• Өнөөдөр 2024-04-25

60 насандаа дээд сургууль төгссөн Ц.ИШИН: Нэгэнт дээд сургуульд сурах гээд ирснийх амжилттай төгсөнө л гэж зорьсон

2021-05-11,   820

Хөдөө мал маллаж, хожим нь оёдол хийж байгаад 60 настайдаа сувилагч болсон Ц.Ишин гуайтай ярилцлаа. Тэрбээр өдгөө 63 нас зооглож буй бөгөөд 2014-2018 онд Оточ Манрамба дээд сургуулийг уламжлалт анагаах ухааны сувилагч мэргэжлээр суралцаж, А үнэлгээтэй төгссөн билээ.


-Сайн байна уу. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

          -Би Баянхонгор аймгаас сургуульд суралцахаар Улаанбаатар хотод 2014 онд ирсэн. Оточ Манрамба дээд сургуульд элсэх эрхийг нь авахын тулд хими, биологийн хичээлээр ЭЕШ-д бэлдэж, аймгийнхаа хоёрдугаар сургууль дээр 2014 онд шалгалт өгсөн. Хими 478, биологийн хичээл дээр 580 оноо авч, босго оноо маань тэнцэж, Оточ Манрамба дээд сургуульд элссэн. Энэ сургуульд 2014-2018 онд суралцаж, уламжлалт анагаах ухааны сувилагч мэргэжил эзэмшсэн. Төгссөн жилдээ Манба Дацан нэгдсэн эмнэлэгт усан эмчилгээний тасагт сувилагчаар ажиллаад гурван жил боллоо.  Би 2012 оноос эмнэлэг дээрээ хөдөлгөөнт дасгал буюу мөргөлийг зааж, сургаж эхэлсэн. Мөргөлийн ач тусыг 100 гаруй хүнд зааж, сургаад байна.

Ажил хөдөлмөр эрхэлж байхдаа хөгшин, залуу гэсэн насны ялгаа бодож, ард суудаггүй. Ажилдаа эзэж байж, хүнд зөв үйлчилж, хийх ёстой зүйлээ хариуцлагатайгаар хийх ёстой гэж боддог. Эмчилгээгээ сэтгэлээсээ хийж, хүн ардын эрүүл мэндэд тус хүргэх ёстой гэж л дотроо бодож явдаг юм.

-Та 60 насандаа дээд сургуульд суралцаж, төгссөн. Яагаад дээд сургуульд суръя гэж шийдсэн юм бэ?

          -Би 60 насандаа их сургуульд суралцаж, төгссөн. Үүнийг хүмүүс их онцолдог юм. Энэ бол “нас”-наас илүүтэй хүнээсээ шалтгаалдаг зүйл. Залуусыг харах нь ээ ажилд хойрго, утсаа оролдсоор байгаад цагаа хий дэмий өнгөрүүлж, зугаа цэнгэлд илүүтэй татагдаад байх шиг санагддаг. Тэгэхээр ямар ч хүн сургуульд суралцах, ажил хөдөлмөр эрхлэх гэх мэт аливаа зүйлийг чин сэтгэлээсээ хүсэж, тэмүүлж, түүндээ дур сонирхолтой, зорилготой байна гэдэг юунаас ч илүү чухал. Миний хувьд өөрийнхөө дур сонирхлоор дээд сургуульд хүүхдүүдтэй мөр зэрэгцэн суралцаж, 60 насандаа төгссөн нь миний бахархал. Сурч байхдаа би 60 настай, тэр хүүхдүүд 20 настай гэж ялгаж байгаагүй. Нэгэнт энэ сургуульд суралцах гээд зорьж ирснийх амжилттай суралцаж, төгсөнө гэсэн зорилго л тээж байсан.

-Элсэлтийн ерөнхий шалгалтдаа хэрхэн бэлдэж байсан бэ?

         -Би элсэлтийн ерөнхий шалгалтаа хоёр жил дамнаж өгсөн юм. Эхний жил хими, дараагийн жилд биологийн шалгалт өгсөн. Хөдөө хонь хариулаад явж байхдаа сургалтын материалуудаа уншдаг байлаа.  Химийн хичээл дээр хүүхдүүдийнхээ дунд сургуулийн багш нараар их мэдлэг заалгаж байсан. Сургууль дээр нь очоод шалгалтад орох гэж байгаа учраа хэлээд ширээний ард хүүхдүүдтэй хамт хичээлд суудаг байсан. Ингээд химийн шалгалтандаа 400 гаруй оноо авахдаа их баярлаж, урам зориг авсан. Дараа нь биологийн шалгалтанд бэлдэх гээд сургалтын материалуудаа, үзээд л байлаа.  Ер нь хүн өөрөө л зорилго, мэрийлттэй байх юм бол болохгүй юм үгүй. Ямартай ч өөрийнхөө хүсэл зорилгод хүрч, ажил хийгээд явж байна.

Нэг ангид дөрвөн жил хамт суралцана гэдэг бид найзууд болноо л гэсэн үг

-Хөдөө байх үеийн дурсамжаасаа  хуваалцахгүй. Хамгийн сүүлд нутагтаа хэзээ очсон бэ? 

          -Амралтаа авахаараа жилд нэг удаа нутаг руугаа явдаг. Хөдөө нутаг сайхан шүү дээ. Би таван хошуу малтай айлын хоёр дахь хүүхэд болж мэндэлсэн. Би нэг эгчтэй. Тэгээд ч тэр үү, яг л эрэгтэй хүүхэд шиг морь унана, хониндоо явна. Өөрийн чадах бүхий л ажлыг хийдэг байсан. Хадлан тэжээлд дандаа эрэгтэй хүүхэд явж байхад би тэр дунд ганцаархнаа явдаг байлаа. Хөдөлмөр хүнийг сургадаг гэж үнэн үг.

-Таны гэр бүлийнхэн дээд сургуульд элсэн суралцахаар шийдэхэд тань хэрхэн хүлээж авсан бэ?

           -Намайг дээд сургуульд суралцах шийдвэр гаргах үед гэр бүлийнхэн маань цааргалах юм уу, хориглоогүй. Аав, ээжээс үлдсэн малаа хариулж байгаад сургуульд суръя гээд Улаанбаатарт ирж байсан. Хүүхдүүд минь намайг “Юу хиймээр байна өөрийнхөө хүссэнээр, зорьсоноороо шийдвэрлэ” гэдэг учир ар гэрийн ажилд хутгалдах зүйл байгаагүй.

-Дээд сургуулийн босгоор анх алхаж, оюутан болох танд ямар байсан бэ? 

           -Анх Улаанбаатар хотод ирэхдээ яг л хөдөөний байр байдалтай ирж байсан. Оточ Манрамба сургуулийн оюутнууд намайг харчихаад эхэндээ их гайхаад, хараад л байдаг байсан. Хүүхдээ сургуульд оруулж байна гэж бодтол нь хичээлийн ширээн дээр суугаад оюутан болсон. Тэд их хөөрхөн. Мэдэхгүй зүйл гарвал хэлж өгнө, тусална. Нэг ангид дөрвөн жил хамт суралцана гэдэг бид найзууд болноо л гэсэн үг.

-Та хэр сайн оюутан байсан бэ?

          -Мэрийлт, чармайлтын хувьд хичээлээ давтаад л суугаад байдаг байсан. Харин оюуны чадамжийн хувьд мэдээж 50 нас гарсан болохоор буурсан байсан байх. Ангийн хүүхдүүд хичээл тараад цүнхээ үүрээд л явцгаахад би ганцаараа үлдээд хичээлээ давтдаг байлаа. Ямартай ч чадахаасаа чадахгүйг хүртэл хичээлээ уншина, харна. Өөрийнхөө хэмжээнд сайн оюутан байсан гэж боддог.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа


60 насандаа дээд сургууль төгссөн Ц.ИШИН: Нэгэнт дээд сургуульд сурах гээд ирснийх амжилттай төгсөнө л гэж зорьсон
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188