• Өнөөдөр 2025-04-03

Д.СОЁЛ-ЭРДЭНЭ: ЭРДЭНЭЗУУ ХИЙДЭД 33 ЖИЛ ТАЙЛБАРЛАГЧ ХИЙСЭН БОЛОХООР БҮХ ҮЗМЭРИЙН ҮҮХ ТҮҮХИЙГ НЭР ШИГЭЭ Л МЭДДЭГ

2024-11-05,   531

"ХУЖИРТАД ОНГОЦ БУУДАГ БАЙХАД АМЕРИКИЙН ЖУУЛЧИД ЭРДЭНЭЗУУ ХИЙДЭД ОЛНООРОО ИРДЭГ БАЙСАН"

    Хийдийн хаана нь юу байдаг, ямар хэмжээтэй, хэдий үеийн бүтээл болохыг нь А, Б-гүй мэддэг Эрдэнэзуугийн “нэвтэрхий толь” бол музей тайлбарлагч, үзмэр харагч Д.Соёл-Эрдэнэ юм. Хийдийг үзэж, сонирхож буй жуулчид төдийгүй Эрдэнэзуу хийдийнхэн ч түүнийг ажиллаж байх он жилүүдэд "Соёлоо, Соёлоо" хэмээн ам уралдан дуудаж, мэдэхгүй, чадахгүйгээ асуудаг байсан гэдэг. Энэ нь ч түүнийг яалт ч үгүй Эрдэнэзуугийн "нэвтэрхий толь" байсан гэдгийг нь нотолж байгаа юм. 33 жилийн турш олон түмнийг түүхийн мэдлэг оюунаар тэтгэхээс гадна амар амгалангийн ертөнцөөр аялуулсан түүнтэй ярилцлаа. 

-Та хэдэн настайдаа Эрдэнэзуу хийдэд ажиллаж эхэлсэн бэ?

    -1990 онд буюу 24 настайдаа Эрдэнэзуу хийдэд үзвэр хамгаалагч, тайлбарлагч хийж байгаад 2021 онд тэтгэвэрт гарсан. Нийт 33 жил бурхан номын газар ажилласандаа баярладаг. Бурхан номын газар ажиллахад сэтгэл тэнэгэр, бодол ариун сайхан байдаг юм. Одоо ч тэнд ажиллаж байсны ачаар өөрийгөө тайван амгалан байлгаж чаддаг юм шүү дээ.

-Эрдэнэзуу хийдэд ажиллахад нь юу хамгийн ихээр нөлөөлсөн бэ?

    -Миний аав түүхийн багш мэргэжилтэй хүн байсан. Мөн Эрдэнэзуу хийдийн эрхлэгчээр олон жил ажилласан юм. Тэгээд намайг хийдийн үзмэр харагч болон тайлбарлагчаар ажилд оруулж байсан юм. Аав минь түүхийн мэдлэгтэй хүн байсан болохоор би багаасаа л мэдэхгүй зүйлээ ааваасаа асуучихдаг байсан. Аав минь намайг хийдэд ажилд ороход олон юм захиж, зааж байгаагүй. Би л ааваасаа асууж, шалгаадаг байсан. Тийм болохоор ааваасаа их юм сурсан гэж боддог. Тэр ч утгаараа ааваараа үргэлж бахархаж явдаг даа. Ааваас гадна дүү бид хоёр түүхийн ухааны салбарт ажилласан байна.

АЧААЛАЛТАЙ ҮЕД ХООЛОЙГОО ХАТТАЛ ҮЗМЭР ТАЙЛБАРЛАДАГ БАЙСАН

-Та хийдэд ажиллахаасаа өмнө хаана ажиллаж байсан бэ?

    -Би санхүүч мэргэжилтэй. Өвөрхангай аймгийн Сант суманд хоёр жил эдийн засагчаар ажиллаж байгаад Эрдэнэзуу хийдэд ирсэн. Би Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн. Намайг гурван настай байхад манайх Хархоринд нүүж ирсэн юм билээ. Одоо ч би энэ сайхан нутагтаа амьдарч байна. Миний байх дуртай хамгийн сайхан газар бол Хархорин тэр дундаа Эрдэнэзуу хийд минь юм шүү дээ.

-Эрдэнэзуу хийдэд хэчнээн үзвэр байдаг вэ. Та Эрдэнэзуу хийдэд очиж үзээгүй иргэдэд юу захих вэ?

    -Манай хийдэд 7400-7600 орчим үзмэр байдаг. Тэднийг металл бурхан, шавар бурхан, зээгт наамал, дэлгэмэл бурхан гэх мэтчилэн ангилдаг. Дэлхийн хэмжээнд 800 орчим төрлийн бурхан байдгаас 300 гаруй нь манай улсад байдаг гэж ярьдаг. Тэр дундаа Эрдэнэзуу хийдэд 150 гаруй төрлийн бурхан байдаг. Би Эрдэнэзуу хийдэд очихоор зорьж буй иргэдэд дэлгэмэл бурхан, зээгт наамалд ач холбогдол өгч сонирхоосой гэж боддог. Хүмүүс том том бурханд ач холбогдол өгчихөөд нарийн чухал үзмэрүүдийг сонирхохгүй үлдээгээд байдаг талтай.

-1990 онд таныг Эрдэнэзууд ажилд орж байх үед жуулчид, аялагчид хэр их ирдэг байсан бэ. Сүүлийн жилүүдэд хэдэн мянгаар нэмэгдсэн байх?

    -Тэгэлгүй яах вэ. Намайг ажилд ороод удаагүй байхад 30 мянга хүрэхгүй хүн ирдэг байсан. Тухайн үед хувийн унаатай хүн цөөн байлаа шүү дээ. Байгууллагын машинаар юм уу, жуулчны компаниудын унаагаар л хүмүүс ирдэг байсан. Мөн тухайн үед Хужиртад онгоц буудаг байсан юм. Тийм болохоор Америкчууд их ирдэг байсан. Харин сүүлийн жилүүдэд буюу намайг тэтгэвэрт гарах үед жилдд 70-80 мянган хүн чөлөөтэй ирдэг байсан. Коронавирусийн дараа жил бараг 100-аад мянга хүрээд байсан.

-Та 33 жил музейн тайлбарлагчаар ажилласан байна. Үзмэрүүдийнхээ үүх, түүхийг цээжилчихсэн, хаана нь юу байдгийг бүгдийг нь мэддэг байх?

    -Тайлбарлагчтай, тайлбарлагчгүй бүх үзмэр бүрэн хэмжээний тайлбартайгаа байгаа шүү дээ. Гэхдээ миний ажил болохоор тайлбарыг нь уншчих гээд зогсоод байж болохгүй. Түүхийн он цагийг алдалгүйгээр бүгдийг нь өөриймшүүлж, ярьж, тайлбарлаж өгдөг. Тайлбарыг нь хараад уншаад байвал  хэнд ч сонин биш. Жуулчдын сэтгэлийг дундуур гаргахгүйн тулд хэрэндээ л хичээдэг байсан даа. Бараг бүх үзмэрийн үүх, түүхийг нэр шигээ мэддэг, оюун санаанд хадаатай юм шиг л байдаг даа. 

-Өдөрт та хэчнээн хүнд музейгаа тайрбарлаж өгдөг байсан бэ?

    -Өдөрт би нэг бурханыг хамгийн багадаа найм, есөн удаа тайлбарладаг байсан. Тасралтгүй юм ярихаад заримдаа хоолой хатаж, эрүү, ам чилэх нь энүүхэнд Наадмын дараахан буюу долдугаар сар, наймдугаар сард жуулчид нэлээд ирдэг болохоор ачаалал ихтэй. Жил бүр ирдэг ч хүн бий.

-Эрдэнэзуу хийд хэдэн тайлбарлагчтай юм бэ. Та уг нь үзмэр харагч юм байна шүү дээ?

    -Манай хийд нэг тайлбарлагчтай. Тийм болохоор фондын эрхлэгч, боловсролын ажилтан, нягтлан бодогч, үзмэр харагч, дадлагын оюутан гээд байж болох бүх нөөцөө ашигладаг. 10-аад хүн тайрбарлагчаар ажиллахгүй бол хүнээ авч дийлдэггүй юм. Тийм болохоор би ажилд орсон цагаасаа л тайлбарлагчаар ажиллаж эхэлсэн. Намайг ажилд орохоос өмнө миний аав бараг ганцаараа шахуу тайлбарладаг байсан юм билээ. Тэр үед хүн ч бага байсан байх. Гэхдээ ганц хүнд амаргүй шүү дээ.

-Эрдэнэзуу хийдэд ирсэн хүмүүс ямар сэтгэгдэлтэй гардаг вэ. Олон жил тайлбарлагчаар ажилласан хүний хувьд жуулчдын сэтгэгдлийг андахгүй биз дээ?

    -Бурхан шашны төв газар болохоор хүн бүрийн сэтгэл тайван амгалан, хүн бүр энэрэнгүй болчихсон нь мэдрэгддэг. Хэзээ ч муу зүйл хийж байгаагүй мэт, цаашид ч муу зүйл хийхгүй хийдээр зочилсон сэтгэлээрээ мөнхөд амьдрах юм шиг итгэл, сэтгэлийг өөрсдөдөө бий болгодог. Энэ нь л манай хийдийн мөн чанар, хүч оршдог гэж хувьдаа боддог.

-1220 онд Чингис хаан зарлиг гаргаж, Хархорин хотыг Монголын анхны нийслэл болгосон байдаг. Харин Эрдэнэзуу хийд хэрхэн бий болсон тухай нь та ярьж өгөөч?

    -1227 онд Чингис хаан нас барж, 1229 онд Чингисийн гурав дахь хүү Өгөөдэй  Хархорин хотыг үргэлжлүүлэн барьж байгуулсан. Хархорин хааш хаашаа дөрвөн километр. Эрдэнэзуугийн хэрмэн хашаа Хархорин хотын туурийг багасган барьсан. 1960 онд Чингисийн отгон хүү Тулуйн хүү Хубилай хаан ширээнд суусан. Тэр үеийн Дайдуу одоогийн Бээжин хотод Юань гүрнийг байгуулна хэмээн Хархорин хотыг 1271 онд Хятад руу шилжүүлсэн гэдэг. 1368 онд Тогоон төмөр хааны үе Хятадын Мин Улсын цэрэг Хархорин хотыг устгасан гэдэг. Хархорин хот устаад 200 гаруй жилийн бараа барилгын материал газрыг ашиглаад 1586 онд Автай сайн хаан Эрдэнэзууг шашны төв болгон байгуулсан байдаг. Эрдэнэзуу хийдийн хэрмэн хашаа нэг тал нь 400 метр. Хэрмэн хашаан дотор 1937 оноос өмнө 62 сүм, 1500-1800 лам байсан гэдэг. 1937 онд төр, шашин хоёрыг тусгаарлахад устгагдаж, 16 дугаар зууны үед баригдсан хийдээс үлдсэн нь хойд талын мөргөлийн гурван сүм үлдсэн. Тус гурван сүмийг барихдаа ширхэг ч хадаас оруулалгүй, модоор зангидаж, оньсон углуургаар барьж байсан гэдэг. Сүүлд сэргээн засварлах ажил хийхдээ хадаас оруулсан. Эрдэнэзуугийн баруун талын суварга нь Автай сайн хааны шарилын суварга. Зүүн талынх нь Автай сайн хааны ач хүү Гомбодоржын бунхан. Гомбодоржийн хүү нь Монголын анхны Богд хаан Занабазар. Занабазарын элэнц нь Эрдэнэзуу хийдийг байгуулсан  Автай сайн хаан юм. Занабазарын ээжийнх нь шарилын суварга нь хэрэмний зүүн хойд өнцөгт чулуун яст мэлхий байдаг. Мэлхийний хажууд Ханджамц хатны шарилын суварга байдаг.

-Эрдэнэзуу гэдэг нь ямар утга учиртай нэр вэ?

    -Эрдэнэзуу хийдийн баруун талын буюу эхний сүмд бурхан багшийн 80 орчим насных нь өвгөн дүр нь, төв сүмд бурхан багшийн гэгээрэлд хүрсэн буюу 35 насных нь залуу дүр нь, зүүн сүмд хааны хүү буюу хүүхэд насных нь дүр байдаг юм. Зуу гэдэг нь ууган ахмад гэсэн утгатай. Эрдэнэ гэдэг нь нандин гэсэн утгатай. Тийм болохоор Эрдэнэзуу хийдэг Эрхэм нандин ууган сүм хийд хэмээн орчуулдаг. Монголын анхны шарын шашны төв учир ууган ахмад хэмээдэг юм билээ.

Тэрбээр 30 гаруй жил сүм хийдэд ажилласан юм болохоор ажлаа санах үе олон.  Сүм, хийд аав, ээж шиг минь л нүдэнд харагдаж, сэтгэлд бодогдож байх юм даа хэмээсэн юм.

 


Д.СОЁЛ-ЭРДЭНЭ: ЭРДЭНЭЗУУ ХИЙДЭД 33 ЖИЛ ТАЙЛБАРЛАГЧ ХИЙСЭН БОЛОХООР БҮХ ҮЗМЭРИЙН ҮҮХ ТҮҮХИЙГ НЭР ШИГЭЭ Л МЭДДЭГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-11-05 12:41:30
    му-ын иргэн: 1937 -ОНЫ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ХАМАГ ӨНГӨТЭЙ ӨӨДТЭЙ ЗҮЙЛЭЭ УСТГАВ.АЛТАН УРГИЙХНЫГ ХҮЙС ТЭМТЭРСЭН АЙМААР ҮЙЛ ЯВДАЛ. ӨНӨӨ ЧИНГИС ХААНАА ДЭЭДЛЭЭД ГАДААД ДОТНЫ ХҮНДТЭЙ ХҮМҮҮСИЙГ ЧИНГИС ХААНЫ ОДОНГООР ШАГНАЖ ЧИНГИСИЙН МУЗЕЙ БАЙГУУЛЖ ТҮҮНДЭЭ УРЬЖ БАЙГАА НЬ МАШ САЙХАН ХЭРЭГ. ЧИНГЭХДЭЭ ДАНДАА ИЙМ БАЙГААГҮЙГЭЭ ЯДАЖ 1-2 ҮГЭЭР ХЭЛМЭЭР. ХЭРХЭН ЯАЖ МАН ЧИНГИСИЙН НЭРИЙГ Ч ХЭЛҮҮЛЭХГҮЙ ХЭЛСЭН ХҮМҮҮСИЙГ ЭЛДВЭЭР ДАРАМТАЛЖ ХООЛГҮЙ БОЛГОЖ БАЙСАН, ЧИНГИСИЙГ ЦУСТ ТҮРЭМГИЙЛЭГЧ ГЭЖ Ю.цЭДЭНБАЛ ОРОСУУДЫН ЗААВРААР Ч ЮМ УУ ӨӨРИЙН ОЮУН УХААНААРАА Ч ЮМ УУ НЭРЛЭЖ БАЙСАН НЬ 62 ЖИЛИЙН ӨМНӨ БОЛСОН ХЭРЭГ ШҮҮДЭЭ.ТИЙМ ШИВШИГТ, ХАРГИС ЗҮЙЛ ДАХИН ҮҮСЭХГҮЙ НЬ ҮҮДНЭЭС АРД ТҮМНЭЭСЭЭ ХҮЛЦЭЛ ӨЧИХГҮЙ БОЛ ЗАЛУУ ҮЕ МАНАЙ УЛС ОРОН ДАНДАА ИЙМ САЙХАН БАХАРХАЛТАЙ БАЙЖЭЭ ГЭСЭН ТӨӨРӨГДӨЛТЭЙ ЯВНА.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-11-05 12:37:46
    му-ын иргэн: 1937 -ОНЫ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ХАМАГ ӨНГӨТЭЙ ӨӨДТЭЙ ЗҮЙЛЭЭ УСТГААН. АЛТАН УРГИЙХНЫГ ХҮЙС ТЭМТЭРСЭН АЙМААР ҮЙЛ ЯВДАЛ. ӨНӨӨ ЧИНГИС ХААНАА ДЭЭДЛЭЭД ГАДААД ДОТНЫ ХҮНДТЭЙ ХҮМҮҮСИЙГ ЧИНГИС ХААНЫ ОДОНГООР ШАГНАЖ ЧИНГИСИЙН МУЗЕЙ БАЙГУУЛЖ ТҮҮНДЭЭ УРЬЖ БАЙГАА НЬ МАШ САЙХАН ХЭРЭГ. ЧИНГЭХДЭЭ ДАНДАА ИЙМ БАЙГААГҮЙГЭЭ ЯДАЖ 1-2 ҮГЭЭР ХЭЛМЭЭР. ХЭРХЭН ЯАЖ МАН ЧИНГИСИЙН НЭРИЙГ Ч ХЭЛҮҮЛЭХГҮЙ ХЭЛСЭН ХҮМҮҮСИЙГ ЭЛДВЭЭР ДАРАМТАЛЖ ХООЛГҮЙ БОЛГОЖ БАЙСАН, ЧИНГИСИЙГ ЦУСТ ТҮРЭМГИЙЛЭГЧ ГЭЖ Ю.цЭДЭНБАЛ ОРОСУУДЫН ЗААВРААР Ч ЮМ УУ ӨӨРИЙН ОЮУН УХААН,ААРАА Ч ЮМ УУ НЭРЛЭЖ БАЙСАН НЬ 62 ЖИЛИЙН ӨМНӨ ШҮҮДЭЭ ТИЙМ ШИВШИГТ, ХАРГИС ЗҮЙЛ ДАХИН ҮҮСЭХГҮЙ НЬ ҮҮДНЭЭС АРД ТҮМНЭЭСЭЭ ХҮЛЦЭЛ ГУЙХГҮЙ БОЛ ЗАЛУУ ҮЕ ДАНДАА ИЙМ САЙХАН БАХАРХАЛТАЙ БАЙСАН ГЭСЭН ТӨӨРӨГДӨЛТЭЙ ЯВНА.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188