• Өнөөдөр 2024-05-17

Улсын аварга малчин Д.ЛХАГВАСҮРЭН: Эхнэртэйгээ хоёулаа 60 насан дээрээ Монгол Улсын аварга малчин боллоо

2021-02-19,   1954

Хэнтий аймгийн Галшар сумын Сангийн далай багийн ахмад малчин Дэрийлаамятавын Лхагвасүрэн сар шинийн босгон дээр хоёрдугаар 9-нд Улсын аварга малчин өрхөөр шалгарсан. Тэрбээр 1984 оноос хойш өдийг хүртэл 37 жил мал маллаж байгаа бөгөөд малын чанарыг сайжруулахад хувь нэмэр оруулахын зэрэгцээ сүүлийн гурван жилд 2018-2020 онд гурван малчин өрхийг бог болон бод нийлсэн 632 толгой малаар малжуулжээ. Түүнчлэн Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үеэр тус улсад “Ковид-19” цар тахлын эсрэг тэмцэхэд 30 мянган толгой хонь хандивлахаар шийдвэрлэсний дагуу нутгийн зон олноо уриалан, өөрийн мал сүргээс 68 толгой хонь зохих үнийн дагуу хандивласан аж. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Сар шинэдээ сайхан шинэлэв үү та. Юун түрүүнд “Улсын аварга малчин” цол хүртсэн танд баяр хүргэе?

-Баярлалаа. Сар шинийн мэнд хүргэе. Сайхан шинэллээ. Хөдөөгүүр тэнгэр тогтуухан, цас хайлмагтаад энэ жилийн сар шинэ сайхан гарлаа. Харин өвчин зовлон гайгүй байгаасай гэж л залбирч сууна даа.

-Энэ хүндтэй цолоор шагнуулсан сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Би 2017 онд аймгийн аварга малчин болсон. Эхнэртэйгээ хоёулаа 60 насан дээрээ Улсын аварга малчин болж байна. Энд тэндээс ах дүү, хамаатан садан, нутаг усныхан залгаад, баярын мэндчилгээ тасрахгүй сайхан байна. Эхнэрийг маань Ж.Баярсайхан гэдэг. Бид ханилаад 40 гаруй жил болж байна. Зургаан сайхан хүүхэдтэй. 

Манай багийн хувьд 1991 оноос хойш улсын аварга малчин төрөөгүй байсан. Харин сүүлийн дөрвөн жилд багийн дарга, аймаг, сум орон нутгийн удирдлагууд аварга малчдыг сайн тодорхойлж, төрд үнэлүүлэхийн төлөө зүтгэсний үр дүнд улсын аварга малчин гурав, аймгийн аварга малчин дөрөв, сумын аварга малчин найман өрх тодроод байна. Нэг сумын нэг багаас дөрвөн жилийн хугацаанд улс, аймгийн аварга малчид жил дараалан ингэж олноороо тодорсон тохиолдол хэр олон байдаг юм бол доо. Энэ бүгд малчдын хөдөлмөрийг төрд үнэлүүлэхийн төлөө зүтгэж байгаа багийн даргатай бас холбоотой.

Сүүлийн гурван жилд нутгийнхаа гурван малчин өрхийг 632 толгой малаар малжуулсан

-Улсын аварга малчин цолоор шагнуулах гэж байгаагаа хэзээ мэдэв?

-Цагаан сарын өмнө энэ хүндтэй цолоор шагнагдах болов уу гэж бага зэрэг харж байлаа. Гэтэл хоёдугаар сарын 8-ны орой Хөдөө аж ахуйн яамнаас холбогдоод “Улсын аварга малчин боллоо. Баяр хүргэе” гэж хэлсэн. Мөн Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газраас холбогдсон. Хорио цээр тавигдахаар цолоо гардуулна гэсэн.

-Та хэдэн жил мал маллаж байна вэ?

-Би 1984 онд цэргээс халагдаж ирээд 30 гаруй жил мал маллаж байна. 1981-1984 онд цэргийн алба хаасан. Тухайн үед цаг үеийн нөхцөл байдал сайхан байлаа. Хөгшин бид хоёр нийлээд 40 гаруй жил ханилахдаа зургаан хүүхэд өсгөлөө. Нэг охин маань СЭЗДС, нэг нь Уул уурхайн чиглэлээр, нэг нь ИЗИС-ийн компьютерийн анги төгссөн. Одоо хоёулахнаа л гэртээ байна даа. Гурван хүү маань мянгат, нэг нь өнгөрсөн жил аймгийн аварга малчин болсон.  Хүүхдүүд маань гэр бүл болцгоогоод, ач зээ нарын зулай үнэрлүүлж, өнөр бүл болоод байна. Би одоо 60 нас давж байна. Арга ч үгүй юм даа.

-Та 37 жил мал маллажээ. Энэ хугацаанд мал маллах арга ухааныг чамгүй их хуримтлуулсан байх. Арга ухаанаасаа хуваалцахгүй юу?

-Би айлын ганц хүү. Аав ээж хоёр маань хөгшин бид хоёрыг дэргэдээ авч олон жил малд дагуулсан. Тухайн үед аав ээж хоёр маань нэгдэлд, сум, аймгийн сайн малчин байсан. Нэгдлийн үед эхнэр маань саальчин, би 300-гаад үхэр хариулдаг байлаа. Тэр үед цаанаасаа цалин хөлс өгдөг байсан. Харин ээж маань хүүхэд багачуудыг харна, цай сүүнд нэмэр болно. Аав минь 1988 онд өөд болсон. Ээж маань 90 гаруй насалж, өнгөрсөн жил бурхан боллоо. Аав ээж хоёроосоо мал маллах ухаан, хань нөхөртөө халамжтай байхаас эхлээд олон зүйл сурсан. Загнуулах үе байна, зөвлөгөө авах үе ч байна. Би сүүлийн гурван жилд нутгийнхаа гурван малчин өрхийг 632 толгой малаар малжуулаад байна. 

-Жилийн дөрвөн улирлаас хамаарч малыг яаж хариулах ёстой байдаг юм бэ?

-Ер нь малыг чанаржуулах хэрэгтэй цаг үе нь болсон. Одоо бол малыг мотоциклоор хариулдаг болсон үе. Үүнийг л би их буруушаадаг хүн дээ. Мориор хариулсан мал тогтуун, тарга тэвээрэг авах нь илүү байдаг. Үргэж, цочсон мал тарга тэвээрэг авах нь муу байх шиг харагдаад байдаг юм. Дээхэн үе дээ, 70-аад он байх моторын дуунаар мал үргэдэг байсан. Одоо бол үргэхээ байсан. Тэгээд мотоциклоор элдээд байхаар мал тарга хүч авдаггүй. Өвлийн улиралд бол бог малыг салхи өөд нь бэлчээнэ. Өвөлдөө хүч тэнхээ тааруухан байсан мал хавар нь мөн тэжээлд ордог. Ер нь тэгээд мал маллах арга ухаан байгаль орчин, бэлчээрийн даац, өвсний ургац, цаг уурын байдлаас хамаарч янз бүр байх нь бий. Миний хувьд нутаг орондоо тохирсон арга туршлага хэрэгжүүлддэг. Тэр бүгдийг яривал их зүйл болно. 

Өнөө цагийн уяачдын өнгийг тодорхойлж буй хурдан адууны дийлэнх нь Галшар угшилтай

-Галшар сум хурдны өлгий гэдгээрээ алдартай. Нутаг усныхаа талаар ярихгүй юу?

-Би Галшарын унаган хүн. Миний өвгөн аав хошуу ноёны бичээч тарган Дамба гэж хүн байсан гэнэ лээ. Тэр хүний голомтыг сахиж үлдсэн ганц хүн дээ би. Тарган Дамба гэж хүн гурван хүүхэдтэй байсан. Том хүү Дашзэвэг нь МУГЖ Тунгалагийн аав. Бага хоёр нь Чүнсриймятав, Дэрийлаамятав гэж ихэр хүү, охин хоёр байсан. Би Дэрийлаамятавынх нь хүү нь байгаа юм.  Нутаг ус минь хурдны өлгий гэдгээрээ алдартай. Одоо бол Сүхбаатар аймгийг хурдны өлгий гэж хүмүүс ярьдаг болжээ. Өнөө цагийн уяачдын өнгийг тодорхойлж буй хурдан адууны дийлэнх нь Галшар угшилтай. Тухайлбал, тод манлай уяач Э.Эрдэнэчулууны унаган, Мон-Уран компанийн захирал Б.Наранхүүгийн ажнай шарга азарганы эх Галшарын унаган гүү. Мөн тод манлай уяач Данзаннямын Даваахүү, тод манлай уяач Гарамжавын Сандуйжав нарын төрийн түмэн эх, хурдан адуунуудад Галшар угшлын адууны цус орсон байдаг. Энэ мэт түүх яривал их зүйл бий. Миний хувьд 2011 онд сумын алдарт уяач болж байлаа.

-Төмөр хулгана жилд та хэчнээн толгой мал тоолуулав?

-Энэ жил 1600 гаруй мал тоолууллаа. Хонь, ямаа л илүү дээ. Ирэх хавар 600 гаруй мал төллөнө.

-Нутаг усаар нь цаг агаар хэр байна вэ?

-Одоо бол сайхан байна. Тэнгэр тогтуухан, хаврын уур ороод байна. Өвлийн улирлыг өнтэй сайхан давлаа.

-Мал маллана гэдэг хэр хүнд, хэцүү ажил байдаг юм бэ?

-Юу нь хэцүү байх билээ. Олон жил мал маллаад ирэхээр өөрийн гэсэн арга, туршлага сууна. Дээрээс нь нутгийн зон олон түшиг болно. Ер нь сайхан шүү дээ.

Тод манлай уяач Э.Эрдэнэчулууны унаган, Мон-Уран компанийн захирал Б.Наранхүүгийн ажнай шарга азарганы эх Галшарын унаган гүү

-Төв, суурин газрын залуус мал маллах бүүхэл хөдөө газар очихоос цааргалдаг болж. Танай нутгаар залуу малчин хэр байна вэ?

-Нэг үеэ бодвол залуучууд хөдөө гарах сонирхолтой болж байна. Залуучуудыг хөдөө гарч, мал маллах сонирхолтой болгож буй нэг зүйл нь хурдан морь болов уу. Дээрээс нь төрөөс халамжийн бодлогыг багасгавал хөдөө гарах залуус илүү нэмэгдэх болов уу гэж боддог. 

-Сүүлийн үед бэлчээрийн асуудал нэлээд яригдаж байгаа.Танай нутгаар бэлчээрийн даац хэтрэлт, цөлжилт хэр байна вэ?

 -Манайханд уул уурхайн олборлолт багатай ч юм, харьцангуй гайгүй. Олборлолт ихэсвэл хэцүү. Хоёр жилийн өмнө зундаа гандуухан, үлийн цагаан оготно ихтэй, өвсний гарц муу байлаа. Харин өнгөрсөн зун бороо хур ихтэй сайхан жил болсон. Мөн нутгийн зон олон, малчдын дунд уламжлалт мал аж ахуйн арга барил сэргэж, жилийн дөрвөн улиралд өвөлжөө, хаваржаа гэж жилийн дөрвөн улиралд  бэлчээрээ сэлгэж байна. 


Улсын аварга малчин Д.ЛХАГВАСҮРЭН: Эхнэртэйгээ хоёулаа 60 насан дээрээ Монгол Улсын аварга малчин боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-21 15:20:53
    Зочин: Яасан сайхан юм бэ.. Үнэхээр сайхан юмаа. Эдгээр хүмүүсийг хараад бахархаад ханашгүй. Хэзээ ч өөрийн ажил амьдралаа ял мэт хүлээж авдаггүй. Амралтын өдөр ч гэж байхгүй. Хөдөлмөрийн үр шимийг хүртэж байгаа сайхан хүмүүс юм даа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-20 12:28:09
    Даваадорж: Баяр хүръгэё эрүүл энхийг хүсэн хүсъё
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-19 17:22:09
    Амартүвшин: Сайхан хоёр ах эгчдээ эрүүл энхийг хүсье дээ,Үнэхээрийн хөдөлмөрч хүмүүс шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-19 15:42:29
    Осгонбаатар Хосбаяр: Баяр хүргэе
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188