• Өнөөдөр 2024-03-29

Мөнх цаст хайрхан, мөсөн голууд минь “мөхөж” байна-II

2021-07-30,   1954

      Өмнөх дугаарт Монгол орны мөстлөгтэй уулсын тухай Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын дарга А.Дашцэрэнтэй ярилцсанаа хүргэсэн билээ. “Мөнх цаст хайрхан, мөсөн голууд минь “мөхөж” байна” цуврал ярилцлагын хоёрт монголчуудын ихээр очиж сонирхдог, Монголын хамгийн том Потанины мөсөн гол уур амьсгалын өөрчлөлтөд хэрхэн өртөж байгаа талаар Цаг уур орчны шинжилгээний газрын Гадаргын усны судалгааны хэлтсийн дарга Х.Пүрэвдагватай ярилцав. Уг ярилцлагаас цахим орчинд байдаг зарим тооцоо, таамаг худал болохыг та мэдэж болно. Мөн Монгол орны уулархаг бүс нутагт дэлхийн дулаарал маш хурдацтай ажиглагдаж, Потанины мөсөн гол хайлж, талбайн хэмжээ нь жижгэрч байгаа аж. Гэхдээ мөсөн гол бүр мөсөн хайлж, устаж үгүй болох тухай ярих болоогүй боловч уулсын мөстлөг багасч, мөсөн голын хэмжээ татарсаар байна. Тиймээс дэлхийн дулааралтай тэмцэх нь дэлхий дахины өмнө тулгамдсан асуудал юм.


Потанинд суурилуулсан автомат цаг уурын станцын мэдээнээс үзвэл хайлалтын хамгийн эрчимтэй үе болох сүүлийн 20 жилд агаарын температур 0.3 хэмээр нэмэгдсэн байна. Монгол орон бол хамгийн их уур амьсгалын өөрчлөлтөд өртөж байгаа улс юм.

-Сайн байна уу? ОХУ-ын эрдэмтэн Потанины нэрээр нэрлэсэн мөсөн гол болон түүнээс эх авсан урсдаг Цагаан гол буюу монголчуудын нэрлэж заншсан сүүн голын тухай яриагаа эхлэе. Цагаан гол яагаад цагаан өнгөтэй урсдаг тухай мэдээлэл өгөхгүй юү?

     -Потанин бол Монгол орны хамгийн том мөсөн гол юм. Мөсөн гол гэдэг бол Потанины 10 гаруй км урт мөсийг хэлж байгаа хэрэг. Харин Цагаан голыг зарим хүмүүс Сүүн гол гэж нэрлэдэг. Энэхүү Цагаан гол нь Потанин болон Александрын мөсөн голын хайлалтаас эх авч урсдаг. Цагаан өнгөтэй байгаа шалтгаан нь мөсөн голын хөдлөл зүйтэй холбоотой. Харин мөсөн гол гэж нэрлэсэн шалтгаан нь энэхүү мөс нь хүндийн хүчний нөлөөгөөр доошоо чиглэлд хөдөлж байдаг. Потанины хувьд жилд дунджаар 2-10 метрээр доошоо урсаж байдаг. Урсах явцдаа мөсний доорх болон хажуугын хөрс, чулууг үрэлтийн хүчээр тээрэмдэж, маш нарийн ширхэгтэй шавар, шаварлаг хөрс болгодог нь хүн гишгэхэд бургиж байдаг бөгөөд тэрхүү шаварлаг хөрс нь мөсний хайлсан усаар угаагдан мөсний төгсгөлд гол руу орж ирдэг юм. Энэхүү шаварлаг хөрс нь усанд огт тунадаггүй бөгөөд урсгалын бүх хугацаандаа хөвж байдгаас тухайн ус хүн харахад цагаан өнгөтэй болж харагдаж байгаа юм. Энэ нь үндсэндээ маш нарийн ширхэгтэй шавартай ус гэж ойлгож болно. Гол цагаан өнгөтэй болохоос гадна мөстлөөс тэжээгдэх нуурууд ногоон, хөх өнгөтэй болдог. Үүний шалтгаан нарны гэрэл тусахад тэрхүү шаварлаг бодис хамгийн богино долгионуудыг шингээж авдагтай холбоотой.

-Олон жилийн өмнө Потанины мөсөн голын хэмжээ 53.4 км.кв байсан ч одоо 24.3 км.кв байгаа гэсэн тооцоо байсан. Дэлхийн дулаарлын улмаас мөсөн голын талбай багассаар ийм болов уу, анхны тооцоолол буруу байсан уу?

     -Потанин мөсөн гол гэж доод хил нь өндрийн 2900 орчим метрээс эхэлж дээд цэг нь 4374 метр өндрөөр хязгаарлагдсан дундын мореанаар Александрын мөсөн голоос тусгаарлагдсан мөсөн голыг хэлдэг юм. Энэхүү мөсөн голын талбай М1:100000 топозургаар тодорхойлоход 27.1 км.кв бол 1985 оны Ландсат-5 дагуулын мэдээгээр тодорхойлоход 25.8 км.кв байсан. Үүнээс хойш талбай тасралтгүй багасаж байгаа бөгөөд хамгийн сүүлд 2020 оны Сентинел-2 дагуулын мэдээгээр үзэхэд талбайн хэмжээ 24.1 км.кв болсон байна. Үүнээс үзхэд М1:100000 топозураг 1945 он хавьцаа үйлдэгдсэн гэвэл сүүлийн 75 жилд 3 км.кв талбайтай мөс хайлж, алга болсон гэсэн үг. Мөн энэ нь мөстлийн талбай 10 гаруй хувиар багассаныг илтгэж байна. Энэхүү талбайн өөрчлөлтийн гол нь мөсний үзүүрийн хилийн огшилт юм. Потанины мөсний үзүүрийн хил  сүүлийн 45 жилийн хугацаанд 650 орчим метрээр өгссөн байдаг. Тиймээс энэхүү талбайн өөрчлөлт нь хүний нүдээр харахадасар их өөрчлөлт орсон байдаг. Харин 53.4 км.кв гэсэн тооцоо бол Потанин, Александр, Грани мөстлүүдийн нийлбэрээр бичигдсэн байх шиг байна. Энийг тодорхойлсон хүн нь Таван богдын гурван том мөсөн голын талбайг нийлүүлж Потанин гэж бичсэн байх.

     Монгол орны мөстөл, мөсөн голууд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөн дор маш их багасаж байгаа нь үнэн. Тухайлбал, Монгол орны мөстлийн нийт талбай сүүлийн 70 жилд нийтдээ 30 гаруй хувиар багассан байна. Жижиг хэмжээтэй 23 мөстөл сүүлийн 20 жилд хайлж алга болоод байна. Ер нь мөстөл бол уур амьсгалын өөрчлөлтийг хамгийн их мэдэрдэг индикатор болж байдаг. Тиймээс уур амьсгалын өөрчлөлт Монгол орны өндөр уулын бүсэд их байгаа нь нотлогдож байгаа юм.

-Потанины мөсөн голын хамгийн зузаан хэд вэ?

    -3100-3300 метр өндрийн завсарт 60-130 метр зузаан мөстэй байдаг. Гэхдээ энэ тогтмол тоо биш жил бүр өөрчлөгдөж байгаа. Түүнээс дээшээ хэмжилт хийхэд хүндрэлтэй одоогийн бидний ашигладаг багаж дохио барьж хэмждэггүй.

-Алтай таван богд гэлтгүй дэлхий даяар дулаарлын улмаас мөнх цаст сарьдгууд бага багаар хайлж байна. Тэгэхээр Алтай таван богдын мөстлөг ямар хүчин зүйлийн нөлөөгөөр хэр хэмжээтэй нимгэрсэн бэ? Энэ нь Потанины мөсөн голд хэрхэн нөлөөлөх вэ?

      -Мөстлийн хайлалтын хувьд Потанин хамгийн их хайлалттай байдаг. Тухайлбал 2003-2020 он хүртэлх хугацаанд мөстлийн талбайн хэмжээнд дунджаар 52 метр зузаан мөс хайлж алга болсон байгаа. Мөстлийн доод хилийн ойролцоо буюу 2800-2900 метрийн өндөрт жилд тав орчим метр зузаан мөс хайлдаг бол 3300-3400 метрийн өндөрт жилд нэг метр зузаан мөс хайлж байна. Мөстлийн хайлалт өндрөөс хамаарч өөр өөр байдаг.

-Потанины мөсөн голд нөлөөлөх уур амьсгалын хүчин зүйлийн судалгааны сүүлийн үеийн үр дүнгээс хуваалцаач?

     -Потанинд суурилуулсан автомат цаг уурын станцын мэдээнээс үзвэл хайлалтын хамгийн эрчимтэй үе болох сүүлийн 20 жилд агаарын температур 0.3 хэмээр нэмэгдсэн байна. Монгол орон бол хамгийн их уур амьсгалын өөрчлөлтөд өртөж байгаа улс юм. Агаарын температурын хувьд 2.2 хэмээр нэмэгдсэн байдаг. Дулаарлын эрчим уулын бүсэд хамгийн их байгаа бол говь хээрийн бүсэд бага гэсэн тооцоо байдаг. Гэхдээ мөсний хайлалтад агаарын температураас гадна салхи маш их нөлөөлдөг. Мөсний гадарга дээрх агаар усны уураар ханасан тохиолдолд ууршилт багасах ёстой харин салхи гарснаар агаарыг сэлгэж хуурай агаар түрж орж ирэн ууршилт ихсэж, мөс хайлах эрчмийг нэмнэ.

-Потанины мөсөн гол 2090 онд хайлж дуусна гэсэн тооцоо үнэн үү?

      -Ийм тооцоолол байхгүй. Мөстлийн хоёр үндсэн бүс байдаг. Тэр нь хайлалтын болон хуримтлалын бүс болно. Хайлалтын бүсээс мөс хайлж багасахад хүндийн хүчний хуулиар мөс ихтэй хуримтлалын бүсээс урсаж хайлалтын бүсийг нөхөж байдаг зүй тогтолтой.  Гол асуудал нь хайлалт, хуримтлалын балансын харьцаа хасах буюу хайлалт нь их байгаа юм. Гэхдээ энэ нь хуримтлалын бүсийн цас хуримтлагдахаа болино гэсэн үг биш. Потанин, Цамбагарав зэрэг томоохон мөстлүүдийн хуримтлалын бүсэд цасны хуримтлал үүсэж байгаа. Ялангуяа сүүлийн 4-5 жилд илт сэргэсэн. Энэ утгаараа мөсөн гол жижгэрэх багасах асуудал байх ч хайлж алга болно гэсэн асуудал одоогоор ярих болоогүй. 

-Мөсөн голын уснаас ууж болдог уу?

     -Мөсний адаг орчмын шавартай уснаас уух боломжгүй. Харин мөсөн дээгүүр урсаж байгаа ус нь цэнгэг байдаг бөгөөд уулчид Хоног толгойд хоноглохдоо уудаг. 3300 метрээс дээш өндөрт хайлсан ус мөсөн дээгүүр урсах бөгөөд тэнд цэнгэг ус байдаг юм. Бид судалгааны ажлаар явахдаа ч тэр уснаас уудаг.

-Дэлхийн томоохон мөсөн голууд Антарктидад байдаг. Мөсөн голын дулаан хэд байдаг вэ. Ер нь бусад дэлхийн томоохон мөсөн голуудаас манай орны мөсөн гол температурын зөрүүтэй юү?

     -Мөсний биеийн температурын талаар олон судалгаа байхгүй. Мөсний хайлалтын температур тухайн орчны агаарын даралтаас хамаардаг бөгөөд энэ нь газар орчны өндөр, өргөргөөс шууд хамаарч байдаг. Антарктидын мөс 3000-4000 метр зузаан мөсний гадарга орчимд буюу 10-500 метрийн гүнд -50 орчим хэмийн хүйтэн байдаг бол 3000 метрийн гүнд -10 хэм хүйтэн байдаг гэсэн судалгаа бий. Харин манайх шиг эх газрын жижиг мөстлүүд 5 метрийн гүн хүртэл өвөл, зуны температур зөрүүтэй буюу -5 градусаас -20 градус байдаг бол 5 метрийн гүнээс доош температур тогтмол -15 орчим хэм хүйтэн байдаг гэж ойлгож болно. Бусад улсынхаас их бага температурт хайлна гэсэн ойлголт байхгүй.

-Алтай таван богдод Потанины мөсөн голоос гадна арав гаруй жижиг мөсөн гол бий гэдэг.  Тэдгээр голын нэршил мөн л Александр, Грани гэх мэт гадаад нэртэй байна. Тэгэхээр ЗХУ-ын эрдэмтэд судалж, өөрсдийн нэрээр дэлхийд бүртгүүлжээ. Потанинаас бусад жижиг голуудын нэршлийн түүх тухай болоод гаднын судлаачдын ийм судалгааны тухай юу гэж боддогоо хуваалцахгүй юу?

     -Потанин, Александр, Грани гээд Оросын эрдэмтэд нэрлэсэн гэдэг. 1905 онд анх Потанинг ургамал судлаач хүн нээсэн боловч дараа нь хүн ам зүйч Потанин өөрийн нэрээр нэрлэсэн гэдэг яриа бий. Тэр үед ХХ-р зууны эхэнд Моголчууд мөсөн гол судлах тухай ойлголт байгаагүй. Манайх албан ёсоор 2002 оноос эхэлж судалж эхэлсэн байдаг.

     Монгол орны хэмжээнд 2019 оны байдлаар нийт 338 км.кв талбайтай 619 мөстөл, мөсөн гол тоологдсон бөгөөд яг Таван богд уулын бүсэд 100 км.кв талбайтай 90 мөстөл байна. Энэ нь нийт мөстлийн 15 хувь болдог юм.

     Гаднын судлаачидтай холбоотой надад нэг шүүмжлэлтэй юм байдаг. Тэр нь сүүлийн үед хэн, хаанаас, ямар зорилгоор хийж байгаа нь мэдэгдэхгүй ганц нэгээрээ явж, сенсор, багаж тавьж мэдээ авах судалгаа хийх үзэгдэл гарч байна. Энэ нь манай улс хил гааль, жуулчин, аялагчдын нэгдсэн бодлогогүйтэй холбоотой байх. Бид өөр улсад хэмжилтийн багаж үүрч очоод хэнд ч хэлэхгүй суурилуулаад мэдээ хураавал ямар асуудалд орохыг бодож үзэх хэрэгтэй. Хилээр орж ирж байгаа хүмүүсийн зорилго, хариуцах иргэн, байгууллагыг маш тодорхой болгож хаана, юу, хийж яваа талаар хяналттай болгомоор санагддаг юм.

-Азид хамгийн их мөсөн голтой нь Пакистан Улс байна. Бусад орны мөсөн голуудад очиж, харьцуулсан судалгаа хийж байсан уу?

     -Хийх төлөвлөгөө байгаа ч одоогоор амжаагүй байна.

Потанин, Цамбагарав зэрэг томоохон мөстлүүдийн хуримтлалын бүсэд цасны хуримтлал үүсэж байгаа. Ялангуяа сүүлийн 4-5 жилд илт сэргэсэн. Энэ утгаараа мөсөн гол жижгэрэх багасах асуудал байх ч хайлж алга болно гэсэн асуудал одоогоор ярих болоогүй.

Б.Бадамзул


Мөнх цаст хайрхан, мөсөн голууд минь “мөхөж” байна-II
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188