• Өнөөдөр 2024-05-03

М.ЧИНХҮСЛЭН: Сая төгрөг олж, эзэнд нь өгснөөс хойш хүнд тусалдаг цагдаа болохыг хүсдэг болсон

2021-03-23,   859

Увс аймгийн Хяргас сумын дунд сургуулийн хоёр сурагч нэг сая төгрөг олж эзэнд нь хүлээлгэн өгсөн сайн мэдээ цахим сүлжээнд тавигдаж, олны   хайр хүндэтгэл,  талархлыг ихэд хүлээж буй. Үеийн найз нөхөд, сурагчдад үлгэр дуурайлал болж буй тэднийг Мөнхжаргалын Чинхүслэн, Гансүхийн Цэнд-Аюуш гэдэг. Тэд өдгөө дөрөвдүгээр ангид суралцдаг бөгөөд ирээдүйд цагдаа болохыг хүсдэг гэнэ. М.Чинхүслэнтэй цөөн хором ярилцлаа.

-Сайн уу. Нэг сая төгрөг олж, эзэнд нь хүлээлгэн өгсөн явдал олны хүндэтгэлийг хүлээж буй. Энэ үйл явдал чухам хэзээ болсон юм бэ? 

-Сайн. Та сайн байна уу. Намайг М.Чинхүслэн гэдэг би Увс аймгийн Хяргас сумын ерөнхий боловсролын сургуулийн 4а ангид сурдаг. Гуравдугаар сарын 19-нд хичээлээ тараад Г.Цэнд-Аюуш найзтайгаа хамт таньдаг ахынхаа дэлгүүрээс зайрмаг авахаар орсон юм. Тэр үед 12:00 цаг өнгөрч байсан байх. Бид хоёр дэлгүүрээс гарч явахдаа газарт мөнгө байхыг харсан. Эхэндээ их гайхаж, эргэн тойрны хүмүүсийг харсан ч юм хайж байгаа хүн харагдаагүй.

-Газарт байсан мөнгийг олоод хамгийн түрүүнд хэнд хэлсэн бэ?

-Мөнгө олсон даруй таньдаг ахынхаа дэлгүүрт буцаж ороод, “Мөнгө оллоо” гэдгээ хэлсэн. Эзэн нь хайж ирэх байх гээд дэлгүүрийн ахад өгсөн юм. Тэр мөнгийг манай найз бид хоёр ерөөсөө тоолоогүй. “Эзнийг нь олж, өгье” л гэж бодсон. Гэртээ хариад аав, ээждээ бас энэ тухайгаа хэлсэн.

-Аав ээж нь болсон явдлыг сонсоод юу гэсэн бэ?

-Гэртээ очоод олсон мөнгөө эзэнд нь өгөх гээд үлдээсэн тухайгаа аав, ээжид хэлэхэд их баярлаж байсан. “Миний хүүхдүүд ухаантай, мундаг шүү. Хүмүүст дандаа ингэж тусалж байгаарай” гэсэн.

-Олсон мөнгөнийх нь эзэн та хоёрыг яаж мэдсэн бэ. Дэлгүүрээс хэзээ мөнгөө авсан гэнэ?

-Манай сургуульд боорцогны цех ажиллуулдаг нэг эгч байдаг юм. Манай найз бид хоёрыг мөнгө олсны дараахан сая төгрөгөө алга болгосныгоо мэдсэн юм билээ. Тэгээд банк, гэр хоёрынхоо хооронд мөнгөө хайж яваад, ахын дэлгүүрт ороод авсан гэсэн. Тэр эгч “Та хоёр биш байсан бол мөнгийг минь буцааж өгөхгүй байх байсан. Маш их баярлалаа. Ухаантай, мундаг хүүхдүүд байна” гэж гээд их баяртайгаар хүлээж авсан.  Мөн бид хоёрыг 30 мянган төгрөгөөр шагнасан.

Аав ээж минь “Миний хүүхдүүд ухаантай, мундаг шүү. Хүмүүст дандаа ингэж тусалж байгаарай” гэсэн 

-Олсон мөнгөө эзэнд нь буцааж өгөхөд ямар мэдрэмж төрсөн бэ?

-Бид хоёр олсон мөнгөө эзэнд нь буцааж өгөхдөө аав, ээжтэй хамт сумын хэсгийн төлөөлөгч, банкны ажилтны хажууд цехийн эгчид хүлээлгэж өгсөн. Мөнгө олчихоод эзэнд нь өгөхийг л хүсэж байсан болохоор буцааж өгөх үед их гоё санагдсан.

-Сургуулийнх нь найзууд болон багш нар нь болсон явдлын талаар сонсоод юу гэсэн бэ? 

-Энэ мэдээлэл их олон хүнд хүрсэн байна лээ. Манай нутгийнхан болон сургуулийн хүүхдүүд, ангийн найзууд, ах дүү нар сэтгэл хангалуун байгаа. Багш маань бид хоёроор их бахархаж байгаа. Бидний талаар ангийн хүүхүүдэд “М.Чинхүслэн, Г.Цэнд-Аюуш нар шигээ шударга байгаарай” гэж захьсан. Мөн өвчинтэй байгаа энэ үед “Сайхан мэдээ байна” гэж хүмүүс ярьж байна лээ. Үүнд бид их баярлаж байгаа.

-Ирээдүйд ямар хүн болохыг хүсдэг вэ?

-Бид хоёр хоёулаа цагдаа болохыг хүсдэг. Яагаад гэвэл олон хүмүүст туслахыг ихэд хүсэж байна. Олсон мөнгөө эзэнд нь өгч, тус болж, олон хүн урмын үг өгч, магтсан. Тэр үед төрж байсан мэдрэмж маш гоё байсан.  Энэ явдлаас хойш хүнд тусалдаг цагдаа болохыг хүсдэг болсон.

Д.Цэдэвсүрэн


М.ЧИНХҮСЛЭН: Сая төгрөг олж, эзэнд нь өгснөөс хойш хүнд тусалдаг цагдаа болохыг хүсдэг болсон
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188