• Өнөөдөр 2024-04-27

АЛДАРТ ЭХ Д.ОЮУНЦЭЦЭГ: ЭХИЙН ОДОНГООР ЭНГЭРЭЭ МЯЛААСАН БЭРЭЭ ХАРАХАД ЗАЛУУ НАС МИНЬ ЭРХГҮЙ БОДОГДЛОО

2023-05-26,   1021

               Д.Оюунцэцэг эгч дөрвөн хүүтэй алдарт эх. Хоёр хүү нь Онцгой байдлын албанд ажилладаг бөгөөд том бэр нь алдарт эхийн хоёрдугаар одонгоор энгэрээ мялаасан баярт мөчид нь ийн уулзсан юм. Тэрбээр “Хүүтэй бол охинтой гэж сайхан юм. Өнөөдөр том хүүгийн минь эхнэр алдарт эх болж байгааг хараад залуу нас минь эрхгүй бодогдлоо. Би ч мөн дөрвөн хүүгээ төрүүлчихээд эхийн одон, дархан бэр болсон. Ирэх жил дахиад нэг бэр минь одон авна” гэж инээмсэглэснээр бидний яриа эхэлсэн юм.

-Олон сайхан ээж алдарт эхийн одонгоор энгэрээ мялаалгаж байгаа энэ сайхан баяр дээр та мөн одонгоо зүүгээд ирсэн нь содон харагдлаа?

            -Тийм ээ, эгч нь дөрвөн хүүтэй хүн л дээ. Өнөөдөр том бэр минь алдарт эхийн хоёрдугаар одонгоор энгэрээ мялаалаа. Өвгөн бид хүү, бэр хоёр дээрээ ирээд угтаж аваад сууж байна. Арын хаалгагүй хамгийн сайхан шагнал л энэ шүү дээ. Одонгоо авч байгаа бүх сайхан ээж нартаа сайн сайхан бүхнийг хүсье. Бэр минь Говь-Алтай аймгийнх, ажилсаг сайхан айлын охин.

-Дөрвөн хүү өсгөж, хүмүүжүүлсэн ээжийн хувьд бэрдээ тусалж, дэмжиж, зааж зөвлөж байгаа байх?

           -Тэгэлгүй яах вэ, дөрвөн хүү өсгөж, хүмүүжүүлнэ гэдэг хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн байж л өсгөнө. Манай хүүхдүүдийн хоёр нь Онцгой байдлын албанд ажилладаг. Хоёр нь Солонгос Улсад байж байгаад саяхан ирсэн, Сэлэнгэд сонгино, саримс тариалж байна.  Мэдээж ач, зээ нараа харах өвөө, эмээгийн ажил их шүү дээ. Бид чинь одоо 13 ачтай болж байна шүү дээ. Дараа жил нэг бэр минь алдарт эх болно.

-Анх ээж болж байсан үеэ дурсаж байгаа байх. Өнөөдөр тэгсэн уул шиг дөрвөн хүү, дөрвөн сайхан бэртэй, эхнээсээ алдарт эх болоод эхэлж байна?

         -21 настай ээж болж байлаа. Тэгэлгүй яах вэ, дөрвөн жаахан үр минь ёстой уул шиг том эрчүүд болж, ажил мэргэжил, эрхэлсэн ажилдаа авхаалжтай, амжилттай байгаад баяртай байна. Тэгээд хүүтэй бол охинтой гэж дөрвөн сайхан бэртэй болсон. Одоо ингээд алдарт эх боллоо. Ёстой сайхан санагддаг юм байна.

-Хоёр хүү нь Онцгой байдлын газарт ажилладаг юм байна. Эрсдэлтэй, хүнд алба учир санаа зовних зүйл бий байх, юу гэж захиж хэлдэг вэ?

          -Тийм ээ, Онцгой байдлын гал сөнөөгчийн алба ажил гэдэг хатуу, эрсдэлтэй алба. Мэдээж санаа зовох зүйл байлгүй яах вэ, гэхдээ түүнээс илүү ажил мэргэжлээр нь бахархдаг. Хүүхдүүддээ хамгийн гол нь хүнд тус нэмэртэй, олонтой яваарай гэж захидаг. Олныхоо дунд эрхэлсэн ажилдаа эзэн нь болж явах сайхан шүү дээ. Онцгой байдлын алба хүнд хатуу мөртлөө цалин багатай. Уг нь цалин мөнгийг нь нэмчихвэл амьдралд нь хэрэгтэй шүү дээ.

-Эрэгтэй хүүхдүүд багадаа сахилгагүйтэх, чих халууцуулах тохиолдол бишгүй байсан байх?

       -Багадаа жаахан сахилгагүйтэх зүйл байсан. Гэхдээ манай хүүхдүүд даруулгатай, хүмүүжилтэй өссөн дөө. Хамгийн том хүү дүү нараа авна, илүү хариуцлага үүрч, аав, ээждээ тусалдаг. Том хүүдээ “Чи сайн явбал дүү нар чинь сайн явна” гэж хэлж сургадаг байсан. Хүү минь өнөөдөр ёстой л архи ууж, тамхи татдаггүй, Солонгост олон жил саримс тарьсан. Одоо Монголдоо ирчихсэн мөн л саримс, сонгиноо тариад байж байна.

-Хүүтэй бол охинтой гэдэг. Бэрүүд  танд их хань болдог байх ?

         -Тэгэлгүй яах вэ, өөрө охингүй болохоор хүүхдүүддээ “Битгий л хажуудах хань ижлээ зовоогоорой” гэж хэлдэг. Тэгээд хүү, бэрүүддээ хайртай шүү, миний хүүхдүүд мундаг сайхан өсөж, хүмүүжиж, ухаалаг сайхан амьдарч яваа.

-Таны хань аль аймгийн, ямар ажил мэргэжилтэй хүн б?

         -Өвгөн минь Архангай аймгийн хүн. Өвгөн минь Миат-д олон жил ажилласан, сангийн аж ахуйд мөн олон жил ажилласан.

              Ингээд бид эхийн алдарт хоёрдугаар одонгоор энгэрээ мялаасан бэр Ж.Жамъяанцэцэгийн сэтгэгдлийг хуваалцахад “Үнэхээр сайхан байна. Хоёр охин, хоёр хүүтэй болно гэж боддог байсан. Тэгээд зөв зүйтэй, шударга, хүний үг даадаг хүн болоосой гэж хүсэж байна” гэв.


АЛДАРТ ЭХ Д.ОЮУНЦЭЦЭГ: ЭХИЙН ОДОНГООР ЭНГЭРЭЭ МЯЛААСАН БЭРЭЭ ХАРАХАД ЗАЛУУ НАС МИНЬ ЭРХГҮЙ БОДОГДЛОО
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-05-26 18:58:41
    [email protected]: Сайхан ээж минь Д.Оюунцэнгэл гэдэг юм хайртай шүү хүү нь
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188