• Өнөөдөр 2024-05-11

СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН Д.МААМЫН ХҮҮ ТҮВШИНТУЛГА: ЭЭЖИД МИНЬ ЗОРИУЛЖ БИЧСЭН "ДУНГААМАА" ААВЫН БИЧСЭН СҮҮЛЧИЙН ДУУНЫ ҮГ ЮМ ШҮҮ ДЭЭ

2023-04-29,   20625

            “Аав зохиолчоороо ид моодонд орж байх үедээ анх ээжтэй амралтын газар танилцаж л дээ. Тэгээд дараа нь нэртэй дизайнер ээжээр минь пиджак оёулж өмсөөд дотно танилцан, ханилсан гэдэг. Тэгээд л ээжид минь зориулан “Дунгаамаа” дууны шүлгийг бичсэн түүхтэй” хэмээн аав, ээж хоёрынхоо танилцсан түүхийг зочин маань гэгээ татуулан ярьж суув. Тэр бол алдарт “Дунгаамаа”, “Магнаг цэнхэр дэлхий” зэрэг дууны шүлгийг бичсэн Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Маам зохиолчийн хүү Түвшинтулга.

       Д.Маам зохиолчийг бид олон сайхан дууны шүлгээс нь гадна  “Газар шороо” гурван боть роман, “Тэмээний дууль”, “Хоёр хар буурын туурь” болон “Сүүлчийн захидал ”, “Хөгшин тэнүүлч”, “Мандах зул”, “Тархинд хийсэн аян” зэрэг найраглал, “Гишгэх газаргүй хөл” роман зэрэг бүтээл турвилаар нь мэдэх билээ. Мөн “Хятадын удирдагчаас араб дорно дахинд явуулж буй бодлого”, “Маогийн бодлогод хэлмэгдэж буй Төвд орон”, “Араб дорно дахин, Бээжингийн бодлого”, “Синайн дайн” зэрэг эрдэм шинжилгээний бүтээл бичсэн юм. Түүнтэй аавынх нь талаар дурсамж яриа дэлгэснийг уншигч танд хүргэж байна.

-Сайн байна уу. Аавын тань нутаг ус, бага насных нь талаар яриагаа эхлэх нь зүйтэй болов уу?

                  -Аав минь 1935 онд Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд төрсөн. Тухайн үед төрсөн он сар тэмдэглэдэггүй байсан юм билээ. Тэгээд хаврын эхэн сард төрсөн гээд хоёрдугаар сарын 26-нд гэж тэмдэглэдэг. Аав айлын гурав дахь хүүхэд. Эгч нь багаасаа хүнд өргүүлсэн байдаг. Аавыг бага байхад нь аав нь хэлмэгдээд, эсэргүүний хүүхэд гэж үзэж байсан учир аав ахаараа овоглож, Дүгэржавын Маам болсон гэдэг. Аавын минь бага насны үед дайны хүнд жилүүд таарч ядуу зүдүүхэн өссөн юм билээ. Гэсэн ч чадалтай, боловсролтой сэхээтэн удамтай байсан болохоор аав минь хичээлдээ их сайн сурсан. Аав сумандаа бага сургуулиа дүүргээд, долдугаар ангиасаа хотод суурьшаад, Багшийн дээд сургуулийн орос хэлний багш мэргэжлээр төгсөөд, аймагтаа очиж багшилсан байдаг. Энэ хугацаанд аав минь шүлэг, зохиол оролдож байгаад цааш илүү гүнзгий суралцахаар Москва хотын Олон улсын харилцааны их сургуулийн араб хэлний ангид явсан байдаг. Тэгээд сургуулиа төгсөж ирээд Гадаад хэргийн яаманд ажиллаж байсан. Энэ хооронд аавын минь шүлэг, өгүүллэг, туужууд төрж эхэлсэн. Бидний хамгийн сайн мэдэхээр

"Цастай өвөл

Мөстэй өвөл

Цан хүүрэг жавартай өвөл..." гэх шүлгийг анх бичээд эхэлж байсан. Тэгээд аав минь олон улсын харилцааны судлаач мэргэжлээр төгссөн болохоор давхар эрдэм шинжилгээний ажил хийж судалгаа хийсэн. Ихэвчлэн Хятадтай холбоотой хэд хэдэн томоохон судалгааны бүтээлүүд бичсэн байдаг. Энэ үед “Гишгэх газаргүй хөл” зохиолоо бичсэн. Мөн Орос, Сиднэйн бодлоготой холбоотойгоор гурван том судалгаа хийсэн. Ингээд дэд эрдэмтний зэрэг хамгаалах явцдаа түүх рүү нэлээд орсон. Хятадын манж гүрний бодлогын талаар судалгаа хийж, “Газар шороо” романаа бичсэн. Романаа бичиж байх хугацаандаа Монгол Улсын шинжлэх ухааны академид эрдэмтэн, нарийн бичгийн даргаар ажиллаж байв. Ингээд 1980 1980-аад оны сүүлчээр эрдэм шинжилгээний ажлаа больж, утга зохиолруугаа гүн орсон доо. Тэгээд Зохиолчдын хорооны дарга, дараа нь Бага хурлын гишүүнээр ажилласан даа, аав минь.

-Аав тань ямар зан чанартай хүн байсан бэ?

         -Нийтлэг зан чанарынх нь тухайд бусад хүн илүү ярих байх. Би бол аав гэдэг өнцгөөс л ярьна шүү дээ. Аав хүн ямар байдаг билээ, тийм л сайхан нөмөртэй, түшигтэй, айлын гэрийн багана болсон ухаалаг, мунлаг эр хүн байсан. Хүүхэд байсан болохоор айхтар том зохиолч, эрдэмтэн гэж төдийлөн мэдэхгүй, “Аав аа” гээд л гүйнэ. Их хошин мэдрэмжтэй, хүүхдүүдээ зэмлэхдээ ч тэр хошин байдлаар санаагаа илэрхийлдэг хүн байсан. Харин аавынхаа найз нөхөд, шавь нараас нь сонсоход аавыг минь их нөмөр нөөлөгтэй, хүний төлөө их явдаг, хүнд боломж нээж өгөх гэсэн хүн байсан гэдэг.

-Зохиол, бүтээлээ хэдий үед илүүтэй бичдэг байсан бэ. Уран бүтээлчийнхээ хувьд ямар дэглэм, зарчимтай хүн байсан бэ?

          -Аав минь их хөдөлмөрч хүн байсан. Аливаа зохиол, бүтээлийнхээ санааг гаргана. Социализмын үед тухайн үед ийм зохиол бичнэ гээд санаагаа батлуулаад, тодорхой хугацаанд ажлаасаа чөлөөлөгдөөд зохиолоо бичдэг байсан юм билээ. Тэгээд аав минь дээр үеийн орос бор ширээн дээр бичгийн машинаа тавьж байгаад л бичнэ. Гараараа ч мөн бичнэ. Гэхдээ бичгийн хэлбэр тун тааруу байсан. Учир нь тэр олон хуудас зохиол бүтээлийг цэвэр удаан бичнэ гэж байхгүй. Аль болох хугацаандаа хурдан дуусгаж, санаагаа тогтоож, барьж авахын тулд их сараачиж бичдэг байсан. Тухайн үед аавын минь бичгийг гаргадаг цөөн хэдэн бичээч байсан. Аав минь ингэж л ажилладаг хүн байсан. Их суухаар нуруу нь их чилнэ. Тэгээд л нурууныхаа чилээг гаргахдаа ах, бид хоёртой барилдах, хамт гадуур алхах байдлаар чилээгээ гаргаж, дасгал хөдөлгөөн хийдэг байлаа. Нэг талаараа хүүхдүүдтэйгээ харилцах цагаа мөн давхар гаргадаг хүн байсан.

-Тэгэхээр танайх бол бичгийн машин дуугарсан, номын л айл байж. Энэ ахуй орчин таны бага насанд тод үлдсэн байдаг болов уу?

              -Мэдээж тэгэлгүй яах вэ. Манайх зочны өрөөний ханаараа дүүрэн номтой айл байлаа. Тэгээд нүүхээрээ тэр их номоо зөөнө. Зөвлөлтийн том зохиолууд, Монголын зохиолчдын ном ч их бий. Тэгэхээр багадаа аавынхаа номын сангаас ном уншиж л өссөн. Юу хийж, ямар ажил эрхэлдгээсээ хамаараад айлууд өөр байдаг байсан бол манайд бичгийн машин, бичгийн ширээ л байна.

-Зохиолч хүн зохиол, бүтээлийнхээ ард гарах бүрдээ л баярладаг байсан байх. Тэр дундаа хамгийн их баярладаг зүйл нь юу байсан бол?

                 -Өөрийнх нь зааж, сургаж, хүмүүжүүлсэн шавь нар, үр хүүхэд нь амжилттай байгааг харахад их баярладаг байсан. Яруу найрагч О.Дашбалбар, Б.Лхагвасүрэн гээд мундаг том зохиолчид цөм аавын минь шавь байлаа. Тэднийгээ амжилтад хүрэхэд хачин их баярлана. Тэр дундаа Дорнодын Эрээнцавын Д.Нямсүрэн найрагч аавын минь дотнын сайхан шавь нь.

-Аавд тань бахархах зүйл олон бий. Тэр дундаас та юугаар нь илүүтэй бахархаж, омогшдог вэ?

                  -Аавынхаа бичиж, туурвисан бүхнээр бахархана. Тэр дундаа “Газар шороо” гурвалсан роман нь тухайн үед өмнөх түүхийг бичсэн мөртлөө өнөөгийн цаг үеийг л бичсэн байгаа байхгүй юу. Тухайлбал, зохиолд нь “...Хавар, намар хавчиж зуныг үзэхээ болилоо, өнгө мөнгө хавчиж, үнэнийг олохоо байлаа...” гэж байдаг. Энэ өгүүлбэрт өнөөдрийн Монголын нийгэм тэр чигтээ харагдаж байгаа юм. Хоёрдугаарт, олон сайхан дууны шүлэг бичсэн. Тэгээд аавын минь шүлэг, зохиолыг унших дуртай үзэгч, уншигчийн сэтгэгдлийг уншихаар эрхгүй бахархах сэтгэл төрдөг. Хамгийн том бахархал бол аав минь өөрөө. Ийм сайхан аавтай байна гэдэг чинь бидний хувьд том бахархал. Энэ бол аавын минь насаараа хийж, бүтээсэн хөдөлмөрийнх нэр алдар. Хүнтэй харилцаж, нөхөрлөж, хүний төлөө явсных нь  үр дүн шүү дээ.

-Үр хүүхдүүддээ юу гэж захиж сургадаг хүн байсан бол?

           -Амьдрал их баян гэдгийг ойлгуулдаг хүн байсан. Аав хэзээ ч бидэнд дүрэм, журам зааж байгаагүй. Харин ч ардчилсан, чөлөөт үзэл бодолтой хүн байсан. Тэр ч утгаар ямар нэгэн зүйлд хязгаарлагдахгүй нээлттэй байхыг сургадаг байсан.

-Аавтайгаа адилхан гэж найз нөхөд, шавь нараас нь хэлж байна уу. Та аавынхаа ямар зан чанарыг авсан гэж боддог вэ?

             -Аавтайгаа адилхан гэж хэлэх нь хаа нэг бий. Миний хувьд аавынхаа шооч зан чанарыг нь дуурайсан болов уу гэж боддог. Гэхдээ загнаж биш тун ухаалгаар голыг нь олж шооч байдлаар санаагаа илэрхийлдэг байсан нь надад байдаг байх гэж боддог.

-Аавын тань авьяасаас танд бий юү, ер нь удамд нь шүлэг, зохиол оролдож байгаа хүн байдаг уу?

           -Алдарт Л.Толстойн хүүхдүүд “Бурхан бидэн дээр амарсан юм” гэдэг шиг амарсан гэмээр л байдаг. Миний хувьд багадаа бага зэрэг шүлэг, зохиол оролдож байснаас агуу зохиолч шиг биш. Манай гэр бүл, удам угсаа бол боловсролыг л ихэд эрхэмлэдэг хүмүүс. Тэр ч утгаар хичээл номоо сайн сурахыг хичээдэг. Гэхдээ яг тийм зохиол, бүтээл оролдсон хүн одоогоор алга л байна.

-ААВ НЭРТЭЙ ДИЗАЙНЕР ЭЭЖЭЭР МИНЬ ПИДЖАК ХИЙЛГЭЖ ӨМСӨХ ЗАМААР ОЙР ДОТНО БОЛСОН БАЙДАГ-

Аав, ээж хоёрынхоо танилцаж байсан тухай нь та сонсож байв уу?

               -Ээж минь оёдлын үйлдвэрийн нэгдлийн ерөнхий инженерээр ажиллаж байсан. Аав тухайн үед нэлээд тийм модонд орсон зохиолч байсан. Нэг ёсондоо залуучуудын дунд нэр нь их түгсэн байх үедээ ээжтэй амралтад танилцаад, дараа нь ээжээр минь пиджак хийлгэж өмсөх замаар ойр дотно болсон түүхтэй.

-“Дунгаамаа” дууг Д.Маам зохиолч эхнэртээ зориулсан гэж л сонссоноос нарийн түүхийг нь мэдэхгүй юм. Та энэ тухай ярьж өгөөч?

            -Миний ээж Дунгаамаа Социализмын үед шилмэл загварын ордон гэж байгуулагдахад даргаар нь ажиллаж байсан. Монголын оёдлын үйлдвэрийн ерөнхий инженерээр олон жил ажилласан хүн л дээ, манай ээж. Монголын анхны миссийн тэмцээний шүүгч гээд загвар, дизайнтай холбоотой бүх л зүйлийг эхлүүлж, зохион байгуулж байсан хүн л дээ. Тэгээд л аав минь ээжид зориулж “Дунгаамаа” шүлгээ бичсэн. Хөгжмийн зохиолч  Ц.Чинзориг ах ая хийгээд, Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Баасанжав ахын дуулснаар ард түмэнд хүрсэн дээ.

  -Нэгэнт аавын тань бичсэн дууны үг рүү орсных "Магнаг цэнхэр дэлхий" дууны үгийг нь онцлон асуумаар байна?

          -Аавын минь сүүлд  "Дунгаамаа", "Магнаг цэнхэр дэлхий" хоёр дууны шүлгээ бичсэн л дээ. Өөд болохынхоо өмнө эмнэлэгт байхдаа бичсэн. Мэдээж ямар утга санаагаар бичсэнийг нь би тайлбарлаж мэдэхгүй. Харин хувь сонсогчийн зүгээс бол байгаль дэлхийгээ өөрийнхөө өнцгөөс харж, илэрхийлсэн нь тэр байх. Энэ байгаль дэлхий бол биднийх шүү, бидний дэлхий шүү гэдэг санааг гаргасан байх. Яруу найрагч Б.Явуухулан "Алаг дэлхийд төрсөн минь учиртай" гэж хувь хүнээ байгаль дэлхийтэйгээ холбож бичсэн бол аавын хувьд бидний дэлхий, ертөнц, байгаль гэсэн санаагаар "Магнаг цэнхэр дэлхий" дууны шүлгээ бичсэн байх. Тэгээд ард түмний сонсох дуртай сайхан дуу болсонд баяртай байдаг.

-Аав тань ганган, дэгжин хүн байв уу, эсвэл хээгүй даруу хүн байв уу?

     -Айхтар байнга гангалахгүй. Гэртээ байхаараа хээгүй даруухан хувцаслана. Харин хурал цуглаанд явахдаа өмсөх ёстой хувцсаа ном журмынх нь дагуу өмсдөг хүн байсан.

-Зохиолчид архи, тамхи их хэрэглэдэг тал бий. Аавын тань хувьд хэр хэрэглэдэг хүн байсан бэ?

          -Аав минь тамхи татаагүй их олон жил болж байгаад харшилтай болоод тамхи татсан. Архи дарсны тухайд айхтар уудаг хүн байгаагүй. Сүүлд 13 дугаар хорооны гурван өндөрт соёл, урлагийн алдартнууд нэг дорж амьдардаг байхад тухайн үед нийлж наргиж, цэнгэсэн зүйл бий юм билээ.

    -Аавыгаа ямар үед хамгийн их үгүйлэн санадаг вэ?

         -Аав минь амьдрал үргэлж аз жаргалтай, өнгөжин дээшилдэггүй, унаж, босож, алдаа, оноотой зүйл шүү гэдгийг л аав минь эрт тайлбарлан ойлгуулсан байдаг. Энэ ч утгаар бид харьцангуй амьдралд суралцаж, тохиолдох бэрхшээлийг даван туулах чадвартай болсон. Ухаантай эцэг, эхийн буян энд л байдаг болов уу гэж бодож байна.

-Таны хувьд аавыгаа тэгэхэд л нэг баярлуулсан гэх зүйл бий болов уу?

       -Хорь дөнгөж гарч байхад л аав минь өөд болсон болохоор бага  болон өсвөр насанд минь л олон дурсамж бий. Тэгэхээр айхтар ажил мэргэжил дээр гарч баярлуулж байгаагүй юм байна. Харин би жаахан сахилгагүй хүүхэд байлаа. Тэгээд нэг удаа аав намайг хичээл номоо хийхгүй байна гэж бодоод, уншуулах гэж байсан номыг нь би үг, үсэггүй мэдэж байсныг хараад “Манай удмын цээжтэйг дуурайсан байна” гэж баярлаж байсан нь тод санагдаж байна. Би айхтар хичээлээ хийгэд суухгүй ч бүхнийг тогтоогоод, мэдчихдэг чадвартай байсан. Тэгэхэд л аав их баярлаж байсан даа.

-Аавынхаа бүтээл, туурвилыг та хэвлэлийн компанид өгөөд түгээн дэлгэрүүлээд явж байгаа юм байна. Өөр ямар зүйлийг бодож, төлөвлөж байна вэ?

     -Аавынхаа тухай ийм зүйл хийнэ гэж айхтар бодож, төлөвлөсөн зүйл байхгүй. Аав минь хийдгээ хийж, бүтээж, ард түмэнд нэр алдар нь түгсэн хүн. Тэгэхээр бүтээл туурвилыг нь түгээн дэлгэрүүлж, орчин цагийн уншигчдад илүү мэдүүлэх тал дээр л үргэлжлүүлэн анхаарна гэж боддог.

-Ярилцсанд баярлалаа.

    -Баярлалаа.


СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН Д.МААМЫН ХҮҮ ТҮВШИНТУЛГА: ЭЭЖИД МИНЬ ЗОРИУЛЖ БИЧСЭН "ДУНГААМАА" ААВЫН БИЧСЭН СҮҮЛЧИЙН ДУУНЫ ҮГ ЮМ ШҮҮ ДЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 24
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-04-30 12:54:36
    Уншигч: Газар шороо романуу ёстой гайхалтай бичсэн гишгэх газаргүй хөлч бас уншсаан миний унших хоббиг хөдөлгөж чадсан
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-04-29 10:10:59
    Д.Халзан: Нутгийн сайхан эрдэмтэн зохиолчтой 90 ээд оны эхээр гэрт нь зорин очиж уулзаж билээ. Гангаамаа эгчтэй нутгийн золголтоо олон удаа уулзаж хууч хөөрч явсан сайхан дурсамж үлдсэн. Уулзахад урамтай,яриа хөөрөөтэй үнэхээр ажлын төлөө сэтгэлтэй сайхан бүтээлч хүмүүс байсан шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-04-28 10:35:49
    Н,төмөртогоо: Би д.маам гуайн ,,хоёр хар буурын туурь ,,зохиолыг,хожуухан хараагүй болсон ,төрсөн эцэгтээ өвлийн амралтаараа ганц очихдоо зориуд авч очиж уншиж өгөхөд, их үнэлж их баярласнаар аавынхаа ачийг хариулсан гэж бодож явах болсон юм даа. Халх голын дайны жилүүдэд заан тэрэлжид цэргийн агт хариулж явсан ахархан насалсан тэр хүний цээжинд гэгээ татуулж урагш муутай миний өмнөөс ачилж чадсан Д.Маам ньМонголын хамгийнуран,тансаг нинжин бичлэгтэй яруу найрагчдийн нэгэн ,эрдэмтэн,түүхч,зохиолч,дипламат ажилтан,соён гэгээрүүлэгч сэхээтэн байв.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-04-28 06:10:16
    olzii: svhbaatar aimgaas ter dundaa tvwshinshiree sumaas nutgaas maani toron garsan mundag baharhaltai hvn ym shvv. odoog hvrtel nutgiin ard tvmen ni baharhaj sumiin surguulian D.Maam zohiolchiinhoo neremjieteer ywdag. Bich erdmiin dewteriinhee hawtsan deer Baharhalt zohiolchinhoo neriig bicihdee bahdaltai bayrtai baidag.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-04-28 06:09:29
    olzii: svhbaatar aimgaas ter dundaa tvwshinshiree sumaas nutgaas maani toron garsan mundag baharhaltai hvn ym shvv. odoog hvrtel nutgiin ard tvmen ni baharhaj sumiin surguulian D.Maam zohiolchiinhoo neremjieteer ywdag. Bich erdmiin dewteriinhee hawtsan deer Baharhalt zohiolchinhoo neriig bicihdee bahdaltai bayrtai baidag.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-04-27 09:57:16
    б: "Дунгаамаа" " Магнаг цэнхэр дэлхий " үнэхээр сонсоод хэзээ ч удахгүй гайхамшигтай сайхан дуунууд.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-04-26 15:45:30
    цагдаагийн ахмад ажилтан Ц.Баярсайхан: аавынхаа тухай сайхан дурсамж ярисан дүүдээ баярлалаа. Аавтй нь хамт 80-аад оны сүүлчээр ажиллаж байсан нутгийн ах нь байна. нэг үе зохиолчдын хорооны томилолтоор цагдаагийн ерөнхий газар ахлах дэслэгч цолтой ажиллаж байсныг нь санаж байна уу. тэр үед би ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч байж бид хоёр нэг өрөөнд суудаг , орон нутгийн талаар сайхан яридаг байсан юм.Зохиолчдын их хуралд хамт оролцож байлаа. хоёр хүүдээ нутгийн нэрээр түвшин тэй нэр өгсөн гэж ярьж байсан нь одоо санаанд орж байна. Ухаантай сайхан ахтайгаа хамт ажиллаж байсан ч тэр хүний арвин их мэдлэгээс суралцаж чадаагүй хоцорсондоо одоо харамсаэж суудаг . дүүгийнхээ ярмлцлагыг үзээд сэтгэл хөдөлллөө сайн сайхныг хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-04-26 13:49:47
    Эрдэнэцэцэг.Б: Дунгаамаа гуай уран,оюунлаг,цоглог дэгжин хүн байсан даа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-04-26 13:04:59
    Жаргалсайхан .: Сайхан зохиолчийнхоо дурсамжийг уншсандаа баяртай байна . Баярлалаа та бүгдэд Түвшин тулгадаа аз жаргал ,сайн сайханыг хүсэн ерөөе.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-04-26 12:02:43
    Itgel: Dungaamaa. Duunii. Ugiig. Olokh umsan.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-04-26 12:02:42
    Itgel: Dungaamaa. Duunii. Ugiig. Olokh umsan.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-04-26 09:56:08
    Иргэн: Сайхан дурсамж яриа уншлаа.Д.Маам гуайн Газар шороо романыг 3 удаа уншсан бх салхын аргагүй роман...Дээрх 2 дууг хэд ч сонссон уйд.гүй. Ээжийг нь сайн таньдаг блаа үнэх.р Оюунлаг сайхан 2 бсандаа.М.Түвшинтулгадаа +гэр бүлд нь аз жаргал хүсье...
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-04-26 09:23:03
    Oyunaa: Tuldaadaa eruul enh amar amaglan tegsh duuren sain saihniig husii 6 r horoolold baihad manaih olon jil hursh uud uuduusuu harsan haalga yvsandaa manai tom ohinii neriig aav n ugch bailaa aav eej n uh hudulmurch tsemtsger humuus baijee tershen 2 huurhun huutei bulgaa mini daruuhan tulgaa bol nileen hudulguuntei dandaa ineed aldaad huntei mendelj yvdag huuhduud baisan humuujil saitai eviidee muu ah n joohnooroo burnii orond ochson huurhii mini
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-04-26 08:56:06
    Өлзиймаа: Д.Маам гуай тухайн цаг үедээ ч одоо ч зохиол бүтээл нь хуучраагүй утга санаа нь гүн гүнзгий агуу мундаг зохиолч шүү.Баасанхүү дуучин Дунгаамаа дууг үнэн сэтгэлээсээ маш сайхан дуулсаар гавьяат цол авсан.Одоо Магнаг цэнхэр дэлхий дууг Долгор АЖ,болон Нарангэрэл маш сайхан дуулж байгаа.Хүүд нь сайн сайхныг хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-04-26 08:51:12
    Зочин: Өмнөх эхнэр нь багш хүн байсан. Бодвол оюутан байхдаа танилцсан болов уу. Одоо ч амьд сэрүүн байгаа байх. Их сайхан дөлгөөн тайван, олон үг яриагүй, дуу цөөтэй, үргэлж инээмсэглэж явдаг, Дунгаамаа гуайгаас царайлаг эмэгтэй байдаг. Яагаад ийм хүнээс салчихсан юм бол гэж боддог байж билээ. Тэр хоёрын дундаас төрсөн хоёр охин бий.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-04-26 08:12:24
    З: Өөр бас эхнэртэй байсан уу? Ямар ч байсан Маамын Мөнхзул гээд хүүхэн байдаг охин нь гээд. Гэхдээ энэ дунгаамаагаас нь гараагүй юм билээ. Нээх сайхан амьдралтай лав биш зайлуул
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-04-26 07:23:12
    Зочин: Шадивлангийн зусланд оёдлын үйлдвэрийн лагерт хамт гарч Маам ах Дунгаамаа эгчтэй ойр байлаа. Түвшинтулга хүүг жаахан байхад нь харалцдаг байлаа, хөөрхөн хүү байсан
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-04-26 06:51:19
    gg: araggui elite hun bn uhaalag
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-04-25 22:29:42
    Зочин: Түвшинтулгатай хамт банкинд ажиллаж байлаа. Өндөр боловсролтой, ажилдаа мундаг, маш даруухан, бас хөгжилтэй, хүн ялгаварлахгүй харьцдаг, Аливаад гэр бүлийн хүмүүжил чухал болохыг харуулдаг байсан
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-04-25 18:04:36
    Zochin: Aguu zohioolch,saihan egchteigee mun ch saihan ,oirhon haritsaatai,baij bilee uhaantai humuustei haritsahad uhaan avch ulddeg ,ungursniih ni daraa neg heseg ih gantsaardsj bilee,sain udmiin saihan duudee eruul enh,az jargal husye,Oyun egch ni bnaa
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-04-25 15:22:47
    Зочин: Маам гэдэг гайхамшигт хүнтэй танил мэндтэй явдаг байлаа Дунгаамаа эгчтэйч мөн адил Мөнч ховор сайхан бүх зүйл нь цогцолсон тэгш дүүрэн хүмүүс байждээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-04-25 15:13:11
    Оюун : Маам зохиолч холын бодолтой ямар их ухаантай хүн байж вэ?.Дунгаамаа эгч ч гайхалтай эмэгтэй байж дээ!.Дүүдээ эрүүл энхийг хүсьее!.Ах та хоёрыг 2-3 настай байхад тусгай асрагчтай байсан.санагдана.Данжила ах их сайн хүн байсан даа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-04-25 15:13:10
    Оюун : Маам зохиолч холын бодолтой ямар их ухаантай хүн байж вэ?.Дунгаамаа эгч ч гайхалтай эмэгтэй байж дээ!.Дүүдээ эрүүл энхийг хүсьее!.Ах та хоёрыг 2-3 настай байхад тусгай асрагчтай байсан.санагдана.Данжила ах их сайн хүн байсан даа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-04-25 11:00:33
    Наран гэрэл: Сайн хүү чамайг таньдаа хөөрхөн сэргэлэн хүү байсандаа
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188