• Өнөөдөр 2024-05-17

“Бундын тамга” хамтлагийн гишүүн А.Гантулга: ЭНЭ ЖИЛ ШИНЭ УРАН БҮТЭЭЛЭЭ ГАРГАЖ, СОНСОГЧДОДОО ХҮРГЭНЭ

2021-01-31,   3008

Одоогоос 10 гаруй жилийн өмнө “Аниргүй”, “Анхны хайрын түүх”, “Суманд сонголт үгүй” зэрэг өгүүллэгүүдээрээ тухайн үеийн залуусыг байлдан дагуулж, тэдний дурсамжид томоохон орон зай эзэлсэн “Бундын тамга” хамтлагийн гишүүн Ганзо буюу А.Гантулгатай ярилцлаа. Тус хамтлаг багагүй хугацаанд уран бүтээлээ хийхгүй байгаа билээ. Шүтэн бишрэгч, сонсогчид нь одоог хүртэл тус хамтлагийн шинэ уран бүтээл, өгүүллэгийг сонсохыг тэсэн ядан хүлээж, үгүйлсээр байгаа. Тэгвэл уншигчдадаа нэгэн сайхан мэдээ дуулгахад “Бундын тамга” хамтлаг энэ жил шинэхэн уран бүтээлээрээ сонсогчидтойгоо эргэн уулзахаар болжээ. Ингээд ярилцлагаа хүргэхийн зэрэгцээ тус хамтлагийн сүүлд гаргасан "Тоглогч" өгүүллэгийг сонордуулж байна.

-“Бундын тамга” хамтлаг олон хүний дурсамжид томоохон орон зай эзэлдэг. Одоог хүртэл танай хамтлагийг уран бүтээлээ дахин гаргаасай гэж хүсдэг олон хүн бий. Сонсогчдынхоо сэтгэлд томоохон дурсамж болон үлдэхийг мэдрэх танд ямар санагддаг вэ?

-Мэдээж, энэ бол гайхалтай зүйл. Бид залуу нас, оргилж яваа үеэ гоё зүйлд зориулсан. Олон сонсогчоор хүрээлүүлж, урмын үгс, мессеж авдаг байлаа. Тэр үеэ эргээд бодохоор маш их бахархдаг. Хамтлагийн гишүүдийн хувьд ч гэсэн бахархмаар байдаг. Тухайн үед маш их дурсамжтай, гайхалтай цаг хугацааг өнгөрөөсөн. Одоог хүртэл хүмүүсээс “Та нар юм хийж байна уу” гэх мэт мессеж ирдэг. Энэ мэт үнэнч сонсогч нар өдий хүртэл байгаад маш их баярладаг.

-“Бундын тамга” хамтлаг анх хэдэн онд, хэрхэн байгуулагдаж байсан бэ. Тухайн үеийн дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Манай хамтлаг байгуулагдаад 10 гаруй жил болж байна. Бид Дархан хотод өөр өөр FM радиод хөтлөгч хийдэг байсан. Хамтлагийн ахлагч Тогтохоо нэг өдөр бидэнд “Уулзмаар байна” гэсэн хүсэлт илгээсэн. Тухайн үед өөр өөр радиод ажилладаг байсан учир хоорондоо өрсөлддөг байлаа. Тэгээд уулзтал “За, ийм нэг хамтлаг байгуулах гэсэн юм. Дандаа FM-ийн хөтлөгч нар байвал гоё байна. Та нарын хоолойг ашиглаад юм хийе” гэсэн санал тавьсан. Тухайн үед Үйлсээ гэж хүний өгүүллэг радиогоор явдаг байлаа. Түүнээс биш, албан ёсны хамтлаг гэж байгаагүй. Тэгээд “Хэдүүлээ анхдагч нь болох юм аа. Нэгдэх үү” гэхэд нь бид бүгдээрээ дуу нэгтэйгээр “Тэгье” гэж байсан. Хамгийн анх таван эрэгтэй, гурван эмэгтэй байсан байх. Ерөнхийдөө найм, есүүлээ л байсан. Байгуулагдаж эхлээд шууд л ажилдаа орсон. Зохиолууд маань ар араасаа гарч ирсэн. Эхэндээ бидэнд ямар ч төсөөлөл байгаагүй. Ямартай ч кинонд дуу оруулдаг шиг текст уншиж, дуу хоолойгоороо жүжиглэлт хийх юм байна л гэж бодож байлаа.

-Хамгийн анх ямар нэртэй өгүүллэг гаргаж байсан бэ?

-Хамгийн анх “Надаас бусдад дурла” гээд өгүүллэг гарч, би гол дүрд нь хоолой бичүүлж байсан. “Монтаж яах бол, ямар юм болох бол... Хүмүүс хэр хүлээж авах бол...” гээд айдастай ч юм шиг, сониучхан байсан. Гэтэл анхны жүжиг маань сонсогчдын сонорт хүрээд тэсрэлт болж, Дархан даяар шуугьсан. Нэг шөнө FM радиогоороо цацсан юм. Тэгтэл маргааш нь сургууль даяар “Бундын тамга хамтлаг” ийм өгүүллэг гаргасан байна. Гоё юм” гэх мэтээр яригдаж эхэлсэн. Тэр нь бидэнд шууд сонсогдсон. Тухайн үед хүмүүс FM их сонсдог байлаа. Бид чинь улайраад л, “Нууц нулимс” гэх зэрэг өгүүллэгүүд маань ар араасаа гарч эхэлсэн. Өдөр нь FM радиод хөтлөгч хийж, орой нь студидээ цугларч, хоолойгоо бичүүлдэг байлаа. Долоо хоногийн дотор монтажаа дуусгаж, өгүүллэгээ цацдаг байсан.

-Таны хувьд ямар үүрэг гүйцэтгэдэг байсан бэ?

-Миний хувьд ихэвчлэн эсрэг дүр бүтээдэг байсан. Ганц нэг эерэг дүр бий байх. Гэхдээ л ерөнхийдөө эсрэг дүрд жүжиглэдэг байлаа. Тухайлбал, анхны жүжиг болох “Надаас бусдад дурла” өгүүллэгт хоёр найзын тухай өгүүлдэг. Найзыгаа албаар шоронд оруулаад, хайртай охиныг нь булааж авдаг эсрэг дүрийг би бүтээсэн.

-Уран бүтээлээ туурвих хугацаандаа нийт хэчнээн өгүүллэг цацсан бэ?

-38 өгүүллэг бий. Гэхдээ 40, 41 дэх өгүүллэг гарсан ч FM-ээр ганц нэг л удаа цацсан. Тэр үед сонссон хүмүүс л мэдэж байгаа байх. Тухайн үед сонсогчид бидний өгүүллэгийг ирж авдаг байсан. Харин сүүлийн хоёр, гурван өгүүллэгийг тараагаагүй.

-Яагаад тараагаагүй юм бэ?

-Зарим нэг нь үнэ цэнтэй байвал гоё шүү дээ. Хүмүүс хамгийн сүүлд гарсан “Олж харсан” гээд өгүүллэгийг "Олж сонсох юм сан. Ядаж дууг нь сонсъё” гэдэг байсан. Гэхдээ л хав дарсан. Цаг нь ирэхээр цацах байх. Хамтлагийн ахлагч Тогтохоо FM 99.7-д ажилладаг байлаа. Өгүүллэгүүдээ сонсогчдод хүргэхдээ 21:00 цагт хөтлөлтөөр эхлээд, 22:00 цагаас өгүүллэгээ цацдаг байсан. Би удалгүй Royal FM 98.9 радиод ороод өгүүллэгээ шөнөжингөө явуулдаг болсон. Улаанбаатарын бүх сонсогч нарыг хамж, цуглуулаад л шөнө унтуулдаггүй байлаа. Уг нь эфир 00:00 цагт дуусах ёстой. Гэхдээ би үүрийн 06:00 цаг хүртэл хөтлөлт хийдэг байсан.  Тухайн үеийн сэтгэл хөдлөл, өгүүллэгийн талаар сонсогчидтойгоо ярилцана. Зарим хүн холбогдоод сэтгэлээ уудална, хайрын тухай ярина. Тэгэнгүүт л улайрчихаж байгаа юм. Яалт ч үгүй сонсогчдоосоо гоё энерги мэдэрдэг байсан. Биднийг сонсдог байсан тухайн үеийн хүүхдүүд одоо ажлын байран дээр гараад, гэр бүл зохиох нь зохиогоод, үр хүүхэдтэй болсон. Бидний тухай нандин дурсамж байдаг байх. Тэр хүмүүс бидэнтэй одоог хүртэл холбогддог.

-Голчлон ямар чиглэл, сэдвээр өгүүллэгээ бүтээдэг байсан бэ?

-Манай хамтлаг бүхий л төрлөөр өгүүллэгээ бүтээж байлаа. Анхандаа хайр дурлал, найз нөхөд, нөхөрлөлийн тухай байсан бол сүүлдээ өөр сэдвээр хийж үзмээр санагдаад бусадтайгаа ярилцсан юм. Тэгээд Халх голын баяраар “Халх гол 70” нэртэйгээр бодит явдлаас сэдэвлэн өгүүллэг бичсэн. Мөн “Үхлийн зогсоол” нэртэй жүжиг ч бичиж үзлээ. Харин дараа нь эротик жүжиг гэх зэргээр бүхий л төрлөөр бүтээн туурвиж үзсэн дээ. Барьж аваагүй жанр гэж байхгүй болов уу.

Өгүүллэгүүд маань хүмүүст ганцаардах үед нь хань болдог байсан

-Өгүүллэгийнхээ зохиолыг яаж гаргадаг байсан бэ?

-Хамтлагийн ахлагч Тогтохоо маань зохиол болон монтажийг бүрэн даадаг байлаа. Найруулагч хүн учир өөрөө зохиолоо бичиж, монтажийг нь хийх өөр шүү дээ. Ямар хэсэгт ямар төрлийн ая дэвсэж, хэнээр дуулуулах вэ гэдгээ мэднэ. Тогтохоо багаасаа шүлэг бичдэг байсан. “Тавдугаар ангид байхаасаа л дэвтэр дүүрэн шүлэг бичдэг байлаа” гэж ярьдаг байсныг одоо бодох нь ээ дотроос нь үг ундардаг байсан юм шиг санагддаг. Харин нэг өдөр шүлгээ сайжруулаад, зохиол болгохоор шийдсэн юм билээ.

-“Бундын тамга” хамтлагийн өгүүллэгүүдийн дуу нь мөн адил сонсогчдод маш сайн хүрсэн.  Дууг нь хэн амилуулдаг байсан бэ?

-Дууг нь Сумъяа маань амилуулдаг байсан. Гитараа бариад л сууна шүү дээ. Гэхдээ хамтлагийнхан бүгд дууныхаа зохиол дээр ажиллана. Зохиолыг Тогтохоо, аяыг нь Одко юм уу, Сумъяа хоорондоо ярилцаж байгаад хийдэг. Жүжиг хэрхэн дуусаж байгаатай холбогдуулан гунигтай, ухаарал бэлэглэсэн, сэтгэлийн утсыг нь хөндөх юм сан гэж бодож л дуунуудаа хийдэг байсан. Гэхдээ би дуунд оролцохгүй цаана нь үлдчихдэг байсан (инээв).

-Одоо эргээд бодоход ямар өгүүллэг, дуу нь хүмүүст илүү хүрсэн гэж үзэж байна вэ?

-Мэдээж, манай анхны жүжиг хүмүүст сайн хүрсэн. Тэр бол маш гоё өгүүллэг. Мөн “Нууц нулимс” өгүүллэг хүмүүсийг нэлээн уйлуулсан байх. “Аниргүй” өгүүллэг ч гэсэн маш гоё, бага зэрэг гунигтайгаар төгсдөг. Ер нь хүмүүс гунигтай төгсгөлд их эмзэглэж, уйлах нь уйлаад, сэтгэлд нь үлддэг юм шиг байна лээ. Дуунууд нь гэх юм бол “Энэ бол түүх”, мөн “Аниргүй”-н дуу байна. “Халуун нөмөрт” гээд хойт аавын тухай өгүүллэгийн дуу байна. Хүмүүс хойт аав гэхээр л муу хүн гэж боддог. Бид эерэг талаас нь харуулахыг зорьсон. Тэр өгүүллэгийн дуу бас их гоё. “Оршил” гээд жүжгийн дуу байна. Ер нь ихэнх өгүүллэг, дуунууд хүмүүст их хүрч байсан.

-“Бундын тамга” хамтлагийнхан хэзээнээс уран бүтээлээ хийхээ больсон юм бэ. Хамтлагийн гишүүд одоо юу хийж байна вэ?

-Бид нэг өдөр хурал хийсэн юм. Бүгдээрээ 20 нас нэлээд давчихсан байсан. Чамгүй хэдэн жилийг урлагт зориуллаа. Тухайн үед Улаанбаатар хотод 11 дүгээр хороололд хоёр өрөө байранд амьдарч, радио руу явах нь явж, өгүүллэгийн ажлаа хийх нь тэндээ хийж, нэлээн хэдэн жилийг зориулсан. Тэгээд нэг өдөр үр хүүхэдтэй болох нь болоод "Тус тусын амьдралаа бодъё" гээд бүгдээрээ санаа нэгтэйгээр түр завсарласан. Завсарлаад 5-6 жил болж байна. Одоо тус тусын юмаа хийж байгаа. Сумъяа маань Улаанбаатар хотод нэг продакшнд продюсер хийж байгаа. Одко маань багш болсон. Харин миний хувьд хилийн чанадад өөрийгөө олж, хөгжүүлэхээр хичээж байна.

-“Бундын тамга”-ын өгүүллэгүүд орой болгон 22:00 цагт FM-ээр цагцагддаг байж байгаад гэнэт больчихоор сонсогчид нь хэрхэн хүлээж авсан бэ. Хүмүүсээс ямар сэтгэгдэл ирж байв?

-Тэр бол маш тод үлдсэн дурсамж. Яагаад гэхээр манай хамтлагийнхан бүгд FM-д ажиллахаа больж, би ганцаараа хамтлагийнхаа уран бүтээлүүдийг радиогоор мягмар, пүрэв, ням гарагт тогтмол цацдаг байсан. Нэг оройныхоо нэвтрүүлгээр хамтлагаараа цуглаад “Өнөөдөр сүүлийн нэвтрүүлэг. Хэсэг хугацаанд бид өгүүллэгээ цацахгүй” гээд түр завсарлаж байгаагаа зарласан. Тэгээд хүмүүс холбогдоод, уйлах нь уйлаад бөөн юм болсон. Ер нь маш олон хүн харамссан. "Яагаад больж байгаа, хэзээ ирэх вэ" гэх мэт асуултыг их асууж байсан. Биднийг байнга гэртээ байдаг хөгжлийн бэрхшээлтэй иргэд бас их сонсдог юм байна лээ. Тэр хүмүүст их хүндээр туссан болов уу гэж боддог.

Өгүүллэгүүд маань хүмүүст ганцаардах үед нь хань болдог байсан гэж бодож байна.

Гэртээ байнгын байдаг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ганцаардлаас нь авардаг байсан. Нэг зүйлийг хэлэхэд энэ жилээс манай хамтлагийн жүжиг гарна. Учир нь маш олон хүмүүсээс бидэнд хүсэлт ирүүлсэн. Зарим хүн хамтарч ажиллах санал тавьж байгаа.

-Сайхан мэдээ дуулгасанд баярлалаа. Таны хувьд цаашид ямар зорилт өмнөө тавиад байна вэ?

-Би Солонгос Улсад сурч, хөдөлмөрлөж байгаа. Уг нь энд ирснээсээ хойш дуу хийдэг байсан ч хэсэг завсарлаад байгаа. Харин одоо өөрийн гэсэн студитэй болсон. Удахгүй шинэ дуунуудаа цацна. Энэ жилд өөртөө олон зорилт тавьж байгаа. Ирэх хоёрдугаар сараас эхлэн “Ганзоогийн подкаст” хийж эхэлнэ. Зорилтдоо хүрэхийн тулд сайн бэлдэж, хичээж байна даа.

-Подкастын зорилго, чиглэл нь юу байх вэ. Нууц биш бол хэлж болох уу?

 -Подкастаа “Миний чөлөөт ертөнц” нэрээр явуулах болно. Зочныхоо сонирхол, дотоод чөлөөт ертөнцийг нь гаргах, дэлхий даяар өрнөж буй олон зүйлсийн талаар ярилцана. Сонсогчид аль болох мэдээ, мэдээлэл олж авч л байвал болно доо.


“Бундын тамга” хамтлагийн гишүүн А.Гантулга: ЭНЭ ЖИЛ ШИНЭ УРАН БҮТЭЭЛЭЭ ГАРГАЖ, СОНСОГЧДОДОО ХҮРГЭНЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 13
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-08-02 23:21:33
    Б.Батжаргал: Жоохон байхдаа их сонсдог байжээ мундаг уран бүтээлчид шүү,
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-01-27 23:53:59
    Сондор: Bundiin tamgiin oguullegvvdiig ter ved joohon ohin bhda fm-r ih sonsdog bailaa fm 104-r ih yawdag bsan oroi hvleegeed sonsood l hewtdeg bsan dursamj sergej bnshu.Shulegiin nomiin hvrtel zahialj awch bsan nadad odoo boltol bdag mundag shu amjilt
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-01-27 21:12:42
    Bvgdee: Amjilt bro
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-01-27 21:12:41
    Bvgdee: Amjilt bro
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-01-27 20:20:31
    Zuk: Manai dvv nar odoo tsag ni bolson shvv ehiig hiij bvteegerei dvv nar bundiin tamga ganzo dvv amjilt
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-01-27 17:17:48
    Zayaka: Mundag shuu ah amjilt
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-01-27 14:24:04
    Sumjaw: Amjilt husie
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-01-27 12:43:35
    Suvdaa: Minii naiz mundag bna amjilt
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-01-27 12:12:12
    Батболд: Дүүдээ амжилт хүсэе. Чи чадна
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-01-27 11:29:32
    анхбаяр: дараагийн уран бүтээлийг тэсэн яадан хүлээж бга шүү амжилт
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-01-27 11:22:26
    Otgonbayr: Dvv nar mundag shvv dahin uran bvteelee gargaarai amjilt amjilt
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-01-27 11:02:40
    Ariuka: Tiim shvv darxan dayaaraa shuugdag bailaa .Bundiin tamga xamtlagiin ogvvlegvvdig medexgv sonsoogv zaluuchuud bxgv bxa .Shonjin noirgvi xonool sonsdog bailaa.Saixan yariltslaga bolson baina amjilt
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-01-27 10:39:04
    Eeneee: Goy yariltslaga boljee setgeld unexeer dotno shuu tsaashdaa ilvv ihiig hiigeerei amjilt
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188