• Өнөөдөр 2025-04-03

НАЙРУУЛАГЧ П.ДЭЛГЭРБАЯР: Ээж минь улсын бага хурлаас их хуралд орсон анхны эмэгтэй гишүүдийн нэг

2024-10-19,   1300

     Анхны парламентын эмэгтэй гишүүдийн нэг, Монгол Улсын ууган Үндсэн хуулийг батлалцсан, Үндсэн хуулийн цэцийн анхны эмэгтэй гишүүнээр ажиллаж байсан нэгэн бол Гавьяат хуульч Ж.Бямбажав. Тэрээр прокурор аавын гэрт төрж, аавынхаа мэргэжлийг өвлөж, хуульч болсноор өмгөөллийн товчоон, прокурор, Улсын бага хурал болон УИХ-ын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, ахлах зөвлөх зэрэг албыг хашиж байжээ.

        Бид түүний бага хүү, найруулагч П.Дэлгэрбаяртай ээжийнх нь талаар бахархал, дурсамж дүүрэн яриа дэлгэснийг уншигч танд хүргэж байна.

ЭЭЖ 1992 ОНЫ ДУНДУУР ХҮНД ӨВДӨЖ, УИХ-ЫН ГИШҮҮНИЙХЭЭ АЖЛАА ӨГСӨН
 
-Таны ээж хуульч мэргэжилтэй, улсын бага хурлаас их хурал руу орсон анхны эмэгтэй гишүүдийн нэг юм билээ. Ээжийнхээ улстөрч байсан он жилүүдээс бидэнд ярьж өгөөч?
 
        -Тийм ээ. ХХ зуунд хоёр, гурван том хувьсгал болсон. Түүний нэг нь 1990 оны ардчилсан хувьсгал. Тухайн үед Монгол Улс Үндсэн хуулиа шинэчлэн бий болгох шаардлагатай болж, судалгаа хийхийн тулд төрийн онцгой бүтэц болох улсын бага хурал гэх төрийн эрх барих дээд байгууллагыг байгуулсан байдаг. Тэдний гол ажил бол өнөөгийн бидний мөрдөж буй Үндсэн хуулийг бүтээх ажил юм. Улсын бага хурлын гишүүд сонгуулийн журмаар сонгогдон бүрдсэн байдаг. Энэ үед Өмгөөлөгчийн холбооны тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байсан ээж минь тэрхүү бага хурлын гишүүнээр сонгогдож, түүнтэй хамт сэтгүүлч Э.Алтангэргэл гэх эмэгтэй мөн бага хуралд гишүүнээр орж  байсан юм билээ. Харин дараа нь Улсын бага хурлаас их хурал руу шилжихэд Э.Алтангэрэл гишүүн ажлаа дуусгаж, ээж анхны эмэгтэй гишүүн болж байлаа. Харин улсын их хурлын анхны сонгуулиар УИХ-ын гишүүн асан Т.Ганди орж ирсэн гэдэг. Ээж 1992 оныхоо дундуур өвчний улмаас Оросод тархины хагалгаанд орох шаардлагатай болоод Их хурлын гишүүний албаа дуусгаж байсан. 1996 оны хавьцаа Үндсэн хуулийн цэцийн гишүүний албанд томилогдож, ахлах зөвлөх хүртэл нь ажиллаж байгаад тэтгэвэртээ суусан. Улс төрийн харьцангуй сонирхолтой шилжилтийн үед ажиллаж байсан ээжээрээ их бахархдаг. Одоо ингээд бодохоор ээж минь Үндсэн хуулиас нэг их хол яваагүй хүн юм байна. Хуулийн нэг заалт, үг, таслал нь хүртэл том утгыг агуулдаг. Үүнээс болж олон зүйл өөрчлөгддөг. Үүнийг хийдэг хүмүүс нь яах аргагүй хуульчид байсан л даа. Тэр дундаа Б.Чимид гуай бол яах аргагүй толгой хуульч нь. Үүнээс улбаатайгаар Үндсэн хуулийг сахин хамгаалах том бүтцийг байгуулсан байдаг. Энэ бол Үндсэн хуулийн цэц. 
 
-Ээж нь аль аймгийн хүн бэ?
 
     -Архангай аймгийн Жаргалант суманд төрж, өссөн. Аав нь Жанлав гэж прокурор хүн байсан. Залуудаа сум, нэгдлийн даргын алба хашиж байсан юм билээ. Тэгэхээр ээж үе дамжсан хуульч мэргэжилтэй хүн байгаа юм. Өвөө прокуророор ажиллаж байхдаа олон аймаг дамжин ажилладаг байсан юм билээ. Тиймдээ ч ээж сурагч байхдаа тав, зургаан сургууль дамжин суралцсан байдаг бөгөөд хамгийн сүүлд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод арван жилээ төгсөөд, Эрхүү хотод хуульчаар суралцахаар явсан. Тэнд оюутан байхдаа аавтай минь танилцаад, 1974 онд гэр бүл болоод, ах маань 1975 онд, би 1978 онд төрсөн байдаг. Биднийг төрөхөд өвөө Булган аймагт ажиллаж байсан учраас ах, бид хоёр тэнд төрсөн. Ээж маань сургуулиа төгсөж ирээд л Улсын прокурорт ажилласан. Аав минь мөн хуульч мэргэжилтэй. Ээж прокурор талдаа, аав шүүгчээр гээд хоёулаа мэргэжлээрээ ажилласан. Аав минь Шүүхийн дарга, Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байлаа. Ээжийг мөн улс төрийн албан тушаалынх нь хувьд их дэмждэг байсан. Тухайн үед Улсын бага хурлын гишүүд үүрийн 03:00, 04:00 цаг хүртэл хуралдаад гарч ирэхэд машинтай нэг ч хүн байхгүй. Цөм автобусанд суугаад явдаг. Хөдөөнөөс олон гишүүн ирчихсэн, тухайн үед хотод амьдрах байр сууцны асуудал их хэцүү байсан үе. Тиймдээ ч шинэ ашиглалтад орж байсан байранд бөөнөөр нь оруулж байсан байдаг. Энэ мэтээр анхны гишүүд манай нийгмийн Үндсэн хуулийг анхлан босгож ирсэн байдаг. Мэдээж дагалдах хуулиудыг түүнээс хойших УИХ-ын гишүүд баталж ирсэн. Тухайн үед үнэхээр зүтгэлтэй ажилладаг байсан. Ээж өдөр, шөнөгүй хуралтай завгүй, гэртээ ирэх нь бага байсан учир ах бид хоёр эрт биеэ дааж, хоол ундаа хийж идээд сурсан байсан. Ээжид минь хоол ч хийх зав гардаггүй байлаа.  Яах аргагүй төр, нийгмийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, эзэгтэйн ажлаа хойш тавьсан хүн байсан. Мөн Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүлэгч гишүүнээр олон жил ажилласан.
 

-Аав, ээжээсээ хэдүүлээ вэ. Аавынхаа мэргэжлийг өвлөж авсан нь л ээж тань юм уу?
 
      -Аав, ээжээсээ тавуулаа. Хамгийн том нь манай ээж. Ээжийн яг доод талын дүү нь өвөөг дагаад Булган аймгийн прокурорт бичээчийн ажил хийдэг хүн байсан. Мөн нэг дүү нь багадаа өвчний улмаас өөд болсон юм билээ. Харин эрэгтэй дүү нь цагдаагийн байгууллагад ажиллаж байсан гэхээр ялгаагүй хуулийн чиглэлийн хүн байгаа юм. Хамгийн бага дүү нь харин цэцэрлэг, хүмүүжлийн ажил эрхэлж байсан байдаг.
 
-Ээж нь ямар зарчимтай хүн байв?
 
   -Ээж минь нэг бодлын их өрөвдмөөр, хайрламаар эмэгтэй. Учир нь ажил мэргэжлээсээ үүдээд завгүй болохоор гэр бүл, үр хүүхдүүддээ гаргах цаг нь их бага. Тиймдээ ч ээжийн үрдээ гаргах цаг хугацааг маш бага эдэлсэн хүн болов уу гэж боддог. Тэгсэн мөртлөө их гэр амьтай. Ном их уншина. Нутаг руугаа ч юм уу, хөдөө явъя гэхээр ер нь нэг хөдөлж өгөхгүй, гэртээ байх дуртай хүн байсан. Тэр ч үүднээс манайх номын сан арвинтай айл байлаа.
 
-Ганган дэгжин эмэгтэй байсан уу?
 

 
     -Ганган гэхээс илүү донжтой гэвэл илүү зохих байх. Үнэтэй эдлэл гэхээс илүү донжийг нь олоод хослуулчихдаг байсан. Тэгээд ч төрийн хүнд нэг тийм гангалаад байх шаардлага байдаггүй. Аль болох цэгцтэй, төв, цэвэрхэн байхад л болдог. Үндсэн хуулийн цэцэд байхдаа дүрэмт хувцас өмсдөг байсан. Ер нь ч тийм нэг эмх цэгцтэй, товч тодорхой хүн байсан даа.
 
-Багадаа ээжийгээ төрийн том хүн гэж төдийлөн мэддэггүй байсан болов уу. Магадгүй зүгээр ажлаа хийж байна гэж л ойлгож байсан байх?
 
   -Төрийн том хүн гэхээс илүү ээжийгээ их завгүй ажилладаг байсныг л мэддэг байсан. Манайх Сансарт байдаг. Тэгээд л зарим шөнө аав, ах хоёртойгоо хамт очиж тосож авдаг. Тэгж байхдаа “Ээж яагаад гэртээ үзэгддэггүй юм бол” гэж бодогддог байсан. Тухайн үед төрийн том хүн гэж их мөнгө төгрөгтэйх хүн гэдэг ч юм уу, одооных шиг ойлголттой биш байж л дээ. Ээж бол хуулийнхаа албыг өмнөх нийгэмд хашиж явж байгаад л залгуулан төрийн ажилд орсон. Хуучин нийгмийн цалингаас шинэ нийгмийн цалинтай золгож амьдарсан хүн. Түүнээс хажуугаар нь арилжаа наймаа эрхэлж, илүү мөнгө олох боломж тухайн үед байгаагүй. Том байсан тухайд бол ажил мэргэжилдээ үнэхээр гарамгай хүн байсан. Би одоо гэртээ ээжийнхээ өргөмжлөл, шагнал урамшууллыг шүтээн болгож хадгалдаг юм.

-Ээж нь өвчний улмаас УИХ-ын гишүүний ажлаа өгсөн гэсэн. Юу нь өвдсөн юм бэ. Цаг наргүй ажилтай байснаас нь үүдсэн болов уу?
 
    -Тийм ээ. Үнэхээр ачаалалтай ажлын улмаас Төрийн ордонд байхдаа чуулганы танхимд хуралдаж байгаад цус харвасан. Харин азаар төрийн эмнэлгийн бүтэц их шуурхай ажиллаж, амийг нь аварсан даа. Дараа нь дахин шинжилгээ өгөхөд тархинд нь дахиад харвалт өгөх зүйл үүссэн байна гэж оношилсон. Үүнийг нь харин Монголд эмчлэх боломжгүй болж, Оросын тархи судлалын академид очиж хагалгаанд орж байсан. Ээж минь мэс засалд ороод ирэхдээ ах бид хоёрыг огт танихгүй болоод ирсэн. Олон сар аав, ээжээсээ хол байсан бид Нисэх онгоцны буудал дээр очиход, ээж бид хоёрын хажуугаар танихгүй зөрөөд явчихсан. Тухайн үед П.Жасрай гуайн Засгийн газар эрх барьж байлаа. Ээжийн эмчилгээний төлбөр болох 14 мянган ам.долларыг Засгийн газраас шийдвэрлэж өгч байлаа. Ингэж тэд ээжид минь 30 жилийн нас бэлэглэжээ гэж бодохоор П.Жасрай гуайд үнэн сэтгэлээсээ баярлаж явдаг. Үр хүүхдэд нь ээжийг нь үлдээх шиг буян гэж юу байх вэ. Мөн ээж минь төрдөө үнэнч, шаргуу ажиллаж байсны буян гэж бодож явдаг. Түүнээс тухайн үед тэр их мөнгө бол ёстой банканд л байдаг байх.
 
Хүүхдүүддээ юу гэж захидаг байв?
 
     -Хүнийг хайрла гэж л их хэлдэг байсан. Хүнийг хайрлана гэдэг эргээд чи өөрийгөө хайрлуулна гэдэг ойлголтыг л багаас минь өгөхийг их хичээдэг хүн байсан байна гэж одоо бодогддог. Тэгээд би ээжийнхээ тэр үгийг бодож байгаад “Амьдрал төсөл” киноныхоо хэсэгт “Хайрлаад л байвал амьдраад л байна” гэх үгийг оруулсан. Багад ээж минь үлгэр их уншиж өгдөг байлаа. Мөн урлагийн их авьяастай. Байгууллагуудын дунд урлагийн үзлэг болоход ээж маань их гоё уран уншдаг байсан гэж одоо хэдийнэ төрийн том зүтгэлтэн болсон найзууд нь надад дурсаж ярьдаг. Би ч бас зах зухаас нь мэднэ л дээ. Ээж шөнөжингөө л Д.Пүрэвдорж найрагчийн “Хар цас” найраглалыг цээжлээд, уншихаар бэлдэж байсан. Их тийм цээж сайтай, цангинасан хоолойтой хүн байсан л даа. Тэгээд бодохоор төрийн хатуу хүн боловч Б.Лхагвасүрэн гуайн хэлдгээр “Төр гэдэг бол цагаан сүү, төмөр илд хоёрыг хоёуланг нь агуулж явдаг” гэх үг ээжид минь их зохисон байж мэдэхээр харагддаг.
 
-Та ээждээ зориулан кино бүтээе гэж боддог уу?
 
    -Ээжийнхээ амьдралын түүхээр кино хийнэ гэж бодож байгаагүй. Харин ээждээ зориулсан бүтээл бол гарах байх. Гэхдээ одоогоор яг хийнэ гэж зориогүй байна. Учир нь ажил маань арай өөр чиглэлтэй байна. Хамгийн анхны киногоо би аавдаа зориулж хийж байсан. Мэдээж уран бүтээлч болсных ээждээ зориулан кино хийж, уран бүтээлийн суварга босгоно гэж боддог. Ээжийгээ байхад нь би "Та ном бичээч" гэдэг байсан ч ээж минь бичиж завдаагүй.

         Энэ хүрээд бидний яриа өндөрлөсөн юм. Гавьяат хуульч Ж.Бямбажав гуайн талаар сэтгүүлч Д.Оюунцэцэг "Ямагт манлайлж явлаа" хөрөг нийтлэл бичжээ. Тэрхүү нийтлэлд П.Дэлгэрбаяр найруулагч аавынхаа талаар  "Аавын минь ажлын намтар бол энэ. Хүний амьдрал тоон хэлээр, албан ёсоор ингэж буух юм. Нэгэн бодлын харамсмаар ч юм шиг товчхон. Эрхүү хот бол миний үүсгэл. Эрхүү хот бол манай гэр бүлийн хайрын хот. Энд миний аав ээж хоёр танилцаж, бүжиглэж, бужигнуулж явсан. Аав минь шүлэг найрагт хорхойтой, чамгүй шүлэглэнэ. Харин ээж бол уран уншина. Аав минь ээжид зориулж

Үнсвэл нүдэн дээр чинь үнсэнэ.

Үнсүүлэхгүй бол нүдээрээ үнсэнэ.” гэж хайрын агсан мөртүүд тэрлэж байж. Ээж аавын хайрын түүхийн бал бурам нь мэдээж ах бид хоёр. Ах минь ээж, аав хоёрыг оюутан байхад мэндэлж, би сургуулиа төгсөхөд нь төржээ. Ахыг төрдөг тэр жил нь “Хоёр Мөнх” үнээ саалгаагүй учир аав Мөнхбаяр нэрийг ууган хүүдээ хайрлаж, хожим Дэлгэр мөрний эрэгт байхдаа дахин хүүтэй болсон мэдээ сонсоод Дэлгэрбаяр гэж нэрийг надад өгчээ” гэж ярьсныг энд төгсгөл болгож байна.


НАЙРУУЛАГЧ П.ДЭЛГЭРБАЯР: Ээж минь улсын бага хурлаас их хуралд орсон анхны эмэгтэй гишүүдийн нэг
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188