай бүлэгтэй.

            Энэ хуулийн дөрөвдүгээр зүйлд 12 төрлийн зохисгүй агуулгыг хаана гэсэн байгаа. Үүнийг нэг бүрчлэн харж үзэх хэрэгтэй. Мөн энэ 12 зүйл заалт бүгд өөр хуулийн заалтаар зохицуулагдсан. Бид үндэсний соёл, түүх, уламжлалын асуудлаар байр сууриа илэрхийлж болохгүй гэж заасан байгаа. Тэгэхээр бид цаашид 2020 оны “NO NAADAM” жагсаал, нүүрсний хулгайн эсрэг жагсаал шиг жагсаалыг иргэд үүсгэж, хэвлэл мэдээлэл шууд дамжуулж, мэдээллээ хүргэх боломжгүй нөхцөл бүрдлээ.

Удахгүй ээлжит УИХ-ын сонгууль болох гэж байна. Энэ хууль сонгуульд ч сөргөөр нөлөөлнө.

-Чуулганы үеэр ХҮЭК байр сууриа илэрхийлээгүй. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

          -ХҮЭК байр сууриа яагаад илэрхийлээгүйг би үнэндээ маш их гайхаж байна. Зохисгүй контент гэх заалт дээр хүний эрхийг зөрчсөн, зарчмын зүйл заалт байхад дугараагүй. НҮБ-ээс хүртэл цахим сүлжээнд тусгайлсан хууль байх ёстой гэж зөвлөсөн удаа байхгүй. Учир нь бидний нийгэмд эдэлдэг бүх эрх цахим сүлжээнд ч мөн адил байна гэж тайлбарласан.

-Дэлхийн бусад оронд Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль байдаг уу?

          -Цахим сүлжээнд зориулсан тусгай бие даасан хуультай орон дэлхийд нэг ч байхгүй. Хамгийн ойролцоо гэвэл 2015 онд Герман Улс “Нийгмийн сүлжээг зохицуулах тухай” хуулийг баталж байсан.

-Цаашид энэ хуулийн хэрэгжилтэд бид юуг анхаарах хэрэгтэй вэ?

          -Нэгэнт энэ хууль батлагдсан гээд бид орхиж огт болохгүй. Хүний эрхийн байгууллага болон холбогдох мэргэжилтнүүдээс зөвлөмж авах хэрэгтэй. Хууль зөрчиж баталсан хуулийг мөрдөнө гэдэг утгагүй зүйл. Бид өнгөрсөн 30 жилийн хугацаанд гурав хоногт хууль баталж байсан удаагүй. Энэ нь бол ардчлалын ололт амжилтаас ухарсан үйлдэл болохоор эвлэрч болохгүй. Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хуульд хориг тавих эрхтэй байдаг. Тиймээс мэргэжилтнүүдийг сонсож, хориг тавих байх гэсэн итгэл, найдвар байна. Мөн хуулийг уландаа гишгэж, хууль баталсандаа Засгийн газар улс төрийн хариуцлага хүлээж, ард түмнээсээ уучлалт гуйх ёстой.

-Ярилцсанд баярлалаа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Б.ПҮРЭВСҮРЭН: Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн бүх зүйл, заалт хүний эрхийг зөрчиж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188